| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0368/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 1-8 тоотод оршин суух, Их Монгол овогт Дугардалайгийн Баярсайханд /РД:ЧМ74061910/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Дугардалайгийн Баярсайхантай 2014 оны 04 сарын 04-ний өдрийн №ЗГ-358 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 2,20 хувь, жилийн 24,4 хувийн хүүтэйгээр олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 6-р хэсэг 1-8 тоотод хаягт байрлах 96 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0714000616 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0084510 дугаартай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 72 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 6,210,657.05 төгрөг, зээлийн хүү 2,898,444.35 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 02 сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Иймээс хариуцагчийг олж буй орлого болон барьцаа хөрөнгөнөөс дээрх мөнгийг нотариатын зардал гаргуулж УТХ-ийг хуулийн дагууу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баярсайхан нь 2014 оны 04 сарын 04-ны өдөр тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14,900,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Ингээд эхний сарын төлөлтийг 6 сард төлөөд, 7,8,9,10 сарын төлөлтийг хугацаанд нь төлж, 11,12 сарын төлөлтийг хугацаа хэтрүүлж 12 сард төлөөд, 2015 оны 1, 2 сарын төлөлтийг 2 сард төлж, 2015 оны 03 сараас хойш шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл зээлийг огт төлөөгүй юм. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 04-нд дууссан. Баярсайханы хувьд зээлийн гэрээний хугацааг сунгах талаар бидэнд бичгээр хандсан зүйл байхгүй. 2016 оны 09 сард Алтангэрэл ирж уулзаад энэ зээлийг би авсан байгаа юм, зээлийн хугацааг сунгаж өгөөч гэж хэлсэн, энэ үед зээлийн гэрээний хугацаа дууссан байсан учраас гэрээнд өөрчлөлт оруулах ямарч боломж байгаагүй. Уг зээлийг Алтангэрэл авсан гэж байгаа боловч бид зээлийн гэрээг Баярсайхантай байгуулж, зээл олгосон. Иймд зээлдэгч Д.Баярсайханаас зээлийн үлдэгдэл нийт 13,621,807.93 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярсайхан нь 2014 оны 04 сарын 04-нд 14,900,000 төгрөгийн зээлийг Капитал банкнаас авсан. Уг мөнийг би авсан юм. Зээлийн барьцаанд газар болон хувийн орон сууц барьцаалсан. Ингээд уг мөнгөөрөө автомашин худалдан авч тээвэрт явж байгаад машин эвдрээд орлогогүй болж зээлийн төлөлтийг 2015 оны 03 сараас хойш төлж чадаагүй юм. Тэгээд өмнө нь байсан эдийн засагч болон захиралтай нь уулзаж зээлийн хугацааг урт болгож, төлөлтийг багасгаж өгөөч гэж хэлэхэд боломжгүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь өнгөрдөг 9 сард дахиад банкин дээр очиж уулзахад мөн л боломжгүй гэсэн хариу сонссон. Миний хувьд барьцаанд тавьсан зүйлээ зарах гэж зар тавьсан боловч зарагдаагүй. Иймд үндсэн зээлийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн хүү 4,350,731.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Д.Баярсайхан нь нэхэмжлэгч Капитал банкны Зам-Үүд салбартай 2014 оны 04 сарын 04-ний өдөр 358 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14,900,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөд Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 6-р хэсэг 1-8 тоот хаягт байрлах 96 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0714000616 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0084510 дугаартай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 72 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг
барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Капитал банкны Замын Үүд салбар нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Д.Баярсайхан нь 2015 оны 03 сараас зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 04-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөгийг
төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал нь зээлийн эргэн төлөлтөнд доголдол үүсч байна, зээлийн төлөлтийн үнийн дүнг багасгаж, хугацааг урт хугацаагаар сунгуулах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж байсан боловч хүлээн аваагүй гэж зээлийн хүү төлөхөөс татгалзаж байгаа болно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний ерөнхий хугацааг сунгаж болно, энэ тохиолдолд зээлдэгч нь зээлийн ерөнхий хугацааг сунгуулах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заажээ. Гэтэл хариуцагч буюу зээлдэгч Д.Баярсайхан нь зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаарх хүсэлтээ нэхэмжлэгч талд бичгээр гаргаагүй, мөн амаар хэлж байсан талаарх баримтыг банкны зүгээс баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч тал зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ, гэрээний ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Мөн нэхэмжлэгчийг зүгээс зээл төлөх талаар нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж гэж үзнэ.
Дээрхээс үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хуульзүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч буюу зээлдэгч Д.Баярсайханаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 6-р хэсэг 1-8 тоотод хаягт байрлах 96 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0714000616 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0084510 дугаартай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 72 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийн үнээс үүргийн гүйцэтгэлээс хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал нь зээлдэгчийн олж байгаа орлогоос зээлийн үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хариуцагчийн бусад хөрөнгө орлогыг тодорхойлох боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатын зардалд 5,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд зээлийн гэрээнд нотариатын зардлыг гэрээний үүрэг зөрчсөн этгээдээр нөхөн төлүүлэхээр тохирсон боловч хэрэгт нотариатын зардалд 5,000 төгрөг зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Иймд нотариатын зардалд нэхэмжилсэн 5,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Дугардалайгийн Баярсайханаас /РД:ЧМ74061910/ зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,689,342.28 төгрөг, зээлийн хүү 4,350,731.05 төгрөг нэмэгдүүлсэн хүү 581,734.60 төгрөг нийт 13,621,807.93 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох нотариатын зардал 5,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 6-р хэсэг 1-8 тоотод хаягт байрлах 96 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0714000616 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0084510 дугаартай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 72 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийн үнээс үүргийн гүйцэтгэлээс хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 226,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 226,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД