Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 1-57 тоотод оршин суух Боржигон овогт Шагдарын Оюунцэцэг /РД: ЧП54030908/-ийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг, гэрч Б.Басан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие1970 оны 03 дугаар сарын 15-наас 1977 оны 11 дүгээр сарын 05-ныг дуусталх хугацаанд Улаанбаатар хотын хүүхдийн хувцасны үйлдвэр болон оёдлын үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан. Гэвч хөдөлмөрийн дэвтэрийг 1977 оноос нээж нөхөн хөтөлсөн учир 1970 оны 03 дугаар сарын 15-наас 1977 оны 11 дүгээр сарын 05-ныг дуусталх хугацаанд ажилласан 7 жил 7 сар 15 хоног ажиллаж байснаар тооцуулан тогтоолгох, Миний гэр бүлийн хүн тухайн үеийн НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуульд томилогдон ажиллах болсон учир миний бие 1982 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 85 тоот тушаалаар тус сургуульд номын санчаар томилогдон ажилласан билээ. Тус газраа ажиллаж байгаад мэргэжлийн ажлаа хийх болсноор 1984 оны 11 дүгээр сарын 29-ний 249 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Гэвч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ уг тушаалын он, сар, өдрийг засвартай бичсэн гэсэн учир 1983-1984 оны ажилласан хугацааг нийгмийн даатгалаас хасч тооцсон. Иймд 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 249 тоот тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт засвартай бичснийг залруулан хүчинтэйд тооцож өгнө үү” гэжээ.           

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Б.Басан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг нь 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэл Улаанбаатар хотын хүүхдийн хувцасны үйлдвэр болон оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчин, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Хүүхдийн хувцасны үйлдэрийн №471 дугаар оёдолчны үнэмлэх, гэрч Н.Оюунцэцэг, Б.Басан, С.Норхил нарын тодорхойлолт болон мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэгийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Шагдарын Оюунцэцэг /РД: ЧП54030908/-ийг 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэл Улаанбаатар хотын хүүхдийн хувцасны үйлдвэр болон оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчин, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуульд номын санчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ