Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 369

 

Ш.Мөнгөнхүүгийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01598 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунбат, Ч.Солонго нарт холбогдох         

Зээлийн гэрээний үүрэгт 5 848 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

6 464 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц

Хариуцагч Д.Оюунбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Оюунбат, Ч.Солонго нарт олон удаа гуйсны дагуу өөрийн эзэмшлийн 81-29 УНЕ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг "Бест пийш" ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тохиролцон, 3 сарын хугацаатай, 3 500 000 төгрөгөөр барьцаалан, уг мөнгөө Д.Оюунбат, Ч.Солонго нарт өгөөд 7 хоногийн дараа машиныг чинь чөлөөлж өгнө гэж тохиролцсон. Тохиролцсон хугацаандаа Д.Оюунбат, Ч.Солонго нар мөнгөний боломжгүй байна гээд төлбөрөө барагдуулж, автомашиныг чөлөөлж өгөөгүй учраас миний зүгээс гэрээний 3 сарын хугацаа болох 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүү төлсөн. Тэгээд "Бэст пийш" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусч, автомашиныг чөлөөлөх болоход Д.Оюунбат нь тохиролцсоны дагуу төлбөрөө төлөхгүй, машиныг чинь авч өгч чадахгүй гэж хэлсэн бөгөөд 8 дугаар сарын 01-ний өдрөөс "Бест Пийш" ХХК алданги тооцож эхэлсэн ба 8 дугаар сарын 21-ний өдөр 0,8 хувийн алданги тооцно, 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө автомашиныг чөлөөлж аваагүй тохиолдолд төлбөр тооцож авна гэх мэдэгдэл өгсөн. Өнөөдрийн байдлаар Д.Оюунбат, Ч.Солонго нар 3 500 000 төгрөгийг барагдуулаагүй байгаагаас миний бие 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс гадна хүү, алданги 2 268 000 төгрөгийг төлж хохироод байна. Д.Оюунбат нь 3 500 000 өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би Д.Оюунбатаас 100 000 төгрөг аваагүй. Авто ломбардны татварт 100 000 төгрөг өгөөгүй. Д.Оюунбат 3 500 000 төгрөгийг бэлнээр авсан. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 500 000 төгрөгийн алданги cap бүр 210 000 төгрөг нийт 2 268 000 төгрөг төлсөн. Д.Оюунбатаас болж автомашинаа алдаж магадгүй гэж уг автомашины тухайн үеийн зах зээлийн үнэлгээг нь гаргуулсан 80 000 төгрөг нийт 5 848 000 төгрөгийг хариуцагч нар надаас үндэслэлгүйгээр авч төлөөгүй байгаа тул нэхэмжилж байна. Д.Оюунбат 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү 630 000 төлсөн гэдэг нь үнэн. "Бест пийш "ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш би 3 500 000 төгрөгийн алданги 210 000 төгрөгийн cap бүр төлсөн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Д.Оюунбат нь "Бест пийш" ХХК-д автомашинаа ломбардны барьцаалан зээлийн гэрээний хүүд 630 000 төгрөг төлснөөс хойш 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зардлыг нэхэмжилж байна. Д.Оюунбат "Хамтын Тэмүүлэл" бүлгийн ажилд барилгын материал нийлүүлээгүй. Д.Оюунбатаас Номинзаяа гэх хүн блок худалдаж авсан боловч уг блок нь чанарыг шаардлага хангахгүй байна гэсэн тул би блокыг 280 000 төгрөгөөр худалдаж авсан. Д.Оюунбат, Номинзаяа нар өмнө нь ямар тооцоотой байсныг би мэдэхгүй. "Хамтын тэмүүлэл" бүлэг нь Сонгинохайрхан дүүрэгтэй 2014 оны 4 дүгээр сард гэрээ байгуулж хамтран ажилласан. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч 28 дугаар хороон .дээр барилгын ажил хийж гүйцэтгэх 17 279 000 төгрөгийг ажил авсан. Уг ажлыг гүйцэтгэх явцад Д.Оюунбат оролцоогүй. "Хамтын тэмүүлэл" бүлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Уг "Хамтын тэмүүлэл" бүлэгт Д.Оюунбат байдаг. Ажлаа гүйцэтгээд мөнгөө авч өгөх хүмүүстээ өгсөн. Гэхдээ Д.Оюунбат нь гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу уг ажилд оролцоогүй тул цалин болон ногдох хэсгийн олгоогүй гэжээ.

Хариуцагч Д.Оюунбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ш.Мөнгөнхүүгийн автомашиныг "Бест пииш" ХХК-д барьцаалж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг авсан нь үнэн. 7 хоногийн хугацаанд мөнгө төлнө гэж тохиролцсон боловч төлж чадаагүй тул зээл гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд cap бүр 210 000 төгрөгийн хүү нийт 630 000 төгрөгийг би Ш.Мөнгөнхүүгийн нэр дээр "Бест пийш" ХХК-д төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас Ш.Мөнгөнхүүд 3 300 000 төгрөг төлнө. Би Ш.Мөнгөнхүүгийн автомашиныг барьцаалж 3 500 000 төгрөг авч, Ш.Мөнгөнхүүд бэлнээр 100 000 төгрөг өгч, 100 000 төгрөгөөр Ш.Мөнгөнхүүгийн автомашины татвар болон торгуулийг төлсөн. Гэхдээ Ш.Мөнгөнхүү 200 000 төгрөг дутуу өгсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Иймээс надад нотлох баримт байхгүй тул зээлийг 3 500 000 төгрөгөөр тооцож болно.

Сөрөг нэхэхмжлэлийн хувьд Ш.Мөнгөнхүүгээс зээлийн гэрээний дагуу 3 300 000 төгрөгөөс авснаас би тодорхой хэмжээний бараа материалаар уг зээлийг төлсөн мөн зээлийн гэрээний дагуу 630 000 төгрөгийн хүү төлсөн. Надаас авсан бараа материалыг Ш.Мөнгөнхүү авч "Хамтын тэмүүлэл" иргэдийн бүлгийн ажилдаа хэрэглэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Би "Хамтын тэмүүлэл" иргэдийн бүлгийн гишүүн, бүлэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд Ш.Мөнгөнхүүгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажилласан байдаг. Уг хамтран ажиллах гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу уг үр дүн хохирлыг бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Оюунбат, Цэвээндорж, Эрдэнэ-Уул гэх 3 хүн хариуцна гээд гэрээгээр хүлээсэн байдаг. "Хамтын тэмүүлэн" иргэдийн бүлгээс ногдох хэсэг, ашгаас ногдох хувь нь надад ирээгүй. Энэ нь 28 дугаар хороо болон 24 дүгээр хороон дээр тус бүр нь 17 000 000 төгрөгийн өртөгтэй 2 ажил хийгдсэн байдаг. Уг ажлын хүрээнд надад 3 500 000 төгрөг яагаад өгөх ёстой юм бэ гэхээр уг хоёр ажлаас надад ногдох хэсэг нь тус бүр 500 000 төгрөг нийт 1 000 000 төгрөг. Би ажилд нь гар бие оролцоогүй боловч бараа материал гэрээний дагуу нийлүүлсэн. Мөн гэрээний 3.5-д зааснаар 1 000 000 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сард "Хамтын тэмүүлэл" бүлэг ажлаа хүлээлгэж өгсөн мөртлөө гэрээний дагуу надад 1 000 000 төгрөг өгөх ёстой мөнгө өгөөгүй тул төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 2 500 000 төгрөг болж байгаа. "Хамтын тэмүүлэн" иргэдийн бүлгээс 1 000 000 төгрөг, мөн уг 1 000 000 төгрөгийн хүүд 2 500 000 төгрөг, автомашин барьцаалсан зээлийн гэрээний дагуу хүү төлсөн 630 000 төгрөг, Ш.Мөнгөнхүүд барилгын материал өгсөн, шинжээчийн дүгнэлтээр 1 887 000 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн гэж гарсан тул энэ төлбөрийг тус тус сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюунбат, Ч.Солонго нараас 5 050 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүүд олгож, үлдэх 798 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүүгээс 3 387 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Оюунбатад олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 3 077 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагчаас 95 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 69 142 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 108 518 төгрөг, хариуцагчийн төлсөн 118 374 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Шинжээчийн зардал 200 000 төгрөгийг хариуцагч нар төлсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 27 400 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүнд:        

1. Хариуцагч Д.Оюунбатыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны засварын ажилд цемент, хайрга, блок нийт 1 887 000 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн гэж үзсэн бөгөөд хариуцагч Д.Оюунбатаас авахуулсан гэрч Б.Жалбалнямын мэдүүлэгт “Хариуцагч Д.Оюунбат нь өөрийн блок, хайрга, цементийг хорооны барилгад аваачиж өгсөн талаар он, cap, өдрийг тодорхой ярьдаггүй,блоок. Цементийг тээвэрлэхдээ хүлээн авсан Д.Оюунбатаас хүлээн авч, хэнд хүлээлгэн өгснөө тодорхой тайлбарлаагүй ба энэ талаар баримт үйлдээгүй” талаар мэдүүлдэг, цемент, хайрга, блок, иргэн Номинзаяа болон "Төгс үлэмжийн чанар" ХХК авсан гэх баримтыг хүлээн аваагүй. Мөн шүүхийн журмаар томилогдсон шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь шүүгчийн захирамжид заасны дагуу дүгнэлтийг гаргахдаа дараахь байдлаар зөрүүтэй дүгнэлт гаргасан. Тухайлбал: Сонгннохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгад Д.Оюунбатын оруулсан гэх хэдэн төгрөгийн цемент, хайрга, блок орсныг нарийвчлан гаргаагүй. Зөвхөн хариуцагч Д.Оюунбатын хэлснээр тооцоолсон. Хариуцагч нь хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хорооны барилгад орсон блокыг Монгол Улсад ганцаар үйлдвэрлэдэг талаар тайлбарласан ба энэ тухай олж тогтоохыг шинжээчид даалгасан байхад зевхөн Д.Оюунбатын блок үйлдвэрлэдэг төхөөрөмжийг үзээд дүгнэлтээ гаргасан. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны дэргэхэд Барилгын хөгжлийн төвөөс олгодог тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр барилгын материал үйлдвэрлэдэг байхад энэ талаар холбогдох баримтыг үндэслээгүй шинжээч дүгнэлтээ гаргасан. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр зөвхөн хариуцагчийг оролцуулан дүгнэлт гаргасан байхад шүүхээс энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй.

2. Хамтран ажиллах гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх үед хариуцагч Д.Оюунбат нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулсан, ирээгүй талаар гишүүн Н.Сэрээнэндорж, Т.Эрдэнэ-Уул нар тайлбарладаг. Энэ талаар тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан. Хариуцагч Д.Оюунбатыг хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг бүрэн нотолдог. Гэтэл шүүхээс гэрээний бусад оролцогчдоос тайлбар мэдүүлэг аваагүй байж Д.Оюунбатыг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзсэн нь хэт нэг талыг хэргийг шийдвэрлэснийг бүрэн нотолж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүү нь хариуцагч Д.Оюунбат, Ч.Солонго нарт холбогдуулан гэрээний үүрэгт 5 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Оюунбат эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 464 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. 

2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь “Бест пийш” ХХК-тай 3 500 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ”Toyota primio” маркийн автомашиныг барьцаалсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунбат нь нэхэмжлэгчид  нийлүүлсэн барилгын материал болох блок нь тухайн барилгад орсон эсэх талаар шинжээч томилж, тогтоолгох хүсэлт гаргасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг хангажээ /хх-81, 84-87/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилох бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байх учиртай.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2016/03312 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэж, 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг тус тус зөрчжээ.

Анхан шатны шүүх шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй бөгөөд уг шинжээчийг дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийнн 38.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

Мөн хариуцагч Д.Оюунбатын гаргасан 6 464 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцэж байгаа эсэхийг шүүх анхаараагүйг дурдах нь зүйтэй.

Ийм учраас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнгөнхүүгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                    ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                                              Д.БАЙГАЛМАА