Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 64

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ш.О,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш-н О-т холбогдох 1928000000164 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын ...........-ний өдөр Өмнөговь аймаг, ................  суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймаг Даланзадгад сум .................................. тоотод оршин суух хаягтай боловч одоогоор .................... газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Шаравдоржийн О, регистрийн дугаар ...................,

Шүүгдэгч Ш овогтой О нь Өмнөговь аймаг, ..............ум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр ............... худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Ттай маргалдан цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11-р сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд мөн маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Оийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эрүүл очсон байхад намайг согтуу ирсэн гэсэн. Хууль бусаар худаг гаргаж байсан болохоор нь энийгээ боль, хурал зөвлөгөөнөөр оруулж байж бол гэж хэлсэн. Т хэн чаддаг нь хийдэг болсон гээд тэрнээс болж муудалцсан. Одоо намайг занадаг ч юм уу? хүнд янз бүрийн юм ярьж явдаг. Заавал ялыг нь эдлүүлнэ гэсэн. Булганы цагдаа дээр хүртэл хэн чаддаг нь дийлдэг болсон цаг, одоо би чиний мууг чинь үзнэ гэж яриад байгаа. Уулзах гэхээр уулздаггүй, ярьдаггүй. Тэр хууль бус худаг гаргасан дээр нь юм хэлсэн болохоос өөрөөр маргалдсан зүйл байхгүй. Малын бэлчээр рүү шахаж худаг гаргаж байсан. Хоёр дахь өдөр нь Ттай архи ууж байсан. Гэхдээ нээх их согтоогүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би ерөнхийдөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг бөгөөд хааяа хөдөө гэртээ очиж хэдэн малаа эргэж тойрдог. Манай хөдөө гэр Булган сумаас урагш 24 кмт байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед О-н худгийн ард Отэй таарсан. Тэгээд О машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй шууд намайг мотоцикль дээр сууж байхад өшиглөж унагаагаад толгой руу гараараа 2 удаа цохиж авангуут нь би 2 гарыг нь барьж аваад за боль яаж байгаа юм бэ? ярилцаад шийдэх ёстой асуудал шүү дээ гэж От хэлсэн чинь О над руу чи малын бэлчээр дээр худаг гаргалаа гэж байсан...Ж.О мотоциклийн түлхүүр надад өгөөд миний машинд суу гээд над руу тэгж хэлэхээр нь би мотоцикльтойгоо явна гэсэн чинь намайг хүчээр машинд өргөж суулгаад худаг ус гаргаж байгаа хүмүүс рүү явъя гээд хоёул очсон... Мөн над руу гараараа толгой руу цохих гэхэд нь би бултаад цохиулаагүй. Тэгсэн шууд намайг О барьж аваад миний нүүр лүү 3 удаа мөргөхөд нь хоёр гарыг бариад авсан чинь нүүр лүү мөргөөд байсан. Тэгээд ахиад толгой руу 2-3 удаа мөргөсөн. Хамгийн сүүлчийн мөргөлт нь нилээн хүчтэй мөргөсөн. Тэгээд ахиад мөргөхөө больсон. Тэгснээ гартаа барьсан байсан машины түлхүүрээрээ миний нүүр баруун нүдний хавьд, мөн хацар хавьд хатгаад байсан. Тэгээд би барьж аваад зайлж унагаагаад С рүү ямаа хүлж байсан хүлээ аваад ир гээд хүлээ авч ирүүлээд хоёр гарыг нь ар талд нь хүлсэн боловч хүлээс нь сулраад тавигдсан. Тэгсэн О ахиад машинаа асаагаад С бид хоёрыг машинаараа дайрч ална гээд элдсэн. Тэгтэл Цэнгэл ах зогсоогоод машинаас нь татаж буулгаад цуг ажиллаж байгаа хүмүүсээ дуудаад ахиад гарыг нь хүлсэн. Тэр хооронд нь С бид хоёр мотоциклио асаагаад явах гэтэл мотоциклийн кадушкны утсыг тасдаад хаячихсан асахааргүй болгосон байсан. Тэгээд мотоциклио асаагаад С бид хоёр яваад утсаар цагдаа руу яриад хэлсэн. Гомдол санал гээд юу байхав. От энэ хууль ямар байдгийг ойлгуулах тайлбарлаж хэлэх хэрэгтэй байна. Надад эмчилгээтэй холбоотой хохирол мөнгө мөн наашаа цаашаа явсан бензин тосны зардал зэргийг гаргуулмаар байна. Эмчилгээнд 28.000 төгрөг, зураг авахуулсан хэдэн төгрөг гарсныг нь мэдээгүй. Наашаа цаашаа явсан гээд 60.000 төгрөгийн бензиний мөнгө зэргийг гаргуулмаар байна... Тухайн үед машиных нь хажууд очоод зогсоод мотоциклиос бууж амжаагүй байтал О ирээд мотоцикльтой хөл хавсраад зөв талаас тийрээд унагаасан. Тэгээд газарт мотоцикльтой унасны дараа зүүн талын хавирга хавьцаа нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хавирга гэмтсэн байсан. Мөн толгой руу цохих үед нүүр хавьд шалбарсан байх, тэрийг тухайн үед мэдээгүй байсан... Дутуу гэдэг учир нь О намайг хэл амаар доромжилсон үйлдэл, амь насанд заналхийлсэн зэргийг дутуу би өөрөө мэдүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь дутуу өөр дахин энэ үйлдлүүдийг хамруулан зүйлчлэх ёстой гэж ойлгож тайлбарласан. Бусдаар буруу мэдүүлсэн юм байхгүй, буруу гэсэн утгыг О мэдүүлэгтээ намайг эхлээд хутгална гээд мотоциклийнхоо ганзага руу гараа хийсэн тэгэхээр нь би өшиглөсөн гэж мэдүүлснийг буруу гэж хэлсэн байх, би тэгж хэлээгүй... Өмнө нь хохирол 88.490 төгрөгийн хохирлыг төлсөн байсан. Дараа нь би өөрөө аймгаас мотоциклио 25.000 төгрөгөөр сэлбэг авч тавьсан, мөн энэ хохирсон хугацаанд гэр орон харах мал маллуулахаар хүн хөлсөөр авч ирж маллуулаад 350.000 төгрөгийн хөлс өгсөн, нийлээд 375.000 төгрөгийн хохирол учирсан. Бэлнээр 200.000 төгрөг өгч байсан, өмнө нь урьдчилгаа гээд 150.000 төгрөг орчмын идэх, уух болон ахуйн хэрэглээний зүйл бэлдэж өгч байсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэлж байсан, хүнд адилхан хууль үйлчлэх ёстой. Энэ хохирсон үед хүнд мал маллуулж хөлс өгсөн төлбөрийг барагдуулбал гомдол санал байхгүй. /хх-ийн 07-11, 112-114-р хуудас/  

Гэрч Оч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...би хүнсний ямааг нь аваад худаг гаргаж хүмүүс дээр иртэл О тэр хүмүүс дээр ирчихсэн над руу ус гаргаж байгаа ажлаа зогсоо гээд хэлэхээр нь би мэдэхгүй цаанаас аймгаас гаргаж байгаа гэсэн, би мэдэхгүй гэсэн. Тэгээд байж байтал араас Т мотоцикльтойгоо ирсэн чинь Т руу энэ ажлаа зогсоо гээд дайраад байсан. Т О нар хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ О машинаасаа дугуйн дроцов гаргаж ирээд Т бид хоёр руу дайрсан. Тэгэхээр нь бид хоёр зугтаасан чинь дугуйн дроцовоо хаячихаад ахиад машинаасаа лоом гаргаж ирээд Т бид хоёр туулгаад байсан. Тэгсэн Т О рүү чи наад лоомоо хаячих учир зүйгээ олъё гээд хэлж байх шиг байсан. Тэгсэн О лоомоо хаясан. Тэгтэл тэр хоёр барилцаж аваад дээр доороо ороод байгаа харагдсан. Т над руу чи уяа аваад ир гэхээр нь уяа аваад очсон чинь О нь би одоо зүгээрээ эвээр яръя гээд байхаар нь Т тавьсан чинь босож ирээд О машинаа унаад Т бид хоёрыг машинаараа туулгаад тэр ажил хийж байгаа хүмүүсийг утас шланкан дээгүүр нь машинтайгаа гарсан. Тэгээд нэг юм машинтайгаа О зогсохоор нь худаг гаргаж байсан хүмүүс Оийг барьж аваад уяагаар хоёр гарыг нь хүлсэн. Тгийн баруун шанаа хавьд нь шалбарсан, уруул бага зэргийн хавдсан байсан. /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч Д.Цэнгэлжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган сумын нутаг Хашаатын худгийн хавьд Ты өвөлжөөний баруун урд хэсэгт худаг гаргах гээд доош нь өрөмдөж байхад нэг мэдсэн чинь С мал аваад ирсэн байсан. Тэгтэл удалгүй араас Т О нар ирчихсэн байсан. Бид нарын худаг гаргаж байгаа газар чинь их дуу чимээтэй байдаг болохоор нэг мэдсэн тэр гурав ирсэн байсан. Тэгтэл худаг гаргах гаргахгүй асуудлаас болоод Т О нар хоорондоо маргалдсан юм билээ. Тэгээд бид нар ажлаа хийж байтал нэг харсан О Т нар хоорондоо барилцаад зогсож байгаа харагдсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Дээр доороо ороод ноцолдоод байгаа харагдсан. Тэгтэл О машинтайгаа бид нарын ажил хийж байгаа газрын шланкан дээгүүр гарахаар нь би очоод машинаас нь буулгаад уяа авч ирүүлээд Оийн гарыг ард хүлээд орхисон чинь 5-10 минутын дараа ахаа намайг тавьчих гээд хашхираад байхаар нь очоод гарын хүлээг нь тавьсан. Тэгтэл О Т нар яваад өгсөн байсан. Оийн гарын хүлээг нь тавьсан чинь гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. /хх-ийн 22-24-р хуудас/

Гэрч Ту мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10-11 сард байх яг хэдэн сард байсныг нь санахгүй байна. Намайг гэрийнхээ урд байдаг худаг дээр малаа услаад байж байхад О өөрийнхөө портерыг уначихсан хажууд нь Т суучихсан тэр хоёр ирээд О тантай уулзах гэж ирлээ, Т худаг гаргах гээд байна, саяхан багийн хурал болсон, багийн хурлаар шийдсэн гээд Т яриад байна, та хуралд суусан юм чинь тэрийг худаг гаргая гэж ярьсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би хуралд суусан багийн хуралд тийм худаг гаргана гэж огт яригдаагүй гэж хэлсэн. Худаг ус гаргая гэж яригдсан зүйл болоогүй, тэгээд хурал тарсан гэж хэлсэн. Хавцгайт баг, Дал багийн адуу малийн бэлчээр учраас тэнд худаг гаргахыг малчид зөвшөөрөхгүй байх гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр босоод О, Т руу явъя гэж хэлээд машиндаа суугаад буцаад явцгаасан. Ты хацар хавьд нь байх шалбарсан байгаа харагдсан. О юм мэдэгдээгүй шарх сорви байхгүй байсан байх. /хх-ийн 115-117-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №670 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Тгийн биед духны баруун хэсэг, баруун хацар, баруун шанаанд жижиг шархтай, уруул, баруун гуя, төмсөгний доод хэсгүүдэд арьс салст нь няцарсан, зүүн талын 2 хавирганы яс хугарсан, орчны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. Тгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тгийн биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тгийн биед учирсан 2 хавирганы яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № ӨМ 20/34 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн /Кудактори/ 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 5.500 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн /Кадушка/ 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 7.000 төгрөг, нийт 12.500 төгрөг гэжээ. /хх-ийн 121-123-р хуудас/

Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Дал багийн нутаг Эхэн эрэг гэх газар нутагладаг. 2019 оны 11 сарын 07-ны үдээс өмнө малаа эргүүлж яваад манай гэрээс баруун хойш 3 км гаруй орчимд худаг гаргадаг өрөм зоолттой харагдсан. Тэгээд худаг гаргаж байгаа хүмүүс дээр очиж уулзсан. Тэгсэн чинь Т танай хавийн малчин энэ худгийг гаргуулна гээд бид нар ирсэн худаг гаргах гэж байна гэхээр нь та нар яагаад багийн иргэдийн хурлаар оруулаагүй яагаад ингээд ухаж байгаа юм гэж хэлсэн чинь тэр Цэнгэлжаргал гэдэг хүн /нэрийг сүүлд нь мэдсэн/ мэдэхгүй Т гэдэг хүнтэй очиж уулз гэсэн. Тэгэхээр нь яваад Тыг эрээд явж байсан чинь Хашаатын худгийн ард Ттай таарсан. Тэгсэн Т нилээн согтуу байсан. Тэгэхээр нь би та гэрийнхээ хойд ар дээр худаг гаргахгүй яасан юм бэ? эсвэл Хашаатын худгийг сэргээчихээ гэсэн чинь, Т хэн чаддаг нь хийдэг болсон цаг нэгэнт эхлүүлчихсэн ажил болохоор чи яадгийн гээд хоорондоо маргалдаж хэрэлдээд байж байсан чинь Т намайг хутгална гээд мотоциклийнхоо ганзага руу гараа хийхээр нь хутга гаргаж ирээд намайг хутгалах нь гэж бодоод биеийнх нь зүүн хэсэг хавирга хавь руу нь тийрчихсэн. Тэгээд би нэг шил архи машинаасаа гаргаж ирээд тэндээ С Т бид гурав талыг нь уугаад Т мотоцикльтойгоо би Стэй цуг Т-д хүргэж өгөөд би гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь Ты мотоциклийн түлхүүрийг авч очиж өгөөд Ттай үлдэгдэл өмнө өдрийн архиа хувааж уучихаад Хонгор толгойд байх Ту ахынх руу хамт явсан. Очоод Ту ахад би Т ингээд худаг гаргаж байна гэсэн чинь Ту ах би мэдэхгүй яагаад багийн хурлаар хэлэлцүүлээгүй ямар учраас яаж гаргаж байгаа худаг вэ гэсэн. Тэгсэн Т би суманд нэг ус гаргах зөвшөөрөл байсан тэрийг нь би авсан юм аа гэж байсан. Тэгээд бид хоёр буцаад гэр лүү явсан байх. Тэрнээс хойш яг юу болсныг нь мэдээгүй нэг мэдсэн худаг гаргаж байгаа хүмүүсийн тэнд хүлээтэй хэвтэж байсан. Хавирга хавьд нь ганц удаа өшиглөсөн, өөр цохиж зодоогүй. Тухайн үед маргааш нь Ттай маргаад бас юу болсныг сайн санахгүй байгаа. Тыг өшиглөж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би Ты нүүрэн тус газар түлхүүрээр хатгаагүй. 2019 оны 11 сарын 07-ны өдөр анх уулзаад гэрийн гадаа нь очиход над руу хэн чаддаг нь худаг гаргадаг юм гээд өөдөөс давшлаад байхаар нь би өөдөөс нь Ты нүүр рүү нэг удаа базаад цааш нь түлхсэн. Тэгэхэд нүүрэнд хумсаараа урж шалбалсан байж магадгүй, харанхуй болж байсан болохоор анзаараагүй. /хх-ийн 29-32, 118-119-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 57, 69-70-р хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О нь Өмнөговь аймаг, Булган сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаатын худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Ттай маргалдан цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд мөн маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ты эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтэд: Тгийн биед духны баруун хэсэг, баруун хацар, баруун шанаанд жижиг шархтай, уруул, баруун гуя, төмсөгний доод хэсгүүдэд арьс салст нь няцарсан, зүүн талын 2 хавирганы яс хугарсан, орчны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. Тгийн биед учирсан  2 хавирганы яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Ттай маргалдан цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд мөн маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангавал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсний дагуу шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна гэж үзэв. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч О нь санаатай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч, иргэний нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т нь “...Өмнө нь хохирол 88.490 төгрөгийн хохирлыг төлсөн байсан. Дараа нь би өөрөө аймгаас мотоциклио 25.000 төгрөгөөр сэлбэг авч тавьсан, мөн энэ хохирсон хугацаанд гэр орон харах мал маллуулахаар хүн хөлсөөр авч ирж маллуулаад 350.000 төгрөгийн хөлс өгсөн, нийлээд 375.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг өгч байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчид 88490 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримт болон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Харин мал маллуулахаар хүн хөлсөөр авч ирж маллуулаад 350.000 төгрөгийн хөлс өгсөн гэх боловч малыг нь хэн, хэдэн төгрөгөөр маллаж байгаа, гэрээ байгуулсан эсэх талаарх нотлох баримт байхгүй төдийгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би ерөнхийдөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг бөгөөд хааяа хөдөө гэртээ очиж хэдэн малаа эргэж тойрдог... /хх-ийн 07-11, 112-114-р хуудас/  гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогч өөрөө малаа малладаггүй аймгийн төвд амьдардаг талаараа тодорхой мэдүүлсэн байх тул мал маллуулсан гэх 350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ты эзэмшлийн мотоцикльд 12.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № ӨМ 20/34 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн /Кудактори/ 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 5.500 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн /Кадушка/ 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 7.000 төгрөг, нийт 12.500 төгрөг /хх-ийн 121-123-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Ты мотоцикльд учирсан хохирол болох 12.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Улсын яллагч: Шүүгдэгч От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал,  шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, түүний эрүүл мэндийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч Тд шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд журмын дагуу мэдэгдэж, хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүхээс удаа дараа хангасаар байхад хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн саналаар хохирогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Ш-йн Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оээс 12.500 төгрөг гаргуулан хохирогч Тд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс мал маллагааны хөлс 350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчид 88.490 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.         

6. Шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА