| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0029/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/31 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/31
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: З.Ганцоож
Улсын яллагч: Б.Буяндэлгэр
Шүүгдэгч: Ц.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904002230027 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Багануур дүүргийн “Боловсрол цогцолбор сургууль”-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр Д.Энхмаа, 6-14 насны 2 хүүхэд нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийний ....... тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овгийн Ц Э /РД: СЧ71083070/
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой өөрийн эзэмшлийн “Тоёота Алейкс” маркийн 10-03 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын суудлын завсараас бусдын гээгдүүлсэн “Самсунг-А6” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас бусдад 675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би амарсан үедээ өөрийн эзэмшлийн 10-03 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр машиндаа цэвэрлэгээ хийж байгаад жолооч талын эсрэг суудлын завсараас гар утас олсон. Уг утас тухайн үед унтарсан байсан ба Улаанбаатар хотод очиж кодыг нь гаргуулж хүү С-д дугаар авч өгч бариулсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, хаясан хүнийг нь машины дугаараар ирээд авах болов уу л гэж бодож байсан. Хууль сайн мэдэхгүй болохоор ийм байдалд хүрлээ. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч М.О мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20.00 цагийн үед 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны газарт усанд орчихоод охины хамт такси бариад гэртээ буюу Их-Гүний 9-9 тоотод хүргүүлсэн. Куртикний халаасанд миний гар утас байсан ба машинд байхдаа утсаа ашиглаагүй. Гэртээ ороод 20 орчим минудын дараа утсаа хайгаад залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас хурууны хээгээр түгжээ нь тайлагддаг, гадуураа ягаан өнгийн саатай гэртэй “Самсунг-А6” маркийн утас байсан. Би гээгдүүлсэн утсаа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн Мобикомын салбараас 839,000 төгрөгөөр авч байсан. Тухайн утсаа 1 жил гаран ашигласан байсан учраас би 700,000 төгрөгөөр үнэлж байна. Гээгдүүлсэн гар утсаа Э-гээс бүрэн бүтэн хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
Гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад М.О ирээд өчигдөр таксинд гар утсаа гээчихлээ гэж байсан. М.О 2019 оны 3 дугаар сард надаас “өөрийнхөө дугаар дээр утас лизингээр аваад өгчих, мөнгийг нь би өөрөө төлнө” гэж гуйсны дагуу би “Мобиком”-ын салбараас “Самсунг-А6” маркийн хар өнгийн гар утсыг авч О-д өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...аав машинаа цэвэрлэж байгаад олсон гэж надад “Самсунг-А6” маркийн хар өнгөтэй гар утсыг өгсөн. Би өөрийнхөө 89785744 дугаартай сим картыг хийж уг гар утсыг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дахь тал/,
Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Ц.Э машинаа цэвэрлэж байгаад гар утас олсон гэж байсан. Хар өнгийн утас байсан, маркийг нь мэдэхгүй, гадуураа гялалздаг гэртэй байсан. Нөхөр өөрөө Улаанбаатар хот явж гар утасны кодыг гаргуулж дунд хүүдээ бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 413 тоот: “Samsung А6 маркийн гар утас 670,000 төгрөг, кейс буюу утасны гадна талын гэр 5,000 төгрөг, нийт 675,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 12 дахь тал/,
Үүрэн телефоны “Юнител” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05-01/7836 дугаартай “355530100461166, 355531100461164 имей кодтой утсанд 89785744 дугаарыг хийж ашигласан байна” гэх албан бичиг /хх-ийн 24 дэх тал/,
Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “Хохирогч М.О-д хар өнгийн “Самсунг А6” маркийн гар утас /ардаа SAMSUNG гэсэн бичигтэй, эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай/-ыг хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 32 дахь тал/,
Шүүгдэгч Ц.Э-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 60-64 дэх тал/,
Ц.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Ц.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой өөрийн эзэмшлийн “Тоёота Алейкс” маркийн 10-03 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын суудлын завсараас бусдын гээгдүүлсэн “Самсунг-А6” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас бусдад 675,000 төгрөгийн хохирол учруулжээ.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.
Шүүгдэгч Ц.Э гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:
- хохирогч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20.00 цагийн үед 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны газарт усанд орчихоод охины хамт такси бариад гэртээ буюу Их-Гүний 9-9 тоотод хүргүүлсэн. Куртикний халаасанд миний гар утас байсан ба машинд байхдаа утсаа ашиглаагүй. Гэртээ ороод 20 орчим минудын дараа утсаа хайгаад залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас хурууны хээгээр түгжээ нь тайлагддаг, гадуураа ягаан өнгийн саатай гэртэй “Самсунг-А6” маркийн утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
- Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад М.О ирээд өчигдөр таксинд гар утсаа гээчихлээ гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,
- Насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...аав машинаа цэвэрлэж байгаад олсон гэж надад “Самсунг-А6” маркийн хар өнгөтэй гар утсыг өгсөн. Би өөрийнхөө 89785744 дугаартай сим картыг хийж уг гар утсыг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дахь тал/,
- Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Ц.Э машинаа цэвэрлэж байгаад гар утас олсон гэж байсан. Хар өнгийн утас байсан, маркийг нь мэдэхгүй, гадуураа гялалздаг гэртэй байсан. Нөхөр өөрөө Улаанбаатар хот явж гар утасны кодыг гаргуулж дунд хүүдээ бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь гар утсыг машины суудлын завсараас олсон гэх ба уг эд хөрөнгийг цагдаагийн байгууллагт өгөх боломжтой байсан бөгөөд Ц.Э-ыг өөрийн үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт 675,000 төгрөгийн хохирол учирсан нь:
- хохирогч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би гээгдүүлсэн утсаа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн Мобикомын салбараас 839,000 төгрөгөөр авч байсан. Тухайн утсаа 1 жил гаран ашигласан байсан учраас би 700,000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 413 тоот: “Samsung А6 маркийн гар утас 670,000 төгрөг, кейс буюу утасны гадна талын гэр 5,000 төгрөг, нийт 675,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 12 дахь тал/-ээр тогтоогдож байх ба бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл мөн.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан “хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, Хэний ч өмч хөрөнгийг дураараа хураан авч болохгүй” гэсэн заалт, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураан авахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. Иймд Ц.Э-ын үйлдэл нь хууль бус үйлдэл мөн.
Иймд Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч М.О нь Samsung А6 маркийн гар утасны хууль ёсны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/, гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 413 тоот дүгнэлт /хх-ийн 12 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч М.О нь Samsung А6 маркийн гар утсыг эзэмшилдээ буцаан авсан, нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 9 дэх тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Ц.Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 675,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцсон тул уг ялыг оногдуулах саналтай” гэсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль мэдэхгүй байдлаасаа ийм хэрэгт орлоо. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Торгуулийн ялыг зөвшөөрч байна.” гэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овгийн Ц-ийн Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овгийн Ц-ийн Э-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ц.Э-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Э-д тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э “Самсунг А6” маркийн гар утсыг нэг бүрийн шинжээр нь хохирогч М.О-д хүлээлгэн өгснийг баталж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Ц.Э-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН