Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/32

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Ганцоож   

 Улсын яллагч: Д.Аянагүл 

 Шүүгдэгч: Б.Х  /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Б.Х-д холбогдох эрүүгийн 2004000340028 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Багануур” ХК-д Уулын 2 дугаар хэсэгт гагнуурчин ажилтай, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний ..... тоот хашаанд оршин суух, урьд Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Б-ийн Х /РД:  СЮ94041311/,

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 3 дугаар гудамжны 12 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч З.Э-г “...битгий давраад байгаарай” хэмээн ширээн дээр байсан архины шилийг шидэж, толгойн тус газрын зулайн зүүн хэсэгт 7х0,2 см язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой ажлаасаа буугаад 17 цаг өнгөрч байхад гэртээ очиход манай найз охин Э, манай найз У түүний найз эмэгтэй С нар пиво уугаад сууж байсан. Надтай хамт ажилладаг ах 18 цаг өнгөрөөгөөд хашааны гадна ирэхэд би гарч уулзаад нэг шил архи ууж байгаад хагасыг нь үлдээгээд гэртээ авч орж тэр хэдтэй хувааж уусан. Манай дүү хотоос ирж байсан учир би У-ын хамт 21 цаг өнгөрч байхад  гэрээсээ гарч тосч авчихаад буцаж ирэхэд Э, С хоёр бааранд орохоор явсан байсан. У бид хоёр 1 шил архи авч хувааж уугаад сууж байтал Э, С хоёр орж ирсэн. Би нэлээд согтсон байсан ч гэсэн ухаанаа алдаагүй байсан. Би Э-аас “яах гэж бааранд ороод байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ?” гэхээр нь би “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд ширээн дээр байсан архи аваад Э руу шидсэн. Э-ын толгойноос цус гарч манай дүү Б, С нар Э-ыг аваад эмнэлэг явсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн.” гэв.

/ шүүх хуралдааны тэмдэглэл/    

 

Хохирогч  З.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Б.Х-тай үерхээд 1 сар орчим болж байна. 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 23 цаг өнгөрч байхад С бид хоёр Багануур дүүргийн 5 дугаар хороо Их Гүний 3 дугаар гудамжны 12 тоотод орших гэрт нь очиход Х, У  хоёр нэлээд согтуу байсан. Х-ын дүү Д  хотоос ирээд хөдөө явлаа гээд сууж байсан... Д надаас “ахын толгой яасан юм бэ” гэж асуухаар нь би “ах чинь дүү нартайгаа муудалцаад архи ууж байгаад дүү нь Х-ыг шил мөргүүлсэн” гэсэн. Тэр үгийг Х сонсомогц надад хандаж “чи битгий олон юм яриад байгаарай, бид хоёрын амьдрал хүмүүст огт хамаагүй” гэж хэлээд ширээн дээрээс шаазан аяга аваад шидэх гэж далайсан. ...Х дүү Д-г гараараа татаж буйдан дээр унагаад “та муу хоёр битгий давраад байгаарай” гэж хэлээд ширээн дээр байсан тал архитай “Хараа” гэсэн архины шилийг аваад над руу шидсэн. Тэр үед нь би зуухны урд сандал дээр сууж байсан. Хангалыг архины шил шидэхэд би бултах гээд тонгойход шидсэн шил нь миний зулайн хэсэгт оносон. Шидсэн архины шил нь хагараагүй бөгөөд миний зулайн зүүн дээд хэсэгт язраад цус их гарч эмнэлэгт очсон бөгөөд эмч миний толгой хэсэгт 5 оёдол тавьсан. Б.Х нь урьд өмнө миний биед халдаж байгаагүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 58-59 дэх тал/,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:           “...Э бид хоёрыг гаднаас ортол Х Э руу хандан та хоёрыг гадуур хайж байгаад ирлээ, хайгаад олсонгүй гэсэн утгатай зүйл хэлээд Э-тай хэрэлдээд байсан. Би гарч бие засчихаад орж ирэхэд Х буйдан дээрээ суучихсан Э зуухны урд суучихсан толгойгоо гараараа дараад толгойноос нь цус гарчихсан байж байсан. Э-аас “яасан бэ” гэж асуухад “Х ууж байсан архины шилээ шидчихлээ” гэсэн. Би түргэн дуудаад ирэхгүй болохоор нь Х-ын дүү Б-ын хамтаар Э-ыг аваад эмнэлэгийн хүлээн авах дээр очиж толгойд нь оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/,

Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09шэ/059 дугаартай: “З.Э-н биед зулайн зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 24 дэх тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх байшингийн шалан дээр цусны мөр болон хэрэгт ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 9-13 дахь тал/,

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авахад толгойгоо хагалуулсан эмэгтэй хүн ирлээ” гэсэн дуудлага /хх-ийн 2 дахь тал/,

Шүүгдэгч Б.Хангал, хохирогч  З.Энхзул нарын согтуурлын зэргийг шалгасан: “Б.Х, З.Э нарын согтуурлын зэргийг драгер багажаар шалгахад Б.Х 0.225 хувийн согтолттой, З.Э 0.040 хувийн согтолттой“ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дахь тал/

Шүүгдэгч Б.Х-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 39-43, 47-48 дахь тал/,

Б.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 3 дугаар гудамжны 12 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч З.Э-ыг “...битгий давраад байгаарай” хэмээн ширээн дээр байсан архины шилийг шидэж, толгойн тус газрын зулайн зүүн хэсэгт 7х0,2 см язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

              Энэ үйлдэл нь хохирогчийн “чи битгий давраад байгаарай” гээд ширээн дээр байсан архитай шилийг аваад над руу чулуудсан. Шил миний толгойн зулайн хэсэгт онож цус гарсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “З.Э-ын биед  зулайн зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн би “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд ширээн дээр байсан архи аваад Э руу шидсэн. Э-ын толгойноос цус гарч манай дүү Б, С нар Э-ыг аваад эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Б.Х нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.

Шүүгдэгч Б.Х-ын үйлдэл нь иргэн З.Э-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн. Шүүгдэгч хохирогч нарын хооронд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй маргаан, хүч хэрэглэсэн нөхцөл байдал өмнө нь гарч байгаагүй тухайн тохиолдолд нэг удаагийн маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч тухайн үйлдэлд холбогдох Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Х-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч З.Э-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09шэ/059 дугаартай: “З.Энхзулын биед зулайн зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 28 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч З.Э нь нэхэмжлэх хохирол төлбөргүй гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 58-59 дэх тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.            

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х нь хохирогч З.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон тул уг ялыг оногдуулах саналтай” гэсэн ба шүүгдэгч Б.Х гаргасан дүгнэлтдээ “Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 700,000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700  /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-н Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ийн Х-ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Х-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Х-д тайлбарласугай.
  5. Хохирогч  З.Э нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан хор уршиг гараагүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Х-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН