| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0449/Э |
| Дугаар | 449 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 449
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ж.Отгончимэг
шүүгдэгч З.А...........а, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэлэхийн дугаар 2285) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророорс Бичээч овогт З...........рын А...........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0146 50470 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бичээч овогт З...........рын А...........а, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ..........................., урьд
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 398 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч З.А...........а нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөөний 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон автовокзал дээр иргэн Б.Э..........рын өмдний халааснаас хэтэвчтэй бэлэн 120.000 төгрөг, 150 доллар, 50 рубль, 3 ширхэг виза карт, жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 673.395 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А...........а мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Э..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5 цаг 30 минутын орчимд ээжийгээ Баянхонгор аймгийн автобуснаас тосох гээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон автовкзал дээр очсон. Ээжийгээ автобуснаас тосчихоод ачааг нь зөөж байтал өмднийхөө хойд талын халааснаасаа хэтэвчээ хулгайд алдчихсан...би тухайн үед хойд талын халаасанд хүн хүрэх шиг болохоор нь эргээд хартал нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд халаасаа тэмтэрч үзтэл түрийвчийг минь хулгайлчихсан байсан. Би тухайн эрэгтэй хүнийг араас нь хайсан боловч зугтаачихсан...надад хэдэн төгрөгний хэрэг гарчихаад АТМ-с 240.000 төгрөг бэлнээр нь аваад түүнийгээ ойр зуурын зүйлсэд зарцуулаад үлдсэн 120.000 орчим төгрөг байсан. Мөн манай ажлынхны надад өгсөн 150 доллар бас 50 рубль байсан...би эд зүйлсээ дутуу хүлээн авсан миний бэлэн 120.000 төгрөг, 50 доллар зэрэг эд зүйлс байхгүй байна. Би хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),
2. Гэрч О.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А...........а ...миний самсунг жи7 гар утсыг гуйж аваад...газар унагааж эвдэлсэн. Тэгээд А...........а надад 250.000 төгрөг өгөхөөр болоод түүнээс 7 хоногийн дараа А...........а 250.000 төгрөг надад гар утас эвдэлсний мөнгө гэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
3. Дамно ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн...СХЗ-19-155 дугаартай ...дүгнэлтэд....хулгайд алдсан эд зүйлсийг....673.395 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ (хавтаст хэргийн 22-23),
4. Эд зүйл...бусад баримтыг хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 27),
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 05 цаг 44 минутад ертөнцийн зүгээр зүүн талаас хар өнгийн өвлийн урт куртиктай, саарал өнгийн өмд, бор өнгийн гуталтай, 35-40 орчим настай, халимаг үстэй эрэгтэй хүн 2 гараа куртикныхээ цээжин талын халаасанд хийчихсэн алхаад Драгон автовокзалын зогсоолруу чиглэн орж ирээд хохирогчийн ачаа зөөж байсан гэх автобус руу алхаж очоод ачаа авч байсан хохирогч Б.Э..........рын ард тулж очоод зүүн гараа халааснаасаа гаргаад үл мэдэгдэх хөдөлгөөн хийгээд буцаагаад гараа халаасандаа хийгээд автобус тойроод явж байгаа...” гэх баримт (хавтаст хэргийн 32),
4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-36),
5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 29, 37), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 38),
6. Шүүгдэгч З.А...........агийн мөрдөн байцаалтад өгсөн. “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөөний 6 цагийн үед Драгон төв дээр явж байсан юм. Тэгээд Баянхонгорын автобус тухайн үед ирсэн ба нэг залуу автобус хүлээж байгаа бололтой зогсож байхаар нь ард нь очоод тэр хүний баруун талын өмдний халааснаас бор өнгийн түрүүвч цухуйж байхаар нь би татаж аваад автобус тойроод Сүлжмэлийн автобусны буудал руу явж байгаад тухайн түрүүвчийг нээж үзсэн чинь 100 доллар болон монгол 100.000 гаруй төгрөг байсан ба банкны картнууд байсан. Тэгээд би Сүлжмэлийн автобусны буудал руу явж байгаад замдаа Драгоны замын хажууд байдаг цэнхэр жижиг байшин буюу хуучин цагдаагийн хэсгийн байшин дээр тухайн түрүүвчийг давуулаад шидсэн. Тэгээд би Сүлжмэлийн үйлдвэрийн автобусны буудал дээрээс такси бариад гэр лүүгээ явсан...Түрүүвчинд жолооны үнэмлэх банкны виза картууд байсан ба яг ямар банкны виза картууд байсанг мэдэхгүй байна 50 рубль, 100 доллар задгай 100.000 гаруй төгрөг байсан өөр эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),
7. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 75, 76), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 79), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 80),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47, 53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 43-46), “МАН-ОРГИ” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч З.А...........ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч З.А...........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч З.А...........а нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон буюу Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн гадна, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөөний 5 цаг 44 минутын орчим, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Б.Э..........рын өмдний халааснаас хэтэвчтэй бэлэн 120.000 төгрөг, 150 доллар, 50 рубль, 3 ширхэг виза карт, жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 673.395 төгрөгийн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.Э..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5 цаг 30 минутын орчимд ээжийгээ Баянхонгор аймгийн автобуснаас тосох гээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон автовкзал дээр очсон. Ээжийгээ автобуснаас тосчихоод ачааг нь зөөж байтал өмднийхөө хойд талын халааснаасаа хэтэвчээ хулгайд алдчихсан...би тухайн үед хойл талын халаасанд хүн хүрэх шиг болохоор нь эргээд хартал нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд халаасаа тэмтэрч үзтэл түрийвчийг минь хулгайлчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 05 цаг 44 минутад ертөнцийн зүгээр зүүн талаас хар өнгийн өвлийн урт куртиктай, саарал өнгийн өмд, бор өнгийн гуталтай, 35-40 орчим настай, халимаг үстэй эрэгтэй хүн 2 гараа куртикныхээ цээжин талын халаасанд хийчихсэн алхаад Драгон автовокзалын зогсоолруу чиглэн орж ирээд хохирогчийн ачаа зөөж байсан гэх автобус руу алхаж очоод ачаа авч байсан хохирогч Б.Э..........рын ард тулж очоод зүүн гараа халааснаасаа гаргаад үл мэдэгдэх хөдөлгөөн хийгээд буцаагаад гараа халаасандаа хийгээд автобус тойроод явж байгаа...” гэх баримт (хавтаст хэргийн 32),
- Дамно ХХК-ний 2019.03.11-ний өдрийн...СХЗ-19-155...дүгнэлтэд “...хулгайд алдсан эд зүйлсийг....673.395 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ (хавтаст хэргийн 22-23),
- Шүүгдэгч З.А...........агийн мөрдөн байцаалтад өгсөн. “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөөний 6 цагийн үед Драгон төв дээр явж байсан юм. Тэгээд Баянхонгорын автобус тухайн үед ирсэн ба нэг залуу автобус хүлээж байгаа бололтой зогсож байхаар нь ард нь очоод тэр хүний баруун талын өмдний халааснаас бор өнгийн түрүүвч цухуйж байхаар нь би татаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл З.А...........а нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор “хохирогчийн түрүүвч”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч З.А...........аг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э..........рт 673,395 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч нь биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч З.А...........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс З.А...........а нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.А...........а нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.А...........а нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж З.А...........ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч З.А...........агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар З.А...........а нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт хохирогчийн гаргаж өгсөн камерийн бичлэг бүхий 1 ширхэг SONY CD-R гэсэн бичиглэлтэй саарал өнгийн, СD дээр хар өнгийн бэхээр “З.А...........а 14Б82042279” гэсэн бичиглэл бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1908 0146 50470 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бичээч овогт З...........рын А...........аг нь Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.А...........аг 250 (хоёр зуун тавин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.А...........а нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг SONY CD-R гэсэн бичиглэлтэй саарал өнгийн, СD дээр хар өнгийн бэхээр “З.А...........а 14Б82042279” гэсэн бичиглэл бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ