Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын иргэн Б.Э-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-д холбогдох

“Эруүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/54 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн ажилд эгүүлэн томилсон 2016 оны 06 дугаар сарын 29-ний Б/35 тоот тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ажилтанд танилцуулаагүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож,  Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө ажиллаж байсан төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0031/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, гуравдагч этгээд Г.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган сумын иргэн Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2009 онд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс захиалга өгч зарлагдсан “тэтгэврийн байцаагч”-ийн ажлын байранд төрийн албаны шалгалт өгч тэнцэн дөрвөөр гарч ирсэн бөгөөд миний өмнө тэнцсэн 3 хүн тухайн ажлын байранд ажиллаагүй тул миний бие тус ажлын байранд ажиллахаар болж Нийгмийн даатгалын хэлтэст ирэхэд тус хэлтсийн дарга чи манай ажлыг анхан шатнаас нь хийж сур гэсний дагуу 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 52 тоот тушаалаар "Бичиг хэргийн ажилтан, эд хариуцагч”-аар томилон ажиллуулсан. Түүнээс хойш 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс тэтгэврийн байцаагчаар буюу төрийн албаны шалгалт өгсөн ажлын байрандаа томилогдон төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болон тэтгэвэр тэтгэмж хариуцсан байцаагч, ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч, орлогын байцаагч, төлөвлөгч эдийн засагч, үйлчилгээний тасгийн даргыг /хавсран/ төлөвлөгч эдийн засагч, хяналтын байцаагч зэрэг албан тушаалуудад тухайн үед ажиллаж байсан дарга нарын үүрэг даалгавраар 8 жил гаруй ажилласан юм.

Ингэж ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажлаа хуулийн дагуу үнэн зөв хийж гүйцэтгэж ирснээр шагнал урамшуулал авч албан тушаал дэвшин ажиллаж байснаас биш алдаа дутагдал гаргаж ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл намайг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н нь жирэмсний амралттай байсан хүний оронд түр ажиллаж байсан ажилтан мэтээр Б/54 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус шийдвэр гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.

Ч.Н дарга намайг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өрөөндөө дуудан оруулаад Г.Дуламсүрэн ажилдаа орж байна, чи ажлаа өгөх шаардлагатай боллоо гэхээр нь Г.Дуламсүрэнг ажилдаа ороход нь албан тушаал бууруулна гээд намайг энэ ажилд томилсныг хэлэхэд Г.Дуламсүрэн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон байна тэгээд дарга тушаал гаргаад хуучин ажилд нь томилсон байна гэхээр нь тушаалыг нь үзье гэхэд Нарантуяа тушаалыг авчирч уншуулсан тэгэхээр нь би хуучин ажиллаж байсан төлөвлөгч эдийн засагчийн ажилдаа тэгвэл томилуулмаар байна гэхэд тэр ажлын байранд Г.Баярмааг бүр томилсон байгаа чамд өөр ажлын байр байхгүй, тэтгэврийн байцаагчийн ажилд түр очоод байж бай гэсний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулаагүй Б/49 тоот тушаалаар хяналтын байцаагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/51 тоот тушаалаар тэтгэврийн байцаагчаар түр томилсон тушаал гаргаж комисс томилон ажил хүлээлцүүлсэн.

Хэд хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн өрөөндөө дуудан чамайг ер нь тэтгэврийн байцаагчийн ажил дээр түр томилохоо болилоо, тэтгэврийн байцаагчаар түр ажиллаж байгаа О.Ганцэцэг өндөр зээлтэй, мөн ерөнхий газрын дарга захиад байна, Могод сумын байцаагч өвчтэй байгаа чи түүний оронд түр ажиллахуу гэхээр нь би Могод суманд очиж ажиллаж чадахгүй гэсэн хариу өгснөөр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалаар /10-р сарын 03-нд гардуулсан/ тэтгэврийн байцаагчаар түр ажиллаж байхдаа хяналтын байцаагчаас Б/54 тоот тушаалаар дахин чөлөөлөгдсөн болно.

Ингээд би Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөлд ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн, хуучин ажилдаа томилуулах талаар гомдол гаргасныг Төрийн албаны салбар зөвлөл хянаж үзээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 105 тоот зөвлөмжийг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж нэг хувийг надад ирүүлсэн болно. Уг зөвлөмжийг хэрэгжүүлж намайг ажилд авах болов уу гэтэл  2017 оны 11дүгээр сарын  07-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хариу тайлбар хүргүүлснээ надад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн тул шүүхэд хандаж байгаа юм.

Би Төрийн албаны салбар зөвлөлд намайг тэтгэвэрийн байцаагчаар түр томилсон үед нь өөрийн хуучин ажилдаа томилуулахаар гомдол гаргасан байсан. Төрийн албаны салбар зөвлөлөөс миний гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний үед шалгахаар ирэхэд нь би Б/54 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул Төрийн албаны салбар зөвлөл миний гомдлыг нэг мөр шийдвэрлэж 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зөвлөмжөө надад болон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байсан.  

Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан тайлбартаа Б.Э хүүхдээ асарсны чөлөөгөө дуусгаад ажилдаа эргэн ороход нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан заалтыг үндэслэн хуулийн хүрээнд ажлын байраар хангасан байна. Чөлөө дуусаад 2 ажлын байр сольж ажилласан учраас Төрийн албаны тухай хуулийн 24, Хөдөлмөрийн тухай хуулийн 35,36 дуугаар зүйлүүдийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэсэн байсан.

Гэтэл энэ ажлыг би өөрийн хүсэлтээр сонгож хийгээгүй 2014 оны 03 дугаар сард хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орох өргөдөл өгч, хэлтсийн дарга Г.Баярмаатай ирж уулзахад чиний ажлын байранд хүн авсан, чамайг тэтгэврийн байцаагчаар чинь ажиллуулахгүй, төлөвлөгч, эдийн засагч хий, хийхгүй гэвэл ажлаасаа гар гэж дарамтлаад байхаар нь хүүхэд асрах чөлөөгөө 6 сараар сунгаж  2014 оны 09 дүгээр сараас ажилдаа ороход төлөвлөгч эдийн засагч, ажилгүйдэл хариуцсан байцаагчаар ажиллуулсан, намайг ажилд томилохгүй элдвээр дарамтлаад байсан тул би томилсон ажлыг нь хийсэн. Үүнийхээ төлөө давхар давхар хохирмооргүй байна. Тус хэлтэст тэтгэврийн байцаагчийн ажлын байран дээр төрийн албаны шалгалт өгсөн нэг ч хүнгүй байхад тухайн ажлын байранд шалгалт өгч орсон намайг чөлөөлсөн нь шударга бус хуульд нийцээгүй гэж үзэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай " Б/54 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө ажиллаж байсан төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Э ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгож, Г.Дуламсүрэнг хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож өмнө эрхэлж байсан “төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний” ажлын байранд томилохыг даалгах, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /99 хоног/ хугацааны цалинтай тэнцэх олговор 3931092 төгрөг гаргуулах” гэж тодотгон тодорхойлж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Э  ажлаас чөлөөлсөн Б/54 тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь заалтыг барьсан. Энэ заалтад төрийн албан хаагчийн энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн байдаг. Гэтэл уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, 23.2.3, 36.1.2, 37.1.5, 106.2, Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 18 дугаар шүүгчийн захирамж зэргийг баримталж Б.Э 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Б/54 тоот тушаалдаа баримталсан хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхөд хамааралгүй, харин жирэмсний чөлөөтэй байгаад ажилдаа орох, шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдох зэрэгт баримтлах заалтууд баримталсан, ямар ажлаас ямар шалтгаанаар чөлөөлж буйгаа тушаалдаа заагаагүй, 10 дугаар сарын 03-нд ажил хүлээлцэх актаар тэтгэвэрийн байцаагчийн ажил хүлээлцсэн байдаг ба Б/54 тоот тушаал нь хүнийг ажлаас чөлөөлж байгаа хирнээ ажилд томилох тухай хуулийн заалтууд баримталсан нь утга агуулгын илэрхий алдаатай байх тул илт хууль бус болохыг тогтоогохоор нэхэмжлэл гаргасан. Б.Э анх ажилд томилохдоо төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримталж томилсон хирнээ Б/54 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хууль баримталсан нь мөн хууль бус байна. 

Мөн захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үнэслэл бүхий байх” зарчмууд алдагдсан.

Б.Э нь Нийгмийн даатгалын байгууллагад 9 жил ажиллахдаа байнга өсөж дэвшиж ажилласан байдаг.

Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчаар эгүүлэн томилсон тушаалаа эрх ашиг нь хөндөгдөж болох ажилтан Б.Э танилцуулаагүй, мэдэгдээгүй нь мөн хууль бус юм. Энэ тушаалын талаар байгууллагын дарга нь ч мэдээгүй 9 сар хүртэл явсан байна. Тухайн үед нь уг тушаалын талаар мэдэгдсэн бол Б.Э хуучин эрхэлж байсан төлөвлөгч эдийн засагч шимтгэлийн байцаагчийн ажлаасаа чөлөөлөгдөхгүй байсан.

Тиймээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2016 оны Б/35 тушаалыг танилцуулаагүй, мэдэгдээгүй албан тушаалтны буруутай үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч Б.Э төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжилж байна гэв.  

Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Б.Э нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалуудаар тус тус тэтгэвэр тэтгэмж хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр тушаалаар жирэмсэн амаржсаны чөлөөгөө аваад, хүүхэд асрах чөлөө нь дуусаж, эргэж ажилд нь ороход тус нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар тушаалаар жирэмсэн амаржсаны чөлөө дууссан тул төлөвлөгч эдийн засагчаар томилсон бөгөөд мөн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тушаалаар албан тушаалын өөрчлөлтийг хийж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 заалтуудыг үндэслэж, урьд ажиллаж байсан албан тушаал болон цалин хөлсийг бууруулахгүйгээр тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа нь төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар томилсон байдаг.

Үүнээс харахад тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа нь жирэмсэн амаржсаны чөлөө дуусаад ажилдаа эргэн орсон Б.Э Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, заалтыг үндэслэн ажлын байраар хуулийн хүрээнд хангасан байна.

Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Э нь тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Баярмааг албан тушаалын дарамт учруулж өөр ажилд томилсон гэж тайлбар бичсэн боловч хэрэв тийм зүйл үнэхээр учруулсан бол тухайн үед Авилгатай тэмцэх газар, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хандах эсвэл тухайн үед дээрхи томилгоог хүлээн зөвшөөрөөгүй бол шүүхэд хандах нь нээлттэй байсан.

Б.Э нь дээрх байгууллагуудад тухайн үед хандаагүй нь өөрөө хүлээн зөвшөөрч өөртэй нь зөвшилцөж томилгоо хийгдсэн гэх хууль зүйн үндэстэй байна.

 Төлөвлөгч эдийн засагчаар 2015 оны 01 дүгээр сараас ажиллаж байгаад тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Болормаагийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх заалтыг үндэслэн тухай байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг, харгалзан сул ажлын байранд дэвшүүлэн Б.Э төлөвлөгч эдийн засагчаас чөлөөлж, хяналтын байцаагчаар байнгын ажлын байранд дэвшүүлэн томилсон байдаг.

Б.Э жирэмсэн амаржсаны чөлөөгөө дуусгаад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 3 тушаалаар 2 ажлын байр сольж ажилласан байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 35,36 дугаар заалтыг зөрчөөгүй болно.

Тухайн үед Хяналтын байцаагчаар ажиллаж байсан Г.Дуламсүрэн ажлаасаа үндэслэлгүй тушаал бууруулж мөн тодорхой албан тушаалын нэр зааж томилоогүй тул, Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж түүнийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалаар хяналтын байцаагчаар эргүүлэн томилсон учир тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд эвлэрч нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна. Г.Дуламсүрэн нь ажилдаа оролгүй шууд жирэмсэн амаржсаны чөлөөгөө эдлээд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох болсон тул Б.Э-г хяналтын байцаагчаас нь чөлөөлсөн болно.

Би ар гэрийн гачигдлаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод байж байгаад 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд ажилдаа ирж 12-ны өдөр хагас ажиллаад Улаанбаатар хот руу семинарт явсан.

Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үдээс өмнө Б.Э-г өрөөндөө дуудаад намайг гачигдалтай байхад Г.Дуламсүрэн ажилдаа орохоор 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрандаа ирчихээд байгаа юм байна.

Г.Дуламсүрэн Хяналтын байцаагчаар эргэн орох шүүхийн шийдвэр гаргуулаад, шууд жирэмсэн амаржсаны чөлөөгөө эдлээд ажилдаа орох гэж байгаа тул өөрийг тань ажлаас чөлөөлөх болж байна гэхэд дуугүй байгаад байхаар нь тэгвэл чамд тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан П. Азхишигийн /жирэмсэн амаржсаны чөлөө дуусаад/ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орно тэр хооронд 3-4 сар ч гэсэн түр ажиллаж байх юмуу гэхэд би хүний оронд түр ажиллаж чадахгүй намайг халчихгүй юу гэсэн.

Би 2017 оны 09 дүгээр сарын 12-нд шууд Улаанбаатар хотод семинартай /13-17-ны  хооронд/ тул асуудлыг ирж байгаад шийдье гэж бодоод ямар нэгэн шийдвэр гаргалгүй явсан болно.

Намайг Улаанбаатар хотод семинарт суугаад 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирэхэд манай Хүний нөөцийн ажилтан Н.Нарантуяа, Б.Э талаар албан бусаар ярьж байсанг минь буруу ойлгож Б.Э-г Хяналтын байцаагчаас чөлөөлж, тэтгэврийн байцаагчаар түр томилох тушаал төлөвлөсөн байсан. Та бид 2 буруу ойлголцсон байна, би зөвшөөрөхгүй.

Би уг нь Б.Э-д түр хугацаанд тэтгэврийн байцаагчаар ажиллуулах санал тавьсан боловч өөрөө шууд халчих, түр орон тоон дээр ажиллахгүй гээд байгаа хүнтэй юу гэж ажиллах вэ, би наад төлөвлөсөн тушаал дээр чинь гарын үсэг зурж баталгаажуулахгүй гээд тушаал гаргаагүй болно.

Иймд Б.Э нэхэмжлэлдээ дурдаад байгаа 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр тушаал /хяналтын байцаагчаас чөлөөлсөн/, 51 дүгээр тушаал /тэтгэврийн байцаагчаар түр томилсон/ гээд байгаа тушаал гаргаагүй, би тийм тушаалд гарын үсэг зураагүй болно.

Мөн Б.Э 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуудаад чамайг тэтгэврийн байцаагчаар түр томильё гэсэн миний саналыг зөвшөөрөөгүй, ахиад Могод сумын Нийгмийн даатгалын байцаагч эрүүл мэндийн улмаас цаашид ажиллаж чадахааргүй болж байна. Могод суманд байнгын ажлын байрны орон тоо гарах гэж байна, мөн чиний төрсөн нутаг, нутагтаа очиж ажиллавал яасан юм гэсэн санал тавихад би Могод суманд ажиллаж чадахгүй гэсэн.

Тэгээд аймгийн төвд орон тоо байхгүй /түр ажлын байранд чи ажиллахгүй гэсэн/ хөдөө орон нутагт байнгын ажлын байр гарч ажиллах санал тавихад ажиллахгүй гэж байгаа бол өөр ажлын байргүй тул чамайг ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн

Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалаар чөлөөлсөн болно.

Иймд Б. Э нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү?

Тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тухайд: П.Азхишиг нь 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн бөгөөд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 тоот тушаалаар П.Азхишигийг тэтгэврийн байцаагчаар төрийн албаны тухай хуулийн 17.1 заалтыг үндэслэн ажлын байраар хангасан байна.

Дараа нь П.Азхишигийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дахь заалтыг үндэслэн түр сэлгэн сайн дурын даатгалын байцаагчаар ажиллуулж байгаад 2016 оны 08 дугаар сарын 03 өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.1 заалтыг үндэслэн төрийн албан хаагчийн байнгын ажлын байранд тэтгэврийн байцаагчаар эргүүлэн томилсон байна.

П.Азхишиг нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар жирэмсэн амаржсаны чөлөө аваад одоо хүүхдээ асрах чөлөөтэй байна.

П.Азхишигийн жирэмсэн амаржсаны чөлөө болон хүүхдээ асрах чөлөөний хугацаанд О.Ганцэцэгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 32 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 18.1 дэх заалтыг үндэслэн түр тэтгэврийн байцаагчаар /П.Азхишигийг чөлөөтэй хугацаанд/ одоогоор ажиллуулж байна.

2.Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан ажлын байрны тухайд:

Г.Баярмаа нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 27 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын хамралт, орлого хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 22 тоот тушаалаар тус хэлтэст үйлчилгээний тасгийн даргаар томилсон байна. Дараа нь үйлчилгээний тасгийн дарга Ц.Отгончимэг шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орох болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчаар томилсон байна.

Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Болормаагийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх заалтыг үндэслэн тухайн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан албан хаагчдаас албан ажлын зайлшгүй шаардлагаар Б.Э-г томилсон байдаг. Хэрэв энэ томилгоог зөвшөөрөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасны дагуу гомдлоо 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор шүүхэд гаргах нь нээлттэй байсан бөгөөд уг томилгоог Б.Э хүлээн зөвшөөрсний илрэл, шүүхэд гаргасан тайлбартаа би тушаал дэвшиж ажиллаж байсан тухайгаа хариу тайлбартаа илэрхийлсэн нь уг томилгоог хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.

Иймд Б.Э-тэй одоо ажиллаж байгаа төлөвлөгч эдийн засагчийн болон тэтгэврийн байцаагчийн ажлын байр ямар ч хамааралгүй бөгөөд Б.Э хяналтын байцаагчийн байнгын ажлын байранд тухайн үед ажиллаж байсан Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч дотроос шалгарч дэвшүүлэн байнгын ажлын байранд томилогдсон болно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу ажлын байраар хангагдсан Б.Э ажлын алдаа дутагдал гаргасан гээгүй жирэмсэн амаржсаны чөлөө дуусаад ирсэн Г.Дуламсүрэн ажлын байрандаа эргэн орох болсон тул Б.Э ажлын түр байр нэг, байнгын ажлын байр нэгийг тус тус санал болгосныг зөвшөөрөхгүй, аймгийн төвд өөр ажлын сул орон тоо байхгүй тул /санал болгосон ажлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй, намайг ажлаас чөлөөлчих гэсний дагуу/ 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар чөлөөлсөн.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Одоо манай албан ёсны бүтэц орон тоогоор Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан ажлын байр болон өөрчлөгдөж, төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагч гэсэн албан тушаал, орон тоо байхгүй болно.

Дээрх орон тоон дээр Г.Баярмаа ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт, сурталчилгаа хариуцсан байцаагчаар байнгын ажлын байранд Г.Баярмааг томилсон.

Б.Э төрийн албан хаагчийн тангараг өргөсөн баримт нь гарын үсэггүй, албан тушаал нь бичигдээгүй хуурамч баримт гэж үзэж байна. Хэдийгээр манай байгууллага тангараг өргүүлж хувийн хэрэг хөтлөх үүрэгтэй ч Б.Э хэргийн материалд дандаа хувийн хэргээсээ зөвшөөрөлгүйгээр баримтуудаа хуулбарлаж өгсөн байсан. Өөрөө бичиг хэргийн ажилтан хийж байхдаа ч тийм хуурамч баримт бүрдүүлж хийсэн юм билүү мэдэхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэрэгтээ тангараг өргөсөн гэх хуурамч материал бүрдүүлж хийсэн байна. 2010 онд тангараг өргөсөн гэх бичиг байгаа боловч тэр нь гарын үсэггүй, албан тушаал нь бичигдээгүй хуурамч баримт хэрэгт авагдсан байна. Энэ баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсье.

Нийгмийн даатгалын байгууллагын 2010 онд тангараг өргөсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Б.Э нэр байхгүй байна.

Б.Э 2009 онд нөөцөд бүртгэгдсэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна. Гомдол гаргахдаа албан ёсны хүчин төгөлдөр тушаал биш тушаалийн төсөл, ноорог харчихаад түүнд гомдол гаргаж төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны зөвлөл түүний дагуу зөвлөмж гаргасан байна. Даргын тушаал гараагүй баталгаажаагүй байхад ажил хүүлээлцсэн байна. Захиргааны хэргийн шүүхэд процессоороо урьдчилан шийдвэрлэх журам гэж байдаг. Энэ журмыг шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах ёстой байдаг. Нөгөө талаар Б.Э үүнээс өмнө 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрийн албаны шалгалт өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлээр асуудал шийдэгддэг юм бол Б.Э-с өмнө 3 хүн шалгалтаар гарч ирсэн байгаа. Энэ 3 хүний нэг нь давуу эрхээрээ энэ ажилд ороогүй байхад Б.Э орж болох уу? тушаалд хэн нь халагдсан эсэх нь тодорхойгүй байна гэж байна. Тушаалд тодорхой бичиж өгсөн байна. Тушаалд хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хуулийн заалтыг барихаас өөр юуг барих вэ? мөн энэ орон тоо одоо хаана байгаа юм бэ? орон тоо байхгүй байхад яаж ажилд авах вэ? тэгэхээр энэ хүнийг ажилд авах боломжгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? нэхэмжлэгч Б.Э Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсэн хүний ажлын байрыг хадгалж байх ёстой. Тэрний дагуу Г.Дуламсүрэн жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох өргөдлөө өгөөд ажилдаа орсон. Тэгэхээр Б.Э хүний ажлын байрыг тавьж өгөх нь ойлгомжтой байгаа.

Мөн Баярмааг томилсон тушаал хүчингүй болоогүй байна. Г.Дуламсүрэнг хяналтын байцаагчаар ажилд авсан тушаал хүчингүй болоогүй байхад өнөөдөр Б.Э-г Хяналтын байцаагчийн ажилд томилох боломжгүй юм.

 Мөн Б.Э өөрөө жинхэнэ тушаал гараагүй байхад Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар ажлаас халсан тушаал гараагүй байна. Төрийн жинхэнэ албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 сарын дотор гомдол гаргах байтал тушаалаа аваагүй байж эрх бүхий байгууллагад хандсан нь буруу. Мөн Г.Баярмааг ажилд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 тоот тушаал хүчинтэй байгаа тул Б.Э-г энэ албан тушаалд томилох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлгүй юм гээд байгаа. Б.Э хяналтын байцаагчаар ажиллаж байсан. Гэтэл Г.Дуламсүрэн жирэмсний амралттай байж байгаад ажилдаа орсон. Тэгэхээр Б.Э ажлаас чөлөөлөгдөх нь үндэслэлтэй юм. Г.Дуламсүрэн жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох тухай хүсэлт өгсний дагуу ажилд нь томилсон байгаа нь үндэслэлтэй юм. Байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн орон тоо байхгүй. Мөн өөр ажлын байр санал болгосон. Б.Э өөрөө зөвшөөрөөгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

Гуравдагч этгээд Г.Баярмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/27 тоот тушаалын дагуу 2015 оны Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хамрагдалт хангалттүй, орлогын төлөвлөгөөний биелэлт сар бүр тасарч байгаа ажлын зайлшгүй шаардлагын дагуу Эрүүл мэндийн даатгалын хамралт, орлого, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөн тус хэлтсийн даргын Б/22 тоот тушаалаар Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн даргаар мөн түр тушаалтайгаар дэвшин томилогдож 8 сар ажиллаж байгаад шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Отгончимэгт ажлаа хулээлгэж өгөхөөр болоод байтал тухайн үед томилогдоод одоо ажиллаж байгаа хэлтсийн дарга Ч.Нямчимэг надад хэлэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу чи тасгийн даргын ажлаа өгөх боллоо. Иймд манай хэлтэст одоогоор шинэ орон тоо бүтцийн өөрчлөлтөөр Төлөвлөгч эдийн засагчийн орон тоо маань сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнтэй хавсарч гүйцэтгэхээр болсон. Иймд чамд миний зүгээс Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчийн сул байгаа орон тоог санал болгож байна гэсний дагуу би уг ажлын байранд томилогдох хүсэлтэй байгаагаа хэлж сул буюу эзэнгүй байсан /хэн нэгэн хавсарч гуйцэтгээгүй/ Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчийн байнгын орон тоон дээр Хэлтсийн даргын Б/49 тоот тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс томилогдоод одоог хүртэл ажиллаж байна.

Би Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төлөвлөгч эдийн засагч, шимттэл хариуцсан байцаагчаар томилуулах нэхэмжлэл гаргажээ. Намайг тасгийн даргын ажлаа өгөөд 2016 оны 11 дүгээр сард Төлөвлөлт, судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчийн ажлын байран дээр томилогдоход Б.Э 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тоот тушаалаар төлөвлөгч эдийн засагчаас чөлөөлж, Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын байцаагчийн байнгын ажлын байранд томилогдон ажиллаж байсан.

Тухайн үед миний бие нь Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчийн ажлын байранд томилогдохдоо уг ажлын байранд хүн ажиллаж байгаа эсэх эсвэл урд нь хийж байсан Б.Э хавсарч хийж байгаа зэргийг нягтлан шалгаж үзэхэд хавсарсан зүйлгүй Б.Э хяналтын байцаагчаар томилогдсон тушаалыг үзсэн ба уг тушаалд төлөвлөгч эдийн засагч Б.Э-г 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс ажлын зайлшгүй шаардлагаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзан хяналтын байцаагчаар томилсугай гэж бичсэн байсан тул би уг ажпын байранд хүн ажиллаагүй байна гэж ойлгоод уг ажлын байранд томилуулах хүсэлтээ даргадаа хэлсэнээр томилогдсон юм.

Түүнчлэн уг ажлыг авахад ажил хүлээлцэх комисс гэж гараагүй ба би уг ажилтай холбоотой нэг ширхэг ч цаас зүйл хүлээж аваагүй нь угаасаа эзэнгүй байсанг нотолж байна.

   Мөн Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаал, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын дагуу Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 тоот тушаалаар хэлтсийн ажилтан, албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн хавсралтанд заасан ажил албан тушаалд шинэчлэн томилсон тушаал байдаг ба уг тушаалын хавсралтанд Б.Э-г хяналт шалгалтын байцаагчаар, миний бие нь Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнээр тус тус томилогдсон байдаг.

Иймд миний бие нь 1 дүгээрт уг тушаал дээр түр биш бүр томилогдсон. 2 дугаарт Б.Э Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн ажлын байрнаасаа тушаалаар чөлөөлөгдсөн. Мөн уг ажлын байр нь Б.Э-г чөлөөлөгдсөнөөс хойш бүтцийн өөрчлөлтөөр Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагч гэсэн нэршил байхгүй болж Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн, мөн Б.Э энэ ажлыг хавсарч хийж байгаагүй, уг албан тушаал түүнд хадгалагдаж байгаагүй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/54 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “тус хэлтэст анх төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцэн томилогдсон, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51 тоот тушаалаар түр томилогдсон ажлын байр болох тэтгэвэрийн байцаагчийн албан тушаалдаа томилуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд дараа нь Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаал нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгуулж, Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө ажиллаж байсан Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн ажилд томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн,

шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа “Э-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгож, Г.Дуламсүрэнг хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож өмнө эрхэлж байсан “төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний” ажлын байранд томилохыг даалгах, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах” гэж тодотгон тодорхойлсон байна.  

Нэхэмжлэгч Б.Э нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргаанаа Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр хандсан баримт[1] байгаа боловч  тус салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаарын албан бичгээр[2] “2017 оны Б/54 тушаалаар ажлаас чөлөөлсөн ...нь төрийн албаны хуулийн 24-р зүйл, Хөдөлмөрийн хуулийн 35,36 дугаар зүйлүүдийг зөрчжээ гээд Б.Э-г төрийн жинхэнэ албанд өмнө эрхэлж байсан ажлын байранд томилон ажиллуулах боломжгүй тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилон ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг хуулийн хүрээнд хангаж ажиллана уу” гэсэн хариу хүргүүлсэнийг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга биелүүлээгүй 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/382 дугаарын албан бичгээр[3] хариу өгсөн учир 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан нь хугацааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т нийцсэн, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дараахь байдлаар нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2009 оноос хойш бичиг хэргийн ажилтан, тэтгэвэрийн байцаагч, төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагч, үйлчилгээний тасгийн дарга, хяналтын байцаагч зэрэг ажлыг хийж ямар нэг алдаа зөрчилгүй, албан тушаал дэвшин ажиллаж байсан гэтэл тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр намайг түр ажилтан мэтээр ямар ажлаас чөлөөлж байгаагаа заагаагүй үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой, би жирэмсэн амаржсаны чөлөөтэй хүний түр ажлын байранд ажиллаж байгаагаа мэдээгүй байсан тул хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй гэж, хариуцагч нь Б.Э-г Хяналтын байцаагчийн албан тушаалд бүр томилсон байсан. Жирэмсэн амаржсаны чөлөөтэй байсан Г.Дуламсүрэн ажилдаа эргэж орох болсон тул Б.Энхтайваныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, Б.Э хуучин ажлын байр нь буюу төлөвлөгч эдийн засагч шимтгэлийн байцаагчийн ажлын байр нь төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн уг орон тоонд Г.Баярмаа бүр томилогдон ажиллаж байгаа, манайд өөр орон тоо байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Энхтайван нь 2009 онд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зарлуулсан Тэтгэвэрийн байцаагчийн албан тушаалын ажлын байранд томилогдох ажилтны Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд[4] бүртгэгдсэн,

улмаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2009 оны 7 сарын 15-ны өдрийн 52 дугаар тушаалаар[5] Бичиг хэргийн ажилтан, эд хариуцагчаар,

2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар[6] тус хэлтэст Тэтгэвэрийн байцаагчаар,

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар тушаалаар[7] Үйлчилгээний тасгийн дарга, ахлах байцаагчаар түр томилогдон ажиллаж байгаад,

2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаар тушаалаар[8] жирэмсэн амаржсаны болон хүүхэд асрах чөлөө авч

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тус хэлтсийн даргын Б/28 дугаар тушаалаар[9] Төлөвлөгч эдийн засагч ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагчаар,

2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тушаалаар[10] Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тушаалаар ажлын зайлшгүй шаардлагаар Хяналтын байцаагчаар тус тус томилогдон ажилласан, түүнд Булган аймгийн Засаг дарын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгох тухай” А/43 захирамжаар[11] Б.Э-д цалингийн ТЗ-6 шатлалаар “Дэс түшмэлийн дөтгөөр зэрэг” олгосон,   мөн “нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох, эрх сэргээх шалгалт”-д 2014 оны 9 сард 95.7, 2016 оны 3 сард 84.5 оноогоор тэнцэж улсын байцаагчийн эрхээ сэргээж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх ба хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын Б.Э төрийн жинхэнэ албан хаагч биш гэх тайлбар үндэслэлгүй байна.   

1.Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/49  /баталгаажуулаагүй/ тушаалаар[12] 2017 оны 9 дүгээр сарын 14-нд Хяналтын байцаагч Б.Э ажлыг Г.Дуламсүрэнд[13], тэтгэвэрийн байцаагч О.Ганцэцэгийн ажлыг Б.Э-д[14] тус тус хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцсэн комиссын актууд, гэрч Г.Дуламсүрэн[15], О.Ганцэцэг[16], Н.Нарантуяа[17] нарын “ажил хүлээлцсэн нь үнэн гэх мэдүүлгээр,

Б.Энь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Тэтгэвэрийн байцаагчаар ажиллаж байсан нь 10 сарын 04-ний өдөр Тэтгэвэрийн байцаагчийн ажлыг Б.Э-с О.Ганцэцэгт ажил хүлээлцсэн акт[18], гэрч О.Ганцэцэгийн 9 сарын 14-нд ажлаа Б.Э-д хүлээлгэн өгч, 27-ноос ажлаа буцааж хүлээн авсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцэх комиссын актуудад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг үндэслэн ажлыг хүлээлцэв гэсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Булган аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажил хүлээлцэх комиссын актад[19] дурьдагдсан 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/49, Б/51 дугаарын тушаалуудаа албажуулалгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар[20] Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна./, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 /жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгална/,  

23.2.3 /ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл... хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна/, 

36.1.2 /ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;/ 37.1.5. /ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;/,  

106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө./ гэсэн заалтууд  болон Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар захирамж зэргийг тус тус үндэслэн Хяналтын байцаагч Г.Дуламсүрэн ажилдаа эргэж орох шүүгчийн захирамж /тийм захирамж гараагүй/  гаргуулан хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох хүсэлт гаргасныг дурдаж Б.Э-г “ажлаас үнэслэлгүй халагдсан, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон, хөдөлмөрийн гэрээгээр ажиллласан” зүйлгүй байхад ямар ажлаас чөлөөлж буйгаа тушаалдаа заагаагүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, /хариуцагч нь/ Б.Э-г Хяналтын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 10 сарын 04-ны өдөр Тэтгэвэрийн байцаагч Б.Э ажлыг О.Ганцэцэгт хүлээлгэн өгсөн акт[21] үйлдсэн нь ойлгомжгүй,

Б/54 дүгээр тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны хуулийг баримтлаагүй,

Б.Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа хирнээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан “ Хөдөлмөрийн гэрээний хугацаа”, “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах”, “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах”, “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох”, “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох” асуудлыг зохицуулсан заалтууд болон Г.Дуламсүрэнгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамж” зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхөд ямар ч хамааралгүй, жирэмсэн болон ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон төрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахад хэрэглэгдэх заалтууд баримталсанаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” байх тул Б/54 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна

Дээрх акт нь Б.Э-г Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан чөлөөлөх үндэслэл бий болоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж түүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасанд нийцээгүй байна.

Мөн Булган аймгийн ЭМНДХ дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасны дагуу  Хяналтын байцаагчийн 1 ажлын байранд яагаад 2 хүн ямар учир шалтгаанаар томилогдох болсон үндэслэлийг тодруулаагүй, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй зэргээр буруутай байна.

2. Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн ЭМНДХ даргын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг тухайн үед нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож өмнө эрхэлж байсан “төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний” ажлын байранд томилохыг даалгах шаардлагын тухайд:

Булган аймгийн Эрүүл мэнд нйигмийн даатгалын хэлтэст Хяналтын байцаагчаар ажиллаж байсан Г.Дуламсүрэн  2016 оны 5 дугаар сард жирэмсэн амаржсаны чөлөө авсан байхад тухайн үеийн ЭМНДХ дарга Г.Болормаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр түүнийг албан тушаал бууруулж ямар албан тушаалд томилосноо заагаагүй Б/28 дугаарын тушаал[22] гаргаад мөн сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч Б.Э-г Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Хяналтын байцаагчаар томилсон байх бөгөөд Г.Дуламсүрэн дээрх албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулахаар ЭМНДХ даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ЭМНДХ дарга нь 2016-06-29-ны Б/35 тушаалаар[23] Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн албан тушаалд нь эгүүлэн томилж, албан тушаал бууруулсан тушаалаа хүчингүй болгосон тул Г.Дуламсүрэн нь нэхэмжлэлээсээ татгалзаж Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн 18 дугаар захирамжаар[24] нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба

нэхэмжлэгч Б.Э-г “Хяналтын байцаагч Г.Дуламсүрэнг албан тушаал бууруулж жирэмсэн амаржсаны чөлөө дуусгаад ирэхэд нь өөр ажилд томилно” гэсэн ойлголт төрүүлж 2016 оны 5 сарын 23-ны өдрийн Б/30 тушаалаар[25] түүнийг ажлын зайлшгүй шаардлагаар Хяналтын байцаагчаар томилон ажиллуулахдаа Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн хирнээ Г.Дуламсүрэнг албан тушаал бууруулаагүй, Хяналтын байцаагчийн ажлын байрыг хэвээр хадгалахаар Б/35 тушаалаар[26] ажилд нь эгүүлэн томилж, энэ талаар Б.Э-д мэдэгдээгүй, нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Г.Дуламсүрэнг хяналтын байцаагчаар эгүүлэн томилсон Б/35 дугаарын тушаалын талаар мэдээгүй байсан болох нь нэхэмжлэгчийн “би ээлжийн амралттай байгаад 2017 оны 9 сарын 11-нд ажилдаа орж, 9 сарын 12-нд дарга өрөөндөө дуудаад Дуламсүрэн Хяналтын байцаагчийн ажилдаа орно гээд ирчихээд байна чи ажлаа өгөх шаардлагатай боллоо гэхээр нь Дуламсүрэнг буцаагаад ажилд нь томилсон тушаал байгаа юм уу гэхэд бичиг хэрэг хүний нөөцийн ажилтан Нарантуяа тушаалыг авчирч уншуулснаар энэ тушаалын талаар мэдсэн” гэх тайлбар[27], хариуцагчийн “тухайн үед хадгалагдаж байгаа орон тооны талаар надад мэдээлэл байгаагүй” гэх тайлбар[28], гэрч Булган аймгийн ЭМНДХ-ийн бичиг хэрэг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Нарантуяагийн “жирэмсний амралтаа аваад явсан байсан Дуламсүрэн ажилдаа орно гэж ирсэн. Түүний ажиллаж байсан Хяналтын байцаагчийн ажлын байрыг хэвээр хадгалуулсан байсан учир өмнөх ажилд нь оруулахгүй бол болохгүй гэж даргатай ярилцаад 2017 оны 9 сарын 14-нд Э, Дуламсүрэн нарын ажлыг хүлээлцүүлсэн” гэх мэдүүлэг[29], мөн хариуцагчийн “2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Нямчимэг миний бие Г.Дуламсүрэнг ажилдаа орох гэж ирэхэд нь шүүхийн шатандаа эвлэрч эргэж хяналтын байцаагчаар тушаал гарсанг Б.Э-д хэлсэн, уг шийдвэрийг тэр 9 сарын 12-нд мэдсэн мөртлөө гомдлоо гаргаагүй байдаг” гэсэн тайлбар[30] зэргээр  тогтоогдож байна.

Хариуцагч ЭМНДХ нь  Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсноо болон Хяналтын байцаагчийн ажлын байр нь түр ажлын байр болох талаар Б.Э-д мэдэгдээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” /21.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно /,  Монгол улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын  3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”,  3.2-т “Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно”
“...3.2.6.жирэмсний болон амаржсаны амралттай; 3.2.7.хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх.”

 4.7-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн,

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу төлөвлөгч эдийн засагч шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Б.Э-тай Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн ажилдаа эргэн томилогдсоны дараа жирэмсэний болон амаржсаны амралттай эзгүй байх хугацаанд Хяналтын байцаагчаар ажиллах эсэх талаар тохиролцож, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр бол уг албан тушаалаас нь чөлөөлөлгүйгээр түүнийг томилсон 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тушаалдаа өөрчлөлт оруулах ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй,  

Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг гаргахдаа Б.Э-д мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.”,

43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэсэн заалтуудыг зөрчсөн,  тухайн үед нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтан болох Б.Э-д танилцуулж мэдэгдээгүй албан тушаалтны үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдож байна.

 Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо албан тушаалын жагсаалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 тушаалын 3 дугаар хавсралтаар[31] “төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо 1,

мөн даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 ”бүтэц орон тоо батлах тухай” тушаалын 6 дугаар хавсралтаар[32] “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоо, Хяналтын байцаагчийн 1 орон тоо тус тус батлагдсан байх ба 2012 оны бүтэц орон тоо баталсан тушаалд “сайн дурын даатгал, тэтгэмж, сургалт сурталчилгаа, нэг цонхны үйлчилгээ хариуцсан байцаагч”  гэсэн орон тоо байгаад 2016 оны 8 сард уг албан тушаалаас “сургалт сурталчилгаа” гэсэн хэсэг нь ““төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-нд шилжиж албан тушаалын нэршил нь “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн” болж батлагдсан байна.

 Дээрх орон тоонд нэхэмжлэгч Б.Э нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 тушаалаар[33] “төлөвлөгч эдийн засагч, ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагч”-аар, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тушаалаар[34] “төлөвлөгч эдийн засагч шимтгэлийн байцаагч”-аар тус тус томилогдон ажиллаж байгаад хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тушаалаар[35] “төлөвлөгч эдийн засагч шимтгэлийн байцаагч”-ийн албан тушаалаас чөлөөлөгдөж Хяналтын байцаагчаар томилогдсон,

Г.Баярмааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 тушаалаар[36] үйлчилгээний тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтнээр томилсон хирнээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаарын “мөн өдрөөс эхлэн хавсралтад заасан ажил албан тушаалд шинэчлэн томилох” тушаалд[37] Бярдамбын Э-г Хяналт шалгалтын байцаагчаар, тухайн үед уг албан тушаалд томилогдоогүй, үйлчилгээний тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан /гуравдагч этгээд/ Гантөмөрийн Баярмааг “төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ээр тус тус томилж, Г.Дуламсүрэнг ямар ч албан тушаалд томилоогүй орхигдуулсан нь ойлгомжгүй байх ба 2016 оны А/22 тушаалаа гаргах үедээ Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчаар эгүүлэн томилсон тушаалын талаар хариуцагч байгууллагын дарга нь ч өөрөө мэдээгүй байсан, дээрх албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж төрийн жинхэнэ албан хаагч Б.Э хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Иймд Г.Дуламсүрэнг Хяналтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон 2016 оны Б/35 дугаар тушаалаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тухайн үед Хяналтын байцаагчаар ажиллаж байсан Б.Э-д мэдэгдээгүй, танилцуулаагүй албан тушаалтны үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Э-г  түүний Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн  Хяналтын байцаагчаар томилогдохоосоо өмнө эрхэлж байсан албан тушаал буюу “төлөвлөлт судалгаа, шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн томилохыг тус байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах нь зүйтэй байна.

Ажилгүй байх хугацааны цалинг тооцож олгуулах шаардлагын тухайд;

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэсэн заалтын дагуу Булган аймгийн ЭМНДХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тушаалаар нэхэмжлэгч Б.Э-г үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж түүнд олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Н/-д даалгах нь зүйтэй байна.

Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ЭМНДХ-ээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.4, 106.3.7 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 21 дүгээр зүйлийн 21.1,  23, 24 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ЭМНДХ даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаал илт хууль бус, Булган аймгийн ЭМНДХ даргын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоон, Б.Э-г Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө нь эрхэлж байсан “Төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Ч.Н/-д  даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Булган аймгийн ЭМНДХ дарга /Ч.Н/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э-с Булган төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ЭМНДХ дарга /Ч.Н/-аас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА

 


[1] Хэргийн материалын 78-79-р хуудас

[2] Хэргийн материалын 16-р хуудас

[3] Хэргийн материалын 17-18-р хуудас

[4] Хэргийн материалын 39-40-р хуудас

[5] Хэргийн материалын 130-р хуудас

[6] 131-р хуудас

[7] 133-р хуудас

[8] 134-р хуудас

[9] Хэргийн материалын 135-р хуудас

[10] 136-р хуудас

[11] Хэргийн материалын 2-р хавтас /шүүх хуралдаанд шинжлэн судалсан Б.Энхтайваны төрийн албан хаагчийн хувийн хэргээс хуулбарлан тэмдэглэлд хавсаргасан/

[12] Хэргийн материалын 70-р хуудаст /баталгаажуулаагүй Б/49 тушаал/

[13] Хэргийн 148-149-р хуудас Хяналтын байцаагч Б.Энхтайваны ажлыг Г.Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн акт

[14] Хэргийн 145-146-р хуудас Тэтгэвэрийн байцаагч О.Ганцэцэгийн ажлыг Б.Энхтайванд хүлээлгэн өгсөн акт

[15] 83-84-р хуудаст гэрч Г.Дуламсүрэнгийн мэдүүлэг

[16] Хэргийн 167-р хуудас гэрч О.Ганцэцэгийн 9 сарын 14-нд ажлаа хүлээлгэн өгч 27-нд буцаан авсан гэх мэдүүлэг

[17] Хэргийн 66-67-р хуудас гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг

[18] Хэргийн 72-73-р хуудас Тэтгэвэрийн байцаагч Б.Энхтайваны ажлыг 10 сарын 04-ны өдөр О.Ганцэцэгт хүлээлгэн өгсөн акт

[19] Хэргийн материалын 145-149-р хуудас

[20] Хэргийн материалын 60-р хуудас Б.Энхтайваныг ажлаас чөлөөлсөн Б/54 дугаарын тушаал

[21] Хэргийн материалын 72-73-р хуудас

[22] Хэргийн материалын 114-р хуудас

[23] Хэргийн материалын 183-р хуудас

[24] Хэргийн материалын 26-28-р хуудас

[25] Хэргийн материалын 113-р хууудас

[26] Хэргийн материалын 183-р хуудас

[27] Хэргийн материалын 152-153-р хуудас

[28] Хэргийн материалын 76-77-р хуудас

[29] Хэргийн материалын 66-67-р хуудас

[30] Хэргийн материалын 96-р хуудас

[31] Хэргийн материалын 105-107-р хуудас

[32] Хэргийн материалын 109-111-р хуудас

[33] Хэргийн материалын 135-р хуудас

[34] Хэргийн материалын 136-р хуудас

[35] Хэргийн материалын 113-р хуудас

[36] Хэргийн материалын 112-р хуудас

[37] Хэргийн материалын 161-р хуудас /А/22 тушаал/