Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,  

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч О.М,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000540094 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянхонгор аймгийн Баянговь сумд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Дашзэвэгээс “...малын ногоон тэжээл хамтарч тариална...” гэж итгүүлэн төөрөгдөлд оруулж дансаар 9.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “...мал зарж мөнгийг нь гаргаж өгнө...” гэж 148 бог буюу 14.800.000 төгрөгийн үнэ бүхий мал ачиж нийт 23.800.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Дашзэвэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 онд Мөнхдалай гэдэг залуу манай сумын малчдад малын ногоон тэжээл зарж байхад нь танилцаад тухайн үед хэдэн боодол ногоон тэжээл авч малдаа өгсөн. Тэрнээс хойш мэнд устай байж байгаад намайг цуг малын ногоон тэжээл тариалж заръя, их ашигтай байдаг, миний найз Төв аймгийн Лүн сумд ногоон тэжээл тариалдаг хашаалсан талбайтай юм, тэр талбай дээр нь 20 га ногоон тэжээл тариалъя гэсэн ба тариалах үеийн зардал болох 9 сая төгрөгийг чи хариуцаж гарга, хураах үеийн зардлыг бт өөрөө хариуцна гэж хэлээд надаас 9.000.000 төгрөгийг 5920238465 дугаарын Хаан банкны дансруу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан. Мөнхдалай гэгч нь бас манай сумаас бод мал авч Улаанбаатар хот руу ачуулдаг байсан юм. Би 2019 оны хавар хонь борлуулах санаатай байгаагаа Мөнхдалайн хажууд ярьж байсан юм. Тэгтэл 2019 оны 06 дугаар сарын 30-ны үеэр над руу залгаад “хонь зарна гэж байсан бил үү, хонио зарсан уу, одоо наадам болох гэж байгаа болохоор Улаанбаатар хотод хонь үнэд орно чи хонио зараагүй бол надад өгчих, би очиж аваад зарчихаад чамд мөнгийг нь өгье. Нэг толгой хонийг эр, эм гэж ялгалгүй би чамаас 100.000 төгрөгөөр үнэлж авъя гэхээр нь би зөвшөөртөл Мөнхдалай гэгч нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ачааны машин дагуулж ирээд надаас 79 эр хонь, 69 эм хонь нийт 148 толгой хонь аваад ачаад явсан. Тэрнээс хойш надтай холбоо барихгүй байхаар нь би өөрөө машин худалдаж авах санаатай Улаанбаатар хотод Мөнхдалай руу залгатал “Би Завхан аймагт агт аваад явж байна, чи машинаа үзээд байж бай миний сүлжээ унаад байна, би төв суурин газарт оччихоод мөнгө төгрөг зохицуулаад чам руу шилжүүлнэ гэж хэлээд утсаа салгаад тэр чигтээ таг болсон ... манай сумд 2018 онд хэд хэдэн удаа ногоон өвч зарж явсан ба Завхан аймаг болон манай сумдаас мал авч хот руу ачдаг байснаас өөр зүйлийг бол мэдэхгүй ... би гомдолтой байна, би Мөнхдалайд нийт 23.800.000 төгрөгөө залилуулчихсан болохоор мөнгөө олж авч хохирлоо барагдуулмаар байна. Надад 10 хоногийн өмнө 6 сая төгрөг орж ирсэн ба энэ мөнгийг би хөдөө байсан учир төрсөн эгч Чимэддоржийн дансаар дамжуулан өөртөө авсан байгаа, сая ирээд бэлнээр 2 сая төгрөгийг авсан нийт би Мөнхдалайгаас 8 сая төгрөгийг одоогоор авсан байгаа үлдэгдэл 15.800.000 төгрөг одоо төлөгдөөгүй байгаа. Надад ногоон тэжээл тариалаагүй талаар хэлж ярьсан зүйл байхгүй хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед холбогдсон тэгэхэд Завханд мал цуглуулаад хөдөө сүлжээ муутай газар явж байна сүлжээ сайтай газар очоод ярья гэж хэлээд алга болсон. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Үлдэгдэл хохирлоо барагдуулчих юм бол гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-51/,

Гэрч Н.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 онд Төв аймгийн Лүн сумд ногоон тэжээл тарьсан юм. Тэгээд урьд нь таньдаг байсан Мөнхдалай манайд ирсэн, би түүнд ногоон тэжээл тарих гэж байгаа гэж хэлсэн юм /Лүнд тэжээл тарихаас өмнө/ 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мөнхдалайн хамт Лүн сумын 1 дүгээр багт байх Цэдэвсүрэн гэх хүний тэжээл тарих талбайг очиж үзсэн юм. Цэдэвсүрэн гэх хүнтэй би өөрөө тохиролцсон байсан. Тэр хүн Мөнхдалай бид 2-ын хамтарч тарих гэж байгаа талаар мэдээгүй. Тэгээд талбайгаа үзчихээд хэд хоногоос хариугаа өгнө гэж явсан юм ... Цэдэвсүрэн гэх хүн нөгөө талбайн хэмжээ багасахаар болсон шүү гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Мөнх уулын тахилгын наадамд Мөнхдалайтай таараад нөгөө газар бүтэхээ байлаа гэж хэлсэн. Тухайн үед согтуу байсан ба “за за” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Гэрч П.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... би ачааны машинтай хот хооронд ачаа тээвэрт хаашаа ч хамаагүй явдаг хааяа ачаа олдохоор хаашаа ч хамаагүй ачаанд явдаг, 2019 оны 07 дугаар сарын эхээр байхаа Баянговь сумаас 150 орчим бог мал ачуулаад Улаанбаатар хотын эмээлтэд очиж буулгуулна гэхээр нь би ажлын хөлсөө тохироод бог мал ачихаар Баянговь сум руу явсан. Баянговь сумаас 60-70 километр орчим зайтай газарт нутаглаж байсан Дашзэвэг гэдэг айлаас 148 толгой хонь ачаад Улаанбаатар хотын эмээлтэд аваачиж буулгаж өгөөд замын зардал болох 2.450.000 төгрөгөө бэлнээр нь аваад салсан. Тэр мал ачуулсан залууг Мөөгий гээд байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Шүүгдэгч О.Мн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна уг нь бол залилах сэтгэл санаа надад байгаагүй. Би мал мах авч явахдаа шатаад алдагдалд оронгуутаа нөгөөдхөө нөхөх гэж улайрч байгаад ийм зүйл болчихлоо. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан. Дашзэвэгээс авсан нь үнэн төлөх нь үнэн жаахан хугацаа л надад хэрэгтэй байгаад байна. Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дашзэвэгийнд очсон тэгэхдээ хонь авах гээд очсон байсан юм. Тухайн үед би архи уусан согтуу байсан ногоо тэжээлээ тариалсан бороо орсон асуулдалгүй гэж хэлсэн талаар би ерөөсөө санахгүй байгаад байгаа. Би ногоон тэжээл тарина гэж хэлээд 2019 оны 06 дугаар сарын 5-нд аваад мал мах авах наймаанд эргэлдүүлсэн. Би 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс наадам өнгөртөл архи уусан 07 дугаар сард наадмын дараа ногоон тэжээл тариалалт бүтэлгүй болсон гэдгийг 07 дугаар сарын 13-ны үед байх Баярцэнгэлээс мэдсэн тэгээд Дашзэвэгт ногоон тэжээл бүтэлгүй болсон талаар хэлээгүй намар ногоон тэжээл хураагдахаар нь боодлын ногоон тэжээл асуулгаад Дашзэвэг рүү явуулна гэж бодож байсан. Тэгээд энэ талаар Дашзэвэгт хэлээгүй өдий хүрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-88-89-р хуудас/

Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/

Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9/

Шүүгдэгч О.М Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 103-107/,

Шүүгдэгч О.Мн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 90, 92-97, 100-102/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гарган өгсөн эвлэрлийн гэрээ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч О.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянхонгор аймгийн Баянговь сумд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Дашзэвэгээс “...малын ногоон тэжээл хамтарч тариална...” гэж итгүүлэн төөрөгдөлд оруулж дансаар 9.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “...мал зарж мөнгийг нь гаргаж өгнө...” гэж 148 бог буюу 14.800.000 төгрөгийн үнэ бүхий мал ачиж нийт 23.800.000 төгрөгийг авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Дашзэвэг, гэрч Н.Баярцэнгэл, Гэрч П.Батмөнх нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Дашзэвэгийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч О.М Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч О.Мн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Мг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Дашзэвэг шүүгдэгч О.М нар нь эвлэрч Баянхонгор аймгийн төвийн тойрог 358 дугаартай нотариатчаар эвлэрлийн гэрээгээ баталгаажуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнд “ ... О.М нь Г.Дашзэвэгт учруулсан хохирлын 23.800.000 төгрөгийн үлдэгдэл 15.800.000 төгрөгийг өгч, тооцоо дуусаж байна ... уг гэрээг хийснээр бид эвлэрсэн гэдгээ илэрхийлж байна ...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.Мн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Мн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  О.Мг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Мд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Мн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Мд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Мн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГЭРЭЛМАА