Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 120

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Р.Л-ийн нэхэмжлэлтэй, ““М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “В S" хотхоны ... байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүргэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, иргэдийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Л  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-тай 80 дугаартай Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В S” хотхоны .... тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын .. тоот авто машины зогсоолын хамт захиалан гэрээний үнийг бүрэн төлснөөр “М" ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж орон сууц болон авто машины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан. “М” ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцны гэрчилгээг гарган өгсөн атлаа, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох материалыг гаргаж өгөөгүй тул шүүхэд авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/0175 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “К.. б..” ХХК-ийн барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн. 

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөн бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн.

Гэтэл “М” ХХК нь “К б” ХХК-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В S” хотхоны ... тоот авто зогсоолыг огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно’' гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В s" хотхоны байрны ... тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ““М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “В S" хотхоны байрны ... тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүргэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” болгон нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, ... тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М" ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *********  тоот гэрчилгээ олгосон байна.

“К б” ХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр “М" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х Т ц, Зайсангийн тойруу, ..... тоот байруудыг битүүмжилсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/0175 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т ц Зайсангийн тойруу, .... тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Р.Л  дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан.

1. Уг орон сууц нь “М“ ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *********  тоот гэрчилгээ олгогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.

2. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

3. Уг эд хөрөнгө нь “К б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К б” ХХК-иас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Иймд иргэн Р.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Р.Л  нь 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай .. тоот Орон орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B S” хотхоны ...тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг .. тоот авто зогсоолын хамт худалдан авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулснаар гэрээнд заасан хугацаандаа буюу 2010 оны 04 дүгээр сараас эхлэн орон сууцандаа амьдарч, авто зогсоолоо ашиглаж байгаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр шүүгчийн захирамжаар Р.Л ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B S” хотхоны ... тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. 

Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Зайсангийн гудамж, “В S" хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К б” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг.

“М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараажийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т хотхоны ...тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж 1,560,966,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу өөрөөр хэлбэл 205 авто машины гарааж нийтэд нь барьцаалбар хэвээр байсан. .

Ингээд “Капитрон банк” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “К б” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа ... тоот зогсоолыг иргэн Р.Л ид мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. 

Иймд нэхэмжлэгч Р.Л-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B S” хотхоны ... тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй” гэв. 

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Манайх “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1,400,000.00 ам.долларын жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарьн 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

 Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт

 205 автомашины гараж

 3 өрөө орон сууц, гаражийн хамт

 Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл. 

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот зээлийн барьцааны гэрээг “Ф” ХХК-тай байгуулж, “Ф” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:

 “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ... тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

 “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206009... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000041.... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ... тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 

 “М” ХХК-ийн эзэмшлийн ... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрьн Зайсангийн нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар,

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлийн .... дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр .... тоот авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

 Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М” ХХК нь иргэн Р.Л той 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 80 тоот Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “В S” хотхоны ...тоот авто зогсоолыг худалдсан байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг, мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийи 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Р.Л  нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/01754 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Л-ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Р.Л ид шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К б” ХХК-иас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Р.Л  нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Р.Л  нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Р.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Иргэдийн төлөөлөгч Г.А: “Р.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагатай” гэж дүгнэлт гаргажээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Л  нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с" хотхоны ...тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэр гаргалаа.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Р.Л-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох “иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, авто зогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг хангаж, үлдсэнийг буюу “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с" хотхоны ... байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэг.“М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с" хотхоны ... байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан .... тоот  автомашины зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохих журмын дагуу мэдүүлгийг шаардлагатай баримтын хамт бүртгэлийн байгууллагад гаргасны дагуу маргаан бүхий автомашины зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн Y-********* дугаарт бүртгэж, *********  дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх...”, 18 дугаар зүйлийн 18.5-д “Бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно” гэж заасны дагуу эд хөрөнгө нь эрхийн улсын зөвхөн нэг бүртгэлтэй байх, уг эд хөрөнгөд нэг эрхийн улсын бүртгэлийн дугаар өгсөн байхаар хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ...тоот  автомашины зогсоолыг эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэнийг хэргийн оролцогч нар үгүйсгээгүйгээс гадна зохицуулалт бүхий хуулийн заалтууд болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” -ыг зөрчөөгүй нь тогтоогдоогүй тул эрхийн улсын бүртгэлийн Y-********* дүгээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул Y-********* дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********  дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нөгөөтэйгүүр маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч “М” ХХК автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхэд татгалзахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны байрны .... тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд автомашины зогсоолын өмчлөгчөөр Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Р.Л  нь “М” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 80 дугаар “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г  байгуулж .. тоот автомашины зогсоолыг “М” ХХК хүлээлгэж өгөх, харин нэхэмжлэгч нь 10 мянган ам.долларын төлбөр барагдуулахаар харилцан тохиролцжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/01754  дүгээр шүүгчийн захирамжаар дээрх маргаан бүхий автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь Р.Л  мөн болохыг тогтоосон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт хийхгүй, энэхүү үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоохыг шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К б” ХХК нь маргаан бүхий автомашины зогсоол нь “К б” ХХК-ийн барьцаанд байгаа бөгөөд барьцаа нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж мэтгэлцсэн.

“М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 205 ширхэг  автомашины зогсоолыг барьцаалсан боловч  уг гэрээг  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрхийг энэ тухай талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэх...”, 26.3-д “Гэрээг энэ хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэсэн бол гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ...” гэж заасны дагуу “М” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлгээр “К б” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаа болгон авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 4... тоот автомашины зогсоолын барьцааг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар  нотлогдож байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.14-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэж улсын бүртгэгчийн эрх үүргийг тодорхойлсны дагуу барьцааг бүртгэхдээ бүртгэлийн байгууллага нь уг эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг хэн хэрэгжүүлж байгаа, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар хянан үзэх, магадлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 11.1.9-т “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын  бүртгэлд  бүртгэхийг хориглоно”, 12.3-д улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу маргаан бүхий 98 дугаар автомашины зогсоолын барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль бус болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж мэтгэлцсэн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ... тоот автомашины зогсоолыг битүүмжлээгүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй, маргаан бүхий авто зогсоол нь дээрх шийдвэрүүдэд хамааралгүй, зөвхөн орон сууцтай холбоотойгоор эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 56 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “...... тоот байрны орон сууцнаас нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр...”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/10599 дүгээр албан бичигт “... ... байруудыг битүүмжилж...” гэх зэрэг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын 

бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан хэдийч өмнө нь Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд болох “М” ХХК нь өмчлөгчөөс шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрсөн, өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд энэ заалт хамаарахгүй тул бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь Р.Л ийг автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байхад бүртгэл үйлдэхээс татгалзсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх”, Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй”  гэх заалтуудад нийцүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с" хотхоны байрны ... байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.14, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Р.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны байрны ....тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд автомашины зогсоолын өмчлөгчөөр Р.Л ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ

                          ШҮҮГЧ                            У.БАДАМСҮРЭН

                   ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА