Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 425

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Э.Б........р,

шүүгдэгч Б.Б........р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хан хөгшин овогт Б.......дийн Б........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0478 40454 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хан Хөгшин овогт Б.......дийн Б........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа кранчин хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ..................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б........р нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Б........рийн нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Б........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Э.Б........р мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр архи ууж байгаад хувцсаа тайлаад гол руу орсон хамт явсан эмэгтэй миний хувцсыг гол руу шидсэн хувцсныхаа араас сэлж байгаад тоглоод үхлээ гэж хэлсэн. Сэлж байгаад доошлоод бургаснаа барьсан. Тэгсэн голоос гараад намайг өшиглөсөн. Миний үүдэн хоёр шүд унасан. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Б........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сард...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг дээр хамаатны хүүхдүүд найзуудтайгаа явсан. Тэгээд Дэ....гий, Ц...........р нэрийг нь мэдэхгүй 3 найзын хамт 0.75 литрийн хэмжээтэй “Улаанбаатар” нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд би гол руу орж усанд сэлж байхад цуг явж байсан нэрийг нь мэдэхгүй хүн миний хувцсыг аваад гол руу шидээд байсан. Би яаж байгаан гээд маргалдаж байхад найз залуу нь болох Б........р өмөөрч над руу дайраад миний нүүр рүү гараараа цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохих гээд байж байхад Б........рын дүү Б...........д намайг хориглож байхад Б........р миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж урд 2 үүдэн шүд унаж 1 шүдний тал хугарсан...миний урд үүдэн 2 шүд мултарч унасан, 1 шүд хагарсан өөр гэмтэл байхгүй. Одоо хугарсан шүд өвчинтэй халуун юм ууж болохгүй байна. Миний биед учирсан гэмтлийг Б........р хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулсан гэмтэл...гомдолтой байна. Шүд хийлгэж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

2. Гэрч А.Ц...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Б........р согтоод “би голд орж үхлээ” гээд байсан тэр үед хуурай ах Б........р, дүү Б...........д хоёр болиулах гээд араас нь явсан. Очиж уулзаад юу болсныг мэдэхгүй байна. ...ямар шалтгаанаар голд орж үхнэ гээд байсныг мэдэхгүй...түүнийг хориглох гэж дүү Б...........д очоод голоос гаргаж байхад хуурай ах Б........р очоод “чи болиоч” гээд өшиглөх үед Б........рийн аманд нь таарч түүний үүдэн хоёр шүд унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч Д.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Б........р согтчихоод хүн болгон руу үсчээд уурлаж байгаад би үхлээ гээд гол руу орох үед нөхрийн дүү Б...........д уснаас гаргаж байтал нөхөр Б........р болиоч гээд нэг удаа өшиглөх үед Б........рийн аманд таарч үүдэн хоёр шүд нь булгарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

4.  Гэрч С.Б...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Сонсголонгийн гүүрэн доор гол дээр очиж 1 шил архи хэдэн лааз пиво авч очоод надаас бусад нь ууцгаасан. Б........р уусан архиндаа согтоод “би үхлээ гээд гол руу гүйж ороод” живчих гээд байсан. Тэгэхээр нь би Б........р ахтай очиж хориглоод түүнийг голоос тэврээд гарж байтал Б........р ах араас хүрч ирээд Б........р ахыг нэг удаа өшиглөх үед Б........рийн аманд таарч үүдэн хоёр шүд нь булгарч унах үед Б........р уурлаад ганцаараа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13818 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд зүүн 1, баруун 1-р шүд үгүй, баруун дээд 2-р шүд хүзүүвч хэсгээр хугарсан хугарлыг ирмэг тэгш. Буйл хаван хавдаргүй, цус хуралтгүй...ДҮГНЭЛТ:

1. Э.Б........рийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. 4. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

5. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24),

6. Шүүгдэгч Б.Б........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр очиж 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шил, 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво бид нар хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед хамаатны дүү Б........р согтоод гол руу орж үхнэ гээд байсан. Тэгээд Б........р гол руу ороод урсаад байсан...би гүйж очоод “чи ээж аавыгаа боддоггүй юм уу, аав чинь бие муу байхад, үхнэ гэж юу яриад байгаа юм” гээд Б........рийг Б...........дтой барьцалдаад байж байхад нь нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б........р доошоо тонгойгоод амнаас нь цус гараад байсан удалгүй Б........р чи шүд унагаасан байна гээд босоод ирсэн. Би Б........рийн ам руу нь харахад дээд 2 шүд нь унчихсан байсан...Б........р гол руу орж үхнэ гээд байхаар нь миний уур хүрээд нүүр рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39),  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44-45), сургууль төгссөн тодорхойлолт (хавтаст хэргийн 63), шүүгдэгчийн эхнэрийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 64-65) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Б........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Б.Б........р нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн гүүр, Туул голын эрэг дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр Э.Б........рийн нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Б........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сард...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг дээр...Б........р миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж урд 2 үүдэн шүд унаж 1 шүдний тал хугарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Гэрч А.Ц...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б........р дээр... Б...........д очоод голоос гаргаж байхад хуурай ах Б........р очоод “чи болиоч” гээд өшиглөх үед Б........рийн аманд нь таарч түүний үүдэн хоёр шүд унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Д.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б........рийг ...Б...........д уснаас гаргаж байтал нөхөр Б........р болиоч гээд нэг удаа өшиглөх үед Б........рийн аманд таарч үүдэн хоёр шүд нь булгарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Гэрч С.Б...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсголонгийн гүүрэн доор гол дээр очиж 1 шил архи, хэдэн лааз пиво авч очоод надаас бусад нь ууцгаасан. Б........рийг...голоос тэврээд гарж байтал Б........р ах араас хүрч ирээд Б........р ахыг нэг удаа өшиглөх үед Б........рийн аманд таарч үүдэн хоёр шүд нь булгарч унах үед Б........р уурлаад ганцаараа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13818 дугаар дүгнэлт: “...1. Э.Б........рийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24),

- Шүүгдэгч Б.Б........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Туул голын эрэг дээр очиж 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шил, 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво бид нар хувааж уусан. ...Б........рийг Б...........дтой барьцалдаад байж байхад нь нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б........р доошоо тонгойгоод амнаас нь цус гараад байсан удалгүй Б........р чи шүд унагаасан байна гээд босоод ирсэн. Би Б........рийн ам руу нь харахад дээд 2 шүд нь унчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Б.Б........р, хохирогч ...Б........р нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, “гол руу орж үхэх гэлээ” гэх сэдэлтээр, хохирогчийн нүүрэн тус газар өшиглөж шууд санаатай үйлдлийн улмаас  гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б........р нь хохирогч ...Б........рийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба өшиглүүлснээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Б........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б........р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8.000 төгрөгөөр  үзүүлсэн баримт авагдсан байна. Иймд Иргэний хуульд зааснаар баримттай зардал болох 8.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б........раас гаргуулж хохирогч Э.Б........рт олгох нь зүйтэй. Харин хохирогч Э.Б........р нь шүд хийлгэх шаардлагатай гэх боловч шүүгдэгчээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхын зэрэгцээ түүний хоёр шүд унасан болох нь илэрхий байх тул хохирогч нь шүд хийлгэхтэй холбогдон гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б........р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, тэрээр хувиараа кранчин хийдэг болох нь түүний эхнэрийн “ХААН” банкны депозит дансаар тогтоогдсон  зэрэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б........р нь торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан Хөгшин овогт Б.......дийн Б........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б........рыг 600 (зургаа зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б........раас 8.000 (найман мянга) төгрөг гаргуулж хохирогч Э.Б........рт олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ