Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0033/З |
Дугаар | 221/МА2021/0390 |
Огноо | 2021-07-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0390
“С А” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлоор “С А” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр:
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С А” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийн хангаж, “С А” ХХК нь 2016 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчдийн бүртгэлээс хасах болзол хангасан болохыг тогтоон хүлээн зөвшөөрч, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0295204 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон 178.486.230 төгрөгийн зөрчилд 16.891.755 төгрөгийн нөхөн татвар, 8.039.852 төгрөгийн торгууль, 4.934.942 төгрөгийн алдангиас 120.501.020 төгрөгийн зөрчилд ногдуулсан 12.050.102 төгрөгийн нөхөн татвар, 3.615.030.60 төгрөгийн торгууль, 2.410.020.40 төгрөгийн алданги буюу шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 29.866.549 төгрөгийн төлбөрийг 18.075.153 төгрөгөөр бууруулж, гомдлын шаардлагаас үлдэх 11.791.396 төгрөгийн төлбөрийн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
“С А” ХХК-нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсний дараагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 6 дугаар зүйлийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасагдах байтал хууль хэрэгжүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хуулийн хариуцлагаас чөлөөлж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан 18.075.153 төгрөгийг хүчингүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
“С А” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болж, улмаар 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй боловч ийнхүү бүртгүүлээгүй нь татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэн шийтгэлийн хуудсаар дээрх өдрөөс хойш 2016 оныг дуусталх хугацааны 42.985.290 төгрөгийн борлуулалтын орлогод НӨАТ нөхөн ногдуулсан атлаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.8-д заасан суутган төлөгчийн бүртгэлээс хасагдах боломжийг “бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр олгохгүй байгаа нь тэгш бус байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-нийг дуусталх дараалсан 12 сарын албан татварын тайлангаар борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон энэ тохиолдолд хэдийгээр анхнаасаа бүртгүүлээгүй, гэрчилгээ олгоогүй учраас бүртгэлээс хасах, гэрчилгээг хүчингүй болгох шаардлага үүсэхгүй нь тодорхой боловч 2014 оны 4 дүгээр улирлын борлуулалтын орлого 120.501.020 төгрөгт НӨАТ ногдуулах ёсгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Дараалсан 12 сарын борлуулалтын орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.8-д заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрэхгүй байхад 2014 оны дээрх орлогод НӨАТ ногдуулж байгаа нь уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.8-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болно.
Уг хуулийн 6.10-т “Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан …нь шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу аж ахуйн нэгжийн 2014 оны 4 дүгээр улирлын борлуулалтын орлогод 120.501.020 төгрөг тайлагнаснаар “С А” ХХК-д дахин НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүсэхээс бус уг орлогод нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах ёсгүй.
Өмнөх хуулиар босгын хэмжээ 10 сая, харин одоогийн хуулиар 50 сая болгосон энэ тохиолдолд “С А” ХХК-иас нэмэгдүүлсэн босго давсан борлуулалтыг 2017 оны 4 дүгээр улиралд буюу анхны суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн өдрөөс хойш бараг 2 жилийн дараа хийж, НӨАТ суутган төлөгчийн болзлыг хангасан болох нь санхүүгийн тайлангаар тогтоогджээ.
Түүнчлэн 2006, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аль аль нь “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босго хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн зохицуулалттай тул өмнөх хуулийн дагуу 10 саяын босго давсан сарын дараа сарын эхний өдөр болох 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс хойш НӨАТ суутган төлөгч болсон ч, үүнээс 2 сарын дараа дагаж мөрдөгдсөн хуулиар босгыг 50 сая болгосноор “С А” ХХК-ийн орлого нь дараалсан 12 сарын хугацаанд дээрх босгыг даваагүй байх тул бүтгүүлсэн эсэхээс үл хамааран НӨАТ суутган төлөгчөөс хасагдах болзлыг хангасан гэж үзнэ.
Харин 2017 оны 4 дүгээр улирлын татварын тайланд 120.501.020 төгрөгийн борлуулалтын орлого тусгаснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсч, үнээс хойш НӨАТ суутган төлнө.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН