Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00452

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2455 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Л-д холбогдох,

45.213.077 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Б.Л-, өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л- нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус банктай № 3Г-RCC2014121721-2 тоот Зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 90,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан ба өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204040358 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоотын 72,32 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 90,000,000.00 төгрөгөөс 48,031,149.22 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 37,657,984.66 төгрөгөөс 36,561,496.20 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд  гэрээний хугацаа дууссан болно. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 41,968,850.78 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 913,740.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 182,748.08 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8,500 төгрөг болсон тул Б.Л-оос 43,073,839.24 төгрөг гаргуулж,  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хуримтлагдсан хүү болох 2,139,238.56 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээл 41,968,850.78 төгрөг,  хүү 2,696,439.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539,287.84 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8,500 төгрөг нийт 45,213,077 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Л- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сард Хнаас 90,000,000 төгрөгийн зээл авсан. Эдийн засагт үүсээд буй хямрал болон бараа бүтээгдэхүүний борлуулалт муудсан, төгрөгийн ханшийн уналт зэргээс цаг хугацаандаа зээлээ төлж чадаагүй. 2017.05.03-нд 30,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар шилжүүлсэн боловч хасалт хийлгээгүйд гомдолтой байна. Хны гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь урьд гаргасан нэхэмжлэл дээрх тооцооллын алдааг засаагүй болон хүүгийн тооцоолол дээр маргаантай байгаа гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л-оос 42,242,434.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,970,643.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Б.Л- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Б.Л-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах Ү-2204040358 улсын бүртгэлийн дугаартай, 72,32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 42,242,434.58 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-оос 369,162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2455 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “42.242.434,58” гэснийг “44.514.123” гэж, “2.970.643.22” гэснийг “698.954” гэж, 3 дахь заалтын “369.162” гэснийг “380.520” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Л- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2455 дугаар магадлалд заасныг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх миний хууль ёсны эрхийг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэсэн шүүгчид үндсэн зээлийн мөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцохдоо байж боломгүй алдаа гаргаж нэмэгдүүлсэн хүүг  дахин нэмсэн байна. угтаа бол шийдвэрийн дагуу миний бие нэхэмжлэгчид 132,000.000+8932589+1786517=42.719.106 болж байхад давж заалдах шатны шүүгчид дээрх 1 тоонуудыг нэмэхдээ 44.505.623 /нэмэгдүүлсэн хүүг 2 удаа нэмж будлиантуулсан байна. /гэж алдаатай нэмж хариу гаргасан нь байж болшгүй алдаа гэж миний бие үзэж байна. Дээр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар шүүхээс гарах шийдвэр нь үндэслэлтэй эргэлзээгүй байх ёстой ба ингэж чадаагүйгээс болж миний бие нэхэмжлэгчид хуулийн үндэслэлгүйгээр 1.786.517 төгрөг илүү төлж байна. Иймээс нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2455 дугаар магадлалыг хянаж нийт төлөх мөнгөний хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Х” ХХК нь Б.Л-ид холбогдуулан нэхэмжлэл гаргаж “...үндсэн зээл 41.968.850 төгрөг, хүү 2.696.439 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539.287 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 8.500 төгрөг, нийт 45.213.077 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Б.Л- нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 2 тоотын 72,32 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалан 2014 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр нэхэмжлэгч ХХБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 90.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 1.7 хувийн хүүтэй зээлжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин хариуцагч мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсчээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний хугацаа дуусах үеийн хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлж, үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаагаар нарийвчлан тооцож, зээл 32.000.000 төгрөг, хүү 8.932.589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.786.517 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451., 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцсэн боловч тооцооны алдаа гаргаснаас хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг буруу тогтоожээ.

Иймд дээр дурдсанаар хариуцагчаас зээлийн төлбөрт 42.719.106 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 8.500 төгрөг, нийт 42.727.606 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2455 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “44.514.123” гэснийг “42.727.606” гэж, “698.954” гэснийг “2.485.471” гэж, 2 дах заалтын “380.520” гэснийг “371.588” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 43.534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ