| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0429/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 436
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр
улсын яллагч Х.Онолт (томилолтоор),
хохирогч П.Г............л,
шүүгдэгч Г.Б............лд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Чимчгийнхэн овогт Г............гын Б............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0108 10412 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чимчгийнхэн овогт Г............гын Б............лд, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, ............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Б............лд нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....... дүгээр хороо, Дунд нарангийн 2-р гудамжны ....... тоотод байрлах хохирогч П.Г............лын гэрт “гэрээс эд зүйл хулгайлсан” гэх шалтгаанаар маргаж, П.Г............лын толгой, нүүр, хөл хэсэгт гар, хөлөөрөө болон Монгол гэрийн униар олон удаа цохих, хутгаар зулай, дух, хөмсөг зэргийг зүсэх зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, зүүн зулай, дух, баруун хөмсөгт шарх, хамар, хоёр нүдний доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн нүдний гадна хажуу, амны зүүн доод хэсэгт зулгаралт бүхий олон тооны гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Г.Б............лд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв
Хохирогч П.Г............л мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 13-нд өглөө манай гэрийн хойно байдаг Г.Б............лд манай гэрт орж ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг байж байгаад нийтийн байранд байдаг Д.Б.......хийнд орсон. Удалгүй би төмөр зам явах гээд гараад явж байтал Г.Б............лд араас ирээд хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь “эхнэрийн төрсөн өдөр болж байгаа юм ах нь явлаа” гээд явж байтал Д.Б.......х ардаас гарч ирсэн. Д.Б.......хийн картанд 50.000 төгрөг, мөн удалгүй Г.Б............лдын дансанд мөнгө орж ирсэн. Бид хэд архи аваад Д.Б.......хийн гэрт ороод архиа хувааж уусан. Г.Б............лд бид хоёр алчуурнаас болж маргалдаад байж байтал Б.......х манайд маргалдаад яах вэ харьцгаа гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад галаа түлээд сууж байхад 1 цаг орчмын дараа Г.Б............лд манай алга болсон хутгыг бариад ороод ирсэн. Би гайхаад хаанаас олсон юм бол гэж асуух гэж байсан чинь авгай хүүхдээ алж чадахгүй би чиний нэг нүд чинь сохор, нөгөө нүдийг чинь сохлоод гэртээ чинь чамайг шатаачихаад гараад явчихвал намайг гэрчлэх хүн байхгүй гэж хэлээд миний зүүн нүдний зовхины дээд талд хутгаар зүссэн. Гараад зугтах гэсэн чинь намайг гэрийн униар зөндөө цохиод байсан. Нүүрэнд 2 цохиод, 2 удаа өшиглөсөн. Би арай гэж гарч гүйгээд бэр дүүгээ цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудуулсан. Цагдаа нар ирэхэд Г.Б............лд зугтаад явсан байсан. Г.Б............лд надруу сэтгэл гаргаад нэг удаа ч залгаж байгаагүй, уулзая гэж ирдэггүй байсан. Тэгээд надаас гуйгаад байхаар нь гомдолгүй гээд би гарын үсэг зурсан. Тэгээд надтай уулзах байх гээд залгахыг нь хүлээж байсан. Надруу өчигдөр нэг ярьсан, өнөө өглөө нэг ярьсан гэв. Эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч П.Г............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед айлд 1 шил архи хувааж уусан. Тэгээд 17 цагийн үед Б............лдтой хамт нийтийн байрны Б.......хийн гэрт орж архи уусан. Архи уугаад хоорондоо...хэрэлдэж байгаад Б.......хийн гэрээс би гараад гэртээ ороод...сууж байтал Б............лд гаднаас орж ирээд чамайг би ална гээд нүүрэн тус газар 2 цохиод, 2 удаа өшиглөсөн, унасан байхад гэрийн унь сугалж байгаад цохиод байсан...унасан байхад хутга гаргаж ирээд нүд, хөмсөг зүссэн...Б............лд намайг нүүрэн тус газар 2 удаа цохисон. 2 удаа өшиглөсөн, унь сугалж аваад зүүн шилбэ, гар, цээж рүү цохисон, хутгаар баруун хөмсөг хоёр нүдний зовхи хутгаар зүссэн...гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
“...Манай хүргэн ах намайг дагуулж яваад хувийн эмнэлэгт очиж толгойн томографийн зураг авахуулсан. Би хэдэн төгрөгөөр авахуулсан талаар мэдэхгүй байна. Манай ахын таньдаг эмч нь гэж ярьж байсан...уг хутга манай гэрт байсан хутга байгаа юм. Б............лд хутгыг манай хуучин хөргөгчний доороос авсан...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
2. Гэрч А.О........ний (хохирогчийн хөрш) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 13-ны 18 цаг 30 минутын орчим гэртээ байж байхад манай гэрийн цонхыг нүдээд цагдаа дуудаад өгөөч намайг Б............лд гэх хүн алах гээд байна гээд чанга ярихгүй байсан. Тэгээд би сайн харсан чинь нүүр гар нь тэр чигтэй цус болсон байдалтай байсан. Цаанаас нь Б............лд гэж манай хашааны хүн алхаад ирж байсан...Г............л ах манай гэрт орж ирэхдээ толгойны зүүн хэсгээс нь цус гарсан байдалтай маш их сандарсан айсан чичирсэн байдалтай намайг Б............лд хутгалсан намайг зодох үедээ эхнэрээ алж чадахгүй юм оронд нь чамайг ална гээд дээрээс дэвсээд хутгаар нүдний доод, дээд хэсэгт зүсэж толгой руу хутгалсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2365 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн зулай хэсэгт 1.5см духанд цохны хэсэгт хөндлөн байрлалтай 2 см, баруун хөмсөгний дээр 1 см урт шархтай, оёдол тавьсан, хамар баруун тийш мурийсан, хамар, хоёр нүдний доод зовхи хавдсан, баруун нүдний доод зовхинд 1х0.2см 3 ширхэг, хамрын баруун талд 2х0.5см, зүүн нүдний гадна хажууд 4х3 см, амны зүүн доод хэсэгт 3,3х0.7см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай, зүүн шилбэний гадна доод хэсэгт 6х5см орчим хэсэгт хавдсан, эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2019.02.13-ны гавлын рентген, 2019.02.15-ны цээжний флюр зураг: ...Зүүн чамархай орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан. Хамрын яс хуучин хугаралтай, таславч мурий, хоёр талын гайморовын хөндийн агааржилт буурсан...ДҮГНЭЛТ
1. П.Г............лийн биед зүүн зулай, дух, баруун хөмсөгт шарх, хамар, хоёр нүдний доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн нүдний гадна хажуу, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлээс зүүн зулай, дух, баруун хөмсөгний шарх нь ир ирмэг бүхий зүйлийн, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
4. Шүүгдэгч Г.Б............лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр манай анги хээрийн бэлтгэлд гарсан. Би хөл хугарсан бэртэлтэй байгаа учир хамт яваагүй өвчтэй гэрээрээ байж байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед урд хашаанд байрлах...Г............лтай уулзаад, бас нийтийн байранд амьдардаг Б.......хийн гэрт бид гурав 1 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад Г............л надтай маргалдсан...тэгэхээр нь уур хүрээд өмнө манай гэрээс бага, сага юм хулгай хийж байсан санагдаад гэрт нь яваад орсон. Гэрт нь ороод хартал манай гэрээс алга болсон элгэн алчуур байхаар нь манай гэрийн элгэн алчуур байна гэж хэлтэл, танай гэрийн алчуур биш би авсан гэж хэлсэн. Уур хүрээд бас согтуу байсан учраас нүүрэн тус газар 2 удаа цохисон, унахаар нь 2 удаа өшиглөсөн, гэрийн унь сугалж аваад цээр рүү нь цохисон. Нэг харахад хөргөгчинд дээр хутга харагдахаар нь хутганы иргүй талаар нь айлгах санаатай хөмсөг, толгойн тус газар 2 удаа цохисон. Г............лын хөмсөгнөөс тухайн үед цус гараагүй сүүлд цус гарсан...нүүрэн тус газар нь 2 удаа цохисон, унасан байхад хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Гэрийн униар цээж рүү 2 удаа цохисон. Хутга аваад хөмсөг рүү нь 2 удаа иргүй талаар нь цохисон...хутгаар цохиод хөмсөг хэсэг нь зүсэгдсэн, шалтгаан нь айлгах санаатай, албаар иргүй хэсгээр хөмсөг рүү цохисон. Энэ үйлдлээ сайн санаж байгаа хутгалж магадгүй гэж бодоод иргүй талаар цохисон...уг хутга нь мөнгөлөг саарал өнгөтэй, хутга нь өргөн заазуур шиг хутга байсан...хохирол болон эмчилгээний зардлыг барагдуулаагүй...Г............л надтай уулзахгүй байна. Би эмчилгээний зардал болон хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55),
5. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын хуудас РСКВ18329799, РСКВ18329826 (хавтаст хэргийн 03-04), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13), мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 15),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), “Зэвсэгт хүчний 150” дугаар ангийн тодорхойлолт (хавтас хэргийн 61), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 69, 71) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б............лдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Г.Б............лд нь Сонгинохайрхан дүүргийн ....... дүгээр хороо, Дунд Нарангийн 2 дугаар гудамжны ....... тоотод, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч П.Г............лын гэрт “гэрээс эд зүйл хулгайлсан” гэх шалтгаанаар маргаж, П.Г............лын толгой, нүүр, хөл хэсэгт гар, хөлөөрөө болон Монгол гэрийн униар олон удаа цохих, хутгаар зулай, дух, хөмсөг зэргийг зүсэх зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, зүүн зулай, дух, баруун хөмсөгт шарх, хамар, хоёр нүдний доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн нүдний гадна хажуу, амны зүүн доод хэсэгт зулгаралт бүхий олон тооны гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч П.Г............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 13-ны ...17 цагийн үед Б............лдтой хамт нийтийн байрны Б.......хийн гэрт орж архи уусан. Архи уугаад хоорондоо...хэрэлдэж байгаад Б.......хийн гэрээс би гараад гэртээ ороод...сууж байтал Б............лд гаднаас орж ирээд чамайг “би ална гээд нүүрэн тус газар 2 цохиод, 2 удаа өшиглөсөн, унасан байхад гэрийн унь сугалж байгаад цохиод байсан...унасан байхад хутга гаргаж ирээд нүд, хөмсөг зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23),
- Гэрч А.О........ний (хохирогчийн хөрш) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ байж байхад манай гэрийн цонхыг Г............л нүдээд “цагдаа дуудаад өгөөч, намайг Б............лд алах гээд байна” гээд чанга ярихгүй байсан. Тэгээд би сайн харсан чинь нүүр гар нь тэр чигтэй цус болсон байдалтай байсан. ...Г............л ах манай гэрт орж ирэхдээ толгойны зүүн хэсгээс нь цус гарсан байдалтай маш их сандарсан айсан чичирсэн байдалтай намайг Б............лд хутгалсан намайг зодох үедээ эхнэрээ алж чадахгүй юм оронд нь чамайг ална гээд дээрээс дэвсээд хутгаар нүдний доод, дээд хэсэгт зүсэж толгой руу хутгалсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2365 дугаар дүгнэлт “...1.П.Г............лийн биед зүүн зулай, дух, баруун хөмсөгт шарх, хамар, хоёр нүдний доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн нүдний гадна хажуу, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлээс зүүн зулай, дух, баруун хөмсөгний шарх нь ир ирмэг бүхий зүйлийн, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36)
- Шүүгдэгч Г.Б............лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г............лтай уулзаад...нийтийн байранд амьдардаг Б.......хийн гэрт бид гурав 1 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад Г............л надтай маргалдсан...тэгэхээр нь уур хүрээд өмнө манай гэрээс бага, сага юм хулгай хийж байсан санагдаад гэрт нь яваад орсон. ...Уур хүрээд бас согтуу байсан учраас нүүрэн тус газар 2 удаа цохисон, унахаар нь 2 удаа өшиглөсөн, гэрийн унь сугалж аваад цээр рүү нь цохисон. Нэг харахад хөргөгчинд дээр хутга харагдахаар нь хутганы иргүй талаар нь айлгах санаатай хөмсөг, толгойн тус газар 2 удаа цохисон. ...уг хутга нь мөнгөлөг саарал өнгөтэй, хутга нь өргөн заазуур шиг хутга байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Б............лд нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай гэрээс хулгай хийлээ” гэх сэдэлтээр, хохирогч П.Г............лыг зодож, хутгаар нүүрийг нь зүссэн, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б............лд нь хохирогч П.Г............лын эрүүл мэндэд зүүн зулай, дух, баруун хөмсөгт шарх, хамар, хоёр нүдний доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн нүдний гадна хажуу, амны зүүн доод хэсэгт зулгаралт бүхий 10 удаагийн гэмтэл үүсгэснээс зулай, дух, баруун хөмсөгний шарх нь ир ирмэг бүхий зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэсэн гэмтлийг учруулсан болох нь хохирогч, гэрч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Тодруулбал шүүгдэгч нь хохирогчид олон тооны шарх гэмтлийг гар, унь, хутга зэргээр цохих, зүсэх зэргээр үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон байна.
Иймд шүүгдэгч Г.Б............лдыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Г............л нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8.000 төгрөгөөр үзүүлсэн баримт авагдсан байна. Нөгөө талаас шүүхийн хэлэлцүүлэг хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн байна.
Иймд Иргэний хуульд зааснаар баримттай зардал болох 8.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б............лдоос гаргуулж хохирогч П.Г............лд олгох нь зүйтэй. Харин хохирогч П.Г............л нь тархины зураг авахуулсан, эмнэлэгт хэвтсэн, эмчилгээ хийлгэсэн гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б............лдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б............лдын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн биед шарх гэмтэл учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч түүнийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд...оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Г.Б............лдын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг торгох ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Г.Б............лд нь оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0108 10412 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чимчгийнхэн овогт овогт Г............гын Б............лдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Г.Б............лдыг 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б............лдод мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг торгох ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............лд нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, шийдвэрийг хүчингүй болгон хорих ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............лдоос 8.000 (найман мянга) төгрөг гаргуулж хохирогч П.Г............лд олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ