Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 281

 

“Танил групп ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01092 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Танил групп ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Тайванжаргалд холбогдох     

Зээлийн гэрээний үүрэгт 3 960 165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагч С.Тайванжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалтуяа,

Хариуцагч С.Тайванжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч "Танил групп ББСБ" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Тайванжаргал нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус ББСБ-аас ЗГ0300140098 дугаар зээлийн гэрээ байгуулж өөрийн хүсэлтээр 1 500 000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, өдрийн 0.266 хувийн хүүтэй, графикийн дагуу өдөр өдөрт төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож өөрсдийн “Гүүд Амирлан" ХХК-ийн ресторан, пабын үйл ажиллагаанд зориулж материал бүрдүүлэн зээл авсан. Гэвч 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 1 740 000 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Бид зээлийг хугацаанд нь төлүүлэхээр удаа дараа шаардаж гэрийн хаяг, үйл ажиллагаагаар очсон боловч зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан. Анх зээл авахад ах С.Амаржаргал, эхнэр Т.Март, аав Н.Сүхээ нар С.Тайванжаргалын зээлийн батлан даагчаар оролцсон. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар С.Тайванжаргалын үндсэн зээлийн үлдэгдэл 1 128 000 төгрөг, зээлийн хүү 2 358 089 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474 075 төгрөг нийт 3 960 165 төгрөгийн төлбөрийн зөрчилтэй байгаа. С.Тайванжаргалыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар 2014 оны 9 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Тайванжаргал нь зээлийн өрийг сайн дураараа төлөхөөс татгалзаж байх тул зээлийн гэрээний үүрэгт 3 960 165 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Тайванжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Танил групп” ББСБ-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг өдрийн 0,2666 хувийн хүү, 60 өдрийн хугацаатай зээлж бараа татахад “Гүүд амирлан" ХХК-ийн нэр дээр ах С.Амаржаргалтай хамтран ресторан, паб ажиллуулдаг байсан хэдий ч уг зээлийн гэрээний хугацаа дуусах үетэй давхцан миний хувийн бизнес маань түрээслэгч түрээсийн гэрээ дуусахаас өмнө цуцалсантай холбоотойгоор үйл ажиллагаа бүрэн зогссон. Тухайлбал: “Гүүд амирлан" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Алтантавьт" ХХК-д холбогдох түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан 52 854 000 төгрөг гаргуулах шаардлагыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй. “Гүүд амирлан" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Энхариун" ХХК-д холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж хохиролд 21 580 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Дээр дурдсан иргэний маргаанууд манай талд ашиггүй байдлаар шийдвэрлэгдсэн шалтгааны улмаас бид эдийн засгийн хувьд бүрэн зогсонги байдалд орж "Танил групп ББСБ" ХХК-иас авсан зээлийн гэрээний төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт нийтийн түрээсийн 1 өрөө байранд амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, би санаатайгаар зээлээ төлөхгүй зугатааж нэхэмжлэгчийг зориуд хохироож байгаа зүйлгүй бөгөөд төлбөрийн ямар ч чадваргүй болсон учраас ингэж хугацаа алдсандаа уучлал хүсэж байна. Миний хувьд нэхэмжилж байгаа үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал: зээлийн гэрээний дагуу 372 000 төгрөг төлсөн, 60 хоногийн хугацаа 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байтал зээлийн хүүг одоо болтол гэрээний хугацаа үргэлжилж байгаа мэтээр тооцон 2 358 089 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474 075 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1 128 000 төгрөг, 60 хоногийн хүү 239 940 төгрөг нийт 1 367 940 төгрөгийг график гарган харилцан тохиролцож зээлийн гэрээгээ дуусгавар болгоход татгалзахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Тайванжаргалаас 3 957 706 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Танил групп ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2 459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Танил групп ББСБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 313  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тайванжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 78 273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Танил групп ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Тайванжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Би “Танил групп” ББСБ-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг өдрийн 0,2666 хувийн хүүтэйгээр 60 өдрийн хугацаатай зээлсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд үндсэн хүү 239 940 төгрөгийн 20 хувь 47 988 төгрөг болж байна. Гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1 128 000 төгрөг, үндсэн хүү 239 940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 988 төгрөг нийт 1 415 928 төгрөг төлөх үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ дууссан үеэс хойш хүү бодох үндэслэлгүй. Зээлийн гэрээг энэ хугацаанд ямар нэгэн байдлаар сунгаагүй. Үүнээс гадна зээлийн гэрээний хугацаа дуусах үетэй давхцан миний хувийн бизнес түрээслэгч түрээсийн гэрээ дуусахаас өмнө цуцалсантай холбоотойгоор үйл ажиллагаа бүрэн зогссон. Түрээсийн гэрээтэй холбоотой “Гүүд амирлан” ХХК-ийн нэхэмжлэлтэй "Алтантавьт" ХХК-д холбогдох түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан 52 854 000 төгрөг гаргуулах шаардлагыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүхээс зээлж авсан мөнгөө хэд дахин нэмэгдүүлж төлөхөөр шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Зээлийн гэрээний дагуу дээрх үйл ажиллагаа зогссонтой холбоотой үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 1 415 928 төгрөгийг хангаж, үлдэх 2 541 778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Танил групп ББСБ” ХХК нь хариуцагч С.Тайванжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 960 165 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “Танил групп ББСБ” ХХК болон хариуцагч С.Тайванжаргал нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ0300140098 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 1 500 000 төгрөгийг, өдрийн 0,266 хувиар тооцон, 60 хоногийн хугацаатай, үндсэн зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна /хх-11-12/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Танил групп ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хүрээнд хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан ба үүнийг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу тодорхойлж хариуцагчийн төлөх үүргийг 3 957 706 төгрөгөөр тооцон гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү төлөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн зээлийн гэрээний 2.6-д “хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр” тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай  нийцсэн бөгөөд шүүх нэмэгдүүлсэн хүүнд 2 459 төгрөг илүү байгааг хасч тооцсон, энэ талаар нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийн 11-22, 26 дахь талд авагдсан нотариатаар баталгаажуулаагүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Тайванжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                     ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                              Д.БАЙГАЛМАА