Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч С.Мөнхдорж, түүний өмгөөлөгч Б.Ганзориг  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Бүрүвэн овогт Сүрэнжавын Мөнхдоржид холбогдох эрүүгийн 203600000089 дугаартай, 178/2020/0094/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05  сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 08-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөнххайрхан  суманд 1975 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн  хамт  Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр-1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000  төгрөг,  69%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай,  урьд шийтгэлгүй  ПЙ75070274 регистрийн дугаартай, Бүрүвэн овогт Сүрэнжавын Мөнхдорж

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч С.Мөнхдорж нь 2020 оны 03 сарын 17-ны өдрөөс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Золбаатартай “аргалын хажууд шээлээ” гэсэн  шалтгаанаар маргалдах явцдаа иргэн Н.Золбаатарын зүүн гарын шууны хэсэгт хутгалж иргэн Н.Золбаатарын эрүүл мэндэд зүүн гарын шууны гадна хэсэгт шарх  бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  07-11-рт/

Эд зүйлд үзлэг хийсэн...Уг хутганы нийт урт/ ажлын хэсэг/ 20 см бариул хэсэг нь 9 см байв. Уг хутганы ажлын хэсэгт 11 см харьцах 2.5 см хэмжээтэй байв. Уг хутганд үзлэг хийхэд шар өнгийн хуванцар материалаар хийсэн бариултай, ажлын хэсгийг нь никел төмрөөр хийсэн байв. Хутганд үзлэг хийх явцад хутганы ажлын хэсэг болон бариул хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 5.5х1,5 см хэмжээтэй байв. Уг хутгыг гэрэл зургаар бэхжүүлэн 4 кадр зураг авч хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцож үзлэгийг дуусгаж оролцогч нарт уншуулж танилцуулан үзлэгийг 15 цаг 45 минутад дуусгаж, оролцогч нараар гарын үсэг зуруулав…гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Мөнххайрхан сумын  сумын Борт  багт оршин суух, 1983 оны 12 сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ард халх, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ПИ83120377 дугаарын регистртэй/ Төнхөн овогт Ноосгойгийн Золбаатарын  өгсөн...2020 оны 03 сарын 17-ны орой Мөнххайрхан сумын гудманд явж байгаад С.Мөнхдорж ахтай таараад бид 2 С.Мөнхдорж ахын гэрт ирсэн. Тэгээд гэрт нь 5 литрийн савтай шимийн архи хувааж уугаад сууж байгаад С.Мөнхдорж ах гарч дэлгүүрээс нэг шил архи авч ирсэн. Архийг хувааж уугаад сууж байхад С.Мөнхдорж ах надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад хөргөгчин дээр байсан хутга аваад “чамайг ална” гэж хэлээд дайрахад нь  би 2 гарыг барьж аваад өөрөөсөө  холдуулаад түлхсэн. С.Мөнхдорж ахын барьж байсан хутга нь миний зүүн гарын шуу хэсгийг хутгалсан байсан. Миний зүүн гарын  шуу хэсгээс цус гарахыг С.Мөнхдорж ах хараад эмнэлэгт дуудлага өгсөн. Би эмнэлэг дээр очиж үзүүлээд цагдаад дуудлага өгсөн. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд надтай маргаан үүсгэж байгаад хутгалах болсон байх, бусдаар намайг хутгалах шалтгаан байхгүй гэж бодож байна. Надад  ямар нэгэн гомдол санал байхгүй Миний биед одоогоор өвдөж зовуурлаж байгаа зүйл алга. Би шүүх хуралд орохгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн  289 дугаартай...Н.Золбаатарын биед гэмтэл тогтоогдлоо.  Н.Золбаатарын биед зүүн гарын шууны гадна хэсэгт  шарх гэмтэл тогтоогдлоо.

Н.Золбаатарын биед учирсан гэмтэл нь үзүүртэй зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой   гэмтэл байна. 

Н.Золбаатарын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Н.Золбаатарын биед учирсан гэмтэл нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 28 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхдоржийн  хэргээ хүлээн мэдүүлсэн... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би гудамжинд байж байтал Н.Золбаатартай таараад бид 2 манай гэрт очсон. Манай гэрт 5 литр шимийн архи уусан. Тэгээд би гудамж гараад Содгэрэл эгчийн дэлгүүрээс нэг шил Ерөөл нэртэй 0.5 грамын архи аваад гэртээ очоод Н.Золбаатартай хамт хувааж уусан. Тэгээд юу болсныг би сайн санахгүй байна. Нэг мэдсэн Н.Золбаатарын гарнаас цус гарч байсан. Тэгээд би манай багийн эмч О.Буяннэмэхрүү утсаар залгаад  хүн хутгалчихлаа.  Хурдан манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд багийн эмч удахгүй манай гэрт ирээд Н.Золбаатарыг аваад эмнэлэг явсан. Би өөрөө тухайн үед болсон зүйлээ санахгүй байна. Бид хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. Маргаж байгаагүй ямар нэгэн өс хонзон байхгүй. Би тухайн үед Золбаатартай манай аргалын хажууд шээсэн байсан болохоор маргалдсан. Хохирогч Н.Золбаатарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Н.Золбаатар надад гар хүрээгүй, зодож цохисон зүйл байхгүй. Н.Золбаатар манайд согтуу ирээд байж байхдаа манай гэрийн түлээ рүү шээсэн байсныг би маргааш нь  харсан.  Тэгээд архи уугаад сууж байхдаа шээсэн талаараа хэлээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд маргалдаж байгаад хутгалах болсон байх. Бусдаар хутгалах шаардлагагүй. Бид хоёр урьд өмнө зодолдож байгаагүй. Би хохирогч Н.Золбаатартай учраа олсон байгаа. Би сардаа группын мөнгө 350 000 төгрөг авдаг энэ мөнгөөрөө амьдрал ахуйгаа болгож амьдардаг...гэх мэдүүлэг   зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:Шүүгдэгч С.Мөнхдорж нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэртээ Н.Золбаатарын хамт 5 литр монгол архи, нэг шил Ерөөл архи ууцгааж, гэрээс гарч бие засах явцдаа хохирогч  Н.Золбаатарыг “ аргал дээр шээлээ” гэж маргалдаж, түүний зүүн гарын шуу хэсэгт нь хутгалж, эмнэлэгт дуудлага өгч,  боолт хийлгэсэн, хохирогч Н.Золбаатарын эрүүл мэндэд  шинжээчийн дүгнэлтээр... зүүн гарын шууны гадна хэсэгт шарх ...гэх  хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Мөнхдорж нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч С.Мөнхдорж нь хохирогч Н.Золбаатартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж  зүүн гарын шууны хэсэгт  хутгалах явцдаа  түүний эрүүл мэндэд гэмтэл учруулана гэдгийг мэдсээр байж  түүний эрүүл мэндэд хөнгөн хохиролыг хүсч учруулсан.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч С.Мөнхдоржийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн  эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтлийг  бий болгосон  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  гарчгийн. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн “ хохирол” гэсний дараа  “ санаатай “ гэж нэмэлт оруулсан ба энэхүү хууль  нь 2020 оны 02 сарын 23- ны өдрөөс  хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, тухайн хууль хүчин төгөлдөр болсон  цаг хугацаанд буюу 2020 оны 3 сарын 18-ны өдөр  шүүгдэгч С.Мөнхдорж нь   дээрхи гэмт хэргийг үйлдсэн  нь тогтоогдож байгаа болно.

Иймд шүүгдэгч С.Мөнхдоржийн хохирогч Н.Золбаатарын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...зүүн гарын шууны гадна хэсэгт шарх ... гэх  хөнгөн  гэмтэл   учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Мөнхдоржийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Золбаатар нь нэхэмжлэх хохиролгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Мөнхдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Бүрүвэн овогт Сүрэнжавын Мөнхдорж нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  35 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд Р.Нямзаяагийн гэрчээр өгсөн...С.Мөнхдорж нь  даруухан дуу цөөнтөй, эелдэг харьцаатай, хүнд их тусархаг, ах дүү нарын дунд нэр хүндтэй. Аав, ээжээс 6-лаа айлын 2 дахь хүүхэд, 1 ах, 4 дүүтэй С.Мөнхдорж нь хөгжлийн бэрхшээлтэй тул групп-д байдаг. Бага наснаасаа мал маллаж байсан болохоор сургуульд сураагүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... ..гэх мэдүүлэгээр / хэргийн 24-25 дугаар хуудас/  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Мөнхдоржид  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...1.2-т заасан...бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн...зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын  яллагчаас:  Шүүгдэгч С.Мөнхдорж нь гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Мөнхдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч С.Мөнхдоржийг дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний,  дөрвөн зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.    

Шүүгдэгч  С.Мөнхдоржийн өмгөөлөгч:  Шүүгдэгч С.Мөнхдорж нь Хохирол нөхөн төлбөргүй өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Хөдөлмөрийн  чадвар алдалттай. Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, прокурорын санал болгосон  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн  зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 450000 төгрөгний торгох ялыг  1 жилийн   хугацаанд  хэсэгчилэн төлөх  саналтай байна... гэх дүгнэлт, тайлбар гаргав. 

Шүүхээс шүүгдэгч  С.Мөнхдоржийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  С.Мөнхдоржид дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн  зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Мөнхдоржид оногдуулсан  450000 төгрөгний торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 2036000000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт шилжүүлж,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мөнхдоржид  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бүрүвэн овогт Сүрэнжавын Мөнхдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бүрүвэн овогт Сүрэнжавын Мөнхдоржид дөрвөн  зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун  тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Мөнхдоржид оногдуулсан 450000  төгрөгний торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн   төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2036000000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар шар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Мөнхдоржид  тайлбарласугай.

6 .Шүүгдэгч С.Мөнхдоржид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА