| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0102/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Л.Э,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002000111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Л.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг Шинэ төгөл хотхоны 46 дугаар байранд Д.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 02 сарын 29-нөөс 2020 оны 03 сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг Шинэ төгөл хотхоны 46 дугаар байранд иргэн Д.Гансүхийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч Д.Гансүхийн ... 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр би найз Цогзолмаагийн хамт түүний найз болох Сурмаагийн гэрт нь очсон юм, тэднийд очоод бид нар даалуу тоглоод хоол унд идээд байж байхад миний танил Эрдэнэбаатар над руу утсаар яриад унаатай явна гэхээр нь би хөх толгойд айлд тоглож байна гэрт хүргээд өгөөч гэсэн чинь тэр Эрдэнэбаатар нэг залуутай хамт хүрээд ирсэн, тэгээд бид нар нийлээд даалуу тоглосон юм, тэгээд тэднийхээс явахаар болоод Цогзолмаа, Энхтогтох бид нар Эрдэнэбаатарын машинд суугаад явсан. Тэгээд явж байхдаа Энхтогтох нь манай ээжтэй эцэг нэгтэй хүний хүүхэд гэж өөрийгөө хэлсэн. Тэгээд энэ жил ургийн баяр хийх гэж байгаа чамтай ярих юм их байна гээд Цогзолмаа, Энхтогтох бид гурав манай гэрийн гадаа буугаад Эрдэнэбаатар яваад өгсөн. Тэгээд бид гурав манай гэрт ороод Цогзолмаа, Энхтогтох бид гурав ингэний ундаа хувааж уусан. Тэгээд манай гэрт байсан тал шилтэй эден гэдэг архи байхаар нь тэрийг бид гурав хувааж уусан, тэгээд Цогзолмаа бид хоёр дэмбээдэж ингэний ундаа уусан. Тэгж байгаад гэрээс гараад тамхи татаж байгаад нэг мэдсэн чинь явчихсан байсан. Тэгээд үүний дараа нь Энхтогтох бид хоёр юм ярьж сууж байгаад Энхтогтох нь эхнэртэйгээ утсаар яриад эхнэрлүүгээ хамаатныхаа айлд байна ирээд аваадах гээд ярьж байсан. Тэгээд утсаар яриад дуусчихаад сууж байгаад Энхтогтох нь гэнэтхэн босож ирээд пизда минь чамайг би алгадчих уу гэхээр нь чи яахаараа намайг алгаддаг юм бэ би чамд алгадуулах ямар гэм хийсэн юм бэ гэсэн чинь Энхтогтох чи яасан хайр хүргэсэн пизда вэ хайр хүрэхээр алгаддаг юм гэсэн. Тэгснээ намайг баруун талын хацар луу алгадчихсан тэгэхээр нь би чи яасан сэжгийн зантай юм бэ гээд уурлаад босоод ирсэн чинь тэр чи хайр хүрэхээр ингэдэг юм пизда минь гэсэн. Тэгээд би түүнийг бариад авах гэсэн чинь тэр өмнөөс намайг бариад авсан тэгэхээр нь би гараа тавиулах гэж ноцолдоод тэгсэн чинь цамцнаас зуураад тэгээд би гарыг нь тавиулах гэж ноцолдсон юм. Тэгсэн чинь чи яасан чадалтай жингэр вэ гичий вэ гээд байсан ... Энхтогтох нь миний баруун талын хацар луу нэг удаа алгадсан, бас ноцолдож байхад миний дээр гараад хөлөөрөө цээжин дээр өвдөглөөд суучихсан байхдаа толгой руу гараараа нэлээд хэд цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Ц.Эрдэнэбаатарын “...Намайг гэрт нь хүргэж өгөхөд Гансүхийн биед нь гэмтэж бэртсэн зүйл байгаагүй зүв зүгээр л байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,
Шүүгдэгч Л.Эын ... тэгээд Гансүхийн гэрт нь Гансүх хамт байсан эмэгтэй бид нар л архи уусан юм. Тэднийд архи ууж байгаад би согтчихсон байсан. Тэгээд хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ. Тэгээд хэрэлдээд хэрүүл маргаан хийгээд би унтсан юм шиг байгаа юм. ... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24,58-59/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 155 тоот шинжээчийн ... Д.Гансүхийн биед тархи доргилт, 2 нүдний дээд зовхи, доод эрүү, цээж, хэвлий, бугалга, шуунд цус хуралт, хуруунд зулгаралт, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-7/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Гансүх, шүүгдэгч Л.Э нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 64 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархай 13 ширхэг, гинж 1 ширхэг, цамц 2 ширхэг, товч 5 ширхэг, куртикний тасархай 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг тус тус устгаж, хар өнгийн савхи мэт зүйлээр хийгдсэн куртик 1 ширхэг шүүгдэгч Л.Эод буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Эод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Эод мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархай 13 ширхэг, гинж 1 ширхэг, цамц 2 ширхэг, товч 5 ширхэг, куртикний тасархай 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг тус тус устгаж, хар өнгийн савхи мэт зүйлээр хийгдсэн куртик 1 ширхэгийг шүүгдэгч Л.Эод буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА