Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0243

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.2, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Т.Б, Ц.Ш нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 340010618 дугаар актаар 102,263,630 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хууль бус актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. “Б ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 340010618 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Татварын улсын байцаагчид татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгахдаа “татварын хяналт шалгалт хийх томилолт”, “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийсэн гэж, гэтэл хэрэгт Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг хяналт шалгалт нь хуульд заасан журмыг зөрчиж явагдсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд уг зүйлд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хийхээр, удирдамжид “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр” байх шаардлагыг тавьснаас үзэхэд “тухайн тохиолдолд тусгайлан гаргасан удирдамжтай байх”-ыг шаарджээ.

Гэтэл татварын улсын байцаагчид дээр дурдсан ерөнхий удирдамжийг баримталж хяналт шалгалт хийсэн нь хуулийн уг шаардлагыг зөрчсөн төдийгүй Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 47 дугаар зүйлийн 47.4-т заасан татварын улсын байцаагчид хориглох зүйлийг шууд зөрчсөн тул хууль бус байна. Дээрх ерөнхий удирдамжийг “Б” ХХК-д шалгалт хийх эрх олгосон тусгай удирдамж гэж үзэх боломжгүй байна.

2.Татварын улсын байцаагчийн актад “... 2012 оны 1 дүгээр сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татвар ногдуулалт төлөлтийн байдалд ... шалгалтыг ... хийж гүйцэтгэв... 102.263.630 нөхөн татвар ногдуулж...” гэжээ. Татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дүгээр дүгнэлтээр “Б” ХХК-ийн 2012 оны татвар төлөлтийн байдалд шалгалт хийн дээрх актаар тавьсан 1.022.636.300 төгрөгийн зөрчлийг өмнө илрүүлчихсэн байхад огт мэдэгдээгүй шинэ үндэслэл мэтээр акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх”, 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн.

Дүгнэлт, актаар тогтоосон шалгалтын дүн нь давхардсан, дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон асуудлаар хууль зөрчиж, шинээр акт тавьсан нь татварын улсын байцаагчид уг асуудлаар урьдчилсан дүгнэлттэй байсан гэж үзэхээр байна.

3.Татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дүгээр дүгнэлтийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг тогтоолын тогтоох хэсэгт “1. ...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн ...заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...”, “...хохирогч нар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

Гэтэл татварын улсын байцаагчид дээрх өршөөл үзүүлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж нэгэнт тогтоогдсон асуудлаар шинээр акт тавьсан нь хууль зөрчжээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх тусгайлсан зохицуулалт байхад татварын улсын байцаагчдын шүүх хуралдаан дээр тайлбарласан Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Учир нь тухайн тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль хүчин төгөлдөр тус заалтад заасан захиргааны хариуцлага хэмээх хууль зүйн ойлголт нь хохирол хэмээх ойлголтоос ялгаатай юм.

4. Татвар төлөгч нь уг актад заасан 1.022.636.300 төгрөгийн зөрчил гэх орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан бөгөөд тайланг татварын алба хүлээн авсан, маргаагүй байдаг.

Уг зөрчлийг татварын улсын байцаагчид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 340010618 дугаар актаар шинээр илрүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг өмнө дүгнэлтээр илэрсэн байсан гэж үзэх боломжгүй буюу татвар төлөгч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нуун дарагдуулсан орлогоо тайлагнасан нь хууль ёсны үйлдэл байна.

Дээрх татварын улсын байцаагчийн актад “...хяналт шалгалтаар нийт 1.022.636.300 төгрөгийн зөрчил илэрснийг...” гэснээр энэ нь нотлогдоно.

5.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

Татвар төлөгчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан тайлан нь дээрх татварын улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчилтэй шууд давхардаж байгаа, татварын улсын байцаагчид шинээр илэрсэн зөрчил, өмнө дүгнэлтээр тогтоогдсон зөрчил гэх мэт зөрүүтэй, хууль зөрчсөн тайлбаруудыг хийсээр байтал уг нотлох баримтыг татварын албанаас гаргуулсангүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүллээ.

Мөн татварын улсын байцаагчид прокурорын газраас ирүүлсэн тоотын дагуу акт үйлдсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч уг тоотыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн байна.

6.Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 340010618 дугаар акт хууль бус байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр анх товлосноос хойш гомдол гаргагчийн хүсэлтийг үндэслэн удаа дараа хойшлуулж, биечлэн оролцох бололцоог хангалттай олгосон болохыг тэмдэглээд дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            Шийдвэрт “Б” ХХК 2012 онд “Д” ХХК, “Х х” ХХК, “Ж” ХХК нараас нийтдээ 1.022.636.000 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж, 102.263.600 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийн талаар зөв дүгнэсэн, тухайлбал Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Б” ХХК-ийн захирал Ш.Үад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрөөс 2012 онд 5 сая, 2013 онд 40 сая төгрөгийг сайн дураар төлсөн зэргийг үндэслэн нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэхүү хэрэгт хамааралтай гол нотлох баримт болно.

 “Б” ХХК-ийн бараа материал худалдан авсан гэх дээрх нэр бүхий хуулийн этгээдүүд бодит байдалд ямар ч борлуулалт хийгээгүй болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч НӨАТ-тай худалдан авалт хийсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтаар нотолж чадаагүй, харин ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасны дагуу “Б” ХХК-ийн хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг НӨАТ-аас хасахгүй.

Мөн сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн”, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна” гэж тус тус тодорхойлсноос үзэхэд дээрх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалтын бодитой эсэхийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр зөвхөн НӨАТ-ын падаанаар нотлох гэж буй нь үндэслэлгүй.

“Б” ХХК-иас давж заалдах гомдлын агуулгаа шийдвэрийн НӨАТ-ын хий бичилттэй падаантай холбоотой дүгнэлтийг үгүйсгэхээс илүүтэй “…хяналт шалгалт явуулахдаа процессын зөрчил гаргасан, актаар тогтоогдсон зөрчлийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан, татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан…” гэх зэргээр тодорхойлсон учраас тус бүрд нь дүгнэлт өгөхөд:  

1.Хэргийн 47, 82  дугаар талд буй Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн даргаас олгосон “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-д хяналт шалгалт хийх байцаагчдын нэр, татвар төлөгч буюу “Б” ХХК-ийн нэр, регистрийн дугаар, шалгалтад хамрах, шалгалтыг эхлэх болон хяналт шалгалтыг сунгасан хугацаа, хяналт шалгалтын төрөл зэргийг тус тус тусгасан байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуульд заасан шаардлагыг бүрэн хангасныг нотлох бөгөөд харин гомдолд дурдсан Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж хэргийн 124 дэх талд мөн авагдсан байх тул  дээрх томилолтыг ерөнхий удирдамжтай адилтгаж үзсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.Анх татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дүгээр дүгнэлтээр “Б” ХХК-ийн 2012 оны татвар төлөлтийн байдалд шалгалт хийж, одоогийн актаар тогтоогдсон зөрчлийг тухайн үед гаргасан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэхдээ тухайн зөрчилд хариуцлага хүлээлгээгүй, иймд акт тавигдсанаар хяналтын шалгалтыг давхардуулан явуулсан, мөн урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийсэн гэж үзэхгүй.

Учир нь дүгнэлтээр үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-ийн захирал Ш.Үад НӨАТ-ын хий бичилттэй падаанаар татвар төлөхөөс зайлсхийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, төлбөрийг зохих хэмжээгээр барагдуулсныг харгалзан үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөвхөн Ш.Үыг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлж байгаагаас бус татвар төлөхөөс зайлсхийх байдлаар улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс “Б” ХХК-ийг чөлөөлөөгүй. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

3.“Б” ХХК хяналт шалгалтаар илэрсэн 1.022.636.300 төгрөгийн зөрчлийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнахаас өмнө татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн зөрчлийг илрүүлсэн, иймд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн байх хуулийн шаардлага энэ тохиолдолд хангагдахгүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэснээс гадна тус компанийн гаргасан тайланг нотлох баримтаар авах нь хэрэгт ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл “тайлагнасан” нь актаар тогтоосон нөхөн татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Хугацааны хувьд 2012 оны зөрчилд 2013 онд дүгнэлт бичигдсэнээр Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа тасалдсанд тооцогдоно, өөрөөр хэлбэл дүгнэлт бичигдсэнээр дээрх хугацаа тоологдохгүй тул хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН