Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч П.С,

Шүүгдэгч Д.Э,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001320124 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Э,

            Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Э /РД:ДЙ97052118/ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явж байхдаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах Долоод гэх газарт 41-43 УБЯ улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдоож улмаар зорчигч П.С эрүүл мэндэд нь хүндэвтэр, Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 02 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Долоод гэх газарт 41-43 УБЯ улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдоож зорчигч П.С эрүүл мэндэд нь хүндэвтэр, Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь ...

Хохирогч П.С ... Баянхонгор аймгаас 60 км өнгөрөөд явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоог Эрдэнэтулга жолоодоод надтай юм яриад явж байсан бөгөөд тээврийн хэрэгсэл нэг сонин болсон. Тэгэхээр нь хүүе юу болж байна гэж хэлээд хартал тээврийн хэрэгсэл замын хажуу талын шороо руу буцаад эргээд дарахад тэгээд эсрэг урсгалд ороод тэр чигээрээ замын баруун талын далан руу унасан. Тухайн үед ухаан алдаагүй бөгөөд замд машинтай хүмүүс зогсож тусалсан. Энэ хэрэгтэй холбогдуулж ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовуурь гэх зүйл байхгүй. Замын хувьд ямар нэгэн салхи шуурга байхгүй байсан шинэ зам байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32/,

Хохирогч Д.Э ... Би 2020 оны 02 сарын 03-ны өглөө Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагруу Pаgjiro маркийн суудлын автомашинтай гурван хүний хамт гарсан. 2020 оны 02 сарын 03-ны 16-17 цагийн үед Баянхонгор аймаг өнгөрч байгаад гэнэт машин засмал замын хажуу талруу унасан. Тэгээд нэг мэдсэн чинь машин 4 дугуй нь дээшээ харсан би машин дотор байж байгаад мөлхөж гарч ирсэн. ... Би тухайн үед машины хойд талын суудал дээр сууж байсан машин барьж явсан жолооч зөв талруугаа эвгүй дарчих шиг болсон тэгээд тухайн осол гарсан байх ... надад гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч Г.Ж … Уг машиныг Эрдэнэтулгад зарсан харин гэрчилгээг нь солиулаагүй байгаа. Уг машин Эрдэнэтулгын эзэмшилд шилжсэн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,

Шүүгдэгч Д.Э ... Баянхонгор аймгаас баруун тийшээ 60 гаран км зайтай явж байгаад гэнэт замын баруун тал руу шороо руу орохоор нь буцаж дарсан чинь машин өнгөрч замын урд хэсэг рүү онхолдсон. Би босоод иртэл машин дээшээ харсан байдалтай Сувд-Эрдэнэ, Сүх-Очир машины гадна талд шидэгдсэн байсан. Харин Эрдэнэчимэг бид 2 машин дотор байсан бөгөөд би машинаас буугаад Сувд-Эрдэнэ Сүх-Очир, Эрдэнэчимэг нарын биеийн байдлыг асуугаад нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Би машинаа барьсан явж байгаад гэнэт засмал замаас баруун талын шороо руу оронгуут сандарсандаа болиод гэнэт огцом зүүн тийш нь дарснаас болж онхолдсон уг осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-86/,

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-16/,

      Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 17-18/,

      Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/,

            Хохирогч Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тухай Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/,

            Хохирогч П.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тухай Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 65 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

   Иймд шүүгдэгч Д.Эд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч П.С шүүгдэгч Д.Э нар нь эвлэрч хэргийн 110 дугаар хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Э үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт шүүгдэгч Д.Э эзэмшлийн 41-43 УБЯ улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №02542344 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1328915 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Д.Эд буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  Д.Э автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэтулгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Эд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 41-43 УБЯ улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгслийг Д.Эд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №02542344 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1328915 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Д.Эд буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдусгай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.ГЭРЭЛМАА