Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болортуяад холбогдох зээлийн гэрээний үүрэг 12,988,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь “БОМБ” ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагад нягтлан бодогч ажилтай Батнасан овогтой Болортуяа 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №73 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар  сарын 1,9 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлдэгч Б.Болортуяа нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин тодорхой шалтгаангүйгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй, зээлийн үүргээ биелүүлэхгүй удаан хугацаагаар сураггүй болж банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Б.Болортуяагийн үндсэн зээлийн үлдэгдэл 9,299,693 төгрөг, зээлийн хүү 3,656,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,240 төгрөг нийт 12,988,953 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.                                             

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие зээлдэгч Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 9 дүгээр хэсэг 135-23 тоотод оршин суух Ноён цорс овогт Батнасангийн Болортуяа /РД:ЕЮ73071007/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 02 сарын 15-нд Замын-Үүд сумын Капитал банкнаас 9,500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлээ цаг тухайд нь төлөлт хийгээгүй ийм байдалд орсон. Одоогийн байдлаар миний бие Дорноговь аймагт АШУИС-д суралцаж байна улмаар төгсөөд ажил эрхлэх боломжтой болно. Уг авсан зээлээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Болортуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12,988,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Болортуяа нь нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбартай 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №73 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар  сарын 1,9 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлага 12,988,953 төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болортуяад холбогдох зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 9,299,693 төгрөг, зээлийн хүү 3,656,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,240 төгрөг нийт 12,988,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 222,774 төгрөгийн 50 хувь болох 111,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 111,387 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 111,387 төгрөгийг   гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД