Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 Хүсэлт гаргагч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй “Дуламын Зоригт /РД:ЕС77060812/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Д.Зоригттой 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №244 тоот лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,449,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлийн барьцаанд алтанбулаг хивс 2 ширхэг, BSB 32 led зурагт 1 ширхэгийг барьцаалсан. Зээлдэгч Д.Зоригт нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкыг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Зээлийн үлдэгдэл 598,470.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,612.18 төгрөг нийт 1,085,083.02 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боржигон овогт Дуламын Зоригт нь манай банкнаас 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,449,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай алтанбулаг хивс 2 ширхэг, BSB 32 led зурагт 1 ширхэгийг барьцаалсан. Одоо зээлийн үлдэгдэл 598,470.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,612.18 төгрөг нийт 1,085,083.02 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлээ төлөхгүй оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Д.Зоригт нь Архангай аймгийн Чулуут суманд оршин сууж байгаа гэсэн сурагтай байсан” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Дуламын Зоригт нь Капитал банкны Замын-Үүд салбараас 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №244 тоот лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,449,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх тул Д.Зоригт нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Д.Зоригтыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Боржигон овогт Дуламын Зоригтын /РД: ЕС77060812/ иргэний үнэмлэхний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 115-22 тоотод оршин суух бүртгэлтэй, Архангай аймгийн Чулуут суманд оршин сууж байгаа гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт Дуламын Зоригтыг /РД: ЕС77060812/ эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.Зоригтыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ