| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0043/И |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй
Хайрхансүмбэр овогт Мөнх-Амарын Анхбаярыг /РД: ЕЗ91100214/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Мөнх-Амарын Анхбаяртай 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр №299 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 670,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч М.Анхбаяр нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч М.Анхбаяр нь үндсэн зээлийн үлдэгдэл 263,011.8 төгрөг нэмэгдүүлсэн хүү 214,562.56 төгрөг нийт 477,574.36 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхбаяр нь тус банкнаас 670,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2014 оны 03 сарын 14-ны өдөр авсан. Зээлийн барьцаанд I phone 4 маркийн утсыг барьцаалсан. Зээл авах үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг, Хилийн 1-25 тоотод оршин суух хаягтай байсан боловч энэ хаяг дээрээ сүүлийн 1 жил гаруй хугацаанд амьдраагүй гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн тухайн үедээ Депод засварчин хийдэг байсан боловч ажлаасаа гарсан байсан. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн үдэлдэл 477,574 төгрөг байгаа юм. Иймд Анхбаярын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч М.Анхбаяр нь нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбараас 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр №299 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 670,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх ба тэрээр Капитал банкны Замын-Үүд салбарт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтрүүлсэн, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иймд М.Анхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Хайрхансүмбэр овогт Мөнх-Амарын Анхбаяр нь /РД: ЕЗ91100214/ Замын-Үүд сумын 2-р баг, Хилийн 1-25 тоотод оршин суух хаягтай байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн М.Анхбаяр нь 96890190 дугаар эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтээр Хайрхансүмбэр овогт Мөнх-Амарын Анхбаярыг /РД: ЕЗ91100214/ эрэн сурвалжилсугай.
2. М.Анхбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. М.Анхбаярын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарт нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД