| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0405/Э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 414
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Г.Г.............х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хархорин овогт Г.............гын Г.............х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0152 00469 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хархорин овогт Г.............гын Г.............х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, .........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Г.............х нь 2019 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Пирамид үйлчилгээний төвийн ард С.Е.............нийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г.............х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч И.С.Е.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны...орой 23 цагийн 13 минутын үед миний төрсөн ах С.............й над руу залгаад “гэрийн хажууд уучихсан байна. Хүмүүстэй маргалдаад байна” гэж хэлсэн...пирамид үйлчилгээний төвийн ард талын зогсоол дээр очиход манай ах С.............й зодуулсан байдалтай хувцас, хунар нь урагдчихсан байсан...би “хэнтэй зодолдсон юм бэ” гэж асуугаад явж байхад урдаас нэг согтуу залуу хүрч ирсэн. Тэр залуу “С.............й ахаа нааш ир хоёулаа нэг уулзаадахъя” гээд байсан. Би С.............й ахаас “энэ залуу таныг мөргөсөн юм уу, гэж асуухад тэгсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг “нааш ир” гээд очиход цаашаа яваад зугтаагаад байсан бөгөөд араас нь очоод бариад авахад шууд миний нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөчихсөн. Бид хоёр зууралдаад байж байтал тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд салсан чинь миний хөмсөгний дээрээс цус гараад эхэлсэн...тэгэхээр нь би шууд гэр рүү ороод толинд харахад зүүн хөмсөг задраад их том ангайчихсан байсан. Тэгээд гэрээсээ гараад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод хөмсөг дээрээ 4 оёдол тавиулсан...би эмчилгээний зардал 132.000 төгрөг нэхэмжилж байна. Би 3 хоног өөрийн хаяг реклам хийдэг ажлаа алдсан. Нэг өдрийн орлого 100.000 төгрөг байдаг. Нийт 300.000 төгрөгийн орлого болж байна. Иймд нийт 432.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
“...Намайг зодсон Г.............х гэх залуу надтай уулзаж уучлалт гуйсан. Би хохирлын мөнгө 300.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Г.............х надад боломжтой үедээ үлдэгдэл 132.000 төгрөгийг төлж өгнө гэсэн. Иймд надад...нэхэмжлэх хохирол байхгүй...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),
2. Гэрч А.Э.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны орой 27 дугаар байрны “Лотус” пабад хоол идсэн, эрчүүд нь пиво ууцгаасан...дэлгүүр орчихоод гараад ирэхэд Г.............г ...ирээд С.............й ах, Г.............х хоёр муудалцаад байна гэж хэлсэн. Бид хоёрыг яваад очиход С.............й ах Г.............хтай хэрэлдээд зогсож байсан...гэтэл С.............й ахын дүү нь гээд 2 залуу бас ирсэн. Тэгээд нүдний шилтэй дүү нь ирээд яахаараа манай ахыг зоддог юм бэ гээд Г.............х руу дайрсан. Би...С.............й ахын дүүг гараараа түлхэхэд чи хамаагүй хол бай гээд намайг түлхсэн...тэгээд би тэнд байсан Г.............х, Г.............г нарыг таксинд суулгаад явуулсан. Маргааш нь С.............й ах манай дүүг Г.............х мөргөөд гэмтээсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
3. Гэрч В.С.С.............йгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр...Э.............г гэдэг охин утсаар яриад...хоолонд оруулах гэсийн гэж ярьсан...тэгээд “Лотус” пабад очсон...тэгээд эмэгтэй хүмүүс гарсан хойгуур Г.............х пиво ууж байгаад надтай маргалдаад байхаар нь би түүнийг “та нар пизда хүн дуудчихаад ингээд байхдаа яадаг юм” гээд уурласан. Тэгтэл намайг Г.............х нүүр рүү мөргөөд авсан. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь би Г.............хыг заамдаад авсан. Энэ үед тэр гараараа миний нүдний орчим бас цохисон....Е.............ний Г.............хтай очиж уулзаад чи яагаад өөрөөсөө ахмад хүнийг цохиж байгаа юм гэж хэлж байсан. Удалгүй Е.............ний намайг мөргөчихлөө гэсэн. Би харахад түүний духны орчмоос цус гарч байсан...тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү орж дүү Е.............нийд оёдол тавиулсан. Зүүн хөмсөг дээр нь арьс нь ангайгаад язарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),
4. Гэрч Г.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр...бид нар “Лотус” гэдэг паабны гадаа уулзаад тэр пабад 20 цагийн үед орсон. Тэнд ороод 2 шил архи, пиво уусан. Бид дөрвийг тэнд байхад манай хамгаалагч Мандах ах ирсэн. Бас удалгүй Э.............г эгчийн найз залуу Хонгор ах ирсэн. Тэгээд Хонгор ах, Э.............г эгч хоёр гадагшаа гарсан хойгуур С.............й ах Г.............х хоёр муудалцсан....Г.............х согтуу шүдээ хавирсан чинь С.............й ах уурлаад босож ирээд “чи муу чацга, миний өөдөөс яахаараа шүдээ хавирдаг” юм гээд хоолойг нь гараараа боогоод хананд шахсан. Би гарч гүйгээд Хонгор ах, Э.............г эгч хоёрыг дуудсан....Хонгор ах сая Г.............х С.............йгийн дүүг мөргөчихлөө гэсэн. Тэгээд бид дөрөв таксинд суугаад гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3305 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгөнд 3х0.1см 4ш оёдол бүхий шархтай. Зүүн нүдний дээд зовхинд 4х1.5см, доод зовхинд 2.5х1см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. 2019.3.12-ны КТГ-д: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...зүүн талд дух, нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ
1. С.Е.............нийн биед зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)
6. Шүүгдэгч Г.Г.............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны орой би ажлаа тараад 17 цагийн үед найз охин Г.............гийг авахаар очсон юм...тэгээд бид нар С.............й ахыг утсаар дуудаад манай найз охин Г.............г, Э.............г эгч, Мандах ах нартай хамт 20 цагийн үед Лотус пабад очсон. ...23 цаг өнгөрч байхад хүмүүс халцгаагаад би нэлээн согтсон байсан. Энэ үед С.............й ах намайг заамдаад боосон чинь тэр пабыг ажллуулдаг ах “С.............й ахад чи жаахан хүүхдийг болиоч” гэж хэлсэн. Тэгээд бид нар гадаа гарсан чинь С.............й ах надтай дахиж муудалцаад бид хоёр зууралдаад байж байхад Хонгор ах салгаад намайг цаашаа аваад явсан...Тэгээд бид хоёр буцаад ирэхэд С.............й ахын дүү нь ирсэн байсан. Дүү нь над руу “чи яахаараа манай ахыг зоддог юм” гээд намайг зодох гээд дайраад байсан. Тэгтэл Э.............г эгч салгах гээд дундуур ороход С.............й ахын дүү нь Э.............г эгчийг түлхэж унагаад өшиглөсөн. Энэ үед Хонгор ах “чи яаж байгаа юм бэ” гэхэд манай найз охин бас түүн рүү “яаж байгаа юм бэ” гэхэд манай найз охины нүүрэнд нь нэг удаа цохиод хамарнаас нь цус гаргасан. Би тэгээд тэр ахад яаж байгаа юм бэ эмэгтэй хүн зодоод гээд барьцалдаж авахад миний чих рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр ахын нүүрэнд нь мөргөчихсөн юм. Тэгээд Хонгор ах намайг салгаад би найз охиноо аваад таксинд суугаад гэртээ харьсан...тэр ах учир зүггүй дайраад эмэгтэй хүн цохиод байхаар нь болиулах гэтэл намайг цохиод авахаар нь зөрүүлээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39),
- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 76, 77), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 78), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 79), хохирлын 128.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 40, 51)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45, 46), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47), хөлсөөр ажиллах гэрээ (хавтаст хэргийн 94-97), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 8) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г.............хад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Г.............х нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Пирамид үйлчилгээний төвийн ард байрлах 27 дугаар байрлан үйл ажиллагаа явуулах “Лотус” пабын орчим, 2019 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, өөрийгөө цохисон гэх шалтгаанаар хохирогчийг цохих зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, С.Е.............нийн толгой тус газар мөргөж зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч И.С.Е.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны...орой 23 цагийн 13 минутын үед миний төрсөн ах С.............й над руу залгаад гэрийн хажууд уучихсан байна. Хүмүүстэй маргалдаад байна гэж хэлсэн...пирамид үйлчилгээний төвийн ард талын зогсоол дээр очиход манай ах С.............й зодуулсан байдалтай хувцас, хунар нь урагдчихсан байсан. ...Би С.............й ахаас “энэ залуу таныг мөргөсөн юм уу, гэж асуухад тэгсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг “Нааш ир” гээд.... очоод бариад авахад шууд миний нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөчихсөн. ...Гэмтлийн эмнэлэгт очоод хөмсөг дээрээ 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
- Гэрч А.Э.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны орой 27 дугаар байрны “Лотус” пабад хоол идсэн, эрчүүд нь пиво ууцгаасан. ...С.............й ах Г.............хтай хэрэлдээд зогсож байсан...гэтэл С.............й ахын дүү нь гээд 2 залуу бас ирсэн. ...Маргааш нь С.............й ах манай дүүг Г.............х мөргөөд гэмтээсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
- Гэрч В.С.С.............йгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е.............ний Г.............хтай очиж уулзаад чи яагаад өөрөөсөө ахмад хүнийг цохиж байгаа юм гэж хэлж байсан. Удалгүй Е.............ний намайг мөргөчихлөө гэсэн. Би харахад түүний духны орчмоос цус гарч байсан...тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү орж дүү Е.............нийд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),
- Гэрч Г.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонгор ах сая Г.............х С.............йгийн дүүг мөргөчихлөө гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3305 дугаар дүгнэлт “...1.С.Е.............ний-н биед зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)
- Шүүгдэгч Г.Г.............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.............й ах надтай дахиж муудалцаад бид хоёр зууралдаад байж байхад Хонгор ах салгаад намайг цаашаа аваад явсан...тэгээд бид хоёр буцаад ирэхэд С.............й ахын дүү нь ирсэн байсан. Дүү нь над руу чи яахаараа манай ахыг зоддог юм гээд намайг зодох гээд дайраад байсан. ...Тэгэхээр нь би зөрүүлээд тэр ахын нүүрэнд нь мөргөчихсөн юм. Тэгээд Хонгор ах намайг салгаад би найз охиноо аваад таксинд суугаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Г.Г.............х, хохирогч С.Е.............ний нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, “эмэгтэй хүн цохисон” гэх сэдэлтээр, хохирогчийн нүүрэн тус газар мөргөж шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г.............х нь хохирогч С.Е.............ний нүүрэн тус газар мөргөсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба мөргүүлсэнээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Г.Г.............хыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Е.............ний нь эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гэж 300.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Г.Г.............х нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Г.............хыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г.............хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г.............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г.............х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Г.............х эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Г.Г.............хыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, “Таван Богд Фүүдс Пицца” ХХК-д ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Г.............х нь торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0152 000469 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хархорин овогт Г.............гын Г.............хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г.............хыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.............х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ