Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 805

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.А  холбогдох эрүүгийн 2006 00000 0984 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй,   жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг   тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ж.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины зогсоол дээр иргэн Г.Даваасүрэнтэй малгадаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.  

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Г.Ганхөлөгийн өгсөн мэдуүлэг /хх-18-20/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, Ж.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-34/, гэрч Э.Наран-Эрдэний өгсөн мэдүүлэг /хх-21-23/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-3/, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, шүүгдэгч Ж.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/, хохирогч Г.Даваасүрэн, яллагдагч Ж.А нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-52-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины зогсоол дээр иргэн Г.Даваасүрэнтэй малгадаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим гэртээ байж байсан чинь манай садангийн хүн болох Ганхөлөг гэрээс намайг авч гарсан. Гэрээс гаргаад Ганхөлөг, Ж.А  гэдэг залуу руу чат бичсэн. Гараад ирээ ганц юм ууя гэсэн. Улаанхуаранд байдаг гал унтраах ангийн хажууд байдаг гэрт нь очиж аваад Баянзүрх дүүргийн захын зогсоол дээр очоод 1 шил 0.75 граммын хараа архи бид 3 цуг уусан. Тэр архиа уугаад дуусахад Ганхөлөг эхнэрээ дуудаад удалгүй эхнэр нь ирээд машины жолооч талын суудал дээр суусан. Ганхөлөгийн эхнэртэй би урд талын суудал дээр суугаад юм яриад байж байсан чинь Ж.А  гээд залуу чи найзынхаа эхнэртэй хандраад байгаа юм уу гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гээд эргээд харсан чинь нүүр рүү 2-3 удаа цохисон. Би машины урд суудалаас буугаад хойд суудал руу суусан чинь Ганхөлөг миний цээжээр тэврээд авсан чинь Ж.А  нүүр толгой нуруу руу цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байсан. Тэгээд зодолдоод байж байсан чинь Ж.А ын эхнэр нь хүрээд ирсэн. Ганхөлөг намайг тэвэрсэн байхад Ж.А ын эхнэр нь Ж.А ыг шууд машиндаа суулгаад яваад өгсөн. Би Ганхөлөгтэй чи намайг барьж байгаад зодууллаа гээд хэрүүл хийгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн.” /хх-15-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганхөлөгийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 12-оос 13-ны шилжих шөнө гэрээ байж байгаад хамаатны залуу Ж.А  руу утсаар залган архи уух санал тавьсан. Тэгтэл Ж.А  зөвшөөрсөн бөгөөд би дахин Даваасүрэн рүү залган уулзах талаар хэлсэн. Ингээд би Даваасүрэнг гэрээс нь очиж аваад араас нь Ж.А ыг гэрээс нь очиж аваад бид гурав нийлээд миний машинтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн зогсоолд машинаа байршуулаад 1 шил 0.75 литрийн архи уусан. Тэгтэл Даваасүрэн, Ж.А  хоёр хоорондоо ам зөрж эхэлсэн бөгөөд би ямар шалтгаанаас болж хэрэлдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Энэ үед манай эхнэр Наран-Эрдэнэ бид хэд дээр ирсэн тул Наран-Эрдэнэ жолоочийн суудал дээр Даваасүрэн жолоочийн эсрэг талд Ж.А  бид хоёр машины хойд суудал дээр сууж байсан. Ингээд Даваасүрэн машинаас буугаад зогсоол дээр шээсэн. Шээж дуусчихаад машин дээр ирэн Ж.А ын сууж байсан талын хаалгыг нээгээд Ж.А ын нэг удаа гараараа цохих шиг болсон. Би хаашаа цохисон эсэхийг тодорхой хараагүй. Тэгтэл Ж.А  Даваасүрэн бариад авсан. Би Даваасүрэнг босгоод машинаас буулгатал Даваасүрэн Ж.А  дээр очоод дахин дайрч эхэлсэн. Тэгтэл Ж.А  Даваасүрэнг нэг удаа гараараа цохих шиг болсон. Би хаана нь хэдэн удаа цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр үед Ж.А ын эхнэр машинтай ирж таарсан бөгөөд Ж.А  машиндаа суугаад тус газраас явсан. Тэгтэл Даваасүрэн уурлаад над руу дайрч эхэлсэн ба өөрөө цагдаа дуудсан.”/хх-18-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.А яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байтал 22 цагийн орчим манай хамаатны залуу Ганхөлөг Фэйсбүүкээр намайг хаана байгаа талаар асуусан. Ингээд надад архи уух санал тавихаар нь би зөвшөөрсөн бөгөөд 22 цаг 30 минутын үед гэрийн гаднаас намайг Ганхөлөг машинтайгаа ирж авсан. Тэгээд би гэрээсээ гараад машинд ортол Даваасүрэн гэх манай хамаатны залуутай хамт явж байсан. Ингээд бид 3 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн зогсоолд Ганхөлөгийн машинтай зогсоод дотор нь нэг шил 0.75 литрийн архи уусан. Тэгээд архиа уугаад дуусах үед Ганхөлөгийн эхнэр нь тус газар хүрээд ирсэн бөгөөд машины жолооч талын суудал дээр суусан. Харин Даваасүрэн жолоочийн эсрэг талд сууж байсан бөгөөд Ганхөлөг бид 2 ард талын суудал дээр сууж байсан. Тэгтэл Даваасүрэн Ганхөлөгийн эхнэрт хандан “танайд орьё хоол идье” гэх мэт зүйлс яриад байхаар нь би ард талын суудлаас Даваасүрэнд хандан “Чи Ганхөлөгиийн эхнэрт хандархаад байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Даваасүрэн урд суудлаас эргэж хараад “юу хуцаад байгаа юм” гэж хэлсэн бөгөөд бид 2 хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл Даваасүрэн миний хамар руу нэг удаа гараараа цохисон бөгөөд цохисоныхоо дараа машинаас буугаад надаас зугтсан. Тэгэхээр нь би араас нь буугаад Даваасүрэнгийн араас хөөтөл Даваасүрэн машин тойроод зугтаад байсан. Ингээд би жолооч талын хаалганы хажууд Даваасүрэнг барьж аваад нэг удаа нүүр тус хэсэгт нь цохисон. Тэгтэл Даваасүрэн цамцаа тайлаад “чамаас айна гэж бодоо юу хоёулаа зодолдъё” гэж хэлж над руу дайрч эхэлсэн. Тэгтэл Ганхөлөг эхнэрийн хамт машинаас бууж ирсэн бөгөөд Даваасүрэн дээр очин над руу дайрахыг нь болиулаад цаашаагаа тэврээд надаас холдуулах үед нь би нэг удаа нүүр хэсэгт нь алгадчихсан.” /хх-32-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Наран-Эрдэний өгсөн: “Би тус өдөр нөхөр Ганхөлөгийн хамт гэртээ байж байтал манай нөхөр 20 цагийн орчим ойрхон гарчихаад ирье гэж хэлэн гараад явсан. Тэгтэл 24 цагийн орчим манай нөхөр над руу мессеж бичээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Баянзүрх” худалдааны төвөөс ирээд авчих гэж хэлсэн. Ингээд би тус газар яваад очтол манай нөхөр машин дотроо манай хамаатны залуус болох Даваасүрэн, Ж.А  хоёртой архи уугаад байж байсан. Ингээд би жолоочийн суудал дээр суусан бөгөөд Даваасүрэн миний хажуу талд, хойд талд Ж.А , Ганхөлөг хоёр сууж байсан. Тэгтэл Даваасүрэн машинаас буугаад зогсоол дээр шээсэн бөгөөд буцаж эргэж суугаад хойд суудал руу эргэж харан Ж.А ийг нэг удаа гараараа цохисон. Тэгснээ машинаас буугаад хойд талын суудлын хаалгыг нээгээд Ж.А тай ноцолдож эхэлсэн. Энэ үед манай нөхөр Ганхөлөг тэр хоёрыг салгасан. Тэгтэл Даваасүрэн машинаас буугаад дахин Ж.А тай хэрэлдэж хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Тэгснээ үргэлжүүлээд хоорондоо зодолдож эхэлсэн бөгөөд бие биенийгээ хэд хэдэн удаа цохих шиг болсон.”/хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4639 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1. Г.Даваасүрэнгийн биед хамар, эрүү, баруун шанаанд зулгаралт, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-28-29/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-3/,

 

Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,

 

Шүүгдэгч Ж.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/,

 

Хохирогч Г.Даваасүрэн, яллагдагч Ж.А нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-52-53/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.А нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины зогсоол дээр иргэн Г.Даваасүрэнтэй малгадаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Г.Даваасүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ж.А т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Ж.А т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Ж.А т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Ж.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС