Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 337

 

    Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-д холбогдох          

Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах,

"Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

 Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, З.Буяндаваа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Жи Пи Эф" ХХК нь үүсгэн байгуулагдсан даруйдаа 2010 оны 11 дүгээр сард ашигт малтмалын хайгуулын 7991X, 12772Х болон 12773Х тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу "Их монгол майнинг" ХХК-иас шилжүүлэн авч ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцаа эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж итгэл үзүүлэн ажиллаж байсан. "Жи Пи Эф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан компанийг 2010 оноос удирдан ажилласан. "Жи Пи Эф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь 2012 он хүртэл компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, уул уурхай зогсонги байдалд орсон тул Хятад хөрөнгө оруулагч хайж байгаа, хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.

1. "Жи Пи Эф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь 2012 оны сүүлээс нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгаас холбоо тасалсан.

2. Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Си Си Эм Икс" ХХК-д шилжсэнийг 2015 оны 5 дугаар сард мэдсэн.

З. Ш.Мөнгөншагай нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Нийслэлийн архив зэрэг газруудаас зохих ёсоор лавлагаа авсан.

4. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Нийслэлийн архив зэрэг газруудаас зохих ёсны лавлагаагаар "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн асуудлыг шалгаж үзэхэд дараах гэрээ болон шийдвэрийн үндсэн дээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг "Си Си Эм Икс" ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүнд: Иргэн Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс" ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ болон “Эрх шилжүүлэх” гэрээ, иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах“ гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, "Жи Пи Эф" XXК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцааэзэмшигчдийн шийдвэр, "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай нь дээр дурдсан гэрээнүүд болон шийдвэр дээр гарын үсэг зураагүй бөгөөд "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм.

 "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 89, 101, 106, 108, Компанийн тухай хуулийн 34.1.2, Нотариатын тухай хуулийн 3.1.4, 21.3.1, 21.3.3 заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

"Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж авсан "Си Си Эм Икс" ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм... гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Chen Bangfa 2012 оны 7 дугаар сараас 2015 оны 5 дугаар cap хүртэл ажилласан... БНХАУ-ын иргэн Жин Жан Мин гүйцэтгэх захирлаар 2015 оны 5 дугаар сараас ажиллаж байгаа мэдээлэл байдаг.

Дээр дурдагдсан хүчин төгөлдөр бус гэрээнүүд, баримт бичгүүдэд үндэслэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний хагас сайн өдөр хийсэн байдаг.

1. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

2. Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр авсан лавлагаанд бүртгэгч Ч.Батцэцэг нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь хагас сайн буюу амралтын өдөр болж байгаа. Энэ өдөр ямар нэгэн нээлттэй хаалганы өдөр байгаагүй.

З. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 "...компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй хэлцэл"-д заасны дагуу компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг заавал зөвшөөрөл авч хийгдэх ёстой байсан ч энэ ажиллагаа явагдаагүй.

4. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д нэгдмэл сонирхолтой этгээд, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой гуравдагч этгээд гэдэгт "Си Си Эм Икс" ХХК болон түүний хувьцаа эзэмшигч нь БНХАУлсын иргэн байгаа учир энэхүү хувьцааны шилжүүлгийн бүртгэл нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчсөн.

5. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 9.1-д “Энэ хуулиар тогтоосон шаардлага болон 4.1, 4.2-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” хэмээн заасан байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд заасан журмыг зөрчиж бүртгэл хийсэн...Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн шүүх нь Хувьцаатай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг шалгаж, захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад ...иргэн Ш.Мөнгөншагай болон БНХАУ-ын иргэн Song Lu нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээ, Г.Жаргалан болон БНХАУ-ын иргэн Song Lu нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээ гарч ирсэн.Нотлох баримтуудаас үзэхэд анх "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг БНХАУ-ын иргэн Song Lu-ын нэр дээр авахаар шийдвэрлэж Song Lu нь 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр бус “Хувьцаа худалдах-худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээнүүдийг байгуулсан.

 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Song Lu-ын нэр дээр шилжүүлэх гэтэл Монгол улсад шинэ хууль гарсан буюу Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж гадаадын иргэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг шилжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авдаг болсон байсан учир хувьцааг шилжүүлж чадаагүй.

Тийм учраас БНХАУ-ын Ningxia Xintai компанийн Монгол улс дахь охин компани болох "Си Си Эм Икс" ХХК-ийн нэрээр "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авах гэрээг байгуулахаар болж Хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолон 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн. "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын Ningxia Xintai компанийн Монгол улс дахь охин компани болох "Си Си Эм Икс" ХХК-ийн нэрээр худалдан авахад ...Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд оруулахгүй болгон харагдуулахын тулд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 4 дүгээр сарын 23-наар огноолж үйлдэж, худалдан авагчийг "Си Си Эм Икс" ХХК болгож өөрчилсөн.

Нотариатын хууль зөрчсөн үйлдлийн талаар: "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг судлан үзэхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  83 дугаар бүхий тамгатай нотариатч М.Саранцэцэг нь дараах байдлаар Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Үүнд: Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах- худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2012 оны 7 дугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон "Си Си Эм Икс" ХХК-ийн эдгээр хууль бус үйлдлүүд нь иргэн Song Lu-ын тайлбар, "Си Си Эм Икс" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий гэрээнүүдийг байгуулж гарын үсэг зурсан БНХАУ-ын иргэн Chen Bangfa-ын гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн архивын лавлагаа болон бусад баримтуудаар нотлогдсон. Нийслэлийн архив нь манай архивын хөмрөгт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч №83 тоот тамганы дугаар М.Саранцэцэгийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ болон итгэмжлэлийн баримтуудыг шүүн үзэхэд “Ганхуяг овогтой Жаргаланд нэр холбогдох баримт олдоогүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн мөн иргэн Ш.Мөнгөншагайтай холбоотой Хувьцаа, эрх шилжүүлэх гэрээнүүд байхгүй талаар мөн гаргаж өгсөн тодорхойлолт нь нотлох баримтаар авагдсан байна.

... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүд нь огноо өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй хүчин төгөлдөр бус болох нь нотлогддог. Дахин дурдахад "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф" ХХК -ийн нийт хувьцааны 60 хувийн өмчлөгч бөгөөд дээр нэр дурдагдсан Ш.Мөнгөншагайтай холбоотой гэрээнүүдэд өөрийн биеэр гарын үсэг зураагүй бөгөөд Г.Жаргалантай холбоотой гэрээг байгуулах зөвшөөрлийг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу өгөөгүй. "Жи Пи Эф" ХХК-ийн өнөөдрийн үйл ажиллагаа: "Жи Пи Эф" ХХК нь одоогоор ашигт малтмал ашиглалтын MV-017368 дугаар тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын XV-012773, XV-012772 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах Салхитын уурхайд олборлолт хийж байгаа төдийгүй олборлосон хүдрээ экспортлосоор байна. "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцаа хууль бусаар шилжиж, "Жи Пи Эф" ХХК-ийн эзэмшлийн уурхайд олборлолт явуулж байгаа нь нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. "Жи Пи Эф" ХХК-ийн нийт хувьцаа шилжиж "Жи Пи Эф" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэнийг томилсон учир Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф" ХХК-ийн баримт бичиг санхүүгийн материалтай танилцах боломжгүй болоод байна. Иймд Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 5.4, 5.5, 34 дүгээр зүйлийн 34.1.2, Нотариатын тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.3.1, 21.3.3-т заасны дагуу иргэн Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс" ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, "Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа түүний өмгөөлөгч Г.Банзрагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...бодит байдалд огт нийцэхгүй, op үндэсгүй худлаа зүйл бичсэн болох нь дараах үйл баримт болон нотлох баримтаар батлагдана.

1. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф" ХХК-ийн албан бланкан дээр бичиж гарын үсэг, тамга дарсан шийдвэр байх бөгөөд түүнд "Шарав овогтой Мөнгөншагай би "Жи Пи Эф" ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа болох 60 хувийг "Си Си Эм" ХХК-д 100 хувь шилжүүлэхийг зөвшөөрч байна. "Жи Пи Эф" компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бүх эрх мэдлийг Ганхуяг овогтой Жаргаланд олгосон нь үнэн болно" хэмээн өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон баримт байна.

2. Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэгийн шүүхэд өгсөн тайлбарт Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь өөрсдөө ирж, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болохыг баталдаг.

3. Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф" ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт "Жи Пи Эф" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Чен Бангфа-гаас мэдүүлэг авах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасныг шүүх хангаж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт гэрч Чен Бангфа нь "... миний найз Сонг Лугаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай гэрээ хийлгэсэн... Би Сонг Лу-д өөрөө эрх олгосон...", "...Ш.Мөнгөншагай гэрээ хийх анхны өдөр байхгүй байсан. Дараа нь Ш.Мөнгөншагай нөхөж гэрээ хийгээд гарын үсгээ зурсан" гэсэн байдаг.

4. Компанийн тухай хуулиар компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийнх нь хувьцаа бусдад шилжсэн болохыг огт мэдэлгүй бүтэн 4 жил өнгөрөх ямар ч боломжгүй. Компанийн тухай хуулиар компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой /Компанийн тухай хуулийн 59.4/, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэлэлцэж татвар, нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой /Компанийн тухай хуулийн 62.1.9, 62.2.5, Компанийн дүрмийн 5.4/, 60 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ бүхнийг хийж мэдэж байх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь /60 хувийн хувьцаа эзэмшигчийн/ үүрэг, хариуцлага бөгөөд үүнийгээ хийгээгүйн төлөө бусдыг, ялангуяа хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд утгагүй юм. Дээрх бүх нотлох баримтууд нь нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай маргаан бүхий гэрээнүүдийг мэдэж байснаар барахгүй өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан болохыг нотолж байна. Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхээ Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйлээр үндэслэж байгаа боловч эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай нь 56 дугаар зүйл байна. Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг зохицуулсан байх тул нэхэмжлэгч түүнийг үндэслэн маргаан бүхий гэрээг "хүчин төгөлдөр бусад тооцуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах нь өөрөө утгагүй юм. Тодруулбал, онолын хувьд "гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 57-61 дэх зүйлээр л гаргах боломжтой гэдгийг дурдмаар байна. Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 зүйлийн аль заалтыг үндэслэж байгаагаа тодорхой дурдаагүй ч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдгийг үндэслэж байгаа бололтой. Учир нь: тэрээр нэхэмжлэлдээ "маргаан бүхий гэрээнүүд нь огноог өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй тул хүчин төгөлдөр бус" гэжээ. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагатай холбоогүй юм. Учир нь: "Си Си Эм Икс" ХХК нь иргэн Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан хэмээх компанийн эрх бүхий этгээдүүдтэй тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан тул тэднээс өөр зөвшөөрөл авах "бусад этгээд" байхгүй. Тодруулбал, хуулийн энэхүү заалт нь талууд гэрээ байгуулахын тулд бусад буюу гуравдагч этгээдээс зөвшөөрөл авах тухай ойлголт юм. Харин маргаан бүхий гэрээний хувьд нэхэмжлэгч нь өөрөө "зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд" байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т "хууль зөрчсөн хэлцэл..." гэдгийг үндэслэсэн бололтой. Учир нь: нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг хэлцэл нь "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй" гэсэн зүйлийг дурджээ... Хууль зүйн хувьд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2012 оны 5 дугаар сарын 17-ноос эхэлж үйлчилсэн тул маргаан бүхий гэрээнүүдэд хамааралгүй юм. Тэдгээр нь хууль үйлчлэхээс өмнө байгуулагдсан тул хуулийг буцаан хэрэглэхгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт хамааралгүй. Түүнчлэн үйл баримтын хувьд "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг шилжүүлэх улсын бүртгэл хийгдэх үед тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ч, мөн компанийн дүрэм дээр "гадаад худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн л бүртгэлтэй байсан. Тодруулбал, "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг" гэх бүртгэл байгаагүй, харин үүнийг компанийг шилжүүлсэнээс хойш 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр одоогийн хувьцаа эзэмшигч болох хариуцагч нар улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. Нөгөөтэйгүүр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор хуучин хуульд байсан бүх хязгаарлалтуудыг, үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэлцлийн талаарх зохицуулалт байхгүй болгосон… Маргаан бүхий гэрээнүүдийн хувьд Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байх тул "гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ...маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлтийн тухайд: Ш.Мөнгөншагай нь гарын үсгээ санаатай болон санамсаргүйгээр олон янзаар зурдаг болохыг хэрэгт авагдсан материалуудаас харж болно. Жишээ нь: түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, компанийн дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлтүүд, хэргийн материалтай танилцсан баримт, маргаан бүхий гэрээнүүд, захиргааны хэргийн шүүхэд Ш.Мөнгөншагайгаас Б.Батзаяад өгсөн итгэмжлэл, "Жи Пи Эф" ХХК-ийг үүсгэн байгуулагчийн анкет, тус компанийг үүсгэн байгуулах шийдвэр гээд бүх бичиг баримтуудад зурсан түүний гарын үсгүүд нь энгийн нүдээр харахад л хоорондоо бүгд ялгаатай өөр өөр байна. Харин шинжээчийн дүгнэлтэд түүний гэх нэг хуудас дүүрэн гарын үсэг нь нэг ижил хэлбэртэй, өөрөөр хэлбэл дээрх бичиг баримтад зурсан шигээ олон янзаар зураагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах боломжгүй тул түүнийг "хөдөлбөргүй үнэн нотлох баримт" гэж үнэлэх боломжгүй. Дээрх баримтуудаас харахад нэхэмжлэгч нь нэг бол өөрийн гарын үсгийг ийм олон янзаар зурдаг, эсхүл зориуд өөр этгээдээр зуруулдаг гэж үзэхээр байна. Нэгэнт Ш.Мөнгөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн /үүнийгээ үгүйсгээгүй/ тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн /магадгүй Жаргалан өөрөө/ гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд үнэн чанартаа шинжээчийн дүгнэлт ач холбогдолгүй юм. Хэрэв үнэхээр л нэхэмжлэгчийг огт мэдээгүй байхад хэн нэгэн этгээд өөрийнх нь өмнөөс хуурамчаар гарын үсэг зурж, түүний их хэмжээний хөрөнгийг завшаад, түүнийг хохироосон юм бол энэ нь иргэний маргаан биш, харин Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хувьд ч мөн ялгаагүй Г.Жаргалан нь нэхэмжлэгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдээд компанид болон нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан юм бол түүний энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэн, шалгуулж тогтоолгох ёстой. Гэмт үйлдлийг эхэлж тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд харин хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрнэ. Гэрээний огнооны тухайд нотариатчийн тайлбарт хэлсэнчилэн талууд /тэр дундаа худалдагч тал/ өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн, тодорхой эрх зүйн үр дагаварт хүрэх зорилгоор, өөрсдөө биечлэн байлцаж гарын үсгээ зурсан бөгөөд гэрээний утга агуулга өөрчлөгдөөгүй тул түүнийг хэдийд ч байгуулж, хэдийд ч батлуулж болно. Иймд "огноог өөрчилсөн" гэдгээр маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардах эрхгүй этгээд юм. Учир нь: нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулсан талууд гэрээний талаар маргаагүй. Хэрэв Компанийн тухай хуулийн дагуу "зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй" гэж үзэж байгаа бол энэ нь "Жи Пи Эф" ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч "Си Си Эм Икс" ХХК-д биш, харин Г.Жаргалантай холбоотой асуудал юм. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын тухайд "огноог өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй" гэдэг нь дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль нэг заалтаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна…нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчихийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд: Маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр нь "Жи Пи Эф" ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нарын гаргасан компанийн дотоод шийдвэр юм. Иймд хэрэв Ш.Мөнгөншагай нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол хариуцагч нь "Жи Пи Эф" ХХК-ийн 2р дахь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Г.Жаргалан байх ёстой. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийдвэр нь одоогийн "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох "Си Си Эм Икс" ХХК-д ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...Гэхдээ уг шийдвэрийг Г.Жаргалан нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн 23-30 дугаарт заасан үндэслэлийг үгүйсгэсэн буюу улсын бүртгэлийг хууль ёсны болохыг тогтоосон 2016 оны 108 дугаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн шаардлагатай холбоотой тул нэгэнт үндсэн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлага нь ч мөн үндэслэлгүй.

Дээр дурдсан бүх үндэслэл, нотлох баримтууд нь ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчиж мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй байна. Ялангуяа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын зорилго нь гэрээний аль нэг талын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд түүний эрх нь зөрчигдөөгүй болохыг хангалттай тайлбарлаж нотолсон. Иймд Иргэний хуулийн зорилт болон шударга ёсны зарчимыг хангах, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ш.Мөнгөншагай, "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ", Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, "Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Си Си Эм Икс" ХХК, "Жи Пи Эф" ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 168 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32016/16237 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Банзрагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй гэж үзэн хариуцагчийн зүгээс дараах үидэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөг хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ" гэжээ. Ялангуяа иргэний гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын зорилго нь гэрээний аль нэг талын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд түүний эрх нь зөрчигдөөгүйгээр барахгүй гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй, шударга бус, бусдыг луйвардах гэсэн илт санаатай байгаа нь тодорхой байдаг. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэж заасан зарчмыг ноцтой зөрчиж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт болон хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй зөвхөн эргэлзээ бүхий "Шинжээчийн дүгнэлт"-ийг үндэслэл болгосноос шийдвэр шударга бус болж үүний улмаас хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж их хэмжээний хохирол хүлээхэд хүрээд байна.

Шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болж чадахгүй тухайд:

1. Ш.Мөнгөншагай нь гарын үсгээ санаатай болон санамсаргүйгээр олон янзаар зурдаг болохыг хэрэгт авагдсан материалуудаас харж болно. Хамгийн илэрхий жишээ нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зурсан гарын үсэг (хх-7), болон шинжээчийн дүгнэлтэнд өгсөн гарын үсгийн загварыг харьцуулахад энэ байдал тодорхой харагдана. Цаашилбал компанийн дүрэм (хх-11-14). иргэний үнэмлэхний хуулбар (хх-33), эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх- 96), хүсэлтүүд (хх-106, 107/, хэргийн материалтай танилцсан баримт (хх-122), маргаан бүхий гэрээнүүд /хх 31-35, 125-126/, захиргааны хэргийн шүүхэд Мөнгөншагайгаас Б.Батзаяад өгсөн итгэмжлэл гээд бүх бичиг баримтуудад зурсан түүний гарын үсгүүд нь бүгд ч хоорондоо ялгаатай өөр өөр байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд өгсөн түүний нэг хуудас дүүрэн загвар гарын үсэг нь нэг ижил хэлбэртэй, өөрөөр хэлбэл дээрх бичиг баримтад зурснаас өөр байна. Ийм байхад шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах боломжгүй тул түүнийг "хөдөлбөргүй үнэн нотлох баримт" гэж үнэлэх боломжгүй.

2. Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Чэн Бангфа-гаас мэдүүлэг авах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасныг шүүх хангаж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт гэрч Чэн Бангфа нь "...миний найз Сонг Лугаар Мөнгөншагай, Жаргалан нартай гэрээ хийлгэсэн... Би Сонг Лу-д өөрөө эрх олгосон... ", "...Мөнгөншагай гэрээ хийх анхны өдөр байхгүй байсан. Дараа нь Мөнгөншагай нөхөж гэрээ хийгээд гарын үсгээ зурсан" гэсэн байдаг. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг огт үнэлээгүй байна.

3. Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэг нь нярай хүүхдээ хараад хөдөө байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөх боломжгүй байгаа учир байдлаа дурдан өөрийн тамга бүхий тайлбар өгсөн бөгөөд "Хэрэв үнэхээр шаардлагатай бол би хөдөөнөөс зорьж ирэн шүүх дээр энэ хүмүүстэй /Мөнгөншгай, Жаргалан нартай/ нүүрэлдүүлэн баицаалт өгч болно гэсэн байна. Тэрээр тайлбартаа "...Уг нэхэмжлэлд дурдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компатшн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжуулэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэй хамт над дээр ирсэн тул бодит байдлыг би маш сайн санаж байна. Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж “Жи Пи Эф”ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэгэн татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн..." гэж бодит байдлыг тайлбарласан байна. Энэхүү нотариатчийн тайлбар нь хэрэгт хамааралтай бөгөөд бодит байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий нотолгооны хэрэгсэл болох үндэслэлтэй байхад шүүх түүнийг нотлох баримт биш гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөвхөн түүнд заасан хэдхэн тооны нотолгооны хэрэгслээр хязгаарлах мэтээр ойлгож хуулийг буруу тайлбарласан байна. Ийнхүү хэрэгт ач холбогдол бүхий чухал баримтыг үгүйсгэснээр шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан байна.

4. Ш.Мөнгөншагай нь Г.Жаргалангийн эхнэр Шаравын ....төрсөн ах нь байдаг. ...Г.Жаргалан нь 2012 оны сүүлээс нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгаас холбоо тасалсан, иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэнийг 2015 оны 5 дугаар сард мэдсэн" мэтээр байж боломгүй зүйлийг барин тавин худлаа бичсэн байдаг. Ямар ч тохиолдолд төрсөн дүүгийнхээ нөхөрийг бүтэн 3 жил огт хараагүй, уулзаагүй, таараагүй байх боломжтой юу. Ийм хэнд ч илэрхий худлаа байдлыг шүүгч огт харьцуулан дүгнэсэнгүй.

5. Хариуцагчид “Жи Пи Эф” ХХК-ийг шилжүүлэх үед худалдагчийн зүгээс бүрдүүлж өгсөн материалд Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн албан баланкан дээр бичиж гарын үсэг, тамга дарсан шийдвэр байх бөгөөд түүнд "Шарав овогтой Мөнгөншагай би "Жи Пи Эф" ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа болох 60 хувийг "Си Си Эм" ХХК-д 100 хувь шилжүүлэхийг зөвшөөрч байна. ”Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарьн үсэг зурах бүх эрх мэдлийг Ганхуяг овоггой Жаргаланд олгосон нь үнэн болно'' хэмээн өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон баримт байдаг. Худалдан авагч буюу хариуцагчийн хувьд энэ баримт л уг компанийг шилжүүлэн авахад хангалттай үндэслэл болсон. Шүүх энэ байдалд огт дүгнэлт өгсөнгүй.

6. “Жи Пи Эф” ХХК-ийг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус компанийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.Жаргалангаас Chen Bangfa-д 8 000 000 юанаар шилжүүлсэн гэрээ байгуулагдсан. Мөн эдгээр баримт бичгийг баталгаажуулж "Тус компаний 60% хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай одоогоор Улаанбаатарт байхгүй байгаа тул ирэхээр нь өөрөөр нь гарын үсэг зуруулж баталгаажуулна. Уг бичиг баримт бүгд хуулийн хүчин төгөлдөр болно” гээд 4 хүн /түүний дотор Жаргалан/ гарын үсэг зурсан байдаг. Энэ бүх баримт нь компанийг шилжүүлсэн үйл явцыг нотлоход чухал ач холбогдолтой байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.

...Энэ мэт үнэн хэрэг дээрээ бусдыг луйвардах гэж оролдож байгаа атлаа бусдад "луйвардуулсан" мэтээр зохион байгуулалттайгаар шударга бусаар иргэний харилцаанд оролцож байгаа этгээдийн хууль бус шаардлагыг шүүх хангаж шийдсэнд хариуцагчийн хувьд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл буюу хуулийг буруу гайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх нэхэмжлэлийн нэг болон хоёрдугаар шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэснийг үндэслэн шийджээ. Ингэхдээ дээр дурдсан эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу Мөнгөншагай нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй гэж үзжээ. Гэвч өмнө нь тайлбарласанчлан Мөнгөншагай нь өөрийн хүсэл зорилгоо илэрхийлсэн, гарын үсэг зурсан, уг гэрээг мэдэж байсан байдаг. Гэтэл шүүх хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит байдалд нийцэхгүй байхад түүнийг хэрэглэсэн нь буруу байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд: шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хоёрдахь нөхцөл буюу "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзжээ. Гэтэл “Жи Пи Эф” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хариуцагч нь тэдэнтэй нэг өдөр, нэгэн зэрэг аль алиных нь хүсэл зоригийн буюу зөвшөөрлийн дагуу ижил утга агуулгатай гэрээг тус бүртэй нь байгуулсан байдаг. Нэгэнт хоёр хувьцаа эзэмшигч хоёулаа хүсэл зоригоо илэрхийлээд нэгэн зэрэг гэрээ байгуулсан байхад шүүх "хувьцаа эзэмшигчид нь хуралдаж нэг нь нөгөөгөөсөө зөвшөөрөл авсан байх ёстой мэтээр шийдвэрээ үндэслэж байгаа нь шүүх хуулийн зорилгыг хэтэрхий механик буюу хэлбэр талаас нь буруу тайлбарлаж байна.

Нөгөөтэйгүүр зөвшөөрөл авсан эсхүл аваагүй тухай асуудал нь худалдан авагч болох хариуцагчид биш харин худалдагч тал болох Г.Жаргалантай холбоотой асуудал. Энэ утгаараа энэ маргааны хариуцагч нь Г.Жаргалан байх ёстой байтал /ядаж гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр/ шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг хэтэрхий өргөн хүрээнд тайлбарлан нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж гэрээний талуудын эрх болон гэрээний эрх чөлөөний зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд: Маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр нь “Жи Пи Эф” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нарын шийдвэр юм. Тодруулбал, “Жи Пи Эф” ХХК-ийн биш харин тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэн гаргасан шийдвэр байдаг. Иймд энэ маргааны хариуцагч нь “Жи Пи Эф” ХХК-ийн 2 дахь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Г.Жаргалан байх ёстой. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийдвэр нь одоогийн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Си Си Эм Икс” ХХК-д ямар ч хамааралгүй байтал шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдсэн нь хэтэрхий нэг талд үйлчилсэн байна. Дээрхээс гадна “Жи Пи Эф” ХХК-ийг шилжүүлэх үед тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй /X тайлан өгдөг/ компани байсан. Гэтэл одоо шинэ хувьцаа эзэмшигч хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон, өөрийн гэсэн үйлдвэртэй, олон тооны ажлын байртай болтол өргөжсөн. Гэтэл одоо компанийг шилжүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус болохоор Ш.Мөнгөншагайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн зүйлээ яаж буцааж өгөх вэ? Шинэ хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон Ашиглалтын лицензийг буцааж хайгуулын болгох уу?, шинээр барьсан үйлдвэрээ хаах уу? ажилчидаа ажлаас халах уу? үйл ажиллагааны орлогоо X тайлан болгох уу? гэсэн ойлгомжгүй бөгөөд боломжгүй, ноцтой үр дагавар дагуулсан нөхцөл байдлууд үүсэж байна. Энэ бүгд маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй болохыг харуулж байгаа юм. Иймд Иргэний хуулийн зорилт болон шударга ёсны зарчмыг хангах хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь илт нэг талыг барьсан бодит үнэнд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, Монгол Улсын эдийн засагт хор уршигтай, гадаадын хөрөнгө оруулагчийг үргээсэн шийдвэр боллоо. Маргааны гол зүйл юу байсан талаар товч дурдахад: "Жи Пи Эф" ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын анкет, компанийн дүрэм зэргээс үзэхэд иргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг үүсгэн байгуулж, 60 хувийн хувьцааг Ш.Мөнгөншагай, 40 хувийн хувьцааг Г.Жаргалан эзэмшихээр тохиролцсон боловч огт үйл ажиллагаа явуулаагүй байна. Уг компанийг байгуулснаас хойш 7 хоногийн дараа Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1226 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан, Дэрэн сумын нутаг дахь Хайгуул-1 нэртэй 12044,97 гектар талбай бүхий 12773Х, 7991Х, 12772Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Их Монгол майнинг" ХХК-иас "Жи Пи Эф" ХХК-д шилжүүлэн авсан бөгөөд энэ асуудал дээр маргалдаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4281 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1136 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 59 тоот тогтоолоор өөрийн болгож байжээ. Ингээд "Жи Пи Эф" ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүйгээс гадна Ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагааг ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчжээ.

         Тус компаний хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр "Си Си Эм Икс" ХХК-ийн захирал Чен Бангфа /Chen Bangfa/-тай хувьцаа худалдах- худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагч нь 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр "Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Си Си Эм Икс" ХХК-д шилжүүлж, хасагдсан буюу нэмэгдсэн өөрчлөлтийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасантай нийцжээ. Гэтэл энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар иргэн Ш.Мөнгөншагай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 684 дүгээр шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 68 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 108 дугаар тогтоолоор тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцааг "Си Си Эм Икс" ХХК-д шилжүүлсэн ажиллагааг хуулийн дагуу явагдсаныг нотлон тогтоосон юм. Үүнээс хойш уг компани 2011 оноос 2016 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хайгуулаар нөөц тогтоож, холбогдох байгууллагуудаар дүгнэлт, тушаал гаргуулж улмаар олборлолт явуулах эрх болох "А" ашиглалтын лицензийг авч ашигт малтмалыг олборлох, ангижруулах том үйлдвэр барьж, одоогийн байдлаар 141 Монгол ажилчдыг ажиллуулж, аймаг, орон нутагт хандив тусламж, улсын төсөвт их хэмжээний татвар төлж байна. Тус компани 133 496 596 106 төгрөгийн буюу 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт 649 463 400 төгрөгийн хандив, тусламж үзүүлж улсад 6 115 854 388 төгрөгийн татвар төлсөн бөгөөд улиралд тасралтгүй 1,3 тэрбум төгрөгийн татварыг тогтмол төлж байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ бүх үйл явцыг бодитоор харж чадалгүй хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргасанд харамсаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ шинжээчийн 2016 оны 4433 тоот дүгнэлтийг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар тогтоогдохгүй бол түүнийг үндэслэн үнэлэх учиргүй юм. Хариуцагч тал уг шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн учир Ш.Мөнгөншагай нь маш их зальтай тогтсон гарын үсэг байхгүй, бүх баримтанд өөр өөрөөр гарын үсэг зурдаг. Тэгээд ч шинжээчид түүний гарын үсэг мөн бишийг шинжлэхдээ бүх гарын үсгийг харьцуулж шинжилсэн биш бөгөөд уг гэрээ бодитоор хийгдсэн гэдэг нь хангалттай нотлогдож байхад уг шинжээчийн дүгнэлтийг шүүх гол зүйл болгоод хариуцагчийг "...татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна." гэж үндэслэлгүй гүтгэсэн байна. Мөн "Ш.Мөнгөншагай нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй болох нь дээрхи шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна” гэж шүүх шийдвэртээ дүгнэсэн боловч энэ талаар хавтаст хэрэгт бичгийн ямар ч баримт байхгүй, харин уг гэрээнүүд бодитоор хийгдсэн, талууд өөрсдийн биеэр байсан гэдгийг хангалттай нотолж байгаа баримтууд бий. Нотариатч М.Саранцэцэг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд биеэр очиж гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүйгээ бичгээр илэрхийлж өөрөө бичгээр тайлбар гаргаж тамга тэмдгээ дарж шүүхэд хүргүүлснийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нотлох баримтын тухай тодорхойлсон бөгөөд 37.2 дахь хэсэгт зааснаар нотариатч М.Саранцэцэг нь гэрч бөгөөд бичмэл нотлох баримтаа тамгалж гарын үсэг зурж өгсөөр байтал нотлох баримт гэж үзэхгүй гэж илт нэг талд үйлчилжээ.

Мөн “Нийслэлийн архивын лавлагаанд маргаж байгаа гэрээнүүдтэй холбоотой баримт байхгүй байна" гэснээс үзвэл дээрхи гэрээнүүдийг байгуулахад Ш Мөнгөншагай нь нотариатч дээр очиж гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй гэж буруу дүгнэжээ. Нотариатч М.Саранцэцэг архивын материалаа шилжүүлсэн эсэх нь энэ хэрэгт огт хамаагүй, тэр нотариатчийн өөрийн хариуцлагагүй асуудал. Тэгээд ч энэ гэрээ нь заавал нотариатаар батлагдах гэрээ биш юм. Харин нэхэмжлэгч тал архивт байхгүй гэрээгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь эргэлзээ төрүүлж ямар материалаар шинжээчийн хуурамч дүгнэлт гаргуулав гэж дүгнэж үзэхэд ч болох талтай гэдгийг анхаарна уу. Мөн шүүх Ш.Мөнгөншагайд гэрээний үнэ болох 600 000 төгрөгийг төлсөн талаар материал авагдаагүй гэжээ. Уг компани нь Хятадаас хөрөнгө оруулж ирдэг бөгөөд олон шат дамждаг Хятадын банкнаас хуулга авахад хүндрэлтэй, урт хугацаа шаардлагатай байсан бөгөөд маргаж байгаа гэрээнүүд бодитоор хийгдсэн үүний үнэнд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар олон зуун сая төгрөг авсан нь тодорхой учир яаравчлан хийсэн болно. Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ", Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ", "Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг хүчин төгөлдөр болох нь гэрээг хийхэд байсан бүх хүмүүс, гэрч Т.Саранцэцэг, иргэн Chen Bangfa нарын мэдүүлэг, 3 шатны шүүхийн шийдвэр зэргээр хангалттай нотлогдоно. Маргаж байгаа гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн 05 тоот шийдвэрийн ард баталгаажиж дарагдсан Ш.Мөнгөншагайгийн иргэний үнэмлэх хүртэл гэрчилнэ. Тэр очоогүй бол иргэний үнэмлэх нь яаж очсон байх вэ? гэдгийг ч бодолцох хэрэгтэй гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-д холбогдуулан

- Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ болон "Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулан,  "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох ,

- Г.Жаргалан болон "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Жи Пи Эф" ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ",

- "Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шааардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд, мөн тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Г.Жаргалан-"Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ", "Жи Пи Эф" ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр  "Жи Пи Эф" ХХК-ийн хувьцаа бүхэлдээ худалдан авагч тал "Си Си Эм Икс" ХХК-д шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын Ш.Мөнгөншагайд холбогдох асуудлын хувьд шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэсэн гэх байдлаар бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн  шаардлагын агуулга, түүний үндэслэлийг тодорхойлж чадаагүй, талуудаас гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн  үнэлж, хооронд нь харьцуулах замаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дурдсан “хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг хэлцэл”-ийг шүүх “хүчин төгөлдөр бусд тооцсон” нь буруу болжээ.

Хувьцаа эзэмшигч Г.Жаргалан "Си Си Эм Икс" ХХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, "Жи Пи Эф" ХХК-ийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд  нэхэмжлэгч Г.Мөнгөншагайгийн өмнө хүлээсэн, хуульд заасан үүргээ Г.Жаргалан зөрчсөн эсэх, “Си Си Эм Икс” ХХК зөрчсөн эсэх нөхцөл байдал тодорхой бус, шүүхээс гарах шийдвэр нь эдгээр этгээдүүдийн эрх, үүрэгт нөлөөлөх эсэх, шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэх асуудлыг шүүх талуудаас тодруулан шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч “Си Си Эс Эф” ХХК-д  Ш.Мөнгөншагай нь компанийн 60 хувийн хувьцааг нийт 600 000 төгрөгөөр, Г.Жаргалан нь компанийн 40 хувийн хувьцааг 400 000 төгрөгөөр худалдаж, хэн алин нь “Жи Пи Эф” ХХК-ийн эрх, үүргийг тус тусын эзэмшиж байсан хэмжээгээр шилжүүлэхээр тохиролцсон Хувьцаа худалдах худалдан авах 2 гэрээ, Эрх шилжүүлэх 2 гэрээ, мөн “Си Си Эм Икс” ХХК-ийг “Жи Пи Эф” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр тогтоосон “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүй болгохоор эрх зүйн ямар үр дагавар үүсгэх, ямар эрхээ сэргээлгэх гэж байгаа нь тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн“ гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат, эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг мөн хуулийн 42.10-т заасан шаардлагад хамаарах бөгөөд энэ талаархи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлажээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4433 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай” гэсний өмнө зурагдсан гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг тодруулалгүйгээр “...нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэх үндэслэлгүй” гэж дүгнэн уг шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа нь нотариатч Б.Саранцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2016/31348 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн /2 хавтаст хэргийн 184-185/ бөгөөд тэрээр уг хүсэлтээсээ 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр татгалзсан хүсэлтээ бичгээр гаргажээ /2 дугаар хавтас 234/.

Гэтэл  анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан зохигч буюу хэргийн оролцогч биш этгээдийн тайлбарыг хэрэгт хавсаргаж /2 хавтас 235-236/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хасах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хэргийн оролцогчийн хувьд нотлох баримт бүрдүүлэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Мөн гэрч Чен Вангфагийн мэдүүлэг 2-3 удаа хэрэгт авагдсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад авагдсан энэхүү гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай эсэхийг үнэлж, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуулийн шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаас хасах эсэхээ шийдвэрлэх байсан бөгөөд хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох боломжоор хангагдах учиртай эдгээр нөхцөл байдлууд бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА