| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0394/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 403
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч С.Б........а нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Номч овогт С........мийн Б........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0142 80385 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Номч овогт С........мын Б........а, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч С.Б........а нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамжны 443 тоотод иргэн А.Н........уг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “чи намайг согтуу гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр рүү нь нэг удаа мөргөж, гараараа хэд хэдэн удаа нүүр толгой руу нь цохиж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б........а мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.Н........угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...ажлаа тараад гэртээ очсон чинь манай хашаан дотор С.Б........а гэх залуу пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэр Э.О..............хтай яриад манай хашаан дотор С.Б........а ирсэн пиво уугаад сууж байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгсэн С.Б........а намайг заамдаж аваад “чи намайг согтуу гэж ярьдаг хэн бэ” гээд миий нүүр рүү мөргөсөн, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Намайг хэл амаар доромжлоод байсан...миний нүүр рүү нэг удаа мөргөж, 2-3 удаа нүүр толгой руу цохисон. Би хэдэн удаа цохисон талаар санахгүй байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),
2. Гэрч Э.О..............хын (хохирогчийн хамтран амьдрагч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө над руу ...миний хуучин нөхөр С.Б........а утсаар яриад 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь 2 хүүхэд Улаанбаатар хотод байхгүй байгаа. Архангай аймагт байгаа амралтаар нь авчирхаараа чамд хэлье гэж хэлсэн. Тэгтэл би хүний утаснаас ярьж байна Тахилт руу очлоо гэж хэлээд тасалсан. Тэгсэн манай нөхөр А.Н........у над руу залгаад хашаан дотор нэг танихгүй согтуу хүн байна гэж надад хэлсэн. Тэгсэн тэр нь С.Б........а байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1602 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун нүдний дээд, доод зовхи хавдсан, улаан ягаан цус хуралттай. Хамрын нурууны 2 талаар хавдсан, хамрын нурууны дээд хэсгээр бүдэг хөх цус хуралттай. Хамрын нурууны баруун талд 0.2х0.1 см хэмжээтэй өнгөц улаан ягаан өнгийн зулгаралттай. Зүүн нүдний дээд, доод зовхины дотор булан доод зовхиор хавдсан, улаан ягаан өнгийн цус хуралттай. Баруун гуяны ар дунд хэсгэт 4х4 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. А.Н........угийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)
4. Гэрч Т.Мө............гийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр С.Б........а нь “Нарантуул” зах зээр хувиараа гутлын лангуу ажиллуулдаг нөхөр бид хоёр дундаа нэг данстай дугаар нь 5909....287 гэсэн дугаартай дансыг бид хоёр ашигладаг юм. Манай нөхөр С.Б........а сард 700.000-800.000 төгрөгний цалинтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
5. Шүүгдэгч С.Б........аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуучин эхнэр Э.О..............хтай яриад “2 хүүхэдтэйгээ уулзмаар байна хаана байгаа бэ” гэж асуусан чинь гэртэй байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байх Э.Од-Улацацрахын хашаан дотор нь нэг жижиг пиво уугаад сууж байтал гаднаас А.Н........у гэдэг хүн орж ирсэн. Тэгэхээр нь би “чи хэн бэ” гэж асуусан чинь надтай юм яриагүй. Тэгэхээр нь би “чи Э.О..............хын нөхөр нь юм уу” гэсэн чинь “тийм” гэж хэлсэн. Тэгээд түүнд би Э.О..............хын хоёр хүүхдийн эцэг нь байна гэж хэлсэн. Бид хоёр хамт хашаан дотор нь юм ярьж суусан. Би архи их уусан болохоор өөр юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 35), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), “Ривер Гарден” СӨХ-н тодорхойлолт (хавтас хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 38) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б........ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч С.Б........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б........а нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С.Б........а нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамжны 443 тоотод, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, өөрийн хамтран амьдарч байсан Э.О..............хын гэрт, хүүхдүүдтэйгээ уулзахаар очихдоо, тэдний хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Э.О..............хын хамтран амьдрагч А.Н........уг хашаанд орж ирэхэд “чи намайг согтуу гэлээ” гэх сэдэлтээр маргалдан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцлөөр, шууд санаатай үйлдлээр, түүний нүүр рүү нь нэг мөргөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч А.Н........угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...ажлаа тараад гэртээ очсон чинь манай хашаан дотор С.Б........а гэх залуу пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэр Э.О..............хтай яриад ...”С.Б........а ирсэн пиво уугаад сууж байна” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгсэн С.Б........а намайг заамдаж аваад “чи намайг согтуу гэж ярьдаг хэн бэ” гээд миий нүүр рүү мөргөсөн, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),
- Гэрч Э.О..............хын (хохирогчийн хамтран амьдрагч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хуучин нөхөр С.Б........а утсаар яриад 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь 2 хүүхэд...Архангай аймагт байгаа...гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр А.Н........у над руу залгаад хашаан дотор нэг танихгүй согтуу хүн байна гэж надад хэлсэн. Тэгсэн тэр нь С.Б........а байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1602 дугаар дүгнэлт “...1. А.Н........угийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)
- Шүүгдэгч С.Б........аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байх Э.Од-Улацацрахын хашаан дотор нь нэг жижиг пиво уугаад сууж байтал гаднаас А.Н........у гэдэг хүн орж ирсэн. ...Би архи их уусан болохоор өөр юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Б........а нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танхайн” сэдэлтээр хохирогч А.Н........угийн нүүүр, толгой хэсэгт цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б........а нь хохирогч А.Н........угийн нүүр, толгой хэсэгт цохисон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч С.Б........ааг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Н........у нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй (хавтаст хэргийн 50) гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч С.Б........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б........ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б........а нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж С.Б........ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч С.Б........агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Б........аад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0142 80385 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номч овогт С........мийн Б........аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б........аг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б........а нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ