Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 98

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Г.Дуламсүрэн

Шүүгдэгч С.Д, Ч.Ц,  

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Д, Ч.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007130078 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 17-ны дөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2000 оны 01 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Д,

2. Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Ц,

            Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Д, Ч.Ц нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Антены нуруу гэх газраас Ц.Энхнасангийн эзэмшлийн 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Энхнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Антены нуруу” гэх газраас 2 тооны адуу алдагдаж тухайн үед эрж хайсан боловч олдоогүй, тухайн үедээ Баян-Овоо сумын цагдаагийн хэсэгт алдуулаар бүртгүүлсэн байсан. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн баруун хойд талд байх эзэнгүй хашаанаас манай алдсан гэх 2 тооны адууны арьс шир, толгой шийр гэдэс дотор олдож тухайн үедээ бид нар хулгайд алдагдсан талаар мэдэж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд манай 2 тооны адууг Дамдиндорж, Цэнгэлбаяр гэх 2 залуу хулгайлсан болох нь тодорхой болсон ... Миний алдсан гэх адуу нь галтай сар тамгатай 4 хөл шийр цагаан хээр зүсмийн их насны морь байсан. Харин нөгөө морь нь хөх бор зүсмийн их насны морь галтай сар тамгатай морь байсан юм. ... Баянхонгор аймгийн баруун талд байх малын блокон хашааны хойд талд байх адууны шир, шийр толгой зэргийг хархад манай алдсан гэх адуу мөн байсан, зүсээр харж өөрийнхөө адууг таньсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 29/,

Шүүгдэгч С.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх аа би Баянхонгор аймагт гэртээ байж байтал Цэнгэлбаяр мотоцикльтой ирээд хоёулаа хөдөө явчихаад ирье гэхээр нь орой 18 цагийн орчимд хойшоо Баян-Овоо сумын чигтээ явсан. Баян-Овоо сумын Антены нуруу гэх газар явж байтал 40 гаран тооны адуу таарахаар нь Цэнгэлбаяр бид 2 уг адуунаас 2 тооны адууг хулгайлж нядлаад махыг нь зарахаар болж 2 тооны адууг Баянхонгор аймгийн ар талд блокон хашаанд махыг нядалж аваад арьс, шир, толгой, шийр гэдэс зэргийг нь хаяад махыг нь мотоцикль дээр ачиж Баянхонгор аймаг оруулж Цэнгэлбаярын ахынх нь амбаарт оруулж хоноод маргааш нь махыг Дунд зах дээр 1 танихгүй эрэгтэй ченж ахад махыг нь 1.500.000 төгрөгөөр зараад хуваагаад авсан ... Цэнгэлбаяр бид 2 адууг 1.500.000 төгрөгөөр зараад 750.000, 750.000 төгрөгөөр хувааж авсан ... би тухайн үед 2 тооны адуу хулгай хийж байгаагаа мэдсэн Цэнгэлбаяртай хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,

Шүүгдэгч Ч.Цын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх аа яг өдрийг нь сайн санахгүй байна Дамдиндоржийн хамт би өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн саарал өнгийн мотоциклиор Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Антений нуруу гэх газраас 40 гаран тооны адуун дотроос 2 тооны адууг барьж аваад Баянхонгор аймгийн Баруун хойд талд малын хороон дотроос уг 2 тооны адууг нядалж арьс, шир, толгой шийр гэдсийг нь тэнд хаяад махыг нь мотоцикль дээр ачиж Баянхонгор аймаг руу оруулж ирээд хамаатны ахынх болох Ганхүүгийн эзэнгүй амбаарт махаа оруулж тавиад маргааш нь Дамдиндорж бид 2 дунд зах дээр нэг танихгүй ченжид 2 тооны адууны махыг 1.500.000 төгрөгөөр зараад 750.000 төгрөгөөр хувааж авсан юм...Дамдиндорж бид 2 адууны махаа танихгүй ченжид зарсан, одоо уг ченжээ танихгүй ... Миний тухайн үед унаж явсан гэх мотоцикль байхгүй, тухайн үедээ унаж байгаад эвдрээд дууссан, одоо уг мотоцикль байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41, 71-72/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2, 5-6/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 18-21/,

“Энх-Нахиа” ХХК-ны алдагдсан 2 тооны адууг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/,

“Энх-Нахиа” ХХК-ны гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/,

Шүүгдэгч С.Д, Ч.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 74-98/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч С.Д, Ч.Ц нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Антены нуруу гэх газраас Ц.Энхнасангийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Энхнасангийн мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, “Энх-Нахиа” ХХК-ны алдагдсан 2 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Д, Ч.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Д, Ч.Ц нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Энхнасан нь хохиролоо нөхөн авсан цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Д, Ч.Ц нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ч.Ц нь өөрийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй мустанг 5 маркийн саарал өнгийн мотоциклиор мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шүүгдэгч Ч.Цаас 1.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Д, Ч.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч С.Д, Ч.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.Д, Ч.Ц нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт тус бүр 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт тус бүр оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д, Ч.Ц нар нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт тус бүр оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ч.Цын эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийн үнэ 1.000.0000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.Д, Ч.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.