Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 801

 

Г.Г, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Энх-Оюун,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 819 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Г.Г, О.Б нарт холбогдох эрүүгийн 201726010731 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Б Г.Г нар нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарамын ойролцоох Тахир соёотын баруун энгэрийн жалганд байсан хохирогч С.Ганболдын адуунаас 14 настай хонгор азаргыг нь хулгайлж, 20.000.000 төгрөгийг хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 9-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарамын ойролцоо байсан хохирогч Б.Эгийн эзэмшлийн адуунаас нэг гүү хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг, Цагаан хөтөл гэх газарт байсан хохирогч Б.Дийн адуунаас 2 тооны гүү хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт-2 дугаар багийн нутаг дэвсгэр Дугуй булаг гэх газарт байсан хохирогч Д.Мын адуунаас хар халтар зүсмийн азаргыг нь хулгайлж, 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд: 1. Гэмт хэргийн талаарх "нотолбол зохих байдал"-ыг бүрэн нотлох, нотолсныг хянах ажиллагааны хүрээнд "гэмт хэргийн хамтран оролцогч", "зарим хамтран оролцогч нар нийлмэл гэмт хэргийн субьект" болох эсэхтэй холбоотой асуудлыг нэг мөр мөрдөн шалгах, холбогдох бусад мөрдөх, хянах ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай. Баримт: Өсвөр насны этгээд Т.Бийн сэжигтнээр өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны үед О.Б ирсэн, явна гэж хэлсэн, бид 3 хуучин Баянцогт сум буюу Аргалант сумаас хойшоо цанын баазын харалдаа хойд зүгт уулын бэлд очсон, жижиг судагт 2 гүүг чулуунаас уяад, чөдөрлөсөн байсан. Би тэр 2 гүүг нядалж өгсөн. Арьс махыг нь ачаад 00 цаг болж байхад Эмээлт рүү явсан. Автомашин дотор нь хоноод өглөө нь О.Б ах зарсан. ...” /1 дүгээр хавтас, 55 дугаар хуудас/, “2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гараад дахиад Төв аймгийн Аргалант цанын баазаас цаашаа явсан. 19 цагийн үед 30 гаруй тооны адуун дээр очсон. 20 цаг өнгөрөөд харанхуй болсны дараа О.Б хар азарга бугуйлдаж барьсан. Г.Г ах бид хоёр хөтлөөд Цанын бааз тал руугаа 100 метр орчим хөтөлж алхаад хээр тал дээр 23 цаг болж байхад би сүхээр цохиж унагаан алж, өвчсөн. ... Хүчит шонхор зах руу очиж, 3 цагийн үед эрэгтэй, эмэгтэй 2 танихгүй хүмүүст зарсан. О.Б ахын гэрт нь очиж унтсан. ...” /1 дүгээр хавтас, 55 дугаар хуудас/, “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 361-ийн гарам чиглэлтэй яваад хээр газар очиж машин дотроо унтаж байгаад 19 цагийн үед боссон. ...20-25 орчим адууг хараад...шөнийн 22-23 цагийн үед Г.Г ах бид хоёроор ээрүүлж, эргүүлүүлж байгаад О.Б ах өөрөө мяндсан цагаан уяагаар бугуйлдаж хонгор азаргыг барьсан, ... надад хөтлүүлээд засмал зам гарч, уулын судаг дагаад өгсөөд явж бай гэж хэлсэн. ... "дуугүй нядал" гэж хэлэхээр нь сүхээр цохиж унагаагаад нядалсан. ... 2 цагийн үед хоолонд орчихоод Хүчит шонхор зах руу очиж машиндаа унтаад нөгөө урд өмнө нь өгсөн хүнсний дэлгүүрт мах худалдаж авсан эгчид 1 кг-ыг нь 4.000 төгрөгөөр 370.000 төгрөгөөр зарсан” /2 дугаар хавтас, 56 дугаар хуудас/, “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гүнт гэдэг газрын ууланд гарч машиндаа унтаж байгаад 18 цагийн үед сэрээд буцаад Рашаант тал руугаа явж байгаад замын хажууд голдуу бараан алаг, халиун адуу байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгээд урагшаа явж байтал харанхуй болоход О.Б ах ирээд Г.Г ах бид хоёроор төмөр замын нүхэн гүүр лүү шахуулаад хээр гүү бугуйлдаж аваад төмөр замын наад талдаа гарч ирээд төмөр замаа дагаад хойд зүгт би хөтөлж яваад нэг хонхорхой эрэг, шороотой газар орж намайг нядал гэж хэлэхээр нь би тэр адууг мөн л сүхээр цохиж унагаан цусалж нядалсан. Өглөө 9 цагийн үед сэрээд О.Б ах утсаар ярьж байгаад Баянзүрх дүүргийн Улиастайд нэг айлд аваачиж өгсөн. Тэр адуугаа хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй. ... Би сүүлийн 2 адууг авах үед хулгай хийгээд байгаагаа мэдсэн. ...” /1 дүгээр хавтас, 56-57 дугаар хуудас/, Г.Гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “О.Б, Батзориг нарын хамт адуу хулгайлсан, нядалсан” тухай мэдүүлэг /1 дүгээр хавтас, 88-89 дүгээр хуудас/ “...мал хулгайлах гэж байгааг Батзориг мэдэж байсан. ...Батзоригийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан” /2 дугаар хавтас, 43, 80 дугаар хуудас/, О.Бы мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...хулгайлах адууг шөнийн цагаар барьж аван, нууц газар очин, хүн харж байгаад, Батзориг, Г.Г нараар нядлуулсан” /1 дүгээр хавтас, 67-68 дугаар хуудас/ “...Би Г.Г, Батзориг нартай 4 удаагийн үйлдлээр 5 адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна” /2 дугаар хавтас, 76 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд.

2. Т.Б 2000 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн /1 дүгээр хавтас, 51, 129 дүгээр хуудас/, гэмт хэрэг анх үйлдэгдэх цаг хугацаанд 16 нас 4 cap 9 хоногтой байсан байх ба Эрүүгийн хуучин ба шинэ хуулийн дагуу гэмт хэргийн субьект байж болох төдийгүй насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдэд тооцогдох үндэслэлтэй байна. Бусдын малыг 4 удаагийн үйлдээр хулгайлахад нууц далд аргаар буюу шөнийн цагаар, тээврийн болон бусад багаж хэрэгсэл хэрэглэсэн зэрэг үйл баримтаас үзэхэд насанд хүрээгүй хүүхдийг мал хулгайлах, хулгайлсан мал буюу адууг сүхдэн алуулах зэрэг хэлбэрээр гэмт хэрэгт татан оролцуулсан асуудлыг бүрэн гүйцэд шалгах, хянах, шийдвэрлэх асуудлыг Эрүүгийн хуулийн гадна орхигдуулж огт болохгүйгээс гадна насанд хүрээгүй атлаа хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох үндэслэл, шалтгаан нөхцлийг нэг мөр мөрдөн шалгах, тогтоох нь зүйтэй.

3. Уг хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд хэнийх эсэхийг тодруулан шалгах,
эд мөрийн баримтууд нь /1 дүгээр хавтас, 117 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 11 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан баримтаар хэнийх болох нь тодорхой бус, мөн автомашины арын тээшинд байсан гэх "саарал өнгийн уяа"-г эд мөрийн баримтаар тооцсон эсэх, уг уяа хэнийх эсэхийг шалгах.

4. Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагын шинж чанар,
хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул уг хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус
хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай
хуулийн хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоолгох шаардлага үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтооход шинжилгээ хийлгэнэ, эсхүл тус хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар боломжтой гэж үзвэл "мөрдөгчийн магадалгаа" гаргаж болохоор заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээг үндэслэл, баримт, шалгуур, аргачлалын хувьд хэрхэн хийж гүйцэтгэхийг тодорхой тусгасан байдаг. Гэтэл хохирогч нарын мэдүүлэгт байгаа үнийн саналыг нь хуулан бичсэн бичгийн цаасан дээр эд хөрөнгийн комиссын гишүүн гэх 2 этгээд гарын үсэг зурсан төдий баримт /1 дүгээр хавтас, 29, 30, 33-34, 225 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 13, 15 дугаар хуудас/-ыг хохирлын үнэлгээ гэж үзэх нь үндэслэл хангалтгүй болжээ. Комисст үнэлгээ хийх эрх хэмжээ хэн олгосон, комисс хэдэн гишүүдтэй, асуудлыг шийдвэрлэх дүрэм, журам байгаа эсэх зэрэг зөрчилтэй олон асуудал энд үүсч болохоор байна. Мөн хурдан адуу гэж үзэхэд баг, сум, аймаг, бүс, улсын наадамд хичнээн тооны хурдан морьд уралдсанаас хэдэн удаа, хэддүгээрт давхиж, хичнээн тооны ямар медаль авч байсан эсэх болон бусад ямар баримтын хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус.

5. Гэмт хэргийг мөрдөн шалгах, яллагдагчаар татах эсэх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд "давтан", "байнга" үйлдсэн эсэх асуудлыг анхаарах Эрх зүйн онолын хувьд "нэг төрлийн гэмт хэрэг"-ийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг "гэмт хэргийг байнга үйлдэх" гэж үздэг ба байнга нь давтангийн онцгой хэлбэр нь болдог. 2002 оны Эрүүгийн хууль дахь гэмт хэргийг "давтан" үйлдсэн гэх зохицуулалт нь байнга гэх "хэлбэр"-ээ өөртөө давхар агуулж байсан, тодруулбал, "байнга" гэж үзэх шинжийг бүрэн хангасан бүх үйлдэл "давтан"-д хамаарч зүйлчлэгдэж байсан. 2015 оны Эрүүгийн хуулиар өмчийн эсрэг зарим гэмт хэрэгт "давтан"-г өөрчлөн "байнга үйлдэх" гэж хуульчилсан нь огт байгаагүй шинэ зохицуулалт биш, харин 2002 оны Эрүүгийн хууль дахь "давтан"-д багтаж байсан "байнга" гэх онцгой хэлбэр, шинжийг зааглан тодотгосон буюу чангаруулсан гэж үзэх үндэслэл бүхий болохыг тэмдэглэв.

6. Шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 6.13, 6.15-д заасан "асуудлыг" өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн ба уг шилжүүлсэн асуудал нь анхнаасаа хэргийг буцааж болох тус хуулийн 33.3 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарч буй учраас шүүх хуралдаанаас нэгэн адил хэргийг буцааж болох үндэслэлтэй гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн тухайн асуудлыг хэлэлцэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн нэгэн адил шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихгүйн тулд тус эрүүгийн хэргийг прокурорт буцаав. ...” гэжээ.

Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Бийг О.Б, Г.Г нартай дээрх гэмт хэргийг хамт үйлдсэн гэж яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагч О.Б “...Бид 2 хурдан адуу нядалдаг хүн хайгаад таньдаг, эмээлт дээр бой хийдэг дүү Батзориг дээр очиж “адуунд явах хэрэг байна, яваад өгөөч” гэж гуйгаад хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагаа хэлэлгүй, “хамаатны хүмүүс миний малыг өгөхгүй байгаа юм” гэж хэлээд Батзоригийг дагуулж явсан. ...Батзориг бусдын малыг хулгайлж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 66-72 дугаар хуудас/, Насанд хүрээгүй яллагдагч Т.Бийн “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 9 цагийн үед О.Б гэж 2016 оны 12 дугаар сард эмээлтийн бой мал нядалгаан дээр танилцаж байсан ах манай гэрт ирээд “ахын дүү орой явна шүү. Ахад нь 2 адуу бэлэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал 19 цагийн үед О.Б өөрийн цагаан өнгийн 90 марк-2 машинтай Г.Г гэж ахтай ирээд бид 3 хуучин Баянцогт сум буюу одоогийн Аргалант сумаас хойшоо цанын баазын харалдаа хойд зүгт уулын бэлд жижиг судагт хүрэн гүү, хонгор гүүг чулуунаас уяад давхар чөдөрлөсөн байсан газар харанхуй болчихсон 22 цаг өнгөрч байхад очоод би “энэ юун адуу уячихсан байгаа юм бэ” гэхэд “ойрхон ахынхаа адуунаас авсан юм” гэж хэлэхээр нь би мал нядалдаг л ажилтай болохоор шууд л тэр 2 гүүг нядалж өгсөн. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг нь мэдээгүй. О.Б ах банкны өртэй, өрөө төлөх хугацаа нь болчихсон, өртэй хүмүүсээсээ мөнгөө авч чадахгүй адуунаас нь зөвшөөрөлгүй авна гэж яриад яваад байсан. ...Мал нядлах үедээ төмөр гагнасан нарийн бариултай сүх, 4 ширхэг хутга, S хэлбэртэй дэгээ, мяндсан уяа зэрэг ашиглан нядалсан. ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 65-72 дугаар хуудас/ зэргээр Т.Б нь бусдыг гэмт хэрэг үйлдэж байгааг нь мэдээгүй, ажлаа хийснийхээ төлөө хөлсөө авах зорилгоор явсан нь анхнаасаа хулгайн гэмт хэрэг үйлдэх шууд санаа, шунахайн сэдэлт байгаагүй болох нь тогтоогдсон.

2. Яллагдагч Г.Г, О.Б нар нь 4 удаагийн үйлдлээр бусдын 5 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Насанд хүрээгүй яллагдагч Т.Бийг дээрх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байна гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч О.Б, Г Г.Г нарыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Т.Бийг яллагдагч О.Б, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэж байгааг нь мэдээгүй, мал нядалдаг ажлаа хийж, тэдгээрээс ажлын хөлсөө авсан болох нь Т.Б, Г.Г, О.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Т.Бт холбогдох хэргийг прокурорын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор, яллагдагч Г.Г, О.Б нарыг насанд хүрээгүй Т.Бийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 42, 43 дугаартай тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин прокуророос Т.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуучин ба шинэ хуулийн дагуу гэмт хэргийн субъект болохгүй байна гэж дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгоогүй байна.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураасан эд зүйлүүд нь тухайн үед О.Бы унаж явсан 25-49 УНИ улсын дугаартай автомашины тээшнээс гарч ирсэн. Т.Бийн мал нядалдаг багажнууд болох нь яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогддог ба уг эд мөрийн баримт хэнийх болохыг тогтоох нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нотлох баримт биш байна.

4. Хохирогчийн эд хөрөнгөө үнэлсэн үнэлгээ болон хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн Аймаг, Дүүргийн засаг даргын дэргэдэх эд зүйл үнэлгээ тогтоох комиссоор эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Хурдан адуу, баг, аймаг, бүс, улсын наадамд хэрхэн түрүүлж байсан талаар хохирогч С.Ганболдын мэдүүлэг /1 дүгээр хавтас, 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Буянжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, 43 дугаар хуудас/, хэрэгт авагдсан хонгор азарганы авч байсан шагналуудын хуулбар зэргээр тогтоогдсон.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад байнга гэмт хэрэг үйлдэх, байнга тогтвортой үйлдэх, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зэрэг "байнга" гэх ойлголт шинээр хэрэглэгдэж эхэлсэн. Байнга гэдэг бол давтангийн нилээд хүнд хэлбэр бөгөөд гэмт этгээдийн үйл ажиллагааны нэлээд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон үйлдлийг хэлнэ. Байнга үйлдэх, тогтвортой үйлдэж амьжиргааны эх үүсвэр болох зэрэг ойлголтыг 3 буюу түүнээс дээш гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийн нийлбэрээр ойлгоно. Тиймээс яллагдагч Г.Г, О.Б нар нь 4 удаагийн үйлдлээр бусдын 5 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн боловч тэдгээрийн энэ үйлдэл нь тогтвортой давтагддаггүй, амьдрал, зан төлөвийн хэвшил болоогүй, байнга, тогтвортой үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгоогүй байх тул зөвхөн 4 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар "...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэж хүндрүүлэх үндэслэлгүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана", яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно" гэсэн заалтын дагуу талууд хүсэлт гаргаагүй учир урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр шүүх тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана" гэж заасан нь шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, дээрх шийдвэрүүдийн аль нэгийг гаргах боломжтой байсан. Гэтэл анхан шатны журмаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас "хэргийг прокурорт буцаах тухай" шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Aнхан шатны  журмаар  хэргийг  хянан   шийдвэрлэх   шүүх   хуралдаанаар  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. ..." гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг маягаар хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу процессын зөрчил гаргасан. Энэ нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээр нотлогдоно. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэсэн боловч тэмдэглэл гараагүй гэж тайлбарласан болно. Иймд шүүгдэгч Г.Г, О.Б нарт холбогдох эрүүгийн 201726010731 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 819 дүгээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Г, О.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Т.Б нь Г.Г, О.Б нартай бүлэглэн бусдын адууг хулгайлсан, уг адуунуудаа нядалж, махыг нь худалдан борлуулж, ашиг орлого олж байсан нөхцөл байдал байхад прокурор 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байх боловч нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Бийн үйлдэл, оролцооны талаарх нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, ямар нотлох баримтад үндэслэн хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл тодорхой биш байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоох зорилгоор явуулсан ажиллагаа нь бодитой биш, ямар нотлох баримт, эх сурвалжид тулгуурласан, ямар аргачлалаар үнэлсэн зэрэг нь тодорхой бус байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус нийцүүлэн адууны хохирлын үнэлгээг тогтоох нь зүйтэй.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин прокурорын эсэргүүцлийн 6 дахь үндэслэлд заасан “... Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг маягаар хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу процессын зөрчил гаргасан. ...” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоож, улмаар шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхэлсэн бол ердийн журмаар хуралдааныг явуулж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр зөвлөлдөж, хуульд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, эсхүл гэм буруутай гэж үзвэл энэ тухай танилцуулж, үүний дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай.

Хуулийн зохицуулалт ийм байхад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй журмаар буюу нотлох баримтыг шинжлэн судалсны дараа талуудын дунд мэтгэлцээн өрнүүлэлгүйгээр, гэм буруу, хариуцлагын асуудлыг хэлэлцэх боломжгүй талаар танилцуулан шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар зөвлөлдөн хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулиар зохицуулаагүй процессийн журам хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид зөвхөн шүүгдэгч нарын овог, нэрийг бичиж, биеийн байцаалтын талаархи бусад мэдээллийг хязгаарласан нь буруу байх тул цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд биеийн байцаалтыг тусгах нь зүйтэй.

Улсын яллагчийн эсэргүүцлийн 6 дахь үндэслэлд “... Гэтэл анхан шатны журмаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас "хэргийг прокурорт буцаах тухай" шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Aнхан шатны  журмаар  хэргийг  хянан   шийдвэрлэх   шүүх   хуралдаанаар  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. ..." гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. …” гэжээ.

Дээрх эсэргүүцлийн агуулгаас үзэхэд, “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Aнхан шатны  журмаар  хэргийг  хянан   шийдвэрлэх   шүүх   хуралдаанаар  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. ..." гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэж хэргийг прокурорт буцааж болохгүй  байдлаар хуулийг тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс, түүнчлэн шүүх хуралдаанаас хуульд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж болохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал байгаа, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зэрэг тохиолдолд хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалах суурь зарчмуудад нийцнэ.

Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 188, 189 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Г.Г, О.Б нарын үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн байсныг өөрчлөн “Мал хулгайлах” гэмт хэрэг болгон өөрчилж, ял сонсгосон байх боловч Г.Г, О.Б нараас сонсгосон ялын талаар тайлбар аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хуульд нийцүүлэн дээрх ажиллагааг явуулж, тэдэнд хуульд заасан эрхийг нь эдлүүлэх нь зүйтэй.