Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 351

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        05          01                                2020/ШЦТ/351

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,  

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржсүрэнгийн Гт холбогдох эрүүгийн 2011007660334  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Догоач” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 3-416 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржсүрэнгийн Г /РД: _____/,

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” хүнсний дэлгүүр дотор М.Батболдтой “пиво зарахгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж хогийн савны тагийг толгой руу нь шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед “Анар” дэлгүүртээ ажиллаж байхад гаднаас танихгүй 2 залуу орж ирээд “Нийслэл” нэртэй пиво 3 ширхэг худалдаж авахаар болоод тухайн пивоны үнийг асуусан. Тэгээд би нэг ширхэг нь 8500 гэсэн чинь өндөр залуу болох Батболд ямар үнэтэй юм. Намайг ёс бус хэллэг буюу боов, ал, луйварчин, зандалчин, гичий, нохой гэж шоронгийн үг хэллэгээр доромжлоод гараад явчихсан. Тэгээд эргэж хаалгаар шагайгаад гичий, хошного гэж 2 дахь удаагаа доромжилчихоод гараад явсан. Эргээд манай дэлгүүрт 20 орчим минутын дараа орж ирээд дахин пиво авах гээд байхаар нь би чамд үйлчлэхгүй гээд касс болон посс машинаа унтраачихсан гэж хэлсэн. Тэгтэл би чиний дансруу мөнгө хийнэ гэхээр нь үгүй манайх кассаа хаачихсан боломжгүй гэтэл кассаа нээ би мөнгө шилжүүлнэ пиво худалдаж авна гээд дарамтлаад байсан. Тэгээд би үгүй гэхэд мөн л намайг өмнө хараасан үгээрээ дуудсан. Тэгж байгаад намайг гараад ир ал минь гээд салаавч аа гаргаад дэлгүүрийн хаалгаар гарсан. Намайг элдвээр хэлсэнд нь уур хүрээд би тэсч чадалгүй араас нь  гарахдаа тухайн залуу руу дэлгүүрийн үүдэнд байсан хогийн савны тагийг аваад шидчихсан чинь зүүн талын чих шанаа орчимд нь оночихсон. Тэгтэл  намайг эргэж хараад миний элэг, бөөр лүү 2-3 удаа цохисон. Тэр үед миний ах Гантулга биднийг салгасан. Гадаа агсрах гээд байхаар нь ах бид хоёр дэлгүүр лүү чирч оруулаад цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед түүний найзууд 3-4 залуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод миний биед халдсан. Ах Гантулгыг зодсон. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан ..." гэх /хх-ийн 60х/,

            Хохирогч М.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний 20 цагийн үед 13 дугаар хороололд Гантөмөрийн машинд Г, Хосбаяр, Даваасүрэн бид нар уулзсан. Улмаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 60 дугаар байранд гэрийнхээ гадаа байрлах “Анар” дэлгүүрээс бид нар “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пиво 1 ширхэг, “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво 3 ширхэгийг хувааж уунгаа хөзөр тоглосон. Тэгтэл пиво дуусаад бид нар дэлгүүрээс хаахаас өмнө гээд 2,5 литрийн пиво 3 ширхэгийг авахаар ороод мөнгө хүрэхгүй байсан тул 2 ширхэгийг авах гэж байсан. 1 ширхэг пивоны үнийг асуухад 8500 гэсэн. Тэгэхээр нь би яасан үнэтэй юм бэ гээд авахаа болиод авсан пивоо буцаагаад тавьсан. Гараад өөр дэлгүүр ортол хоосон дэлгүүр байсан. Тэгэхээр тухайн “Анар” дэлгүүрт буцаж ороод авах гэтэл найз Г би орохгүй гадаа байж байя гээд ороогүй. Тэгээд би дэлгүүрт ороод 2,5 литрийн пиво 2-ыг аваад тал мөнгийг нь өгөөд талыг шилжүүлье гэсэн чинь худалдагч залуу би чамд үйлчлэхгүй гэхээр нь түрүүний явдалд уучлаарай дэлгүүр хаахаас өмнө пиво авья гэж хэлсэн чинь өгөхгүй гээд бид нар хоорондоо хэрэлдчихээд гарсан. Тэгтэл араас худалдагч гэх өндөр шар залуу гарч ирээд чи ямар овоо пизда вэ гэж хэлээд миний араас том хогийн савны тагаар толгой хэсэг рүү 1-2 удаа цохиж унагаад дэлгүүрийн гадаа байсан машины хажууд тээглээд унатал миний нүүр хэсэг рүү өшиглөсөн...” гэх /хх-ийн 11х/,

Хохирогч М.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:  “...Тухайн өдөр согтуу байсан болохоор намайг өшиглөчихлөө гэж бодсон. Миний биед учирсан гэмтэл шарх нь Д.Г хогийн савны таг шидээд оносон үед үүссэн...” гэх /хх-ийн 12х/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Найз Батболдын араас “Анар” дэлгүүрийн худалдагч гэх намхан залуу гарч ирээд араас нь татаад том хогийн савны тагаар толгой руу нь 1 удаа цохисон. Мөн худалдагч залуу найз Батболдын толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Босгож ирээд хоёулаа Батболдыг дэлгүүр рүү аваад орох гэж байхад нь татаж авч үлдээд байж байтал найзууд ирээд салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 13х/,

Гэрч Т.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ууж байсан пиво дуусахаар нь Батболд Г хоёр пиво авахаар дэлгүүр явсан. Тэгээд хүлээж суух хооронд найз Г энд зодоон болоод байна. Батболд зодуулчихсан гэсэн. Тэгээд Даваасүрэн, Хосбаяр бид 3 иртэл найз Батболдын зүүн чих сэтэрсэн зүүн тал нь тэр чигтээ цус болчихсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн... ” гэх /хх-ийн 14х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №3674 тоот дүгнэлтэд:

М.Батболдын биед зүүн чих, духанд шарх, зүүн шанаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 28х/,

Шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36х/,

Шүүгдэгч Д.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 63х/,

Хохирогч М.Батболд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 64х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 68х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг  хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

  

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД