| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 65
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Ба,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овгийн Б Ба-д холбогдох 2028000830059 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............. оны ..... дугаар сарын ......-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, ..... настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мэнд транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................................................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овгийн Б Ба, регистрийн дугаар ...........................,
Шүүгдэгч Б.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад ....................................... хашаанд Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Баийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ба шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед таксинд приус 10 маркийн 8428 ӨМҮ улсын дугаартай явж байсан. Тэгээд 23 цаг 50 минутын орчим Баруунсайхан Тод баян дэлгүүрийн баруун талын засмал замаас үл таних 2 хүн гар өргөж машинд суугаад архи байна уу 2 шил архи авъя гээд архи зардаг дэлгүүр асуусан. Би архи байхгүй зардаг дэлгүүр мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд нэг хүн нь эндээ буцаж ирнэ гэж хэлээд Хурд авто засварын тийшээ яв гэж хэлсэн. Тэгээд Хурд дэлгүүрийн баруун талын онгорхой хашаа руу орж зогсоод нэг хүн нь буугаад хашаанд байсан залгаж барьсан 2 гэр рүү орсон. Тэгээд удалгүй нөгөө хүн таксины мөнгө нь хэд болох вэ гэж асуусан. Тэгэхэд нь би буцаад явах бол таван мянган төгрөг болно гэж хэлсэн. Тэгсэн машинд үлдсэн нэг хүн нь нөгөө хүнийхээ араас гэрлүү орсон. Удалгүй эхэнд нь орсон хүн гарч ирээд хоёр мянга таван зуун төгрөг өгөөд яагаад таван мянган төгрөг болдог билээ гээд асуухаар нь би буцаад явна гэж хэлсэн болохоор тэгж хэлсэн гэж хэлээд ухраад гарах гэтэл тэр хүн урд дугуйны доогуур хөлөө хийгээд намайг явуулахгүй болохоор нь машинаасаа буугаад тэр хүнийг холд гээд түлхсэн чинь намайг зөрүүлээд толгойгоороо миний нүүр рүү мөргөөд намайг татаад арагшаа унасан. Би дээрээс нь давхралдан унасан. Тэгсэн араас хоёр хүн миний хоёр гараас барьж аваад намайг татаж босгосон чинь намайг мөргөсөн хүн миний цээж рүү өшиглөж газар унагасан. Тэгээд бүгдээрээ нийлж өшиглөж, цохиод байсан. Тэгээд намайг 2 талаас куртикнээс татаж босгоход нь би куртикээ тайлаад зугтаж хашаанаас гарч яваад толгой эргээд унасан. Тэгсэн чинь араас намайг мөргөсөн залуу ирээд дээрээс дэвсэж, нүүр лүү өшиглөж байсан. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд сэргэсэн чинь хажууд хүн байгаагүй би босоод нөгөө айлын хашаанд байсан машин дээрээ очиход хашаан дотор намайг зодож байсан нэг хүнийг хоёр эмэгтэй хүн гарнаас нь барьчихсан хорьсон байдалтай байж байсан. Тэгээд би машинаа унаад тэндээс яваад гэртээ очиход машинаасаа буугаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрэхэд гэртээ орчихсон орон дээрээ хэвтэж байсан. Тэд нар миний нүүр лүү өшиглөснөөс болж миний нүүр хавдаж, хөхөрсөн, цээж рүү өшиглөснөөс болж цээж хөндүүртэй байна, толгой руу өшиглөснөөс болж толгой их өвдөж байна, толгойд хавдартай байна... Намайг мөргөж унагаасан хүн надтай уулзаад уучлалт гуйгаад хохирол барагдуулъя гээд надад эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн. Одоо ханиалгахаар цустай цэр гарч байгаа. Би хотод очиж үзүүлэх гэж мөнгө авсан. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүнтэй учраа олсон байгаа. /хх-ийн 07-10-р хуудас/
Гэрч Б.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн үед таксинд явна гээд гэрээсээ гарч явсан. Тухайн үед биед нь гэмтэл шарх байгаагүй эрүүл гарч явсан. Тэгээд шөнө 00 цаг жаахан өнгөрч байх үед А машинтайгаа гэрийн гадаа ирж зогсчихоод дуудаад байхаар нь хүүхэд гарсан чинь А машинаасаа буугаад уначихсан байна гэхээр нь би гарсан чинь А ухаан алдсан бололтой байсан. Тэгэхээр нь өндийлгөсөн чинь ухаан орсон. Тэгээд яасныг нь асуусан чинь намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Нүүрэнд хацар нь улайсан, хөхөрсөн, толгойнд нь хавдсан байсан, бас өвдөг нь шалбарсан байсан. /хх-ийн 11-р хуудас/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр танил хамт ажилладаг жолооч Баийн гэрт очиж хамт машиныг нь засалцсан. Тухайн үед Т, Ба бид 3 байсан. Тэгээд Т гэртээ байсан нэг шил архийг гаргаж хувааж уусан. Тэгээд өдөр 15 цагийн үед би Мөнгөн гэдэг хүнийг дуудаж машин жолоодуулаад хамтдаа явж Төгөлийн хамгийн хойд талын эгнээнд мод үржүүлэхийн тортой залгаа хашаатай хүмүүсийн ярьдгаар “муухай Пүрэв”-ийнх гэдэг айлд очсон. Тэр айл хашааныхаа зүүн хойд буланд байдаг жижиг байшингийн цонх нь онгорхой байхаар нь би цонхоор нь шагайгаад харсан чинь дотор нь 50 гаран насны бололтой нэг өвгөн сууж байсан. Тэгэхээр нь архи байна уу гэж асуусан чинь байна гэсэн. Тэгээд 1 шил 0,75 грамм Ерөөл нэртэй архийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд буцаж Тын гэрт очоод авсан архиа хувааж ууцгаасан. Мөнгөн намайг хүргэж өгчихөөд буцаад явсан. Тэгээд бид нар машинаа засч байгаад тэр архийг ууж дуусгаад орой нар шингэж байх үед би баруунсайханы 13-17 тоот руу гэр лүүгээ харьсан. Би гэртээ очоод гар утсаа Тө-ын гэрт мартсан байснаа санасан. Тэгээд Ба лүү яриад гар утсаа асуусан чинь надад байхгүй гэсэн. Тэгээд би тэгвэл Тө-ын гэрт утсаа үлдээчихэж гэсэн. Тэгсэн чинь Ба нэлээд удаж байгаад шөнө манайд ирсэн. Тэгэхээр нь хамт явж Тын гэрээс гар утсаа авахаар гарсан. Тэгсэн чинь Ба надад би таксинаас нэг шил архи авахаар болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо архиар яахын бэ гэж хэлсэн чинь тэгвэл хүргүүлье гэсэн. Тэгж байтал нэг приус машин ирэхээр нь Ба бид хоёр Тын гэр лүү хүргүүлээд хашааны гадаа зогсохоор нь би буугаад Тын гэрт орсон. Тэгээд гар утсаа асуусан чинь машинд үлдээсэн байсан гэж хэлсэн. Тэгж байтал гадаа пижигнээд байгаа сонсогдсон. Тэгэхэд Т гараад явсан. Тэгээд би жаахан байж байгаад гарсан чинь Т, Ба нар хамтдаа гаднаас хашаанд орж ирсэн. Тэгэхээр нь юу болоод байна гэсэн чинь Ба энэ таксины жолооч намайг архи авсангүй гээд шалчигнаад байна тэрнээс болоод муудалцлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар хамтдаа гэрт нь орж байтал удалгүй Баийн эхнэр ирж бид нарыг авч явсан. /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Б.Тө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Ба, манай найз Эн нар манайд хамт машин зассан юм. Тухайн үедээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд тэр хоёр орой 21 цагийн үед гэр лүүгээ явцгаасан. Тэгээд би гэртээ эхнэртэйгээ унтах гэж байтал Э ирсэн. Тэгээд Ба бид хоёр хамт явж байгаа гэсэн. Тэгж байтал гадаа пижигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь Ба, нэг хүнтэй зууралдаад байхаар нь би очоод нэгнийх нь гарнаас татаад больцгоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Ба тэр хүнийг цохичих шиг болсон. Тэгсэн чинь нөгөө залуу нь хашаанаас гараад гүйсэн. Тэгэхэд нь Ба араас нь гүйгээд явчихсан. Тэгж байгаад удалгүй нөгөө залуу нь эргэж ирээд машинаа унаад явчихсан... Тухайн үед шөнийн 23 цаг өнгөрч байсан болохоор гадаа их харанхуй байсан. Тэгээд гэрээс гараад харсан чинь хоёр хүн зууралдаад байгаа харагдахаар нь очоод нэгнийх нь гарнаас татсан. Тухайн үед хэнийг нь таниагүй байсан. Тэгээд боль гэж хэлээд харсан чинь нөгөө таксины жолоочийн гарнаас татсан байсан. Хажууд манайд эгч Батхүү бас гарнаас нь татаад больцгоо гээд зогсож байсан. Ба хажууд зогсож байсан. Тэгээд би гарнаас нь тавьсан чинь нөгөө таксины жолооч хашаанаас гараад явчихсан. /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гадуур ажилтай явахад 15 цагийн үед надтай цуг ажилладаг Э утсаар яриад ............. тоотод хүрээд ир гэсэн. Тэгээд би ойрхон явж байсан болохоор удалгүй очиход Эн өөдөөс гарч ирсэн. Тэгээд бид хоёр Төгөл хорооллын хойд захад мод үржүүлэхийн хашаатай залгаа зүүн талаараа ордог хаалгатай хашааны үүдэнд очсон. Тэгээд Э эндээс архи авна гээд машинаас буугаад тэр хашааны хойд талд байрлах жижиг цонх бүхий жижиг байшингийн цонхон дээр очиж архи авч өвөртөө хийгээд хүрч ирээд машинд суусан. Тэгээд буцаад .................. тоотын үүдэнд Э-ыг буулгачихаад явсан. /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Ба, Б.Т нь миний төрсөн дүү нар, тэр таксины жолоочийг танихгүй, урд нь таарч байгаагүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. /хх-ийн 20-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аийн биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хэвлий, баруун гарын алга, 2 талын өвдөгний зулгаралт, зүүн хацрын цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/
Шүүгдэгч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ ээжийн хашаа руу явж машин янзлахаар гарсан. Замаараа ажлын найз Эн-ыг гэрээс нь аваад тэндээсээ ....... .... тоотод ээжийн хашаанд очиход миний төрсөн ах Т мөн машин янзлалцахаар хүлээж байсан. Бид гурав машинаа янзалж байгаад үдээс хойш ээжийг хөдөө явсны дараа ээжийн авдарт байсан нэг шил 0,75 литрийн Хараа архийг ууж дуусгаад Э манай төрсөн ах Мө-ыг дуудаж Мө-ны машинтай Э-, Мхоёр муухай Пү-ийнд очиж 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг авч ирсэн. Тэгээд бид 3 тэр архийг хувааж уусан. Удалгүй харанхуй болж манай эхнэр ирж Э бид хоёрыг аваад явсан. Явах замдаа Эыг гэрт нь хүргэж өгсөн. Би гэртээ ирээд амарч байхад 23 цагийн үед Э эхнэрийнхээ утаснаас залгаад өдөр машин янзалж байсан газар гар утсаа мартсан байна хүрээд ир цуг явъя гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад “Очир” тавилгын дэлгүүрийн үүднээс такси хөлслөөд найз Эыг гэр рүү Баруунсайханд байдаг “Тод баян” биллъярьдын газрын урд талын хашаанд очих замдаа таксины жолоочоос архи байна уу гэхэд архи байхгүй энэ хаяг руу чинь архи зардаг такси явуулъя гэж хэлсэн. Тэгээд би Эын гэрт ороод Эын хамт архи зардаг такси ирэхийг 20-30 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Эын хамт гэрээс нь гарч баруун талын засмал замаас таксинд гар өргөж суухад таксины жолооч бид хоёроос архи авах хүмүүс мөн үү гэж асуусан. Тэгэхэд нь бид хоёр мөн гэж хэлсэн. Тэгээд тэр такситай ....... .... тоодын хашаан дотор орж зогссон. Э түрүүлж машинаас буугаад гэр рүү орсон. Би машинаас буугаад жолоочийн цонхон дээр очоод 2500 төгрөг өгсөн. Тэгэхэд таксины жолооч архи авахгүй юм уу гэж асуусан. Би архи хэдэн төгрөг вэ гэж асуухад 50.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхэд нь би их үнэтэй байна авахгүй гэж хэлэхэд тэр жолооч машинаасаа бууж ирээд архи авахгүй юм бол яах гэж дуудсан юм гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би тэр хүний нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод, духаараа нэг удаа мөргөсөн. Бид хоёр зууралдаж байгаад газар унасан. Тэгээд би босохдоо тэр хүний гадуур хувцсыг нь толгой дээгүүр нь бүтээгээд доош нь дарж байгаад гурван удаа өшиглөхөд тэр хүн гадуур хувцсаа тайлаад гудамж руу зугтаасан. Би араас нь хөөж очоод барьж аваад доош нь тонгойлгож байгаад хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би буцаад хашаа руугаа явсан. Араас нөгөө хүн ирээд машинаа аваад явсан. Удалгүй манай эхнэр ирээд намайг аваад явсан. /хх-ийн 27-28-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/
“Бейбэн транс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 018/20-01 дугаартай тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хх-ийн 42-р хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ....... .... тоот хашаанд Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аийн биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хэвлий, баруун гарын алга, 2 талын өвдөгний зулгаралт, зүүн хацрын цус хуралт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Б.Аийн “...Намайг мөргөж унагаасан хүн надтай уулзаад уучлалт гуйгаад хохирол барагдуулъя гээд надад эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн... Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар 1.000.000 төгрөг хохирогчид өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ба нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 29-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолтод: “Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын ........................ хаягт Бу овогтой Ба /КК91060318/ ам бүл 2-уул оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов.” /хх-ийн 32-р хуудас/ гэснээр, “................” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 018/20-01 дугаартай тодорхойлолтод: Бу овогтой Ба /РД: КК91060318/ нь манай “............” ХХК-д Хүнд даацын авто машины жолоочоор ажилладаг нь үнэн болно.” /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ба нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 1.000.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Ба нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Аэд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Б Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А-д 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА