Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2017/0005/И |
Дугаар | 25 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг Мааньзавын 2-3 тоотод оршин суух, Сармайн цогт овогт Төмөрийн Мөнхзаяа /ЧЗ77060703, утас: 90190735/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Нефтийн 1-9 тоотод оршин суух Мянгат овогт Дондвоогийн Мөнхбат /ЕЭ67062673, утас: 91910761/-д хариуцагдах
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Мөнхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2003 онд Д.Мөнхбаттай танилцаж улмаар 13 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2005 оны 08 дугаар сарын 12-нд охин М.Мөнх-Ундрах төрсөн. Д.Мөнхбат нь өмнө нь гэр бүлийн асуудалтай учир гэрлэлтийн баталгаагүй. Бид Замын-Үүд сумын Нефтийн байранд 13 жил хамт амьдарсан. Одоогоор миний бие нь ажилгүй, хөлсний байранд амьдарч байна. Иймээс 2005 оны 08 дугаар сарын 12-нд төрсөн охин М.Мөнх-Ундрахын төрсөн эцэг нь Д.Мөнхбат болохыг тогтоож, Д.Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “Миний бие Д.Мөнхбат нь Т.Мөнхзаяатай хамтран амьдарч байсан нь үнэн. Гэвч амьдарч байх хугацаандаа буюу 2004 оны 12 дугаар сараас 2013 оны 08 дугаар сар хүртэл байнга өвчтэй гэж шалтаглан байнга хэрүүл зодоон үүсгэн өөрийн эх, эгч, ах нар луугаа байнга саллаа явлаа гээд алга болдог байсан. Тэгээд өвчтэй зовлонтой гэж шалтаглан миний олсон цалин мөнгө, Хятад улс руу хүн, ачаа зөөж олсон мөнгө төгрөгийг өөрийнхөө эмчилгээ, ах дүүдээ зээлүүлж миний охиноор түрүү барьж одоогоос 3 жил шахамын өмнө салж явахдаа надаар цалингийн зээл хийлгэж аваад надад ямар ч мөнгө цаас үлдээлгүй авч явахдаа чам шиг гуйлгачингаас өөр юугий чинь авах юм гээд ор сураггүй алга болсон. М.Мөнх-Ундрах миний охин мөн биш гэж хэлээгүй. Би одоогоор өр ширтэй байгаа учир цалингаас илүү гарах юм байхгүй. Миний амьдрал гайгүй сайн болсон үед охиндоо юм өгнөө охиноо харж үзнэ хаяхгүй. Иймийн учир энэ хүнтэй надад нэг их ярих юм байхгүй тохиролцоод салсан гэж бодож байгаа энэ хүн ч хариуцлага хүлээх ёстой. Мөнх-Ундрах нь миний охин мөн. Би охиныхоо дансанд 14,000,000 төгрөг хийсэн, Мөнхзаяагийн ахад нь 3,000,000 төгрөг зээлүүлсэн нийт 17,000,000 төгрөг өгсөн учир хангалттай мөнгө өгсөн гэж үзэж байгаа учраас хүүхдийн тэтгэлэг өгөхгүй” гэжээ.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхзаяа нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Мөнхбат нь охин М.Мөнх-Ундрахын эцэг мөн харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргасан. Тэрээр татгалзахдаа 14,000,000 төгрөг охиныхоо дансанд хийсэн, 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мөнхзаяагийн ахад нь зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа болно.
Зохигчид 2003 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 12-нд охин М.Мөнх-Ундрал төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаанаас болж 2013 оноос тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр охин Мөнх-Ундрах нь эх Т.Мөнхзаяагаар овоглосон, хүүхэд эцгээрээ овоглоогүй, эцгийн овог нэр бичигдээгүй боловч хариуцагч Д.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбараар охин Мөнх-Ундрахыг өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Хариуцагч Д.Мөнхбат нь охин Мөнх-Ундрахад хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, 17,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхзаяа нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Д.Мөнхбатаас шаардах эрхтэй, хариуцагч Д.Мөнхбат нь охин М.Мөнх-Ундрахыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар 2005 оны 08 дугаар сарын 12-нд охин М.Мөнх-Ундралын эцэг Д.Мөнхбатаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 46,496 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1,971,600 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Мөнх-Ундралын эцгээр Мянгат овогт Дондвоогийн Мөнхбат /ЕЭ67062673/-ыг тогтоосугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 08 дугаар сарын 12-нд охин М.Мөнх-Ундралыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Д.Мөнхбатаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбатаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхзаяад олгож, хариуцагч Д.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 46,496 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ