| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0034/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгчдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бны Мд холбогдох 2016000680029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-нд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл *,****** хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Говь-Алтай аймгийн ******** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б хн овогт Бы М,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн "Улаанчулуу" гэх газар оршин суух Р.Мийн гэрт ороход "гутал шидлээ" гэж уурлан нүүрэн тус газар нь өшиглөж хохирогч Р.Мийн биед 11, 21 дүгээр шүдний хугарал, 22 дугаар шүдний 1 дүгээр зэргийн ганхалт, доод уруулд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би гэртээ байж байхад манай найз яриад айлаас юм авна гэж хэлээд айл руу явсан. Хажуу талын айлд нь тоглож байгаад 1 шил архи хувааж уусан. Тэнд жаахан унтаж байгаад явъя гэхээр нь гараад Р.Мийн гадаа очсон чинь гэрэлтэй байсан. Гэрт нь ороход өмнөөс гутал авч шидээд зайлцгаа гэж хэлсэн. Ноцолдож байгаад өшиглөчихсөн. Ална аа гээд байхаар нь гараад явсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Мийн мөрдөн байцаалтад өгсөн "...2020 оны 03 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед хөдөө гэртээ ганцаараа унтаж байгаад мотоциклийн чимээ гараад сэрсэн. Тэгээд хаалгаар манай сумын Тээл багийн малчин залуу Зын С, араас нь Бы М нар ороод ирсэн. Манай гэрийн гэрэл асаалттай байсан. С миний нөмрөөд хэвтэж байсан дээлийг маань хуу татаж авсан. Би орон дээр суугаад тонгойсон байтал нүүр рүү М нэг удаа өшиглөсөн. Мөн миний цээж рүү өшиглөсөн. Мг барьж аваад зүүн шанаа орчим нэг цохьтол гаднаас Гн орж ирж таараад бид хоёрын дундуур ороод салгасан юм. Жаргалан сумын Тээл багийн Улаанчулуу гэх газар байсан, манай хажууд 50-60 метр орчим зайд З гэж айл байдаг. Үгийн солиогүй ирээд намайг зодсон. Миний уруул сэтэрч, үүдэн дээд хоёр шүд угаараа хугарч унаж, дээд нэг үүдэн шүд хөдөлж байна. Манайд ирсэн залуучууд согтуу байсан, хир зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. ...Тухайн үед нойрмог байж байгаад гэнэт уур хүрээд тийм зүйл болсон тул зарим зүйлээ орон гаран санаж байна. .." гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-рт/,
Гэрч З.Сын мөрдөн байцаалтад өгсөн "...Би эхлээд гэрт нь орсон гэр нь гэрэлтэй,хойморийн орон дээр нэг хүн толгой дээгүүрээ дээл нөмөрсөн унтаж байхаар нь очоод дээлийг нь татсан чинь Мягмарсүрэн ах байсан. Сэрээд "зайлаараа пизданууд минь" гээд өндийсөн. Миний араас М орж ирсэн байсан. Тэгсэн М ах М руу өрөөсөн гутлаа аваад шидсэн. Миний ам цангаж байсан тул ширээн дээр байсан аягатай цайг аваад ууж байтал М ирээд М ахтай барьцалдаж аваад орон дээр дараад авсан байсан. Тэгээд М нь тонгойгоод орноосоо босох гэхэд нь М нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн, тэр үед гаднаас Г орж ирээд тэр хоёрыг салгасан. М ахын амнаас нь цус гараад "та нарыг ална аа" гээд уурлаад дайраад байсан. Тэгээд амнаас нь цус гараад "шүд унагаачихлаа" гэхээр нь харахад үүдэн шүд нь унасан, онгойсон зай харагдаж байсан. М нүүр рүү нь өшиглөж М ахын биед гэмтэл учруулсан. Тэр үед үүр цайх гэж байсан, өглөөний 05-06 цагийн хооронд байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Ч.Гийн мөрдөн байцаалтад өгсөн "...Гэрт яваад ортол М ах, М хоёр барыдалдаж авсан зодолдож байсан, би шууд очоод салгасан чинь М ахын үүдэн дээд талын хоёр шүд нь хугарч унасан, амнаас нь цус гарч байсан. Намайг байхад нэгнийгээ цохиж зодоогүй, Мягмарсүрэн ахын амнаас цус гарсан "наадах чинь шүд рүү өшиглөчихлөө" гээд байсан. М нэг их согтуу байгаагүй, бага зэрэг халамцуу байсан. Тэр үед үүр цайх гэж байсан, өглөөний 5-6 цагийн хооронд байх. Би М ахынхаас өглөө эрт хонь авахаар тохирсон байсан, тэгээд очсон юм..." гэх мэдүүлэг /21-22-рт/,
Гэрч Н.Зийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ мал маллаад байж байсан, манайх Р.Мтэй айл саахалт Улаанчулуу гэдэг газарт байдаг юм. Тухайн шөнө 5-6 цагийн хооронд эхнэр, бид хоёр гэртээ унтаж байхад Мягмарсүрэн нь "Зоригоо ахаа та гараад ир" гээд байсан. Тэгээд би босоод гараад ирсэн чинь "Шөнө М ирээд намайг зодоод миний шүдийг хугалчихаад явлаа" гээд зогсож байсан. Харсан чинь уруул нь язарчихсан, үүдэн дээд хоёр шүд нь байхгүй болчихсон байсан. Ам, уруул хэсэг нь цус болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-рт/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "...Р.Мийн биед 11, 21 дүгээр шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 11, 21, 22 дугаар шүдний гэмтэл нь нэг удаагийн өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 118 дугаартай шинжээчийн "Р.Мийн биед гэмтэл учирсан байна. Р.Мийн биед 11, 21 дүгээр шүдний хугарал, 22 шүдний 1 дүгээр зэргийн ганхалт, доод уруулд зулгаралт гэмтэлтогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой /1 болон түүнээс дээш/. Уг гэмтэл нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үзэхэд хугарсан, шүдний ирмэг нь бага зэрэг мохоо байх нь хуучин гэмтэлд хамаарна. /7 хоногоос дээш гэмтлийг хуучин гэмтэлд хамааруулж ойлгож болно/. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-д заасны дагуу ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь нөлөөлөх гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 40-рт/,
Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэрт нь яваад ороход урдаас гутлаа авч шидээд миний баруун шанаа орчимд цохиход "зайлцгаа" гээд хойморийн орноосоо босоод ирэхэд нь барьж аваад ноцолдож байгаад тонгойхоор нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-рт/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Мийн хүсэлт “...Мэндзаяа нь миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Уг учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулсан тул Р.М би Б.Мд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-99-рт/,
Жаргалан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт /хх-85-рт/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91-рт/ зэрэг нотлох баримтуудыг улсын яллагч болон шүүгдэгчийн хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн "Улаанчулуу" гэх газар оршин суух Р.Мийн гэрт ороход "гутал шидлээ" гэж уурлан нүүрэн тус газар нь өшиглөж хохирогч Р.Мийн биед 11, 21 дүгээр шүдний хугарал, 22 дугаар шүдний 1 дүгээр зэргийн ганхалт, доод уруулд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч нарын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Р.Мийн мэдүүлэг, гэрч З.С, Ч.Г, Н.З нарын мэдүүлэг, шинжээч Т.Алтайбаатарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 118 дугаартай дүгнэлт, Б.Мийн мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус үйлдэл нь хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ба уг гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Хохирогч Р.М нь “...хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулсан тул Б.Мд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...“ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Мийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтуудаар хангалттай нотолсон, шүүгдэгч Б.М нь гэм буруугаа болон прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хэрэг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бны Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан Б.М нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Мэндзаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА