Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Н,     

Улсын яллагч: Б.О, 

Шүүгдэгч: Ж.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Н-д холбогдох эрүүгийн  2004000390031 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Багануур дүүрэг 4 дүгээр хороо Байдлагийн ......тоотод  оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Ж Н /РД: СФ83100517/,

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн 4 дүгээр гудамжны 14 тоотод байрлах гэртээ Г.Б-тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогчийг хашаа түшиж зогсож байх үед нь түүний араас хайч барин гарч цээжний ар хэсэгт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Мэдүүлэг өгөхгүй, хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байна, өөр асуудал байхгүй... хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэл/    

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр ирээд ..уурлаад миний карт, машины түлхүүр зэргийг авчихаар нь би уурлаад шөнө гараад байрны гадна тамхи татаад зогсож байтал нэг такси явж байхаар нь зогсоож суугаад архи зардаг газар байна уу гэхэд “одоо бүх дэлгүүр хаачихсан гэхдээ нэг айлд архи зардаг гэсэн” гэхээр нь ...жолоочийн данс руу 15,000 төгрөг шилжүүлээд, жолооч айлд орж архи авч гарч ирсэн. Тэгээд би Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 4 дүгээр гудамжны 14 тоотод хүргүүлсэн. Тэгээд архиа бариад эмээгийнд ороход Ж.Н ах ганцаараа унтаж байсан. Тэгээд бид хоёр миний авч орсон архийг хувааж уугаад ..05 цагийн үед архиа дуусаад Ж.Н ах “ахиж нэг шил архи ууя, би эрт онгойдог дэлгүүр мэднэ” гэхээр нь бид хоёр гэрээс хамт гарч явсан. Тэрнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Харин Н ах над руу ярихдаа бид зууралдаж байгаад намайг түлхсэн чинь би плитка хагалчихаад гараад явахад нь араас ирээд хайчаар нуруу руу хатгасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дахь тал/,

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Г.Б “Ахиц” дэлгүүрийн урд нэг таксины жолооч ахтай юм яриад бөхийсөн байдалтай зогсож байсан. Тэгээд машинд суулгаад эмнэлэгт очиж үзүүлье гэхэд “би ахыгаа шоронд суулгамааргүй байна, эмнэлэг явахгүй” гээд байсан. Тэгээд Г.Б нуруунаас хүйт оргиод байна гэхээр нь харахад нуруунаас нь их хэмжээний цус гарсан байсан. ...шархыг нь цэвэрлэж боолт хийхэд зүүн далны  доод хэсэгт хутгалуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дэх тал/,

Гэрч  Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 2 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Багануур дүүргийн 123 дугаар цэцэрлэгт ажил дээрээ хонож ажилласан. ....өглөө 08 цагийн орчимд манай цэцэрлэгийн урд, хуучин Капитал банкны хашааны зүүн талд юүдэнтэй хар куртиктэй, цагаан өмдтэй, урт түрүүтэй гуталтай нэг согтуу залуу хашааг нь түшчихсэн, хашаан доторхи гэр рүү хараад “лалараа” гээд хашхираад зогсоод байсан. Тэгтэл гэрээс нь бараан куртиктэй нэг хүн гарч ирээд гадаа байсан залуутай барьцалдаж аваад зодолдож байгаад гадаа хашхираад байсан залуу газар унаад, гэрээс гарч ирсэн залуу буцаад гэрлүүгээ орсон. Тэгээд байж байтал газар унасан залуу жаахан хэвтэж байгаад босоод “Ахиц” дэлгүүрийн урдуур баруун тийшээ эргээд явсан. Тэр хоёр залууг урьд нь харж байгаагүй. Тэр гэрт уг нь нэг хөгшин амьдараад байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/062 дугаартай: “...1. Г.Б биед цээжний ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 дахь тал/,

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 3-р хороо, 55 дугаар байрны 16 тоотод оршин суух миний нөхөр Б 4-р хороо “Ахиц 1” дэлгүүрийн орчим үл таних хүнд нуруун тус газраа хутгалуулсан байна.” гэсэн дуудлага /хх-ийн 3 дахь тал/,

Шүүгдэгч Ж.Н-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 59-80 дахь тал/,

Ж.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн 4 дүгээр гудамжны 14 тоотод байрлах гэртээ Г.Б-тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогчийг хашаа түшиж зогсож байх үед нь түүний араас хайч барин гарч цээжний ар хэсэгт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Хохирогч Г.Б биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Н-ын хохирогчийн биед цээжний ар хэсэгт ир үзүүр бүхий зүйлээр буюу хайчаар хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

              - Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Харин Н ах над руу ярихдаа бид зууралдаж байгаад намайг түлхсэн чинь би плитка хагалчихаад гараад явахад нь араас ирээд хайчаар нуруу руу хатгасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дахь тал/,

              - Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Г.Б “Ахиц” дэлгүүрийн урд нэг таксины жолооч ахтай юм яриад бөхийсөн байдалтай зогсож байсан. Тэгээд машинд суулгаад эмнэлэгт очиж үзүүлье гэхэд “би ахыгаа шоронд суулгамааргүй байна, эмнэлэг явахгүй” гээд байсан. Тэгээд Г.Б нуруунаас хүйт оргиод байна гэхээр нь харахад нуруунаас нь их хэмжээний цус гарсан байсан. ...шархыг нь цэвэрлэж боолт хийхэд зүүн далны  доод хэсэгт хутгалуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дэх тал/,

              - Гэрч  Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Капитал банкны хашааны зүүн талд юүдэнтэй хар куртиктэй, цагаан өмдтэй, урт түрүүтэй гуталтай нэг согтуу залуу хашааг нь түшчихсэн, хашаан доторхи гэр рүү хараад “лалараа” гээд хашхираад зогсоод байсан. Тэгтэл гэрээс нь бараан куртиктэй нэг хүн гарч ирээд гадаа байсан залуутай барьцалдаж аваад зодолдож байгаад гадаа хашхираад байсан залуу газар унаад, гэрээс гарч ирсэн залуу буцаад гэрлүүгээ орсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дэх тал/,

              - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/062 дугаартай: “...1. Г.Б биед цээжний ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 дахь тал/,

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Ж.Н нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.

Шүүгдэгч Ж.Н-ын үйлдэл нь иргэн Г.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн.

Иймд шүүгдэгч Ж.Н-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.Б эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/062 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Б нь нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 32-34 дэх тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.          

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Н-ыг хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн ба шүүгдэгч Ж.Н гаргасан дүгнэлтдээ “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг боломжтой бол торгох ялаар сольж өгнө үү. Би ээжийгээ эмчлүүлэхээр явах гэж байгаа. Боломжгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч нь хувийн байдалтай холбогдох гаргасан дүгнэлтийнхээ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсэг нь 12 см урттай, бариул хэсэг нь хар хөх өнгийн резинээр бүрсэн хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Наранмандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Ж Н-ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн  Ж Н-ыг 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
  4. Хохирогч Г Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан хор уршиг гараагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсэг нь 12 см урттай, бариул хэсэг нь хар хөх өнгийн резинээр бүрсэн хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Ж.Н-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН