Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 99

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч А.Т,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008580040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 06 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  А.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг 9-21-2 тоотод 2019 оны 12 сарын 8, 9-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Т нь 2019 оны 12 сарын 8, 9-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг 9-21-2 тоотод эхнэр Б.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Дийн ... Намайг манай нөхөр А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд буузны жигнүүр болон манай гэрт байх улаан өнгийн сандлаар цохиж зодсон ... мөнгө олдохгүй байсан яг энэ үеэр банкны хүмүүүс манай ар гэр рүү ярьж тэрнээс болоод Түвшинжаргал бид 2-ын дунд хэрүүл болсон ... би нөхөртөө хардуулах зүйл хийгээгүй, өөрөө хий намайг хардаад байнга гэрт байлгах гээд байдаг байсан ... чиний утсанд ямар мессеж ирээд байгаа юм гээд намайг өшиглөөд миний хийж байсан буузны жигнүүрээр зүүн гар руу цохиод манай гэрт байсан хуванцар ягаан өнгийн сандлаар миний толгой руу цохиод миний толгойг хагалсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө босоод гараад явсан, орой ирээд миний утсанд ирсэн мессэжний талаар яриад хардаад би гэрийнхээ буйдан дээр сууж байсан чинь урд ирээд миний 2 хөл рүү ээлжлээд олон удаа өшиглөөд байсан ... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ очоод байж байсан чинь манай нөхөр А.Т согтуу ажил дээр ирээд агсам тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12/,

            Гэрч А.Батжаргалын ... А.Т хөдөө орон нутгаар барилга бариад гэртээ зун, намар байгаагүй, тэр хооронд эхнэр нь өөр хүнтэй уулзаад яваад байсан, хос дугаар гарч ирсэн тэгээд тэсэлгүй сандал авч шидсэн гэж ах надад хэлсэн, гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

Насанд хүрээгүй гэрч Б.Содончимэгийн ... ээжийн утсанд мессеж ирсэн тэгээд аав авч уншсан, чи хүний зүрх сэтгэлийг булаачихаад гэсэн утгатай байсан, ээж чамд ямар хамаатай юм гэж хэлээд эхэлж аав руу буузны жигнүүр авч шидсэн аав тэр жигнүүрийг буцааж шидсэн тэгтэл ээж хуванцар улаан өнгийн сандал авч шидсэн, аав тэр сандлыг эргүүлж шидсэн тэгээд тэр хоёр хоорондоо хэрүүл хийсэн, аав дүү бид хоёрыг гэрийн хойно байрлах эгчийнд орж бай гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ дагуулаад эгчийнд орсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

Шүүгдэгч А.Тын ... би эхнэрээ цохиж зодоогүй буузны жигнүүр, сандал авч шидлэхээр нь би буцааж шидсэн нь үнэн тэрний өмнө манай эхнэр Долгорсүрэн гар бөмбөг тоглоод хамаг бие хөхөрсөн байх гэж бодож байгаа, хоёр шуу нь хөхөрсөн байсан ... би сандал болон буузны жигнүүрээр цохиж нэг удаа түлхсэн нь үнэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 27 тоот шинжээчийн ... Б.Дийн биед тархи доргилт, дагзанд шарх, зовхи, бугалга, шуу, гуя, шилбэ, тавхайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 26/, хэрэгт эд мөрийн баримтаар буузны жигнүүр, улаан өнгийн хуванцар сандал, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 20-24/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

            Хохирогч Б.Долгорсүрэн нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын түр хамгаалах байранд 2019 оны 12 сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 18 хоног байрлаж үйлчлүүлсэн байх бөгөөд нэг өдрийн үйлчилгээний зардал 11.450 төгрөг нийт 206.250 төгрөгийг гэм буруутай этгээдээс уг зардлыг гаргуулахаар холбогдох баримтын хамт ирүүлжээ.

             Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбараас шүүгдэгч А.Таас нэхэмжилж буй 206.250 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул шүүгдэгч А.Таас 206.250 төгрөг гаргуулж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.Долгорсүрэн нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.Т нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэргийн 71-111 дүгээр хуудсанд шүүгдэгч А.Тын биеийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ хийлсэн баримт авагдсан байгааг дурдав.

Шүүх шүүгдэгч А.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч А.Т нь хохирогчид төлөх төлбөргүй тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Тын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хуванцар сандал, буузны жигнүүр зэргийг устгаж, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Тд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Тын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Тд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Тын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 206.250 төгрөг гаргуулж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар /төрийн банкны 230000029973 тоот данс/-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хуванцар сандал, буузны жигнүүр зэргийг устгаж, шүүгдэгч А.Т нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.