Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0365

 

 

 

 

 

 

 

 “Ш и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийсэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Аийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, М.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр:

“...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасныг тус тус баримтлан “Ш и” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 250012631 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч “Ш и” ХХК-ийн захирал П.Адээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх /2006 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, /2001 оны/ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 1.4, 7 дугаар зүйлийн 7 1, 7.6, 7.7, /2008 оны/ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “Нэхэмжпэгч ‘Ш и” ХХК нь “Б” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын 0012327541, 0012327591, 0012327590, 0013002561 тоот падаануудаар 2012 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тусгасан болох нь цахим тайлангийн системд шивж илгээсэн нь нэмэгдсэн өртгийн татварын падаан, тайлангаар нотлогдож байна. Гэвч бодит байдал дээр “Ш и” ХХК нь “Б” ХХК-иас бодит худалдан авалт хийгээгүй, “Б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь “Б” ХХК-ийн захирал Б.Б-Эийг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд, сэжигтэн, яллагдагчаар татах тогтоолууд зэрэг Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн 201526020496 дугаар бүхий эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. 

Мөн “Нийслэлийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 1164 тоот прокурорын тогтоолд Б.Б-Ээ нь хуурамч борлуулалт хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэм буруутай үйлдэлтэй ... гэвч одоо яллагдагч Б.Б-Ээ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна" гэж зааснаас үзэхэд маргаан бүхий падаанууд хий бичилттэй. Бодит байдал дээр худалдан авалт бодитоор хийгдээгүй болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн.

Ийнхүү дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал хэрэгт авагдсан 2013 оны 4 дүгээр сарын 25, мөн оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл”-д Б.Б-Ээ мэдүүлэхдээ “...одоогоор манай компани бөөнөөр худалдаалах, барилгын материал худалдан авч нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Би бодитой борлуулалт хийсэн НӨАТ төлөх болно. Үүн дээр бараг 3-4 тэрбум төгрөгийг өөр аж ахуйн нэгжид манайхыг борлуулснаар бичсэн байгаа. Энэний учрыг би олно” гэх мэдүүлэг, мөн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний сэжигтнээр дахин байцаахад тэрээр “...манай “Б” ХХК-ийн борлуулалт хийсэн мэтээр хий бичүүлж авсан аж ахуйн нэгжүүд бүрд худлаа биш юм. Энэ талаар би бодож байгаад дахин байцаалт өгмөөр байна” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б-Эийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн тодорхойлолт зэргийг шүүх огт үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

Түүнчлэн Б.Б-Ээд холбогдох 201526020496 дугаар эрүүгийн хэрэгт манай компанийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогчоос тайлбар, мэдүүлэг огт аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй, бид маргаан бүхий НӨАТ-ын падааныг хуурамч эсэхийг шалгаж тогтоох ч боломжгүй юм. 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг, хэрхэн зөрчсөн талаар гомдолд тодорхой дурдаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд ч энэ талаараа тодорхой тайлбар гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэх үндэслэл тогтоогдсонгүй.  

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж, бодитойгоор үнэлсэнгүй гэх гомдлын тухайд:

“Ш и” ХХК-д бараа материал худалдан борлуулсан гэх “Б г” ХХК-ийн захирал Б.Б-Эийн сэжигтнээр болон яллагдагчаар татагдаж байцаагдсан мэдүүлгүүдийг цаг хугацааны дарааллаар нь авч үзэхэд тэрбээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр дахин өгсөн байцаалтдаа “…Б г” ХХК-иас борлуулалт хийсэн мэтээр хий бичүүлж авсан аж ахуйн нэгжүүд бүгд худлаа падаан биш юм. Энэ талаар би бодож байгаад дахин байцаалт өгмөөр байна…” гэж мэдүүлж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ял сонсгож яллагдагчаар өгсөн байцаалтад “…2012 онд нийт 131 аж ахуйн нэгжид 16.008.850.900 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдэлд …ял сонгож байгааг хүлээн зөвшөөрсөн...”, мөн үүнээс 3 хоногийн дараа буюу 6-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн байцаалтад “…би ял сонсгож байгаа 131 аж ахуйн нэгжид НӨАТ-ын падаанд хий бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн, бичиг баримт хуурамчаар үйдсэн үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна…” гэсэн төдийгүй энэ нь Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр прокурорын тогтоолын үндэслэл болж, Б.Б-Эийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо төлөхөө илэрхийсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ нь анх Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 240042 тоот дүгнэлтэд тусгагдсан “Б г” ХХК-иас худалдан авалт хийсэн гэх нийт 130 аж ахуйн нэгж, түүний дотор “Ш и” ХХК-д 12327541, 12327590, 12327591, 13002561 тоот падаанаар 98989,9 мянган төгрөгийн хуурамч борлуулалт хийж, НӨАТ-ын падаан бичиж өгсөн зөрчлөө хүлээн зөвшөөрсний хангалттай нотолгоо болно.

Иймд давж заалдах гомдолд дурдсанчилан байцаалтын тэмдэглэлийг харьцуулах бус прокурорын дээрх тогтоолыг шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай бүрэн нийцжээ.  

Түүнчлэн хэргийн 154 дүгээр талд авагдсан Б.Б-Эийн “…улсад учруулсан 1.7 тэрбум төгрөгийн хохирлыг сайн дураараа төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэсэн тодорхойлолт нь бусдад бараа худалдсан мэтээр НӨАТ-ын хий бичилттэй падаан бичсэнээс үүсээгүй, харин “Б г” ХХК-ийн бусдаас 17.049.167.017 төгрөгийн бараа материал худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланд тусгаж, НӨАТ төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт үйлдэлд хамаарах өр төлбөр буюу энэхүү хэрэгт хамааралгүй нотлох баримт болно.  

Үндсэндээ эрүүгийн хэрэгт үнэлэгдсэн үйл баримтыг захиргааны хэрэгт дахин үнэлэх, эсхүл гомдолд дурдсанаар “Б г” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, няглтан бодогч нараас тайлбар мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд энэ талаар нотлох баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй.  

“…маргаан бүхий НӨАТ-ын падааныг хуурамч эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байсан…” гэх гомдлын тухайд:

“Ш и” ХХК нь 2012 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууцны байрны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ “Б г” ХХК-иас нийт 98.989.855,60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий 4 удаагийн худалдан авалтыг мөн оны 10, 11, 12 сарын НӨАТ-ын тайланд тусгасан нь татварын албаны цахим бүртгэлийн санд хадгалагдсан болохыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолд тодорхой тусгасан, өөрөөр хэлбэл НӨАТ-ийн падаан баримтынхаа хувьд хуурамч эсэх талаар ямар нэгэн маргаан байхгүй, гагцхүү уг падаан дээрх НӨАТ-тай худалдан авалт бодитой эсэхийг эрүүгийн журмаар шалгахад дээрх байдлаар хий бичилттэй болох нь тогтоогдсон тул татварын улсын байцаагчын акт нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс “Ш и” ХХК-ийг дээрх барилгын засварын ажлыг гүйцэтгэхдээ бусдаас бараа материал худалдан аваагүй гэж огт дүгнээгүй, харин “Б г” ХХК нь бодит байдалд борлуулалт хийгээгүй болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, НӨАТ-тай худалдан авалт хийсэн болохоо нэхэмжлэгч санхүүгийн анхан шатны баримтаар нотлож чадахгүй энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасны дагуу “Ш и” ХХК-ийн хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг НӨАТ-аас хасч тооцохгүй.  

Мөн сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн” болохыг, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцах” болохыг тус тус тодорхойлсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалтын бодитой эсэхийг худалдан авагч тал нотлох үүрэгтэй, гэтэл санхүүгийн анхан шатны баримтыг хангалттай бүрдүүлэлгүйгээр, зөвхөн компанийн худалдан авалтын дэвтэрт тусгасан талаарх 4 хуудас баримтаар худалдан авалтыг нотлох гэж буй нь үндэслэлгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийсэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

  ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН