Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 915

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2020       05         15                                     2020/ШЦТ/915

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Батзаяа,   

нарийн бичгийн дарга Г.Хулан,

шүүгдэгч Ю.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ю-н Эод холбогдох эрүүгийн 2006 02022 1107 дугаар хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ю-ийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53Б байрны гадна иргэн Б.Билгүүнийг өөрийн эзэмшлийн 2406 УНҮ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн автомашинаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн Айфоне 11 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02022 1107 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.Билгүүн нь гээгдэл эд хөрөнгийг бусдыг өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 05 цаг 30 минутад “Эрхэс” зочид буудлын үүднээс такси бариад гэртээ хүргүүлэхдээ гар утсаа таксинд үлдээсэн ба 10 минутын дараа өөрийн гар утас руугаа залгахад авахгүй байсан. Би хоёр удаа сануулах мэссэж явуулсан бөгөөд өөрийн гар утас руу дахин залгахад холбогдох боломжгүй болохоор нь байршил тогтоогчийг асаахад Толгойтод илэрч байсан. Тэгээд 21 цаг 30 минутын үед байршил тогтоогчийг дахин асаахад яг тэр газартаа дохио өгөхөөр нь Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх 08-10/,

 

Гэрч Т.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 21 дүгээр хороололд байрлах Шөнийн зах худалдааны төвийн 1 давхарт ажлаа хийж байтал нэг ах орж ирээд “энэ утасны кодыг тайлаад өгөөч” гэхээр нь “наад утасны чинь код тайлагддаггүй юм, сэлбэгт авна” гэхэд “ав ав” гээд тус гар утсыг надад 10.000 төгрөгөөр зараад явсан. 2 хоногийн дараа нөгөө ах залгаад “чамд зарсан утас байна уу, наад гар утсыг чинь хүн таксинд мартаад буусан юм, хүн нь намайг олоод ирлээ, гар утсаа буцааж авмаар байна” гэж хэлэхээр би “маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш нь 12 цагийн үед нөгөө ах ирээд 10.000 төгрөгийг өгөөд гар утсаа аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б31-20-726 дугаартай:

“Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.880.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх 15-16/,

 

Шүүгдэгч Ю.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчим Эрхэс зочид буудлын урдаас нэг залуу гар өргөж суугаад Сэнгүр горхи хотхоны орчим буусан. Харих замдаа нэг хүн аваад явж байх үед машинд гар утас дуугарсан. Нөгөө хүнээ 25 дугаар эмийн сангийн орчим буулгаад суудлын завсарт унасан гар утсыг гаргаж үзэхэд хоёр удаа “буцаагаад залгаарай” гэсэн мэссэж ирсэн байсан. Би гэртээ очоод утасны эзэн рүү залгах гэхэд утас түгжигдэж, гар утасны мэдээллийг харах боломжгүй болсон. Маргааш нь 21 дүгээр хорооллын Шөнийн зах худалдааны төв дээр очиж  утасны код гаргадаг талаар асуухад “кодыг гаргах боломжгүй, сэлбэгт авна” гэхээр нь сэлбэгт 10.000 төгрөгөөр зарсан. Удалгүй 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөгч над руу ярьж, гар утасны талаар асуусан. Би гар утсыг буцааж аваад хохирогч залууд гар утсыг бүрэн бүтэн буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх 25-26/

 

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ю.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 30/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 31/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавалгаа /хх 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 36, 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ю.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ю.Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ю.Эын гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ю.Э нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Б.Билгүүний эзэмшлийн Айфоне 11 маркийн гар утсыг шүүгдэгч Ю.Э нь буцаан өгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ю-н Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ