Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 822

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн 2006 00000 0875 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,   бааранд нярав ажилтай, ам бүл 2 ээжийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 1 дүгээр орцны 49 тоотод С.Энхжаргалын нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-16-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 418 дугаар дүгнэлт /хх-24-25/, Б.Т өгсөн мэдүүлэг /хх-38-39/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч С.Энхжаргалын гаргасан өргөдөл /хх-4-5/, фото зураг /хх-9-14/, шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 1 дүгээр орцны 49 тоотод С.Энхжаргалын нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхжаргалын өгсөн: “Миний бие 2020 оны 3 сарын 29 шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах танил Түвшинтөгсийн гэрт очсон тэгээд хамтдаа 0.75 грамын тал шил Соёмбо архи хувааж уугаад дахин нэг 0.75 грамын шилтэй “Евок” архи задалж уусан тэгээд архи ууж байгаад найз одоо оройтож байна ингэсгээд харина гэж хэлээд ахтайгаа утсаа яриад зогсож байхад миний утсыг булааж аваад манай ах болон ээжтэй миний утсаар ярьж “Энхжаргалыг манайд хонуулчих уу” гэж хэлээд яриад байж байгаад утсаа таслаад намайг хоолойноос боож заамдаж аваад доошоо тонгойход миний нүүрлүү 2-3 удаа өшиглөсөн юмаа.Тэгээд би яаж байгаа юм бэ андаа гэж хэлээд газар хэвтэж байхад хажуу өрөөрүүгээ ороод буцаж гарч ирээд “энэ муу гөлөгийг ална” гээд бас нуруун тус газар 2-3 удаа өшиглөсөн юмаа.Тэгээд компьютер дээр суугаад нэг хүнтэй чатлаад “элэг бөөрийг нь авах хүн олчихлоо” гэж хэлээд босоод дахин хажуу өрөөлүүгээ орох хооронд би гарч зугтаагаад доод давхрын айлын хаалга цохиж “энд намайг хүн алах” гээд байна цагдаа дуудаад өгөөч гээд тэр айлын хүн цагдаа дуудаж өгсөн." /хх-16-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 49 тоот гэртээ ганцаараа унтаж байсан чинь найз Энхжаргал над руу залгаад “хаана байна, уулзъя, гараад ирээч, хамт паабад сууя” гэсэн. Би тэгэхээр нь “гэртээ унтаж байна, манай гэрт хоёулаа уулзъя, гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Энхжаргал нь манай гэрт 18 цагийн үед ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр уулзаад гарч дэлгүүр ороод ундаа аваад гэр рүү орсон. Тухайн үед манай гэрт 2, 3 шил архи байсан юм. Тэгээд Энхжаргал бид хоёр манай гэрт ороод тал шил “Соёмбо” нэртэй архи уусан. Дараа 0.75 литрийн 1 шил “Эвок” нэртэй архи хувааж уусан. Бид хоёр архиа уугаад хоёулаа нэлээн согтож муудсан. Архи уухын хажуугаар хоол унд хийж идсэн. Тэгээд Энхжаргал бид хоёр том өрөөнд ороод миний комьпютерийн урд суугаад компьютераар юм үзэж байсан. Нэг мэдсэн чинь гаднаас Энхжаргал нь аав, ээжийгээ болон 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Цагдаа нар намайг үгийн зөрүүгүй эрүүлүүлэх рүү дагуулаад явсан. Би тухайн үед нэлээн согтсон, нэг мэдэхэд л цагдаа ирчихсэн байсан. Ямар ч байсан Энхжаргалтай хоёулаа байж байхдаа бид хоёр харилцан зодолдсон талаар гадарлаж байсан. Өөр санаж байгаа зүйл байхгүй байна.”/хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 418 дугаар дүгнэлтэд:

1. С.Энхжаргалын биед зүүн чамархайн хуйханы зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаа, хамрын угалз, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг авагдсан байна." /хх-24-25/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

Хохирогч С.Энхжаргалын гаргасан өргөдөл /хх-4-5/,

 

Фото зураг /хх-9-14/,

 

Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Т нь 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 1 дүгээр орцны 49 тоотод С.Энхжаргалын нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Энхжаргал баримтаар гаргаж өгсөн хохирлын баримт байхгүй нь шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч С.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч С.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС