Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 89

 

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Ж.Чимиддорж,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007990064 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шийтгэлгүй,  Ц.Б

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 50а дугаар гудамжны 8 тоотод байх Ч.Амгалангийн гэрт О.Сүх-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     1.Шүүгдэгч Ц.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Сүх-Очир ширээн доогуураас тал шил архи гаргаж ирж өвөртөө хийгээд Амгалан болон түүний ээж рүү дайрч доромжлоод чи энэ гурван залууг дуудсан уу янхан гичий гэж хэлээд хэл амаар доромжилсон би тэр үед бид нар айл хөрш хүмүүс ганц нэг удаа орж ирдэг юм гэж хэлсэн тэгтэл банди минь ялаа даана биз дээ та нар олуулаа барахгүй шүү би урьд өмнө нь шоронд явж байгаад ирсэн манай ах цагдаа хэлээд дайрч доромжилсон би хэн хэндээ гай болоод яах юм бэ гэж хэлсэн тэгтэл намайг Сүх-Очир цохих гэсэн тэр үед араас нь Амгалан татаад суулгасан тэр үед би шууд хөлөө явуулж өшиглөсөн тэгтэл Сүх-Очирын уруул сэтэрсэн уруулаас нь цус гараад орилж чарлаад шүд уначихлаа цагдаа дуудна гэж хэлээд байхаар нь би гарч явсан тэгээд гэртээ очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч О.Сүх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би хоёр татаад ахиж уухгүй гэж хэлсэн тэгтэл намайг өндөр шар залуу томроод босож ирсэн тэгээд миний нүүрэнд өшиглөсөн би барилцаж аваад зодолдоогүй тэгтэл тэр залуу ахиж хүрч ирээд намайг нүүрэнд гараараа цохисон тэгтэл миний шүд хугарсан тэгтэл хажууд байсан жижиг шар залуу боль гэж хэлээд цагдаад дуудлаа гэж утсаа гаргаж ирсэн чинь миний утсыг булааж аваад утас эргүүлж өгсөн тэгсэн сим карт байхгүй байсан тэгээд би цусаа гоожуулсан байгаад шүд ээ гаргаж ирсэн чинь сүүлд цохисон залуу нь миний шүдийг булааж авсан тэгээд тэр гурван залуу хүүхэн гарч явсан гадаа харанхуй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8/

4. Гэрч Ч.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт О.Сүх-Очир хоёр залуутай орж ирээд манай гэрт хоёр шил архи уусан тэгээд тэр хоёр залуугаа хүргэж өгөөд ирье гэж гарч явчхаад эргэж гэр ганцаараа орж ирсэн тэгээд надаас хэрүүл өдөөд байсан тухайн үед манай гэрт Баяраа болон Самбуу нэг танихгүй залуу мөн манай ээж бид нар байсан Сүх-Очир тэгтэл Баяраагаас хэрүүл өдөөд ална гэж хэлсэн хэрүүл нэхээд байсан адилхан согтуу байж боль яах гэж байгаа юм гэж хэлсэн тэгээд би орон дээр сууж байхад Баяраа босож ирээд Сүх-Очирыг нүүрэнд өшиглөсөн тэгтэл Сүх-Очирын нүүрнээс цус гарч шүд унагачихлаа гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлаа гэж Сүх-Очир хэлсэн би тэг тэг чи өөрөөсөө болж ийм зүйл боллоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11/

5. Гэрч Г.Баян-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би тэр нөхөр нэг архи аягалж өгсөн тэгтэл тэр нөхөр архиа ууж ахиад хэрүүл хийж манай ах эмч цагдаа гэж хэлээд байхад нь Баярсайхан өшиглөсөн Самбуу тэр үед боль гэж хэлээд Баярсайханыг холдуулсан тэр нөхөр нөгөө талын орон дээр суугаад байсан хэсэг сууж байснаа нэг шүд уначихлаа гэж хэлээд шүд гаргаж ирсэн би цагдаа ах дуудна гэж хэлээд гарч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 684 дугаартай шинжээчийн:

              1. О.Сүх-Очирын биед зүүн дээд 5-р шүдний булгарал, баруун, зүүн доод, 1, 2-р шүдний сулрал, дээд, доод уруул, доод эрүүнд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.

       5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба түхайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ болон хавтаст хэргийн 41 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Бы урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 50а дугаар гудамжны 8 тоотод байх Ч.Амгалангийн гэрт О.Сүх-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.Сүх-Очирын мэдүүлэг, гэрч Ч.Амгалан, Г.Баян-Очирын нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 684 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Ц.Б нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Быг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Ц.Быг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

          5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.