Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 802

 

Н.А, Э.Б, Ш.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав, И.Чимэдбадам,            

Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

Өсвөр насны шүүгдэгч Ш.Шгийн хууль ёсны төлөөлөгч Д.Шаравжамц,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Ш.Ш, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А, Э.Б, Ш.Ш нарт холбогдох эрүүгийн 201726020822 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.А, Ш.Ш, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ц.Быг “утсыг чинь худалдаж авъя”, “би эмэгтэй хүн байна”, “гэртээ орж wifi орж байна уу шалгаад, ээждээ үзүүлж байгаад авъя” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд дэлгүүрийн автобусны буудлын орчим I phone 6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилсны улмаас 600.000 төгрөгийн хохирол учруулсан.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” зочид буудалд Acer загварын компьютер, Epson брэндийн L210  загварын өнгөт принтерийг ашиглаж Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болох 10.000 төгрөгийн дэвсгэрт 48 ширхэгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.А, Э.Б, Ш.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Балсан хаалгач овогт Наранчимэгийн Н.А, Боржигон овогт Эрдэнэчулууны Э.Б, Шарнууд овогт Шаравжамцийн Ш.Ш нарыг "хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Өсвөр насны шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн

ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай
ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap сургалт-хүмүүжлийн тусгай
байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн
1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил сургалт-хүмүүжлийн тусгай
байгууллагад хорих ялаар, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 cap хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 cap хорих ял дээр Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил
хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 cap сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 cap сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аид оногдуулсан 2 жил 6 cap хорих ял, шүүгдэгч Э.Бт оногдуулсан 2 жил 6 cap хорих, шүүгдэгч Ш.Шд оногдуулсан 1 жил 6 cap сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ш.Ш нарын урьд цагдан хоригдсон 89 хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн 201726020900 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.А, Э.Б, Ш.Ш нарт авсан зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Epson брэндийн өнгөт принтер 1 ширхэг, холбогч 1 ширхэг, принтерийн залгуур 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, Acer брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар АА1913526 серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийн 48 ширхэг дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд шилжүүлж, принтерийн шингэн хор 4 ширхэг, бичгийн цаас, бор өнгийн хавтастай цаас 2, 15 см-ийн урттай ягаан өнгийн шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт амьдардаг. Миний өвөө, эмээ өндөр настай, тэтгэвэрт байдаг. Би Сайншанд сумын 4 дүгээр сургуулийг тасралтгүй онц дүнтэй дүүргэж, сургуулийн “шилдэг сурагч”, Дорноговь аймгийн “шилдэг сурагч” болж байсан. Мөн Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” алтан медаль, Боловсролын яамны “хүндэт жуух” гэх мэт олон шагналаар шагнуулж байсан. Аймгийн математик, физик, англи хэлний олимпиадын “тэргүүн байр”-ыг эзэлж байсан. 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалт өгч, МУИС-ийн Байгалийн ухааны салбар сургуульд элсэн орсон. Миний эцэг, эх амьдралын шаардлагаас болж хотод ажил хийж, амьдарч байсан. Би оюутан болж эцэг, эхтэйгээ хотод амьдардаг болсон ч оюутныхаа амралтаар эмээ, өвөө дээрээ байдаг байсан. Би хэрэгт холбогдохын өмнө МУИС-ийн Байгалийн ухааны салбар сургуульд суралцаж байсан. 2016 оны 10 дугаар сард МУИС-ийн оюутны холбоонд гишүүнээр элсэж орж, гишүүнээр ажиллах явцдаа Ш.Штэй анх танилцаж, үерхэж нөхөрлөж, цагийг хамтдаа өнгөрүүлж, хичээл номоо давтдаг байсан. Харин Ш.Шгийн найз Н.Аийг цаасан тоглоомын газар Ш.Штэй уулзах гэж очихдоо анх танилцсан. Н.Аийг таньдаг болоод арваадхан хоног өнгөрч байхад Н.А нь хүнд бие даалт хийж өгч, мөнгө олох гэсэн юмаа нөүтбүүк, принтер 2 олоод өгөх боломжтой бол олоод өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би багынхаа найзуудаас асуутал байсан болохоор нь очиж авч өгсөн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа намайг модны 2-т байрлах “Эндо” зочид буудалд гадагшаа гараад очиход хуурамч мөнгийг хийчихсэн байсан. Би болохгүй ээ, дэмий гэдгийг нь хэлсэн. Тэгээд орой болоход Ш.Ш, Н.А нар муудалцаад Н.А гараад явчихсан. Бид 2 Н.Аийн араас гараад хорооллын Москва рестораны автобусны буудал дээр зогсож байхад нь хараад Ш.Ш намайг очоод Н.Аийг дагуулаад ир, би замын цаана зогсож байя гэсэн. Би Н.А руу очиж цуг явъя гэтэл Н.А жаахан тайвширч байгаад очъё, та 2 буудалдаа очоод байж бай гэсэн. Бид 2 хэлснээр нь Н.Аийг хүлээж байтал гаднаас цагдаа нар дагуулж орж ирсэн. Тухайн үед би Н.Аийг хуурамч мөнгийг хэрэглэсэн гэж мэдээгүй. Цагдаа нар яагаад ирснийг ойлгоогүй байж байгаад энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Надад бусадтай бүлэглэн хуурамч мөнгөн тэмдэгт хийе гэсэн санаа зорилго байгаагүй. Би Н.Аийн хэлсэн үгэнд итгэж туслах зорилгоор найзуудаасаа нөүтбүүк, принтерийг авч хэрэглүүлсэн. Н.А хүний бие даалтыг хийж өгч мөнгөтэй болчихвол миний нөүтбүүкийг авч өгөх байсан учир бие даалт хийж хүнээс мөнгө авах гэсэн юм гэсэн түүний үгэнд итгэсэн. Би ид сурч боловсрох насандаа ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Сургуулиа төгсөж, мэргэжлээ сайн эзэмшээд нийгэмд сайн хүн болж эмээ, өвөөгийнхөө ачийг хариулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.    

Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж буй үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдолгүй, хуурамч мөнгө хэвлэх тухай огт мэдээгүй бөгөөд хуурамч мөнгө хэвлэхэд оролцоогүй. Энэ хэргийн холбогдогч Э.Б нь МУИС-д амжилттай суралцаж буй оюутан бөгөөд нийгмийн идэвхи сайтай, бусдад их тусархуу сайн хүүхэд. Түүний хувьд энэ хэрэгт мөн адил холбогдолгүй буюу хуурамч мөнгө хэвлэх талаар огт мэдээгүй, ямар нэгэн байдлаар оролцоогүй ба ямар нэгэн гэмт хэргийн санаа сэдэл байгаагүй. Иймд уг хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Э.Бийн гэм буруугийн асуудлыг хэт өрөөсгөл байдлаар дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Үүнд: Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн холбогдлын хувьд эхнээсээ мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хийхийг огт мэдээгүй болохоо мэдүүлдэг ба улмаар Н.А нь хүний юм хийх гэж байгаа юм хэмээн Э.Бт хэлснээр тэрээр уг зөөврийн компьютер, принтерийг найзаасаа авч өгсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүхээс түүний энэ санаа зорилгыг бодитойгоор үнэлэн дүгнэхгүйгээр Э.Б нь хуурамч мөнгөн дэвсгэртийг үйлдэх техник хэрэгслийг олж өгсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, шударга бус дүгнэлт боллоо. Өөрөөр хэлбэл Э.Б нь уг техник хэрэгслийг Н.Аийн хэлсэн үгэнд итгэж л түүнд туслах зорилгоор олж өгсөн ба нөгөө талаас тэрээр Н.Аийн энэхүү үйлдлийн учир холбогдлыг мэдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, улмаар түүний үйлдлийг ямар нэгэн байдлаар хөхүүлэн дэмжиж техник хэрэгслээр туслах санаа зорилго байдаггүй болно. Дээрх зүйчлэлийн гол шаардлага нь мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэж байгааг мэдсэн байхыг зүй ёсоор шаарддаг. Гэтэл энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах субъектив санаа зорилго байхгүй болохыг шүүх анхааран үзээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан "нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн заалтуудтай зөрчилдөж байгааг анхааран үзнэ үү. Шүүхээс Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцогчдын оролцооны хэлбэрийг хэргийн бодит байдалтай нийцүүлэн үйлдэл тус бүрээр нь зөв тодорхойлж дүгнэлт хийж чадаагүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч нэг бүрийг хуульд нийцүүлэн тогтоож, тэдний оролцооны хэр хэмжээгээр ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулах зарчмын заалтаар шүүх хэрэгжүүлж чадаагүй ба хамгийн гол нь хамтран оролцогчдыг тогтооход оролцсон этгээдүүдийн үйл ажиллагаа нь гүйцэтгэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх үндэслэлийг бодитойгоор дүгнэж чадаагүй болно. Э.Бийн гэм буруугийн холбогдолд мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн заалтаар зохих ёсны дүгнэлтийг хийгээгүй. Өөрөөр хэлбэл тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, уг хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бусдын зохиомол үйлдэлд татагдан оролцсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн холбогдлын хувьд Ш.Ш, Н.А нар нь урьдчилаад түүнийг уг хэрэгт ашиглан татан оролцуулах бүх боломжийг төлөвлөөд бусдын буюу энэ хэргийн хохирогч Батболдын "чат"аар түүнийг төлөөлж эмэгтэй хүн гэдгээр өөрийгөө танилцуулаад Э.Бийн өмсөж явсан хувцасных нь өнгийг хүртэл хэлж татгалзах боломжгүйгээр оролцуулсан болох онцлог байдал, мөн түүний хувийн байдал, эмэгтэй хүн манай ирээдүйн эх болох хүн, МУИС-ийн оюутан бөгөөд сурлага хүмүүжлийн хувьд ч маш их ололт амжилттай сургуульд суралцаж байх үеэсээ эхлэн сурлага хүмүүжил авъяас чадвараараа бусдыг ямагт манлайлан тэргүүлж явдаг хувийн онцлог байдал зэргийг харьцуулж огт дүгнээгүй орхигдуулсан болно. Э.Б нь хэрэг үйлдэх үедээ 18 настай байсны гадна энэ жил 19-хөн настай. Өөрөөр хэлбэл түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд ч хуульд харшлах зүйл байхгүй болно. Энэ хэргийн холбогдогч гүйцэтгэгч болох Ш.Ш, Н.А нар нь урьд дээрэм, хулгайн хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгүүлж байсны гадна Ш.Шгийн үгэнд Э.Б итгэх болсон гэх үндэслэл нь хайр сэтгэлийн харилцаа холбоотой байснаас улбаатай болохыг анхааран үзэх, өөрөөр хэлбэл Э.Б нь дөнгөж 10 дугаар анги төгсөөд оюутан болох хугацаандаа хөдөө орон нутгаас хот руу ирж хайр сэтгэлтэй гэх хүнийхээ үгэнд итгэж хөл алдаж, зөвхөн хайраар бүхнийг умартаж явсны гайгаар Ш.Шд олзлогдож, ийм нөхцөл байдалд өртөх болсон учир шалтгааныг шүүх анхаарч үзээгүй нь хачирхалтай байна. Иймд энэхүү үндэслэлээр Э.Бт холбогдох хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд "Э.Б нь цагдан хоригдоогүй" гэж дурьдсан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд Э.Бийг сэжигтнээр баривчилсан тогтоол авагдсан, суллагдсаныг хавсаргаагүй. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоож шийдвэрлээгүй. Шүүгдэгч Н.Аид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд “давж заалдах гомдол дээрээ нэмж гаргах тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч И.Чимэдбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн бодит байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 3 хүүхдийг байцааж тогтоосон. Мөнгийг А4 цаасан дээр канондоод 48 ширхэг мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоосон. Хуульчдын үнэлэлт дүгнэлт янз бүрээр дүгнэгдсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Монгол улсын цаасан болон зоосон мөнгийг Монгол улсын үндсэн мөнгөн тэмдэгт гэдэг. Уг үйлдсэн гэмт хэрэг нь өөрөө гэмт хэргийн объектив шинжийн нэг шалгуур нь ямар эрх ашигт халдаж байна гэдгээр хэргийн зүйлчлэл ялгагдана. Хэрэв үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулахаар хуурамч мөнгөн тэмдэг үйлдэх юм бол үндэсний аюулгүй байдалд халдсанаар, эсхүл юм олж идэх гэсэн санаагаар үйлдсэн бол залилангийн гэмт хэргээр зүйлчлэгддэг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн заалтууд хэвээр орсон. Бидний гарын авлага болгож байгаа сургалтын гарын авлага дээр мөнгөн тэмдэгт гэдгийг хүндрүүлэх нөхцөл байдал болгосон. Мэдээж санкцуудын хувьд өөрчлөгдсөн. 2002 оны Эрүүгийн хуульд мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн, ашигласан зэрэг үйлдэл нэмэгдсэн. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн. Энэ хүнд гэмт хэрэг бөгөөд хүний амины гэмт хэргийн хэмжээнд очихоор 2-8 жилийн хорих ялтай хэрэг байдаг. Гэтэл хүүхдүүд энэ гэмт хэрэгт ямар санаа зорилгоор оролцсон бэ гэхээр өмнө нь гар утас хулгайлаад олсон мөнгө нь дууссан учраас мөнгө олох зорилгоор, мөн өлссөн гэсэн мэдүүлэг харагддаг, энэ байдлаар хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэж, 8.500 төгрөг, 3.000 төгрөг, 11.000 төгрөгийн хор уршиг учруулсан үйлдэл байдаг. 2002 оны Эрүүгийн хууль, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд онцын өөрчлөлт гараагүй гэдэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тайлбаруудыг хэрэглэх боломжтой. ... Галдаа гэх хүний номонд хуурамчаар Монгол улсын төлбөр тооцоонд хэрэглэж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг харьцуулахад хэлбэр хэмжээ, өнгө будаг, нууцалсан тэмдэгтээр энгийн нүдээр хараад ялгагдахгүй дуураймлаар үйлдсэнийг ойлгоно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл аль ч гарын авлага гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг тайлбарлахдаа нүдээр хараад ялгагдахааргүй гэсэн шинжийг тодотгодог. Энэ хэргийн тухайд Цагдаагийн албан хаагч шөнийн 21 цагийн үед нүдээр хараад канондсан болохыг мэдсэн. Тэгэхээр үндсэн шинж нь байхгүй, харин залилангийн гэмт хэргийн үйлдэл харагддаг. Өөрөөр хэлбэл Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар компьютер ашиглаж бусдын эд хөрөнгө залилсан үйлдэл бүхий объектив шинж харагддаг. Мөн энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар нь 11.000 төгрөгийн хохиролтой. Миний үйлчлүүлэгчийн тухайд өсвөр насны гэдэг асуудлыг яагаад хөндөх ёстой вэ гэхээр эх Наранчимэгийн мэдүүлэгт өмнө нь өөр хэрэгт хохирогчоор тогтоогдож, 7-8 жил эмчлэгдсэний дараа эрүүл болно гэсэн дүгнэлттэй хүүхэд байдаг. Өсвөр насны хүүхдэд ийм хүнд гэмт хэргийн ангилалд орсон зүйл заалтыг ийм хайхрамжгүй нөхцөл байдлаар ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг Монгол банкны хууль тогтоомжид зааснаар Монгол банк эхлээд хуурамч мөнгө эсэхийг тогтооно. Үүний дараа криминалистикийн шинжээч томилж болно. Монгол банк мөнгийг хуурамч гэдгийг тогтоогоогүй, Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Батсайханыг байцаахад нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг хор уршигтай зүйл байхгүй гэдэг. Хуурамч мөнгөн тэмдэгт гэдэг асуудлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, бусад зүйлийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Шгийн хууль ёсны төлөөлөгч Д.Шаравжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гэмт хэрэгт хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Хүүгийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Шгийн гомдлыг дэмжиж, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, шүүх хуралдаанд оролцож байна. Ш.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.Ш хуурамч мөнгийг үйлдсэн, хадгалсан, ашигласан гэх баримт нотлох баримтаар нотлогдоогүй. Зөвхөн шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлгээр гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзэж, Ш.Шд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

Прокурор А.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.А, Ш.Ш, Э.Б нарт холбогдох хэрэгт дүгнэлт гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт гаргаж, тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдолд дурдагдсанаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан ял шийтгэл хөнгөрүүлэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Чимэдбадамын хэлсэн Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт нь үндэслэлгүй, шүүгдэгч Н.А, Э.Б, Ш.Ш нар нь бүлэглэж, үндэсний мөнгөн тэмдэгт 10.000 төгрөгийн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь уг мөнгөн дэвсгэртийг канондаагүй, флаш диск дээр зориудаар хадгалсан мөнгөн дэвсгэртийн зургийг хэвлэх төхөөрөмж ашиглаж, хэвлэсэн байдаг. Үүнийг мөнгөн дэвсгэртийн хэмжээнд тохируулан зүссэн. Уг хуурамч дэвсгэртээр шорлог борлуулж байсан хүнээс шорлог, баарнаас ундаа зэрэг зүйлийг худалдаж авах бүртээ уг хуурамч мөнгөө  өгсөн. Уг хуурамч мөнгийг авсан хүмүүс энгийн нүдээр хараад хуурамч гэдгийг ялгах боломжгүйгээр цааш  эд зүйл авахад борлуулж байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.А, Э.Б, Ш.Ш нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх Н.А, Ш.Ш, Э.Б нарыг насанд хүрээгүй хохирогч Ц.Бын гар утсыг хууль бусаар эзэмшилдээ авсан үйлдлийг “... хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч С.Батболдын “...Нөгөө эгч миний гар утсыг үзэж байгаад “та хоёр намайг дагаад яваарай” би гэр лүүгээ орж wifi-аар юм шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна” гээд дагуулаад явсан. Тэгээд хойд талд нь байрлах далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал үл таних өндөр, нам хоёр залуу бидний өөдөөс гарч ирээд, өндөр туранхай эрэгтэй нь манай найз Б.Галцогийг түлхээд, “та нар хэн юм бэ, юун хүмүүс юм бэ” гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зайгаа аваад зогссон. Манай найз Б.Галцогийг түлхсэн ахтай хамт явсан намхан ах нь намайг барьж аваад “чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд байрандаа зогсож байсан. Харин нөгөө эгч “та нар хүүхдийг болиочээ, наад хүүхдүүд чинь утас зарах гэж байгаа хүүхдүүд ш дээ” гээд өндөр туранхай ахыг манай найзаас холдуулсан. ...”эгчээ утсаа авъя” гэж хэлэхэд нөгөө эгч “та хоёр араас дагаад хүрээд ир” гэж хэлэхээр нь Б.Галцог бид хоёр жаахан зайтай араас нь дагаад явж байтал манай найз Б.Галцогийг түлхээд зодох гээд байсан ах бид хоёр дээр ирээд “та хоёрыг хардаад цохьчихлоо, уучлаарай” гэж хэлэхээр нь бид хоёр “заза зүгээрээ ах” гэж хэлсэн. ...Манай найз бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй. Яагаад гэвэл нөгөө хоёр ахаас айгаад алхаж байгаад, нөгөө эгчийн тойрч орсон булангаар эргээд нөгөө эгчийн араас гүйсэн боловч олдохгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 194-196 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Галцогийн “...Үл таних өндөр, нам хоёр залуу өөдөөс гарч ирээд, зөрөх үедээ өндөр туранхай эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад “та нар хэн юм бэ” гээд над руу дайраад байсан. ...”эгчээ утсаа авъя” гэж хэлэхэд нөгөө эгч гэнэт доошоо гүйгээд алга болсон. Бид хоёр нөгөө эгчийн араас гүйх гэтэл хамт явсан хоёр ах нар хараад байхаар нь айсандаа гүйж чадаагүй. ...” /1 дүгээр хавтас, 203-205 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд,

С.Батболд нь найз Б.Галцогийн фэйсбүүк хаягнаас гар утас зарна гэсэн зар илгээхэд Н.А нь уг утасыг худалдаж авахаар харилцаж, улмаар  “утсыг чинь худалдаж авъя”, “би эмэгтэй хүн байна” гэж худал хэлж, улмаар өөрийнхөө оронд Э.Бийг С.Батболдтой уулзуулахаар явуулж, Э.Б нь Н.Аийн даалгаснаар С.Батболдтой уулзаж, улмаар гар утасыг нь авахаар болж, “гэртээ орж wifi орж байна уу шалгаад, ээждээ үзүүлж байгаад авъя” гэж худал хэлж, тэднийг дагуулан явж байх үед  Н.А, Ш.Ш нар амдан ирж, Б.Галцогийг түлхэн унагаасан, Э.Б нь өндөр туранхай залуутай 2-3 минут  /Н.А, Ш.Ш нарын хэн нэг нь/ шивнэлдэж, өндөр залуу нь цаашаа явахад Э.Б түүний араас дагаж, Э.Бийн араас намхан залуу нь дагаж явахад нь С.Батболд, Б.Галцог нар араас нь утасаа авахаа дагаад явж байхад Б.Галцогийг түлхэж унагаасан, зодох гээд байсан залуу нь нөгөө эгч чинь утасыг чинь аваад явчихлаа гэж хэлсэн байх бөгөөд С.Батболд, Б.Галцог нар нь утасаа авах гээд хойноос явах гэсэн боловч нь нөгөө 2 залуугаас айгаад явж чадаагүй байдал тэдний мэдүүлэгт авагджээ.

С.Батболд, Б.Галцог нарыг Э.Бтэй хамт явж байхад нь Н.А, Ш.Ш нар амдан ирж, түлхэж унаган хүч хэрэглэж, түрэмгийлсэн байдлаар харилцаж, сэтгэл зүйн хувьд айдаст автуулсан үйлдлийг залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь чухам ямар нотлох баримтад үндэслэсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхой биш байна.

Өөрөөр хэлбэл, Н.А, Э.Б, Ш.Ш нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж, эсхүл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд нотлох баримтад үндэслэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Н.А, Э.Б, Ш.Ш нарын С.Батболдын гар утасыг хууль бусаар эзэмшилдээ авсан үйлдлийн хувьд, Н.А нь С.Батболдод худлаа хэлж автобусны буудал дээр авчирсан, үүний дараа Э.Б нь мөн худлаа хэлж дагуулан явж Н.А, Ш.Ш нар дээр авчирсан, Н.А, Ш.Ш нар нь С.Батболд, Б.Галцог нартай учрах үедээ хүч хэрэглэсэн, түрэмгий байдлаар харьцсан нөхцөл байдал, гэмт хэрэг хэзээ хэрхэн эхлэж, хэрхэн, ямар байдлаар төгссөн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх. 

Мөн Н.А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Ш.Ш нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 5, 11-ний өдрүүдэд тус тус шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна”  гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Н.А, Ш.Ш нарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн боловч уг үндэслэлийн талаар хууль зүйн тайлбар хийгээгүй, зөвхөн тэдний шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.А, Э.Б, Ш.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул өсвөр насны шүүгдэгч Ш.Ш, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

Анхан шатны шүүх Н.А, Э.Б, Ш.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.