Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 456

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Р.Т...........р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хурц хутагт худам шарайд овогт Р...........рын Т...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0151 00474 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хурц хутагт худам шарайд овогт Р...........рын Т...........р, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ...................., урьд

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэн,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Р.Т...........р нь 2019 оны 3 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон 03-............ тоотод иргэн Б.Б...........лын гэрээс “Панасоник” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т...........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........р бид хоёр хамт архи ууж байгаад 23 цагийн үед бид хоёр манай гэрээс хамт гарсан. Т...........р манай гэрээс гараад доош буух хооронд би гэрийнхээ хаалгыг хаагаад гарсан. ...Байрны гадаа гараад өөр тийшээ явах гэтэл Т...........р нилээн согтсон явж чадахгүй байхаар нь би түүнд “манайд ороод унтаж байгаад явахгүй юу гэж хэлээд яваад” өгсөн. Би Т...........раас салахдаа гэрийн хаалга онгорхой байгаа талаар хэлсэн. ...би караоке орж дуулж сууж байгаад 3 цагийн үед гэртээ ирэхэд Т...........р гэрт байхгүй, манай зурагт байхгүй байсан. Би алдагдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

“...Би зурагтаа яг хаанаас авсныг мэдэхгүй байна. 2 жилийн өмнө 600.000 төгрөгөөр авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

2. Гэрч Д.Н...........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........р манайд шөнө орж ирж хоносон. Тэгэхдээ нэг 42 инчийн зурагт бариад ирсэн. Тэгээд өглөө...нь манай гэрийн зурагт байгаа юм гэж хэлсэн. ...Тэгээд Т...........р өөрөө бичиг баримтаа хаясан гээд надаас бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь би туслах гээд л тусалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

3. Гэрч Ө.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 9 цаг 30 минутын орчимд 42 инчийн зурагт тавих гэсэн юм гээд нэг ах, эгч хоёр орж ирээд Panasoniс нэртэй зурагтыг 100.000 төгрөгөөр тавьчихмаар байна гэсэн. Би тухайн үед үед Арвин 2 эзэн болох Б....аа гэх хүн рүү залгаад 100.000 төгрөгөөр 42 инчийн зурагт тавих гээд байна болох юм уу гээд асуусан юм. Тэгээд авч болно гээд би уг зурагтыг Да...вга овогтой Н...........а гэх хүний бичиг баримтаар барьцаанд авсан. ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хулгай хийсэн гэх хүнийг дагуулан ирж 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

4. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тайланд “Panasonic зурагт 42 инч ...400.000 төгрөгөөр...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 20-23),

5. “Шарцэмбэн” ХХК-ийн “Арвин-2” барьцаат зээлийн гэрээнд “...эхлэх: 2019/03/06 ...үйлчлүүлэгч Давг овогтой Н...........а “Panasonic” 42 инчийн LED, saaral hujaa hul  hugarhai...” гэх баримт (хавтаст хэргийн 30),

6. Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд “... “Арвин-2” барьцаат зээлдүүлэх газраас ...42 инчийн Panasonic брэндийн LED зурагт хураав...” гэх баримт (хавтаст хэргийн 25)

7. Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлд “...Б.Б...........лд ...42 инчийн Panasonic брэндийн LED зурагт хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 27),

8. Шүүгдэгч Р.Т...........рыг мөрдөн байцаалтад өгсөн. “...2019 оны 3 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Б...........лтай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажлын хажууд таарсан. Тэр үед би 2 литрийн “Улаанбаатар” пиво авсан явж байсан. Тэгээд Б...........лтай хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 3 дугаар байрны ............ тоотод байх гэрт орж 2 литрийн пиво уусан. Дараа нь нэмж 0.5 литрийн “Хараа” архи авч хувааж уугаад би унтсан байсан. Тэгээд унтаж байхад 23 цагийн үед Б...........л намайг сэрээгээд гаръя гэхээр нь би босоод хамтдаа Б...........лын гэрээс гарсан. Тэгээд би түрүүлээд гэрээс гарахад Б...........л ардаас гарч ирээд бид хоёр Б...........лын байрны орцны гаднаас 2 тийшээгээ салаад явах гэтэл Б...........л намайг чи нилээн согтсон байна явж чадахгүй бол гэрийн хаалга цоожгүй хаасан байгаа гэр рүү ороод унтаж байгаад яваарай гэж хэлээд өөрөө ажилтай гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр рүүгээ явах гэж байгаад нилээн согтсон байсан болохоор Б...........лын гэр рүү буцаж ороод ...унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад 01 цагийн үед сэрээд харахад Б...........л ирээгүй байхаар нь гарахдаа гэрт нь байсан 42 инчийн Панасоник маркийн зурагтыг аваад гарсан. Тэгээд тэндээсээ Н............а гэх таньдаг эгчийнхээ гэрт очоод унтсан. Маргааш өглөө нь 9 цагийн үед сэрэхэд Н............а эгч надаас юун зурагт аваад явж байгаа юм гэхээр нь би манай зурагт байгаа юм. Би эхнэртэй маргалдаад тэгээд зурагтаа аваад гарсан. Ломбарданд тавих гэсэн бичиг баримтаа хаясан. Та бичиг баримтаараа ломбарданд тавиад өгөөч гэж гуйгаад Н............а эгчийг зөвшөөрүүлээд Н............а эгчийн хамтаар зурагтаа аваад таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын хаууд байх “Цэлмэг” төвийн 1 дүгээр давхарт байх “Арвин-2” нэртэй ломбарданд Н............а эгчийн бичиг баримтаар 100.0000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...би хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40),  шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 62-65) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч Н............ас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Р.Т...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Т...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Р.Т...........р нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон 03-............ тоотод, 2019 оны 3 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө иргэн Б.Б...........лтай түүний гэрт архидан согтуурч улмаар хамтдаа гэрээс гарсан боловч тэрээр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас явж чадахгүй байхад хохирогч нь гэртээ орж унтахыг зөвшөөрсөн байна. Ийнхүү хохирогчийн зөвшөөрлөөр түүний гэрт буцан орж унтаж байгаад сэрээд тэднийхээс гарахдаа түүний “Panasonic” брэндийн 42 инчийн LED зурагтыг авч яван 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........р бид хоёр хамт архи ууж байгаад 23 цагийн үед бид хоёр манай гэрээс хамт гарсан. ...Байрны гадаа гараад би өөр тийшээ явах гэтэл Т...........р нилээн согтсон явж чадахгүй байхаар нь би түүнд “манайд ороод унтаж байгаад явахгүй юу гэж хэлээд яваад” өгсөн. Би Т...........раас салахдаа гэрийн хаалга онгорхой байгаа талаар хэлсэн. ...03 цагийн үед гэртээ ирэхэд Т...........р гэрт байхгүй, манай зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

- Гэрч Д.Н...........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........р манайд шөнө орж ирж хоносон. Тэгэхдээ нэг 42 инчийн зурагт бариад ирсэн. ...Тэгээд Т...........р өөрөө бичиг баримтаа хаясан гээд надаас бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Гэрч Ө.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 9 цаг 30 минутын орчим ...Panasoniс нэртэй зурагтыг 100.000 төгрөгөөр ...Давг овогтой Н...........а гэх хүний бичиг баримтаар барьцаанд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тайланд “Panasonic зурагт 42 инч ...400.000 төгрөгөөр...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 20-23),

- “Шарцэмбэн” ХХК-ийн “Арвин-2” барьцаат зээлийн гэрээнд “...эхлэх: 2019/03/06 ...үйлчлүүлэгч Давг овогтой Н...........а Panasonic 42 инчийн LED, saaral hujaa hul  hugarhai...” гэх баримт (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгч Р.Т...........рыг мөрдөн байцаалтад өгсөн. “...23 цагийн үед Б...........л намайг сэрээгээд гаръя гэхээр нь би босоод хамтдаа Б...........лын гэрээс гарсан. Тэгээд би түрүүлээд гэрээс гарахад Б...........л ардаас гарч ирээд бид хоёр Б...........лын байрны орцны гаднаас 2 тийшээгээ салаад явах гэтэл Б...........л намайг чи нилээн согтсон байна явж чадахгүй бол гэрийн хаалга цоожгүй хаасан байгаа гэр рүү ороод унтаж байгаад яваарай гэж хэлээд өөрөө ажилтай гээд яваад өгсөн. ...тэгээд Б...........лын гэр рүү буцаж ороод ...унтаад өгсөн...хэсэг унтаж байгаад 01 цагийн үед сэрээд харахад Б...........л ирээгүй байхаар нь гарахдаа гэрт нь байсан 42 инчийн Панасоник маркийн зурагтыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Р.Т...........р нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор Б.Б...........лын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Р.Т...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б...........л 400.000 төгрөгний хохирол учруулснаас зурагтыг биет байдлаар, “Арван-2” барьцаад зээлийн газарт 100.000 төгрөгний хор уршиг учруулснаас мөнгөн хэлбэрээр хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Т...........р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Т...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Р.Т...........рын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Р.Т...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0151 00474 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хурц хутагт худам шарайд овогт Р...........рын Т...........рыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Т...........рыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Т...........рт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ