| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0470/Э |
| Дугаар | 464 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 464
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч А.Б.........л, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2128), М.Өлзийцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1889) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Шавь овогт А.........үүгийн Б.........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0071 90373 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шавь овогт А.........үүгийн Б.........л, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “..................” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч А.Б.........л нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Капитал Фактори” ХХК-ний арын замд Хьюндай Соната-7 маркийн ........ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ш.Ж.......агийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн .... ОРХ улсын дугаартай хэрэгслийг мөргөж, жолооч Ш.Ж.......а, зорчигч Б.У..........ль, Г.Д..........р нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б.........л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Ш.Ж.......агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймгаас кабиндаа 4 зорчигч аваад Улаанбаатар хот руу Т.Приус-20 маркийн .... ОРХ дугаартай автомашинтай, автомашинаа өөрөө жолоодоод явсан юм. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад... Улаанбаатар хот руу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-ийн товчоо буюу ...Номин дэлгүүр өнгөрөөд ...2 дугаар эгнээгээр явж байтал... надруу чиглээд нэг машин өөдөөс ороод ирсэн. Тухайн үед би зорчигч нараа хамгаалж өөрийнхөө талаар мөргүүлье гэж бодоод жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дараад тоормос гишгэсэн тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход машинаасаа буучихсан машиныхаа хажууд дотор муухай оргисон байдалтай зогсож байсан. Тэгээд нөгөө машин дээр очиход жолооч нь бууж ирээд зогсчихсон байж байхаар нь “чи яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь урдуур хүн гүйгээд яалтчгүй дарчихлаа гэсэн. Тэгээд хэсэг шоконд ороод байж байтал түргэн ирсэн тэгээд манай машинд байсан хүмүүсийг болон намайг аваад явсан...ослын улмаас суудлын нуман тулгуур хоёр яс хугарсан...одоогийн байдлаар 300.000 төгрөг зарцуулаад байгаа...мөн ослын улмаас автомашинд нийт 5.410.000 төгрөгийн шууд 3.760.000 төгрөгний эвдрэл хохирол учирсан....эмчилгээний зардал болон автомашины хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-29),
- Хохирогч Ш.Ж.......агийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 24), Toyota Prius-20 маркийн .... ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 22), хохирол, хор уршгийн 587.600 төгрөгийн баримтууд (1 хавтаст хэргийн 23, 100, 109),
- “Кости-Эсимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11291688 дугаартай тайланд “...Эзэмшигч: Ш.Жи....аа...Toyota Prius 20 загварын 2500 ОРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 3.760.000, шууд бус 1.650.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 5.410.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 110-113)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10507 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун шууны ар дээд хэсэгт 6х2.5см хүрэн өнгийн зулгаралттай.
2018.8.25-ны Толгойн КТГ-д: гэмтлийн өөрчлөлтгүй.
2018.8.25-ны Аарцаг түнхний үений КТГ-д: ...2 талын суудал ясны нум хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Ш.Ж.......агийн биед 2 талын суудал ясанд хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 102),
2. Хохирогч Б.У..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний 16 цагийн өнгөрч байхад Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах зорилгоор Т.Приус-20 маркийн ....0 ОРХ дугаартай автомашинд суугаад явсан юм. Тэгээд 22 цагийн орчим Улаанбаатар хот руу орж ирээд хуучин 22-ийн товчоо явах замд байдаг Номин худалдааны төв өнгөрөөд явж байсан....тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь ойр зуурын юм санаж эхэлсэн. Бид нар жолоочтойгоо нийлээд 5 хүн явж байсан. ...ослын улмаас аарцаг яс 2 хугарсан, баруун хацар язарсан, тархи доргисон, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, эрүү цус хуралттай язарсан байсан...эмчилгээндээ одоогийн байдлаар 1 сая орчим төгрөг зарцуулаад байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34-36)
“...ослоос хойш 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 2.777.539 төгрөгийг нэхэмжилж байна. 2.777.539 төгрөгний баримтууд нь хэрэгт хавсаргасан байгаа. Одоо дахиад ч эмчилгээний зардал гарч байгаа. Иймд дахин эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 37-38),
- Хохирогч Б.У..........лын иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 30), өвчний түүх (1 хавтаст хэргийн 41-45), хохирол, хор уршгийн 4.586.729 төгрөгийн баримтууд (1 хавтаст хэргийн 47-59, 114), “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний тодорхойлолт (2 хавтаст хэргийн 10), цалингийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 11),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10561 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өгийн цус хуралттай, баруун хацрын төвгөрт 0.5х2см хүрэн улаан өнгийн язарсан шарханд мэс заслын оёдол тавигдсан зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэг овойж хавдсан, 3.0х5.0см хөх ягаан өнгийн цус хуралттай.
ГССҮТ-н №11080 тоот өвчний түүхэнд: 2018.08.25-ны өдөр. Хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө. Хэсэг газрын үзлэгт: Аарцаг тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. 2018.8.25-ны өдөр Толгойн КТГ-д ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан хавантай...Аарцаг КТГ-д баруун талын суудал ясны дээд салаа зөрүүгүй доод салаа зөрөөтэй бага зэрэг сэлтэрсэн хугаралтай...онош: Баруун аарцаг ясны далд хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ
1.Б.У..........ль-н биед баруун суудал ясны хугарал, тархи доргилт, хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, эрүүний цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 110),
3. Хохирогч Г.Д..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу хувь хүний автомашинд суугаад 16 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд орой 22 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж ирээд хуучин 22-н товчоо өнгөрөөд Номин супермаркетийн өнгөрөөд явж байтал...өөдөөс нэг хар өнгийн нэг гэрэл нь байхгүй автомашин ирээд л мөрөгчихсөн. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна...ослын улмаас нуруу 2 хугарсан, зүүн хөмсөгний хажуу талд 7 оёо тавиулсан баруун мөрний ар тал хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөлний шөрмөс хүндэвтэр янгинаж өвдөж байгаа. Дээд уруулны зүүн дээд хэсэгт язарсан байсан...Одоогийн байдлаар 2.027.740 төгрөгийг зарцуулаад байна...Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, 2 сар хэвтрийн дэглэм барь гэсэн ажил төрлөө хийж чадахгүй орлогын эх үүсвэр тасарч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 62-64),
- Хохирогч Г.Д..........рын иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 60), хохирол, хор уршгийн 2.027.740 төгрөгийн баримтууд (1 хавтаст хэргийн 67-72),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11137 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт 0.5х8см хүрэн улаан өнгийн тав тогтсон шарханд мэс заслын оёдол тавигдсан, баруун мөрний доод хэсэг нилэнхүйдээ бор шаргал өнгийн цус хуралтай, зүүн өвдөгний гадна доод хэсэгт 3х5см бор шаргал өнгийн цус хуралттай, нуруунд бэхэлгээ бүс зүүсэн.
2018.8.25-ны өдөр Мэд тарума эмнэлгийн Толгойн КТГ-д гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, бүсэлхийн нурууны КТГ-д: Сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалам их биеийн шахагдсан хугаралтай...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Г.Д..........рын биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, зүүн хөмсөгний язарсан, шарх, баруун мөр, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэтмлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 118),
4. Гэрч П.С............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний 16 цаг өнгөрч байхад Орхон аймгаас Улаанбаатар хот руу чиглэлтэй Т.Приус-20 маркийн .... ОРХ дугаартай автомашинд суусан юм тэгээд Улаанбаатар хот руу орой 22 цагийн орчим орж ирээд 22-ийн товчооны замаар хот руу чиглэлтэй баруунаасаа зүүн зүгт явж байтал ...тар няр гээд л явчихсан тэгээд л бөөн утаа мутаа гараад юу болсныг мэдэхгүй машин зогссон тэр үед миний хажууд сууж явсан 2 зорчигчоос хаанаас ч юм мэдэхгүй цус гарчихсан байсан тэгээд хажуу талд сууж явсан эмэгтэйг миний дүү, миний дүү гэсэн чинь ухаан алдчихсан сэрэхгүй байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод гарах үед миний сууж явсан машин замын урагшаа замаас гараад нэг байгууллагын хашаанд тулаад зогссон байсан. Тэгсэн манай машинтай мөргөлдсөн машины жолооч залуу уучлаарай уучлаарай гээд гүйгээд байсан. Тэгээд 20 орчим минутын дараа 103 ирээд тэгээд үзэж байгаад гэмтлийн эмнэлэг рүү манай машины хүмүүсийг аваад явсан ба миний хажууд сууж явсан эмэгтэйг нөхөр нь ирээд гэмтэл рүү аваад явсан...ослын улмаас нуруу хөдлөхөө больсон босож сууж чадахгүй байна...эмчилгээний зардалд 460.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 10573 дугаар дүгнэлт “...П.С............шийн биед хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 120),
5. Гэрч Э.Зу............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний орой...Тоёота Приус-20 . УБЯ ул............сын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Драгон дээр 21 цаг өнгөрч байхад очоод...байж байтал эхнэр маань надтай утсаар холбогдож одоо Номин агуулах дээр явж байна гэж хэлэхээр нь за тэгвэл...Драгоны урд талд байдаг МТ шатахуун түгээх станц дээр байж байя гэж хэлсэн...Тэгээд би Драгоны урд талд байдаг МТ шатахуун түгээх станц дээр очоод 20-30 минут хүлээгээд байж байгаад би өөрийнхөө утсаар эхнэрийнхээ утас руу залгатал ёолоод би хаана байна аа гээд байсан. Тэгэхээр нь би яасан юм болсон талаар нь асуухад юу ч ярьж чадахгүй болохоор нь яг ямар нэгэн юм болсон байна гэж ойлгоод утсаа таслаад шууд баруун тийшээгээ яваад очтол хоёр машин мөргөлдчихсөн байсан....тэгэхээр нь би ослын газарт очиж эхнэрийгээ аваад машинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд хэвтүүлсэн...Хар өнгийн Хьюндай Соната-7 маркийн болон саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн хоёр машин мөргөлдсөн байсан...Хацар нь язарсан, нүүр нь хөхөрсөн, толгойн ар болон чихний арын хэсэгт тус тус шалбарчихсан. Мөн алхаж чадахгүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 99),
6. Иргэний хариуцагч Д.А.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Уг тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү...А.А............л нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тайгын булаг Авто ХХК-нд 2.5 сая төгрөгний барьцаанд тавьж 12 сарын хугацаатай гэрээ байгуулж зээл авсан байсан. Миний хүү А.А............л нь 2018 оны 5 дугаар сард Солонгос улсад нэг жилийн хугацаатай хэлний курст явсан байгаа. Тэрнээс бол уг машин нь манай гэр бүлийн хэрэгцээнд байдаг. Гэхдээ одоо машин нь Тайгын булаг авто ХХК-ний эзэмшилд байдаг болно...миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81-82),
7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 632 дугаар дүгнэлт
“...1 Жолооч А.Б.........л МУ-ын ЗХД-ийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Жолооч Ш.Ж.......а нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 130-131),
8. Шүүгдэгч А.Б.........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим би төрсөн ах А.А............лын эзэмшлийн Хьюндай Соната-7 маркийн ........ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хамаатны эгчийндээ байж байгаад гэртээ харих зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг өнчин цагааны арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байтал машины урд хэсэгт хурц гэрэлтэй машин эсрэг урсгалаас эргэж байгаа харагдсан. Тухайн үед тулж харсан. Тэгээд би жолооны хүрдээ тэгшхэн барьж байгаад тоормосоо гишгээд хоёр дугаар эгнээ рүү шилжих гэсэн боловч машины гэрэл зөрж өнгөрөх гээд ороод ирэхээр нь тоормослоод зогсохгүй гулгаад явахаар нь зүүн гар тал руугаа дараад мөргөлдөөд зам дээр эргээд баруун зүгт хараад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машинаа хараад өөрийнхөө... дугаараас 103-т дуудлага өгсөн...түргэн тусламж ирээд нөгөө хүмүүсийг үзэж харчихаад мөргөлдсөн машины 5 хүнийг аваад явсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 145-146),
9. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 6-14), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 16), тээврийн хэрэгсэл түр саатуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 17),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 150, 158), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 165), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 163), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 хавтаст хэргийн 162), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 160, 161, 162), “Мах Маркет” ХХК-ний тодорхойлолт (1 хавтаст хэргийн 174), хувийн байдлын талаархи баримтууд (1 хавтаст хэргийн 164, 175, 198-205, 2 хавтаст хэргийн 90, 98-123), хохирогч Ш.Ж.......ад хохирол, хор уршигт 7.100.000 төгрөг (2 хавтаст хэргийн 89, 90), хохирогч Б.У..........льд хохирол, хор уршигт 6.500.000 төгрөг (2 хавтаст хэргийн 135), хохирогч Г.Д..........рт хохирол, хор уршигт 3.550.000 төгрөг (2 хавтаст хэргийн 91, 137, 138) тус тус өгсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, иргэний хариуцагч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б.........лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
l. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б.........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч А.Б.........л нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар 22-ын товчооны зам буюу “Капитал Фактори” ХХК-ийн арын замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед, “Hyundai Sonata-7” маркийн ........ УНА улсын дугаартай А.........үүгийн А............лын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Toyota Prius 20” маркийн .... ОРХ улсын дугаартай Ш.Ж.......агийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ш.Ж.......а, зорчигч Б.У..........ль, Г.Д..........р нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
1.Хохирогч Ш.Ж.......агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Орхон аймгаас...Улаанбаатар хот руу Т.Приус-20 маркийн .... ОРХ дугаартай автомашинтай, автомашинаа өөрөө жолоодоод явсан юм. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад... Улаанбаатар хот руу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-ийн товчоо буюу ...Номин дэлгүүр өнгөрөөд ...2 дугаар эгнээгээр явж байтал... надруу чиглээд нэг машин өөдөөс ороод ирсэн. Тухайн үед би зорчигч нараа хамгаалж өөрийнхөө талаар мөргүүлье гэж бодоод жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дараад тоормос гишгэсэн тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10507 дугаар дүгнэлт “...1. Ш.Ж.......агийн биед 2 талын суудал ясанд хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 102),
2. Хохирогч Б.У..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн орчим Улаанбаатар хот руу орж ирээд хуучин 22-ийн товчоо явах замд байдаг Номин худалдааны төв өнгөрөөд явж байсан....тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь ойр зуурын юм санаж эхэлсэн. Бид нар жолоочтойгоо нийлээд 5 хүн явж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34-36)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10561 дугаар дүгнэлт “...1.Б.У..........лын биед баруун суудал ясны хугарал, тархи доргилт, хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, эрүүний цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 110),
3. Хохирогч Г.Д..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хот руу орж ирээд хуучин 22-н товчоо өнгөрөөд Номин супермаркетийн өнгөрөөд явж байтал...өөдөөс нэг хар өнгийн нэг гэрэл нь байхгүй автомашин ирээд л мөргөчихсөн. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 62-64),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11137 дугаар дүгнэлт “...1. Г.Д..........рын биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, зүүн хөмсөгний язарсан, шарх, баруун мөр, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 118),
4. Гэрч П.С............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хот руу орой 22 цагийн орчим орж ирээд 22-ийн товчооны замаар хот руу чиглэлтэй баруунаасаа зүүн зүгт явж байтал ...тар няр гээд л явчихсан тэгээд л бөөн утаа мутаа гараад юу болсныг мэдэхгүй машин зогссон тэр үед миний хажууд сууж явсан 2 зорчигчоос хаанаас ч юм мэдэхгүй цус гарчихсан байсан тэгээд хажуу талд сууж явсан эмэгтэйг миний дүү, миний дүү гэсэн чинь ухаан алдчихсан сэрэхгүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85),
5. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 632 дугаар дүгнэлт “...1 Жолооч А.Б.........л МУ-ын ЗХД-ийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 130-131),
6. Шүүгдэгч А.Б.........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим би төрсөн ах А.А............лын эзэмшлийн Хьюндай Соната-7 маркийн ........ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон...Сонгинохайрхан дүүргийн нутаг өнчин цагааны арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байтал машины урд хэсэгт хурц гэрэлтэй машин эсрэг урсгалаас эргэж байгаа харагдсан. Тухайн үед тулж харсан. Тэгээд би жолооны хүрдээ тэгшхэн барьж байгаад тоормосоо гишгээд хоёр дугаар эгнээ рүү шилжих гэсэн боловч машины гэрэл зөрж өнгөрөх гээд ороод ирэхээр нь тоормослоод зогсохгүй гулгаад явахаар нь зүүн гар тал руугаа дараад мөргөлдөөд зам дээр эргээд баруун зүгт хараад зогссон....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 145-146),
7. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 6-14) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б.........л нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнийг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Мөн дээрх дүрмийг зөрчсөний улмаас “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч нарт хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч Ш.Ж.......агийн эрүүл мэндийн хохирол, хор уршигт 587.600 төгрөг (1 хавтаст хэргийн 23, 100, 109), тээврийн хэрэгсэлд 5.410.000 төгрөгийн хохирол (1 хавтаст хэргийн 110-113), хохирогч Б.У..........лын эрүүл мэндийн хохирол, хор уршигт 4.586.729 төгрөг (1 хавтаст хэргийн 47-59, 114), хохирогч Г.Д..........рын эрүүл мэндийн хохирол, хор уршигт 2.027.740 төгрөг (1 хавтаст хэргийн 67-72) тус тус учруулсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь А.Б.........л нь хохирогч Ш.Ж.......ад хохирол, хор уршигт 7.100.000 төгрөг (2 хавтаст хэргийн 89, 90), хохирогч Б.У..........льд хохирол, хор уршигт 6.500.000 төгрөг (2 хавтаст хэргийн 135), хохирогч Г.Д..........рт хохирол, хор уршигт 3.550.000 төгрөг (2 хавтаст хэргийн 91, 137, 138) тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр хохирогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн байх хэдий ч хохирогч нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах хохирол, хор уршгийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч А.Б.........лд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байгааг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.........л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршиг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.........лыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч А.Б.........лын болгоомжгүй үйлдлийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тухайн зүйл хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү гэх дүгнэлт үндэслэлгүй буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан тухайн эрүүгийн хариуцлагыг шүүх оногдуулав.
Шүүгдэгчид шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдал буюу хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн түүний эдийн засгийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв. Харин шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулж болохыг түүнд анхааруулав.
Эрүүгийн 1803 0071 90373 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч А.Б.........лын В ангиллын 539138 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавь овогт А.........үүгийн Б.........лын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.........л 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.........л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нар нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б.........лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 539138 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ