| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0393/Э |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 402
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),
шинжээч Ц.Нандинцэцэг
хохирогч Д.Ч...............а,
яллагдагч Д.Д...............т, түүний өмгөөлөгч Ц.Амар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Д...............бын Д...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0502 50237 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овогт Д...............бын Д...............т, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1970 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группэд байдаг, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 124 тоотод байнга, ..................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Д...............т нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, . дугаар байрны .......... тоот гэртээ төрсөн эх 77 настай буюу өндөр настай Д.Ч...............аг согтуурсан үедээ байнга зодож, архины мөнгө нэхэж, тэнэг пизда авгай, чам шиг эх байдаг юм уу гэх зэрэг зүй бус хэллэг хэлж хэл амаар доромжилж, шороонд булж, өөрөө шоронд явна, өөрийнхөө амийг хорлоно гэж зэргээр харгис хэрцгий харьцах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.
Мөн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 4 цагийн орчим архины мөнгө нэхэж сандлаар толгойн тус газар нь цохиж, Д.Ч...............агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Д.Д...............т мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би найзындаа хонохдоо архи уучихаад гэртээ ирсэн чинь ээж намайг архичин, эхнэр, хүүхдээсээ сал гээд хараагаад байсан. Урьд нь мөн л загнадаг байсан. Би юм хэлдэггүй байсан. Тухайн үед манай эгч гэрт байсан. Гэрийн кордорт байдаг жижиг хуванцар сандлыг аваад ээжийн толгойд цохих гэсэн чинь эгч дундуур орж ирээд боль гэхээр нь сандлаар буулгах гэж байгаад ээжийн толгойд цохисон нь үнэн. Цохисоны дараа ээжээсээ уучлалт гуйсан.
2018 оны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл удаа дараа архи ууж агсан согтуу тавьж ээжийгээ зодсон гэдэг худлаа. 10 удаагийн цагдаагийн дуудлага нь байдаг. 4-5 удаад нь эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлэхээс гараад Г..........д байцаагч дээр очиход ээж хоол, цай барьсан ирээд миний хүү агсан тавиагүй, согтуу ирэхээр нь хашраах гэж дуудлага өгсөн гэж 4, 5 удаа торгуулаад гаргаж байсан. Үлдсэн 4, 5 дуудлага нь гэрийн гаднаас хаалга тогшоод зогсож байхад, орцны үүдэнд тамхи татаад зогсож байхад цагдаа ирээд аваад явдаг байсан хэд хэдэн тохиолдолд байгаа. Би эхнэр, хүүхдээсээ салаад сэтгэлээр унаад архи ууж байсан нь үнэн. Байнга архины мөнгө нэхэж байгаагүй, хаяа үнэлгээ хэлээд архины мөнгө гуйж байсан. Дандаа архи ууж ээжийгээ зодож дарамталсан зүйл байхгүй. Г..........д ахмад ээжид “та ямар хэцүү хүн бэ, дуудлага өгөөд маргааш нь зодоогүй гээд хоол, цай барьж ирээд байх юм, үнэхээр таныг зодоод байдаг юм уу, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг юм уу” гэж хэлэхэд нь ээж архи уугаад ирэхээр нь цагдаад дуудлага өгдөг гэж ээж хэлж байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ээжээсээ уучлалт гуйя. 2018 оны 12 дугаар сарын 25-наас хойш архи уугаагүй, шинэ оныг архигүй гаргасан. Ээжийг маань надаас өөр асрах хүн байхгүй. Би биеэ өмөөрч байгаа юм биш гэм буруутайд үйлдэл хийсэн. Нэг удаагийн үйлдэл гаргасан гэдгээ ухамсарлаж ойлгож байгаа. Хойшид ээжийгээ асарч хамгаална. Байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Хэрэгт гэрч гээд байгаад 2 хүн байдаг. Би хорооны засаг даргатай би уулзаж байгаагүй, танихгүй. Ээжийн хаягт түр оршин суух хаяг байхгүй. Би хуучин хаягаараа бүртгэлтэй байдаг. Эхнэр бид хоёр албан ёсны баталгааг салгаагүй. Орцны жижүүр Э..........га хэрэгт мэдүүлэг өгсөн байсан. Э..........га залуу архи ууж ажлаасаа хөөгдсөн. Би 2, 3 удаа согтуу таарч байсан нь үнэн. Би агсан согтуу тавьсан үйлдэл гаргаж байгаагүй...” гэв.
Хохирогч Д.Ч...............а мэдүүлэхдээ: “...Миний хүү сүүлийн 3 жил архи уудаг болсон. Эхнэр хүүхэдтэйгээ муудаад гэртээ ирсэн. Хаяа архи уусан ирдэг. Заримдаа архины мөнгө өгчих гэж хэлдэг. Ирэхээр нь архичин, тараншейндаа очоорой, чи муудаа эхнэртээ хаягдсан гэж муу муухайгаар доромжилдог байсан. Жаахан юм болохоор цагдаа дуудчихдаг. Яагаад гэвэл архи уухаараа хувцсаа зарах гээд байдаг болохоор хувцсыг нь нуудаг, гадаа байхад нь цагдаа дууддаг, их идлээ, тамхи татлаа гэж элдвээр хэлж цагдаа дууддаг байсан нь үнэн. Би хүүхдээ ийм байдалд хүргэсэн. Цагдаа дуудахад цагдаа ирээд “хүүхэд чинь гаагүй байна. та яахаар цагдаа дуудаад байдаг юм бэ” гээд цагдаа нар явчихдаг байсан. 10 кг жинтэй сандлаар биш жижиг сандлаар цохисон. Мэдсэн бол шүүх эмнэлэгт үзүүлэхгүй байсан. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл нь эдгэсэн байсан. Хүүхдээ гадаа орцны үүдэнд сандал дээр сууж байхад нь цагдаа дуудаад өгдөг байсан. Бүх зүйл надаас болсон. Миний хүүг буцааж өгөөч, миний хүү эрүүл саруул байхдаа намайг асардаг. Миний сайхан сэтгэлтэй хүүг маань буцааж өгөөч гэж гуйж байна...” гэв.
Шинжээч Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ “...Тогтоолд хэрэг гарсан он, сар, өдөр тодорхойгүй байсан. Хохирогчоос асуухаар 10 дугаар сарын 21-ний өдөр байх гэж хэлсэн. Би 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлтээ гаргасан...10 дугаар сарын 21-ний үед учирсан байх. Тэдний өдөр гэж тодорхой хэлэх боломжгүй...Намайг үзэхэд хэсэг газрын үзлэгт зүүн зулайн хуйханд бага зэргийг овойж хадсан, бага зэргийн эмзэглэлтэй. Баруун бугалганы 4 см хөх ногоон овоож хадсан гэмтэлтэй байсан байна. Энэ гэмтэл нь 30-наас өмнө 7 хоногийн наана цаана үүссэн байх боломжтой. Хөх ногоон өнгөтэй байсан настай хүн, хүний биеийн онцлогоос хамаарч эдгэхгүй удсан байх боломжтой 7 хоногийн дотор үүссэн байх боломжтой...Хохирогчид учирсан гэмтэл нь 7-10 хоногийн дотор учирсан байх боломжтой гэмтэл байсан. Яг хэдний өдөр гэмтэл үүссэн байхыг тогтоох боломжгүй...Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэв
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар
1. Д.Ч...............агийн
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад манай хүүхэд Д...............т гаднаас согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь намайг зодож магадгүй гэж бодоод айгаад дэлгүүр гарч 0.33 граммын 1 шил Хараа архи, тамхитай аваад оруулж өгсөн. Тэгтэл архийг шууд аяганд хийгээд хоёр хуваагаад уучихаад тэрээр “дахиад 100 грамм архи аваад өг” гэхээр нь би уурлаад “мөнгө байхгүй чадахгүй, чамайг ингээд байвал эрүүлжүүлэх дуудна шүү” гэхэд “чи яасан цагдаа дуудаж хандаггүй тэнэг пиздаа авгай вэ, өвчин хөдөлгөөд байвал чи шороонд булуулж би шоронд явна шүү, би энэ амьдралаас уйдаж байна би ерөөсөө амиа хорлон” гэж намайг айлгасан. ...Тэгэхээр нь Д...............тад хандаж “чи ингээд намайг дарамтлаад байх юм бол би цагдаа дуудна шүү гэхэд” шууд шилэн төмөр дээр үеийн Оросын стакан шидэхэд миний баруун талын мөрийг онож яз цохисон. Тэгээд гарнаас цус гарахад дахиад 10кг гаран модон сандал аваад миний зүүн талын зулай руу цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68),
- зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ням” гарагт...орой 23 цагийн орчимд...гаднаас гэрт согтуу орж ирээд “хоол унд байна уу, идэх юм байна уу” гээд орилж, хашигран намайг “хоол хийхэд яадаг юм, муу авгай минь ингэж амьдрахаар үхээч” гэж намайг хэл, амаар доромжилсон. Өөрийгөө “миний амьдрал утга алга, амиа хорлоно” гэж сүрдүүлсэн. Тэгсэнээ гал тогоонд байсан модон сандлыг аваад надруу шидэхэд миний толгой руу оносон, мөн шилэн хатуу савыг миний баруун гарын булчин хэсэг рүү шидэхэд тэр хагарч цус гарсан. ...Улмаар шөнө 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчим ...цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Тухайн үед манай охин Б..........аа байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),
2. Хохирогчийн иргэний үнэмлэхэд “...Даржаа овогтой Ч...............а эмэгтэй 1942 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн...” 77 настай болох баримт (хавтаст хэргийн 19),
3. Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагаанд “...Дуудлага орж ирсэн хугацаа гэх хэсэгт “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 02 цаг 59 минут 28 минут 9998..49 дугаарын утас, “Хүү Д...............т дахиад агсан тавиад намайг зодоод байна...” гэх баримт (хавтаст хэргийн 129),
4. Гэрч Д.Б..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д...............т нь миний төрсөн дүү. ...2018 оны 10 сард эхнэрээсээ салаад...ээжийн гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны .......... тоотод ирсэн. ...2018 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Ээж Ч...............а, Д...............т бид гурав ээжийн гэрт байсан. Тэгэхэд ээж бид хоёр эрүүл Д...............т жаахан согтуу байсан. Тэр үед Д...............т ээжээс 100 грамм архины мөнгө нэхэхэд ээж уурлаад “би чамд мөнгө өгч чадахгүй” гээд жижиг өрөө рүү ороход ...Д...............т уурлаад жижиг өрөөнд байсан хуванцар сандлыг баруун гартаа бариад ээж рүү далайгаад цохих гэхээр нь би гүйж очоод...сандлыг нь барьж аваад болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13088 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн хуйханд бага зэргийн овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун бугалганы гадна дээд хэсэгт 6х4см хөх ногоон шаргал цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ:
1. Д.Ч...............агийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90),
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар:
1. Д.Ч...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны .......... тоотод төрсөн хүү Д.Д...............т, төрсөн охин Д.Б..........аа нарын хамт амьдардаг. ...Д...............т архи уухаараа их муухай хэрцгий болдог бөгөөд намайг олон жил зодож байна. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад ...согтуу гаднаас орж ирээд надаас архины мөнгө нэхээд ...“чи яасан цагдаа дуудаж хандаггүй тэнэг пизда авгай вэ, өвчин хөдөлгөөд байвал чи шороонд би шоронд явна шүү, ...би амиа хорлоно...” гэж айлгасан, ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрт Д...............т согтуу ирээд ... “...пизда минь, чам шиг эх байдаг юм уу” гээд хэл, амаар доромжилсон. ...Би Д...............ттай амьдрахдаа өөрийн 9998..49 дугаарын гар утаснаас 6-8 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68),
- “...Д...............т олон жил архи ууж байна. ...Би Д...............тыг хэзээ гэртээ ирэх бол гэж байнгын айдастай, шөнө унтаж чаддаггүй. Би гэртээ байхаасаа айгаад хүү, хүргэнийдээ хааяа очдог. Д...............т согтуу гэртээ ирэхээрээ орилж, хашиграад “би амьдралдаа гутарч байна. Үхмээр байна, чи намайг ийм байдалд хүргэсэн, намайг харж хандадгүй, би орон гэргүй” гэж дарамталдаг. Саяхан цагаан сарын өмнө намайг гэртээ ирэхэд Д...............т надад гэрээслэл бичиж үлдээсэн байсан. Тэр гэрээслэлд “би таны хайрыг дааж чадсангүй, та намайг битгий эрж хайгаарай” гэсэн байсан. ...Д...............т өөрийнхөө хоёр хуучин хивс, миний хөлдөөгчийг зарж архи уусан. ...Би Д...............тыг агсан согтуу тавихаар нь цагдаагийн 102 утас руу дуудлага өгч олон удаа эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70),
2. Гэрч Д.Б..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж надад Д...............тыг согтуу ирээд архи нэхээд зодчих гээд агсам тавьлаа гэж 2, 3 удаа хэлж байсан. Түүнээс яг миний нүдэн дээр бол Д...............т ээжийг болон өөрийн гэр бүлийн хүмүүсээ зодож цохиж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86),
3. Гэрч Д.Э..........гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрыг хариуцсан “Мөнхтулга” СӨХ-д 5 жил 4 дүгээр орцны жижүүрээр ажиллаж байна. Миний хариуцсан 27 дугаар байрны 4 дүгээр орцны .......... тоот буюу 3 давхрын хоёр дахь хаалганд нэг настай эгч, охин, хүү хоёрын хамт амьдардаг. Би тэр хүмүүсийг сайн танихгүй тэр эгчийн хоёр хүүхэд нь нэлээн архи уудаг. ...Д...............т нь сүүлийн нэг жил .......... тоотод хаяган дээр амьдарч байгаа тэрээр архи уухаараа их агсан “чи цагдаа дуудсан гээд” над руу дайраад байдаг юм. ...Д...............т архи уухаараа нэлээн олон хоног дараалан уудаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74),
4. Гэрч Т.Г..........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д...............т удаа дараа архи ууж ээж Ч...............агийн бие эрх чөлөөнд халдаж агсам тавьж танхайрдаг талаар 2018 онд цагдаагийн байгууллагад маш олон удаа дуудлага ирсэн...Д.Д...............т архины нэлээд хамааралтай хүн байгаа юм...би гэрт нь очиж нөхцөл байдалтай танилцахад Д.Ч...............а, Д...............тыг архи уугаад орж ирсэн үед нь хутга, шөвгөө далд нуудаг маш хэцүү байгаа талаар ярьж л байсан...Д...............тыг гэр бүлийн хүчирхийлэл эсрэг сургалтад хамруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82),
5. Гэрч Ч.У..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. Манай хороонд түр оршин суух Д...............т нь...архины хамааралтай, архинд донтох хүмүүсийн бүртгэл судалгаанд авсан...гэр бүлийн хүчирхийллийн урьдчилсан сэргийлэх сургалтад хамруулсан...Ч...............а өөрөө гомдол саналгүй, намайг зодож цохисон асуудал байхгүй гээд өмөөрөөд захиргааны арга хэмжээ авахуулахыг хүсдэггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88),
6. Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаанд “...9998..49 дугаарын утаснаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 17 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, мэдээллийн утга хэсэгт “...хүү согтуу агсан тавиад байна, амиа хорлох гээд байна, согтуу хаалга өшиглөөд байна, хүү намайг удаа дараа дарамтлаад байна, өөрийгөө боож алах гээд байна, хоёр хүүхэд хоорондоо зодолдоод байна...” гэх баримт (хавтаст хэргийн 128-130),
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 36-44), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 32-33), Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 105-106, 147),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 112, 110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 115-116, 122-125), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 155-156) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д...............тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл улсын яллагч Д.Д...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “...байнга зодсон, ...харгис хэрцгий харьцсан, догшин авирласан...” гэх боловч хэрэгт авагдсан баримт болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Ч...............а нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Улсын яллагч Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаанд авагдсан баримтаар тухайн гэмт хэрэгт нь миний үйлчлүүлэгчийг яллах боловч тухайн мэдээлэл нь нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдоогүй буюу дуудлага мэдээлэл өгсөн хүн нь өөрөө “...би хүүгээ хашраах зорилгоор өгсөн...” гэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Д...............т нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 4 дүгээр орцны .......... тоотод эхийнхээ гэрт амьдарч байхдаа, 2018 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн орчим, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр өөрийн төрсөн эх Д.Ч...............агаас архины мөнгө нэхэж, “...чи яасан цагдаа дуудаж хандаггүй тэнэг пиздаа авгай вэ, өвчин хөдөлгөөд байвал чи шороонд булуудж би шоронд явна шүү, би энэ амьдралаас уйдаж байна би ерөөсөө амиа хорлон...” гэх зэргээр айлган сүрдүүлж, улмаар шууд санаатай үйлдлээр түүний толгой хэсэгт сандлаар цохих, шилэн аяга шидэж баруун гарт цус хуралт үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан,
Мөн дээрх газарт, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 17 удаагийн үйлдлээр, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, байнга гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх 77 настай буюу ахмад настай Д.Ч...............ад “...агсан тавих, архины мөнгө нэхэх, тэнэг пизда авгай, чам шиг эх байдаг юм уу...” гэх зэрэг зүй бус хэллэг хэлж хэл амаар доромжилж, харгис хэрцгий харьцах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь
-Д.Ч...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...Д...............т гаднаас согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхсэн. ...“дахиад 100 грамм архи аваад өг” гэхээр нь би уурлаад “мөнгө байхгүй чадахгүй, чамайг ингээд байвал эрүүлжүүлэх дуудна шүү” гэхэд “чи яасан цагдаа дуудаж хандаггүй тэнэг пиздаа авгай вэ, өвчин хөдөлгөөд байвал чи шороонд булуулж би шоронд явна шүү, би энэ амьдралаас уйдаж байна би ерөөсөө амиа хорлон” гэж намайг айлгасан. ...Тэгээд...шууд шилэн төмөр дээр үеийн Оросын стакан шидэхэд миний баруун талын мөрийг онож яз цохисон. Тэгээд гарнаас цус гарахад дахиад 10кг гаран модон сандал аваад миний зүүн талын зулай руу цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68),
- Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагаанд “...Дуудлага орж ирсэн хугацаа гэх хэсэгт “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 02 цаг 59 минут 28 минут 9998..49 дугаарын утас, “Хүү Д...............т дахиад агсан тавиад намайг зодоод байна...” гэх баримт (хавтаст хэргийн 129),
- Гэрч Д.Б..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д...............т нь миний төрсөн дүү...2018 оны 10 сард эхнэрээсээ салаад...ээжийн гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны .......... тоотод ирсэн. ...2018 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна...Д...............т ээжээс 100 грамм архины мөнгө нэхэхэд ээж уурлаад “би чамд мөнгө өгч чадахгүй” гээд жижиг өрөө рүү ороход ...Д...............т уурлаад жижиг өрөөнд байсан хуванцар сандлыг баруун гартаа бариад ээж рүү далайгаад цохих гэхээр нь би гүйж очоод...сандлыг нь барьж аваад болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13088 дугаар дүгнэлт: “...1. Д.Ч...............агийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90),
2. Д.Ч...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны .......... тоотод төрсөн хүү Д.Д...............т, төрсөн охин Д.Б..........аа нарын хамт амьдардаг. ...Д...............т архи уухаараа их муухай хэрцгий болдог бөгөөд намайг олон жил зодож байна. ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрт Д...............т согтуу ирээд ... “...пизда минь, чам шиг эх байдаг юм уу” гээд хэл, амаар доромжилсон. ...Би Д...............ттай амьдрахдаа өөрийн 9998..49 дугаарын гар утаснаас 6-8 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68),
“...Д...............т олон жил архи ууж байна. ...Би Д...............тыг хэзээ гэртээ ирэх бол гэж байнгын айдастай, шөнө унтаж чаддаггүй. Би гэртээ байхаасаа айгаад хүү, хүргэнийдээ хааяа очдог. Д...............т согтуу гэртээ ирэхээрээ орилж, хашиграад “би амьдралдаа гутарч байна. Үхмээр байна, чи намайг ийм байдалд хүргэсэн, намайг харж хандадгүй, би орон гэргүй” гэж дарамталдаг. ...Би Д...............тыг агсан согтуу тавихаар нь цагдаагийн 102 утас руу дуудлага өгч олон удаа эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70),
- Хохирогчийн иргэний үнэмлэхэд “...Даржаа овогтой Ч...............а эмэгтэй 1942 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн...” 77 настай болох баримт (хавтаст хэргийн 19),
- Гэрч Д.Б..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж надад Д...............тыг согтуу ирээд архи нэхээд зодчих гээд агсам тавьлаа гэж 2, 3 удаа хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86),
- Гэрч Д.Э..........гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хариуцсан 27 дугаар байрны 4 дүгээр орцны .......... тоот буюу 3 давхрын хоёр дахь хаалганд нэг настай эгч, охин, хүү хоёрын хамт амьдардаг. ...Д...............т нь сүүлийн нэг жил .......... тоотод хаяган дээр амьдарч байгаа тэрээр архи уухаараа их агсан “чи цагдаа дуудсан гээд” над руу дайраад байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74),
- Гэрч Т.Г..........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д...............т удаа дараа архи ууж ээж Ч...............агийн бие эрх чөлөөнд халдаж агсам тавьж танхайрдаг талаар 2018 онд цагдаагийн байгууллагад маш олон удаа дуудлага ирсэн...Д.Д...............т архины нэлээд хамааралтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82),
- Гэрч Ч.У..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хороонд түр оршин суух Д...............т нь...архины хамааралтай, архинд донтох хүмүүсийн бүртгэл судалгаанд авсан. ...Ч...............а өөрөө гомдол саналгүй, намайг зодож цохисон асуудал байхгүй гээд өмөөрөөд захиргааны арга хэмжээ авахуулахыг хүсдэггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88),
- Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаанд “...9998..49 дугаарын утаснаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 17 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, мэдээллийн утга хэсэгт “...хүү согтуу агсан тавиад байна, амиа хорлох гээд байна, согтуу хаалга өшиглөөд байна, хүү намайг удаа дараа дарамтлаад байна, өөрийгөө боож алах гээд байна, хоёр хүүхэд хоорондоо зодолдоод байна...” гэх баримт (хавтаст хэргийн 128-130) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Д...............т нь гэр бүлийн хамаарал харилцаатай өөрийн эх хохирогч Д.Ч...............агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн түүнтэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирладаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохын зэрэгцээ түүний дээрх үйлдэл гаргадаг болох нь эрх бүхий байгууллагын шийдвэр, лавлагаа, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ.
Түүнчлэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “...төрсөн эх...” ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй ...харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах... үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн 11.7 дугаар зүйлд заасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Д...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан”, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж ахмад настны эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч...............а нь хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Д...............тыг
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагаар тооцож 75 хоног тооцож, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Д.Д...............т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д...............тад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Д.Д...............тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон, хохирогч Д.Ч...............а нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Д.Д...............тын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хуульчлаагүй тул тухайн зүйл хэсэг заалтыг журамлан шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.
Харин шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” хорих ялын нэг хоногоор тооцно гэж хуульчилсан байна. Тиймээс шүүгдэгч Д.Д...............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногт шилжүүлж, нийт хорих ялын хоногийг 43 хоногоор тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Д...............т нь дээрх гэмт хэрэгтээ 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс (хавтаст хэргийн 105-106) 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д...............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь ял оногдуулахгүйгээр тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 45 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд нь оруулан тооцож, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл нэмэгдүүлсэн ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан, Д.Д...............тын байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг харгалзан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоосон албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авах нь Д.Д...............тыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхад ач холбогдолтой. Харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулав.
Эрүүгийн 1808 0502 50237 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Д...............бын Д...............тыг
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж ахмад настны эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Д...............тыг
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д...............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 350 цагийг 43 хоногийг хорих ялд шилжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д...............тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн
- 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг,
- 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоосон албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д...............тын энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 45 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд нь оруулан тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож нэн даруй сулалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д...............т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д...............тард авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ