Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 800

 

Р.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Сайнбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1278 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Р.Эт холбогдох эрүүгийн 1706012540102 дугаартай хэргийг 2017 оны 11  дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Э нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг Өргөө Трү Эль хотхоны орчим иргэн Б.Зтой маргалдан зодолдож, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн бүрдэл хангагдаагүй учир хэргийг буцаах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно, 1.2-д заасан “яллагдагч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана”, 1.3-д заасан “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт, баталгаа хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасан байхад хэрхэн шийдвэрлэсэн талаар прокурорын тогтоол хэрэгт байхгүй, энэ ажиллагаа хийгдээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “прокурор хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулна” гэж заасан ажиллагаа хийгдээгүй, хохирогчид танилцуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх ажиллагааг хийгээгүй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-г зохицуулж өгсөн бөгөөд мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, ... , ... 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлд заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ." гэж тусгайлан зааж өгчээ. Энэ нь тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүгчийн захирамжид дурдагдсан 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан ажиллагаануудыг хийж баталгааг хэрэгт хавсаргах шаардлагагүй, заавал хялбаршуулж шийдвэрлэхээр тусгагдсан гэж ойлгогдохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна" гэж заасны дагуу тус хэргийн хохирогч нь яллагдагч Р.Эт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар хүсэлт гаргаагүй учир прокурорын зүгээс түүнд танилцуулах шаардлагагүй гэж үзсэн. Харин хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагч Р.Эт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан юм. Шүүгч захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь ойлгомжгүй, "Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам" буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүхээс мөн зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд заасан "Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл Цагаатгах тогтоол"-ын аль нэгийг гаргахаар зааж өгсөн боловч 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” зохицуулалтууд нь өөр өөр байдлаар хэрэгжихээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба ингэхдээ, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлэхээр заасан.

Дээрх байдлаар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар заасан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилжээ.

Үүнээс үзэхэд, хуульд тусгайлан заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ба шаардлагатай гэж үзвэл 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах журмыг хуулиар тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг оногдуулах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Р.Эын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд, яллагдагч Р.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний торгох ял оногдуулах санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан танилцуулав гэсэн баримтыг прокурор үйлдэж, яллагдагчаар гарын үсэг зуруулсан нь хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд прокурор А.Сайнбаярын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1278 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Р.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин прокурорын эсэргүүцлийн “... Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүхээс мөн зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд заасан "Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл Цагаатгах тогтоол"-ын аль нэгийг гаргахаар зааж өгсөн. ...” гэж хэргийг прокурорт буцааж болохгүй гэсэн агуулагаар бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ч журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал байгаа, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зэрэг тохиолдолд хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалах суурь зарчмуудад нийцнэ.