Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй

Боржигон овогт Жамъянсүрэнгийн Одсүрэнг /РД: УВ74040804/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Жамъянсүрэнгийн Одсүрэнтэй 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №656 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,000,000  төгрөгийг 24 сарын хугацаатайгаар  сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлийн барьцаанд I phone гар утас  1 ш  барьцаалсан. Зээлдэгч Ж.Одсүрэн нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Ж.Одсүрэн нь үндсэн зээлийн үлдэгдэл 749,258.8 төгрөг, үндсэн зээлийн хүү 401,316.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,174.19 төгрөг нийтдээ 1,186,749.51 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Одсүрэн нь 2014 оны 07 сарын 22-нд лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,000,000  төгрөгийг 24 сарын хугацаатайгаар  сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд I phone гар утас 1 ш барьцаалсан. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2015 оны 01 сарын 03-нд  35,000 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо зээлийн үлдэгдэл 1,186,749,51 төгрөг бөгөөд гэрээний хугацаа дууссан. Миний хувьд энэ ажлыг энэ оны 8 сард авсан бөгөөд тэрнээс өмнөх зээлийн түүхэнд зээл төлөх талаар мэдэгдсэн баримт байхгүй байдаг бөгөөд амаар мэдэгдсэн байх. Одсүрэн нь зээл авах үеийн хаягтаа байхгүй, хүүхдүүдийнх нь сургуулиар шүүж үзээд гэрийн хаягийг тогтоох гэсэн боловч боломжгүй байгаа юм. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч Ж.Одсүрэн  нь нэхэмжлэгч Капитал  банкны Замын-Үүд салбартай  2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №656 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх ба тэрээр Капитал банкны Замын-Үүд салбарт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй,  зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтрүүлсэн, утас нь холбогдохгүй, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.Одсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Боржигон овогт Жамъянсүрэнгийн Одсүрэн /РД: УВ74040804/ нь зээл авах үедээ Замын-Үүд сумын 1-р баг, 3-р хэсэг 117-1 тоотод оршин суух хаягтай байсан, Замын-Үүд сумын 2-р баг точикийн 11-8 тоотод оршин хаягтай талаар хэрэгт тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн Ж.Одсүрэн нь 99260176 гэсэн дугаар эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтээр Боржигон овогт Жамъянсүрэнгийн Одсүрэнг /РД: УВ74040804/ эрэн сурвалжилсугай.

2. Ж.Одсүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Ж.Одсүрэнгийн хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарт  нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД