Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй

Шавь овогт Баатарчулууны Буянхишигийг /РД:НБ91081015/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Баатарчулууны Буянхишигтэй  2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр №288 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,480,000  төгрөгийг 24 сарын хугацаатайгаар  сарын 2,3 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлийн барьцаанд К29 хөргөгч 1ш, Toshiba нөтбүүк 1 ш Зээлдэгч Б.Буянхишиг нь нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Б.Буянхишиг нь үндсэн зээлийн үлдэгдэл 476,293.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 634,357.14 төгрөг нийтдээ 1,110,650.51 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянхишиг нь Замын-Үүд дэх Депод туслах машинч хийж байх хугацаандаа тус банкнаас 1,480,000 төгрөгийн лизингийн зээл авсан байдаг юм. Уг зээлийг 2012 оны 06 сарын 12-ны өдөр  2 жилийн хугацаатай авсан бөгөөд одоо зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн үлдэгдэл 1,110,650.51 төгрөг байгаа. Буянхишиг нь зээл авах үедээ Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 66 айлын 41 тоотод оршин суудаг байсан боловч одоо уг хаягт байхгүй байгаа юм. Аав Баатарчулуунтай нь 99720157 дугаарын утсаар холбогдож асуухад Чойрт амьдарч байгаа гэсэн хариуг хэлсэн. Иймд Буянхишигийн эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч Б.Буянхишиг  нь нэхэмжлэгч Капитал  банкны Замын-Үүд салбартай 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр №288 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,480,000 төгрөгийг, 24 сарын хугацаатайгаар, сарын 2,3 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх ба тэрээр Капитал банкны Замын-Үүд салбарт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтрүүлсэн, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Буянхишиг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шавь овогт Баатарчулууны Буянхишиг /РД:НБ91081015/ нь зээл авах үедээ Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэг 66-41 тоотод оршин суух хаягтай байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн Б.Буянхишиг нь 96431103 гэсэн дугаар эзэмшдэг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтээр Шавь овогт Баатарчулууны Буянхишигийг /РД:НБ91081015/ эрэн сурвалжилсугай.

2. Б.Буянхишигийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Б.Буянхишигийн хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарт  нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД