Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Ө даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Н   

 Улсын яллагч: Д.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ц

Шүүгдэгч: Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Г-д холбогдох эрүүгийн 2004000050024 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин хэсгийн 4 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух,  урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Ж Г /РД:НУ82061003/,

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Яллагдагч Ж.Г нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээс 2020 оны 1 дүгээр сарын 01-нд шилжих шөнө  Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар байрны 6 тоотод байрлах өөрийн гэрт 2 сартай охины хамт орон дээр унтах явцдаа түүнийг хөхөөрөө дарсны улмаас талийгаачид механик амьсгал бүтэлт үүсэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө дүүгийнд гэр бүлээрээ очиж шинэ жил тэмдэглээд шөнө ирээд унтсан. Өглөө босоод харсан охин маань өнгөрсөн байсан. Тэгээд түргэн дуудаад араас нь цагдаа нар ирээд тийм л юм болсон.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн:  “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд манай гэрийнхэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар байранд байдаг эхнэрийн төрсөн дүү Э-н гэрт очсон. Тэнд хоол, цай ууж идээд 23 цаг хүртэл байж байгаад бид нар гэртээ харьсан. Тэгэхэд манай охины бие гайгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд эхнэр Г “охин хөдлөхгүй байна” гэхээр нь эхнэрийнхээ хамт өлгийг нь задлаад үзсэн чинь бие нь хөшчихсөн, нуруу нь хөхөрчихсөн байхаар нь түргэн дуудсан. Охин маань ханиад хүрээгүй хэвийн байсан, талийгаач охин маань тэр шөнө уйлаагүй, их тайван унтсан. Эхнэр маань талийгаачийг өвөртөлж орон дээр унтдаг байсан. Манай эхнэр Г нь шөнө унтахдаа тийм ч айхтар сэргэг биш. Хамгийн сүүлд 12 сард өрхийн эмнэлгээс ирж үзсэн байсан. Тухайн үед охины маань биеийн байдал гайгүй байсан гэж байсан.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

Гэрч Э.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 22-нд Ж.Г 11 хоногтой нярай тэвэрч ирж хяналтанд орсон. Анх Г.А-н биеийн байдал хэвийн байсан, гэхдээ нэг анхаарах зүйл нь Г.А дутуу төрсөн байсан. ...хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 12-нд хоёр сарын вакциндаа ирж орсон. Тэгэхэд биеийн байдал нь хэвийн байсан. Үзэх бүртээ тэмдэглэл хөтөлдөг байсан. Ээж нь дутуу төрсөн учир хүүхдийн уушиг дутуу хөгжилтэй гэж байсан. Намайг үзэхэд амьсгал дутагдах ямар нэгэн шинж мэдэгдээгүй. Амьсгал дутагдах өвчин гэж байхгүй. Энэ нь амьсгал дутагдах хүндрэл бөгөөд энэ өвчний оношоор ямар нэгэн гадны нөлөөлөлгүйгээр нас барах тохиолдол байхгүй. Г-ны хувьд хүүхэддээ анхаарал халамж маш сайн, ямар нэгэн зовиур шинж тэмдэг илэрвэл манайхтай үргэлж холбогддог байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 003 дугаартай: “1. Талийгаач Г.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна. 3. Талийгаачийн биед шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 4. Талийгаач Г.А-г хөхөөрөө дарсны улмаас механик амьсгал бүтэлт үүсэж нас баржээ. 5. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 28-29 дэх тал/,

Шинжээч эмч Ө.Ш-г гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан авсан: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын дагуу хэргийн газарт очиж үзэхэд талийгаач Г.А нь нас бараад удсан шинжтэй, амьсгалын дээд зам буюу дээд доод уруул, хамрын үзүүр зэрэг хөхөрсөн байдалтай, биед нь ил харагдах шарх, зулгаралт, цусны толбо, гэмтэлгүй, эмнэлэгт үзүүлсэн баримт болон тухайн үед нь нас барахаас өмнө өвчний зовиургүй /ягаан дэвтэрээс/ 2 сартай гэх эмэгтэй хүүхдийн цогцос байсан. Дээрх онош, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эд эсийн шинжилгээ болон цогцосны гадна үзлэг, цогцосны дотор эрхтний шинжилгээ зэргийг үндэслэн гаргасан болно. Хэргийн газарт талийгаачийг очиж үзэхэд уг цогцос нь хөхөрсөн, хүүрийн толбоны ард дарагдаагүй хэсгээр тод улаан ягаан өнгөөр үүссэн. Дээд доод мөчид хөшилт үүссэн. Нас бараад 4 цагаас дээш болсон байх боломжтой. Механик амьсгал бүтэлт гэдэг нь амьсгалын гадны биетээр хаагдах буюу бүтэлт гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын 2-6 тоот байр байх бөгөөд уг байр нь  2 орцтой байх ба ертөнцийн зүгээр зүүн талын хойшоо харсан орц байх ба орцоор ороод 2 давхарт ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хүрэн өнгийн төмөр хаалга байв. ...орны гол хэсэгт ертөнцийн зүгээр толгой нь баруун тийш дээшээ харсан өлгийнд боосон 2 сартай гэх эмэгтэй хүүхдийн цогцос байв. Цогцосны толгой хэсэг ертөнцийн зүгээр хойшоо харсан баруун гар хагас нугалж, зүүн гар, 2 хөл шулуун байрлалтай хөшсөн байв. ...цогцосны унтдаг байсан гэх орон дээр болон даавуун дээр бөөлжис зэрэг бусад ул мөр илрээгүй, үзлэгийн явцад талийгаачид өгч байсан гэх хэрэглэж байсан хүүхдийн тэжээл, витамин С болон ягаан өнгийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 03-12 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн: “Цогцосны гадна үзлэгээр 62 см урттай, зулайн дунд хэсэгт хар хүрэн өнгийн үстэй, хоёр нүдний зовхи аниатай, хүүхэн хараа өргөссөн, хамар амнаас гарсан зүйлгүй, духны дунд хэсэгт хар хүрэн өнгийн хөө түрхсэн, дээд доод уруул, хамрын үзүүр, чихний омог хөхөлбөр өнгийн, биеийн галбир зөв, өөхөн эдийн хөгжил сайн, шээс болон өтгөний сүвнээс гарсан зүйлгүй, биед ил харагдах шарх, зулгаралт, цусны толбо байхгүй 2 сартай гэх хүүхдийн цогцос байв. Хэвлийг нээж үзэхэд  уушгинд цэгчилсэн олон тооны хар хүрэн өнгийн цус хуралттай, ходоодонд бор шаргал өнгийн 30 гр орчим өтгөн хоолны агууламжтай, уушиг хавагнасан, сэрээ булчирхай бага зэрэг томролттой өөр эд эрхтэнд голомтод өвчин эмгэг өөрчлөлт байхгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дэх тал/,

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам 2-6 тоотод нас барсан хүүхэд байна” гэсэн дуудлага /хх-ийн 2 дахь тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн: “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д бор өнгийн хуванцар савтай 200 мл савалгаатай, шар өнгийн тагтай Vita С гэсэн бичиглэлтэй,  цагаан өнгийн  хуванцар тагтай, таган дээр 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр задалсан гэсэн бичигтэй төмөр савтай нунтаг цагаан өнгийн хуурай зүйлтэй сав зэргийг хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 48-49 дэх тал/,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн Өвчний түүх /хүүхдийн/ /хх-ийн 86-115 дахь тал/,

Ж.Г-ны хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 54-56 дахь тал/,

Талийгаач Г.А-н төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 59-60 дахь тал/,

 Ж.Г-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

               Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учрах боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан байхыг ойлгоно.

              Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар байрны 6 тоотод байрлах өөрийн гэрт 2 сартай охин Г.А-н хамт орон дээр унтах явцдаа түүнийг хөхөөрөө дарсны улмаас талийгаачид механик амьсгал бүтэлт үүсэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

              Хохирогч Г.А-н амь нас хохирсон нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хэт хайхрамжгүй хандсан, болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

              - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд манай гэрийнхэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар байранд байдаг эхнэрийн төрсөн дүү Эрдэнэчулууны гэрт очсон. Тэнд хоол, цай ууж идээд 23 цаг хүртэл байж байгаад бид нар гэртээ харьсан. Тэгэхэд манай охины бие гайгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд эхнэр Г “охин хөдлөхгүй байна” гэхээр нь эхнэрийнхээ хамт өлгийг нь задлаад үзсэн чинь бие нь хөшчихсөн, нуруу нь хөхөрчихсөн байхаар нь түргэн дуудсан. Охин маань ханиад хүрээгүй хэвийн байсан, талийгаач охин маань тэр шөнө уйлаагүй, их тайван унтсан. Эхнэр маань талийгаачийг өвөртөлж орон дээр унтдаг байсан. Манай эхнэр Г нь шөнө унтахдаа тийм ч айхтар сэргэг биш. Хамгийн сүүлд 12 сард өрхийн эмнэлгээс ирж үзсэн байсан. Тухайн үед охины маань биеийн байдал гайгүй байсан гэж байсан.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

              - Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 003 дугаартай: “1. Талийгаач Г.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна. 3. Талийгаачийн биед шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 4. Талийгаач Г.А-г хөхөөрөө дарсны улмаас механик амьсгал бүтэлт үүсэж нас баржээ. 5. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 28-29 дэх тал/,

              - Шинжээч эмч Ө.Ш-г гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан авсан: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын дагуу хэргийн газарт очиж үзэхэд талийгаач Г.А нь нас бараад удсан шинжтэй, амьсгалын дээд зам буюу дээд доод уруул, хамрын үзүүр зэрэг хөхөрсөн байдалтай, биед нь ил харагдах шарх, зулгаралт, цусны толбо, гэмтэлгүй, эмнэлэгт үзүүлсэн баримт болон тухайн үед нь нас барахаас өмнө өвчний зовиургүй /ягаан дэвтэрээс/ 2 сартай гэх эмэгтэй хүүхдийн цогцос байсан. Дээрх онош, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эд эсийн шинжилгээ болон цогцосны гадна үзлэг, цогцосны дотор эрхтний шинжилгээ зэргийг үндэслэн гаргасан болно. Хэргийн газарт талийгаачийг очиж үзэхэд уг цогцос нь хөхөрсөн, хүүрийн толбоны ард дарагдаагүй хэсгээр тод улаан ягаан өнгөөр үүссэн. Дээд доод мөчид хөшилт үүссэн. Нас бараад 4 цагаас дээш болсон байх боломжтой. Механик амьсгал бүтэлт гэдэг нь амьсгалын гадны биетээр хаагдах буюу бүтэлт гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32 дахь тал/,

              - Цогцост үзлэг хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн: “Цогцосны гадна үзлэгээр ...дээд доод уруул, хамрын үзүүр, чихний омог хөхөлбөр өнгийн, биеийн галбир зөв, өөхөн эдийн хөгжил сайн, шээс болон өтгөний сүвнээс гарсан зүйлгүй, биед ил харагдах шарх, зулгаралт, цусны толбо байхгүй 2 сартай гэх хүүхдийн цогцос байв. Хэвлийг нээж үзэхэд  уушгинд цэгчилсэн олон тооны хар хүрэн өнгийн цус хуралттай, ходоодонд бор шаргал өнгийн 30 гр орчим өтгөн хоолны агууламжтай, уушиг хавагнасан, сэрээ булчирхай бага зэрэг томролттой өөр эд эрхтэнд голомтод өвчин эмгэг өөрчлөлт байхгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дэх тал/,

              - Ж.Г-ны шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд болгоомжгүй халдсан гэмт үйлдэл болох юм.   

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Ж.Г нь өөрийн үйлдэлдээ болгоомжгүй хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироожээ.

Шүүгдэгч Ж.Г-ны үйлдэл нь Г.Анугийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн конвенцийн 6 дугаар зүйлд тус тус заасан “хүний амьд явах эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч тухайн үйлдэлд холбогдох Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.Г-ныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.А-н амь нас хохирсон болох нь Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 003 дугаартай: “1. Талийгаач Г.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна. 3. Талийгаачийн биед шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 4. Талийгаач Г.А-г хөхөөрөө дарсны улмаас механик амьсгал бүтэлт үүсэж нас баржээ. 5. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 28-29 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь нэхэмжлэх хохирол төлбөргүй гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж эдлүүлэх үндэслэлтэй.

Гэвч шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, үр хүүхэддээ анхаарал халамж сайтай зэрэг хувийн байдал тогтоогдов. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Г-ныг болгоомжгүйгээр хохирогч Г.А-н амь насанд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай” гэсэн ба шүүгдэгч Ж.Г гаргасан дүгнэлтдээ “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Ж.Г-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зохистой гэж дүгнэв.  Тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.

Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “Г А, 3 дугаар хороо Замчин 4-9, УГ19301066” гэсэн бичигтэй хүүхдийн эрүүл мэндийн ягаан өнгийн дэвтэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Г-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Ж-н Г-ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Б овгийн Ж-н Г-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ж.Г-нд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Ж.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Ж.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6.  Хохирогч Б.Г нь энэ хэрэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Г А, 3 дугаар хороо, Замчин 4-9, УГ19301066” гэсэн бичигтэй хүүхдийн эрүүл мэндийн ягаан өнгийн дэвтэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Ж.Г-ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Г-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.Өлзий-Отгон