Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Э.Б,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Э.Б,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 09 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* нутаг дэвсгэрт байх иргэн Л.******* хашаанаас түүний эзэмшлийн мустанг 5 маркийн мотоцикль хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.******* мөрдөн байцаалтан өгсөн ... 2019 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* тосгонд би өөрийн дүүгээ хөдөөнөөс 19-20 цагийн үед дуудаад хонь гаргуулсан юм. Тэгээд дүү тэр шөнөө манайд хоносон ба би шөнө 01 цагийн үед гархад манай дүүгийн мотоцикль гэрийн гадаа хашаан дотор байсан юм. Тэгээд өглөө 07 цагийн үед босоод гэрээсээ гарахад хашааны хаалга нээлттэй манай дүү ******* мотоцикль байхгүй байсан. Тэгээд тэр өдрөө хайгаад *******ын олон нийтийн цагдаатай хамт хөдөөгүүр явж байгаад “Жаргаа” гэдэг айлд очиход илүү гэртээ манай мотоциклийг хийгээд цоожилчихсон байсан гэсэн. Тухайн үед би тэр айлд хамт очоогүй юм. Мотоциклио олчихсон болохоор гомдол санал нэхэмжпэх зүйл алга ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Л.******* мөрдөн байцаалтан өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* тосгон дээр байдаг эгч ******* хашаан дотор байсан мустанг 5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан бөгөөд *******ын цагдаад мэдэгдэж манай багийн ******* гэгч нь хулгайлсан болох нь тогтоогдож маргааш болох 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *******ын хөдөө гэрт очиж өөрийн мотоциклио буцаан авсан. Манай мотоциклийг ******* гэгч нь хулгайлж унаад хөдөө илүү гэртээ хийсэн байсан бөгөөд мотоциклилио буцаан авч одоо ямар нэгэн санал гомдолгүй болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч Э.******* мөрдөн байцаалтан өгсөн ... Тэгээд би мотоциклио алдсан Лхагвасүрэн түүний хүү бид нар хайсан. Тэгээд Э.Быг урд шөнө согтуу тосгоноор айлуудаар ороод яваад байсан гээд хүмүүс ярихаар нь Э.Быг авсан байж магадгүй гээд хөдөө гэрлүү нь бид нар явсан. Тэгээд хөдөө гэрт нь очиход Э.Б нь өөрөө гэртээ байсан, бид нар ******* мотоциклийг хайгаад явж байна хаана байна гэхэд гэрээсээ 3 км зайтай байдаг өвөлжөөнийхөө жижиг гэрт хийчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтан өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгаас ******* тосгонд 21 цагийн үед очсон тухайн үед би архи уусан согтуу байх үедээ гэр лүүгээ явах гээд унаа олдохгүй байхаар нь Төгсгэрэл эгчийн хашааны гадаа улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль байхаар нь кундактор утсыг нь салгаад гишгэсэн чинь мотоцикль асахаар нь унаад хөдөө гэрлүүгээ явсан. Гэртээ очоод өвөлжөөнийхөө гэртээ мотоциклийг хийчихээд гэрлүүгээ алхаад хоносон. Тэгээд маргааш өглөө нь гэртээ байж байтал 12 цагийн үед Лхагвасүрэн гэх хүн хүүхэдтэйгээ *******ын олон нийтийн цагдаатай хамт ирээд мотоциклио авъя гэхээр нь тиймээ би урд шөнө мотоциклийг чинь унаад ирсэн шөнө мотоциклийн эд зүйл нь алга болчих байх гээд гэртээ хийсэн аваад яв гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,

 “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/,

Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 42-56, 61-63/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2019 оны 09 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* нутаг дэвсгэрт байх иргэн Л.******* хашаанаас түүний эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Төгсгэрэл /хх-ийн 21-22, гэрч Л.Лхагвасүрэн /хх-ийн 23-25/, Э.******* /хх-ийн 28-29/ нарын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Л.Төгсгэрэл нь алдагдсан эд зүйл болох мустанг маркийн мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Э.Бын 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  Э.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бын 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2020 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ГЭРЭЛМАА