Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0490

 

 

 

 

 

 

“Г д” ХХК, “К к” ХХК

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, П.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.С-Э, Б.Б-Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, гуравдагч этгээд “Б О” ХХК-ийн төлөөлөгч Н.Б нарын давж заалдах гомдлоор, “Г д” ХХК, “К к” ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр:

“...1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Б О” ХХК-д тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн захиргааны актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.Төрийн өмчийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийн “Г д” ХХК болон “Б О ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож,

3.Төрийн өмчийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Б-О” ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг тус тус даалгаж” тус тус шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

            “...1.Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамнаас ирүүлсэн “Гомдол хянасан тухай" албан бичгийн дагуу тендерийн дахин үнэлгээг хийхдээ тус албан бичигт дурдсан асуудлуудыг гүйцэд хянах, дахин тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүй атлаа 7 дугаар сарын 21-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж нэхэмжлэгч Түншлэлийн тендерээс татгалзсан, улмаар “Б О” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дурдсан байна.

            Гэтэл шүүхээс Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг гүйцэд хянах, дахин тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүйг ямар баримтаар нотлогдож байгаа талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

            2.Мөн “Түншлэлийн тендерээс татгалзсан” гэж дурдсан байгаа бөгөөд “Г д” ХХК-тай түншлэлээр оролцож байгаа гэх “К к” ХХК-нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УБ/11 дүгээр дүгнэлтээр тендерт оролцох эрхийг нь 2023 он хүртэл хязгаарлаж, энэ талаар tender.gov.mn сайт дээр байршуулсан байна.

            Гэтэл анхан шатны шүүхээс “Г д” ХХК-тай түншлэлээр оролцож байгаа гэх “К к” ХХК-ийн хар жагсаалтад орсон талаарх хариуцагчийн тайлбарт “...“К к” ХХК нь тендерт оролцогч түншлэлийн нэг хэсэг нь бөгөөд уг хар жагсаалтад оруулсан үндэслэл нь энэ тендер шалгаруулалттай холбоогүй, цаг хугацааны хувьд тендер шалгаруулалтаас өмнө ийнхүү шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам” болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УБ/11 дүгээр дүгнэлтээр “К к” ХХК нь 2023 он хүртэл тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс илэрхий баримт байхад хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэрийг гаргасан гэж харагдахаар байна.

            3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сангийн яам гомдлыг хянаад дахин үнэлгээ хийх чиглэл өгсөн нөхцөлд хариуцагч нь ...тухайн баримтын хүрээнд үнэн зөв эсэхийг хянах үүрэгтэй... шинээр нэмж баримт бичиг гаргаж ирүүлснийг үнэлэх нь... нийцэхгүй” гэж дурдсан байна. Гэтэл хариуцагчийн зүгээс Сангийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд “Б О” ХХК-ийн борлуулагчийн гэрчилгээний үнэн зөв эсэхийг шалгахын тулд дахин баримтаар тодруулах ажиллагааг хийсэн болохоос биш огт өөр шинэ баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Шүүхээс огт өөр шинэ баримтыг үнэлээд “Б О” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй байна.

            4.Шүүхээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б О” ХХК-ийн байгуулсан маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг “Г д” ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулахыг даалгасан нь өөрөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

            Учир нь шүүхээс шууд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргасан нь өөрөө хуулийг ноцтой зөрчиж байна гэж хариуцагчийг зүгээс үзэж байна. Тендер сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж шүүх үзэж байгаа тохиолдолд ямар шалтгааны улмаас “Г д” ХХК-тай гэрээ байгуулах ёстойг, уг компаниас гадна маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтад 6 компани оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

“Г д” ХХК-ийн тендерээс ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасан үндэслэлээр мөн татгалзсан болно. Маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа талаарх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Маргаан бүхий гэрээг ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүхээс уг асуудалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж байна.

Мөн шүүхээс хариуцагчийг ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчиж гэрээ байгуулсан гэж дурдсан байна. Гэтэл хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 02/1546 дугаартай албан бичгээр “Б О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх дээр тайлбарласан хариуцагч нарын тайлбарыг авч хэлэлцээгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

ТБОНӨХБАҮХА тухай хуульд тендер сонгон шалгаруулалт хууль бус болсон тохиолдолд тухайн тендерт оролцсон дараагийн компанитай гэрээ байгуулна гэж зохицуулалт байхгүй болно. Ийм зохицуулалт хуульд байхгүй байхад шүүгч байгаа мэтээр тендерт оролцсон 6 компаниас шууд зөвхөн нэхэмжлэл гаргасан “Г д” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхээс зөвхөн “Г д” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан үндэслэл нь тодорхойгүй байна, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Б О” ХХК-ийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон тул гэрээ байгуулахыг даалгаж байна” гэсэн нь үндэслэл бүхий шийдвэр байж чадахгүй байна.

5.“Г д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 2020 оны 12 сарын 7-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” бөгөөд “Г д” ХХК-тай түншлэлээр орж ирсэн гэх “К к” ХХК нь хар жагсаалтад орсон талаар дээр дурдсан бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд энэ асуудлаар дахин маргах эрхгүй байна.

Гэтэл шүүх тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэгэнт шийдвэрлэгдсэн шүүхээс тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааг дахин хэлэлцсэн нь өөрөө процессын алдаанд хамаарч байна. Шүүхээс уг маргаан 2020 оны 12 сарын 7-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхнаасаа уг түншлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах ёсгүй байхад хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь өөрөө процессын алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2021/0453 дугаартай шийдвэрт “...хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамнаас ирүүлсэн “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу тендерийн дахин үнэлгээг хийхдээ тус албан бичигт дурдсан асуудлыг гүйцэд хянах, дахин тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүй атлаа 7 дугаар сарын 21-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хянаж нэхэмжлэгч түншлэлийн тендерээс татгалзсан, улмаар “Б О” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тендерийн дахин үнэлгээний тайлан, дүгнэлт”-ийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн “Г д”, “Б О” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв, тухайлбал нэхэмжлэгчийн тендерийг зөвхөн “өндөр үнийн санал ирүүлсэн” гэх үндэслэлээр татгалзахаар шийдвэрлэсэн атлаа 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Г д” ХХК-д мэдэгдэл хүргүүлэхдээ хуралдааны шийдвэрээс зөрүүтэй, огт өөр 2 үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүйгээс гадна тендерт оролцогчдод 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 дүгээр “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчид 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн, ...түүнчлэн нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээний тухайд талуудын хооронд байгуулсан уг гэрээний үүргийн харилцаа нэгэнт дуусгавар болж, төлбөр хийгдэх шатанд тухайн төлбөрийг хувь хүний дансаар хийсэн асуудал нь тендер шалгаруулалтын ажиллагаа, тухайлбал тендерийн хянан үзэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзнэ, ...”гэрээнд дурдсан машин, механизмуудын арлын дугаарыг Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг тухайн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчээс уг гэрээт ажлыг хугацаанд нь бүрэн хийж дуусгасан тухайн тодруулга, тайлбар ирүүлсэн байхад түүнийг нарийвчлан тодруулаагүй нь буруу, ...”Г д” ХХК-д бусад оролцогчдоос нэг хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчсөн байх тул 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв” гэж тус тус дүгнэжээ.

Шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамнаас ирүүлсэн “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу тендерийн дахин үнэлгээг хийхдээ тус албан бичигт дурдсан асуудлыг гүйцэд хянах, дахин тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүй атлаа 7 дугаар сарын 21-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хянаж нэхэмжлэгч түншлэлийн тендерээс татгалзсан, улмаар “Б О” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм” нийлүүлэх тендерийн дахин үнэлгээний тайлан, дүгнэлт”-ийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн “Г д”, “Б О” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй.

Тухайлбал нэхэмжлэгчийн тендерийг зөвхөн “өндөр үнийн санал ирүүлсэн” гэх үндэслэлээр татгалзахаар шийдвэрлэсэн атлаа 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Г д” ХХК-д мэдэгдэл хүргүүлэхдээ хуралдааны шийдвэрээс зөрүүтэй, огт өөр 2 үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүйгээс гадна тендерт оролцогчдод 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчид 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн” гэсний тухайд:

Сангийн яамны албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас болон тендерт оролцогч “Г д” ХХК-иас тодруулга авч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуралдан үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний шийдвэрийг дахин хэвээр үлдээсэн болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/1704 дүгээр албан бичгийг “Г д” ХХК-д хүргүүлж тодруулга ирүүлэхийг хүссэн. Тодруулгын хариуг “Г д” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/401 дүгээр албан бичгээр ирүүлэхдээ “Г д” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Наранбаатарын дансаар гүйлгээ хийсэн. “Зэт Эл Вай” ХХК-ийн захирал Ковид-19-ийн тусгаарлалтад байгаа тул гаалийн бичиг болон холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэсэн хариу өгсөн.

Түүнчлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 02/1724 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Тендерт оролцогчдод” Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасныг үндэслэн өмнөх шийдвэр хэвээр болохыг мэдэгдэж www.tender.gov.mn цахим сайтад нийтэлсэн байна. Энэ нь нийт тендер оролцогчдод нэгэн зэрэг бичгээр мэдэгдэж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг хангасан гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн компанийн дансанд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хийснээр үүрэг гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд захирал О.Наранбаатарын дансанд хийсэн “Зэт Эл Вай” ХХК-ийг төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн “Г д” ХХК нь О.Наранбаатарын дансаар төлбөрөө авсан болон тохирсноо 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/1704 дүгээр албан бичгийн хариуг нотлох баримтын хамт ирүүлэх ёстой байсан. Мөн энэ талаар тендерийн бичиг баримтад давхар тусгаж ирүүлэх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээний тухайд талуудын хооронд байгуулсан уг гэрээний үүргийн харилцаа нэгэнт дуусгавар болж, төлбөр хийгдэх шатанд тухайн төлбөрийг хувь хүний дансаар хийсэн асуудал нь тендер шалгаруулалтын ажиллагаа, тухайлбал тендерийн хянан үзэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзнэ гэсний тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2 (б)-д “...Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй тусгай зориулалтын автомашин болон машин механизм нийлүүлсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд тээврийн хэрэгсэл, машин механизм нийлүүлсэн туршлагыг тооцно” гэж тусгасан бөгөөд “Г д” ХХК-ийн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн гэж шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

Гэрээнд дурдсан машин, механизмуудын арлын дугаарыг Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг тухайн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчээс уг гэрээт ажлыг хугацаанд нь бүрэн хийж дуусгасан тухайн тодруулга, тайлбар ирүүлсэн байхад түүнийг нарийвчлан тодруулаагүй нь буруу гэсний тухайд:

“Г д” ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан материалд 2020 оны 7 дугаар сарын 23-ны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар ХТС651153Н1372370, ХТС651153Н1371707, ХТС651153Н1371734, ХТС43118КЛ383703 арлын дугаартай тээврийн хэрэгслүүд нь улсын дугаар аваагүй, Автотээврийн үндэсний төвийн сүлжээнд бүртгэлгүй байсан. Мөн түүнчлэн дээрх тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр “Г д” ХХК оруулж ирсэн гэдгийг нотлох баримт авагдаагүй байсан. Эдгээр нөхцөл байдал нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2 /б/-д “...Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй тусгай зориулалтын автомашин болон машин механизм нийлүүлсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ /Ижил төстэй ажилд тээврийн хэрэгсэл, машин механизм нийлүүлсэн туршлагыг тооцно/ гэж тусгасан бөгөөд “Г д” ХХК-ийн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн гэж шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

“Г д” ХХК-д бусад оролцогчдоос нэг хоногийн дараа мэдэгдэл хүргүүлснээс гадна мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчсөн байх тул 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв гэсний тухайд:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-20/0104 дугаартай “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх” ажлыг гүйцэтгүүлэхээр “Б О” ХХК-ийг шалгаруулж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 02/1548 дугаартай мэдэгдлийг “Г д” ХХК-д өгсөн байна.

Улмаар Сангийн яамнаас 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 6-1/4667 дугаартай албан тоотоор гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн бөгөөд Сангийн яамны албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас болон тендерт оролцогч “Г д” ХХК-иас тодруулга авч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуралдан үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний шийдвэрийг дахин хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу “Г д” ХХК-д Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1725 дугаартай мэдэгдэл хүргүүлж, өмнө нь гомдлыг хянан үзэж шийдвэрлэсэн гэж үзэж, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1725 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд энэхүү ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдаж, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулагдсан тул тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь төрийн байгууллага, захиалагч, тендерт оролцогчид цаашилбал нийслэл хотын бүтээн байгуулалтад илтэд хохиролтой тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0453 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2, 3 дахь заалтын хүчингүй болгож, “Г д” ХХК-ийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм” нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт “Г д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт “Г д” ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

   Дөрөв. Гуравдагч этгээд “Б О” ХХК-ийн захирал Н.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г д” ХХК нь

1320 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын байгуулсан үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Г д” ХХК-д хүргүүлсэн 02/1727 мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар гарын 22-ны өдөр “Б О” ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, “Б О” ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ-20/0104 гэрээ хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хот тохижилтын тусгай зориулалтын хогны автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт “Г д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт “Г д” ХХК-тай НХААГ-20/0104 тоот гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хянаад захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2020/0752 тоот шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзан шийдвэрлэж шүүхийн шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү уг хэргийг хянан хэлэлцэх явцад “Г д” ХХК нь тендер шалгаруулалтад “К к” ХХК-тай “түншлэлийн гэрээ” байгуулж оролцсоноо нууж нэхэмжлэлийн шаардлагыг бие даан гаргасан нь хэргийн явцад цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад тодорхой болсон. “Г д” ХХК нь түншлэгч этгээд болох “К к” ХХК-ийг нууж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдаагүй шалтгаан нь “К к” ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УБ/11 дугаартай “Улсын байцаагчийн дүгнэлт”-ээр 3 жилийн хугацаагаар тендер шалгаруулалтад оролцох эрхээ хасуулсан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн болно.

Дээрх шалтгааны улмаас “Г д” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тендерт ганцаараа бие даан оролцсон мэтээр гаргасан байсан болно.

Гэтэл тус компани нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч хэрэг үүсгэсэн.

Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үүсгэхээс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндөж хуулиар олгосон эрхийг эдлүүлэлгүй хүч түрэн шийдвэрлэсээр ирсэн.

Энэ талаар нь дурдвал:

1.Нэхэмжлэлийг тус шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0065 дугаартай захирамжаар шүүгч Г.Мөнхтулга хүлээн авч хянаад шүүгч Н.Дуламсүрэн гарын үсэг зурж хэрэг үүсгэсэн байна. Ийнхүү хэрэг үүсгэхдээ уг нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг маргаан өмнө тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нөгөө талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, мөн маргаан бүхий “захиргааны акт” гэж нэрлэсэн холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн үндэслэл муутай захирамж гаргасан.

2.2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Г д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар нь “Акт болон гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасан байх бөгөөд шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хянан үзээд 0145 тоот захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот захиргааны акт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Б О” ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт, “Б О” ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ-20/0104 тоот гэрээний биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар тус тус түдгэлзүүлсэн байна. Ийнхүү захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хэлэлцэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх явцдаа гуравдагч этгээдийн зүгээс гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд биднийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, хэргийн материал танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн алдааг гаргасан, түүнчлэн гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна.

            Мөн хүсэлт шийдвэрлэх үед маргаан бүхий акт, гэрээ нь хэрэгт авагдаагүй байхад шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь ноцтой алдаа буюу гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл юм.

   Ийнхүү 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх үед тухайн актыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 128/Ш32020/6185 дугаартай захирамж гарсан байсан. Уг актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч “Г д” ХХК-ийн гаргасан бөгөөд хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн захирамж хүчин төгөлдөр байсан болно.

   Өөрөөр хэлбэл “Г д” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сард гаргасан нэхэмжлэлтэй хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй ажиллагаа үргэлжилж байсныг энд дурдах нь зүйтэй. 

   3.Мөн О.Наранбаатар нь актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргахдаа өөрийгөө “К к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж дурдсан байна.

   Гэтэл “К к” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлдээ төлөөлөгчөөр “Г д” ХХК-ийг томилсон байгаа нь илэрхий харагдаж байна. Харин “Г д” ХХК-ийн итгэмжлэлд О.Наранбаатарыг томилсон байгаа нь харагдана, тэгэхээр О.Наранбаатар нь “К к” ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй бөгөөд гаргасан хүсэлт нь ч хууль зүйн хувьд үндэслэлгүй байхад шүүхээс үүнийг огт шалгалгүйгээр ажиллагаа явуулсаар ирсэн.

Энэхүү алдаа зөрчилтэй холбогдуулан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д заасныг үндэслэн хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлүүлж явуулсан. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн алдааг гаргасаар ирсэн. Үүнийг дурдвал: 

1.2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Г д” ХХК-ийн зүгээс 3 асуудал дурдаж Шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд тамганы дардастай холбоотой асуудлаар шинжээч томилохоор шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Уг захирамжид гуравдагч этгээдийн зүгээс хэд хэдэн үндэслэл дурдаж ялангуяа шинжилгээнд оруулах тамганы талаар шинжилгээний шаардлага хангах байдлаар тамганы дардсыг гаргуулж авсны үндсэн дээр хийх, нөгөө талаар яриад байгаа 2 тамга нь БНХАУ-ын компани нь үйл ажиллагаандаа 2 тамга ашигладаг учраас нүдээр харахад илэрхий 2 өөр тамга болохыг тайлбарласан, уг 2 тамгыг аль алийг нь хүчин төгөлдөр ашигладаг талаар тодорхой хэлсэн боловч хүлээн авалгүйгээр захирамжилсан.

Өөрөөр хэлбэл шүүгчийн шинжээч томилсон захирамжийн дагуу тамганы эх хувь дардасгүйгээр шинжээч ажилласан болно. Энэ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой хөндсөн үйлдэл бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс шинжилгээтэй холбоотой гаргаж буй тайлбар хүсэлтийг огт харгалзахгүй шийдвэрлэж байсан нь хэт нэг талыг барьсан ажиллагаа болсон юм. Тодруулбал шинжилгээний гол зүйл болох 2 ширхэг БНХАУ-ын хуулийн этгээдийн тамганы дардас хоёулаа шинжилгээний шаардлага хангасан байдлаар шинжээчид хүргэгдээгүй болно.

2.Шинжээч дүгнэлт гаргахаар ажиллаж байх явцад буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Шүүгч захирамж гарган түдгэлзүүлсэн байтал нэхэмжлэгчээс хүсэлт хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүгч нь 1/3610 тоот албан бичгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нэмэлт асуудлаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байхад хэт нэг талыг барьж хууль зөрчин нэхэмжлэгчээс хүсэлт хүлээн авч шинжээчид хүргүүлж байгаа нь маш ноцтой алдаа юм. Өөрөөр хэлбэл 2021 оны 3 дугаар сарын 3-ны хэргийг түдгэлзүүлэх захирамж гаргасан байтал хэргийн бусад оролцогч нарт мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагч, гуравдагч этгээдэд танилцуулалгүйгээр шинжээчид хүргүүлж байгаа нь үйлдэл Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа болно.

3.Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэмэлт асуултыг хүргүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Шинжээчийн дүгнэлтэд нэмэлт баримтад дүгнэлт гаргуулах гэсэн албан тоот хүргүүлсэн зэргээс харвал шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулахаар оролцогч нарт мэдэгдэлгүйгээр шинжээчид нэмэлт асуулт хүргүүлж байсан нь нотлогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох батлагдаж байна.

Шинжээчийн дүгнэлт шүүхэд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх үед ковид цар тахлын нөхцөл байдал хүндэрч шүүхийн байранд удаа дараа хөл хорио тогтоож хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцах боломж нөхцөл зарим талаар хязгаарлагдсаар ирсэн.

Нөгөө талаар шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлээ шүүх хуралдаан дуусах хүртэл гаргасаар байсан. Үүнд:

1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтдаа оролцохдоо хуурамчаар үйлдсэн байж болзошгүй баримтын эх хувь болоод Гаалийн байгууллагаас “Г д” ХХК-ийн оруулж ирсэн гэж тайлбарлан тендерийн баримт бичигт заасан ажлын туршлагаа хангасан гэх авто машин механизмын мэдээлэл гаргуулах ач холбогдол бүхий хүсэлт байсан болно.

Гэтэл уг хүсэлтийг шийдвэрлэлгүй явсаар байгаад шүүгч 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлээд үргэлжилж байх үед нотлох баримт шинжлэн судлахад гэнэт шийдвэрлэн хүсэлтийг хангахгүй гэсэн захирамж гаргаж гомдол гаргах эрхийг хязгаарласан.

2.Шүүх хуралдаан эхлэхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эмнэлгийн магадлалаар ажлаас чөлөөлөгдөж хэвтрийн дэглэм барих талаар холбогдох баримтыг шүүхэд түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангуулахаар хандсан боловч шүүгч Эмнэлгийн магадалгаа холбогдох баримт нь байсаар байтал төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Ийнхүү үргэлжлүүлэхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, нотлох баримт байгаа талаар талуудаас тодруулалгүй шууд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг яриулж хууль зөрчиж хуралдааныг хийсэн.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өмнө шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийн дагуу шүүгч тусгайлсан хавтас бүхий нотлох баримтыг бүрдүүлсэн боловч уг баримтаа хариуцагч болон гуравдагч этгээд нарт огт танилцуулж, мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед хуралдааны нарийн бичгийг танхимаас явуулж нотлох баримтаа авчруулж шинжлэн судалсан болно. Бүхэл бүтэн хавтас бүхий нотлох баримтыг танилцуулалгүйгээр, хуралдаан эхлэхэд хэргийн үндсэн хавтас болох 2 хавтаст хэргийг хэлэлцэж эхэлсэн боловч нотлох баримт шинжлэн судлах үед хэд хэдэн хавтастай баримтыг оруулж ирэн нотлох баримтаар судалж шийдвэрээ гаргаж байгаа нь маш ноцтой үйлдэл юм. Ийнхүү баримт авч ирж байгаа шүүх хуралдааны видео бичлэгт туссан байх ёстой. Уг баримттай гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь танилцах талаар огт мэдээгүй, шүүгчийн туслахын зүгээс ч мэдэгдэж танилцуулж байгаагүй болно.

Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэг үсгэхээс эхлээд шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаандаа хуулиар олгосон гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж, хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үед өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгч хүсэлт авч шинжээчид хүргүүлэх замаар дүгнэлт гаргуулсан, дүгнэлт гаргуулах тамганы дардсыг гаргуулж авалгүйгээр дүгнэлт гаргуулж нотлох баримтаар үнэлсэн, бүхэл бүтэн хавтаснууд бүхий нотлох баримтыг танилцуулах, ирсэн талаар мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааны дундуур оруулж ирэн шинжлэн судалж үнэлсэн зэрэг ноцтой алдаануудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж хууль бусаар хэргийг шийдвэрлэсэн.

Мөн тухай актыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байсаар байтал түүнээс эсрэгээр шийдвэрлэсэн зэрэг нь нөгөө талаар гуравдагч этгээдийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн гаргасан бүхий хүсэлтийг хүлээн авч байгаа нь илтэд нэг талыг барьсныг хангалттай нотолж байгаа юм. Энэ бүх процессын алдаа нь шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан  шийдвэрлэхэд хангалттай үндэслэл гэж үзэж гомдол гаргаж байгаа болно.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн агуулгын талаар:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэж дүгнэлт хийх шаардлага тус бүрээр үндэслэх хэсэгт тусган шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь нийт 6 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэхүү 6 шаардлагаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Б О ХХК-д тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн захиргааны актыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан 6 шаардлагын 3-ыг нь ийнхүү хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд уг шаардлагуудын эхнийх нь болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэсний дагуу гарсан акт болно.

Гэтэл шүүхээс ийнхүү дээрх тэмдэглэл хэлбэрээр гарч хуулийн шаардлага хангасан актыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийн “Г д” ХХК болон “Б О” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь агуулгын хувьд эрс зөрүүтэй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр гарах үндэслэлийг тавьсан болно.

Уг шийдвэрээ гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл 28.7, 28.11, 29 дүгээр зүйл болон мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг удирдлага болгосон байна. Эдгээр заалтууд нь тендерийг хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах болон үнэлгээний хорооны чиг үүргийг зохицуулсан заалтууд байх бөгөөд ямар үндэслэлээр шүүх уг хуулийн заалтуудыг хэрэглэснээ хангалттай нотлоогүй буюу эдгээр үндэслэл нь хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбараар хангалттай үгүйсгэгдэж баримтаар нотлогдсон байгаа болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэсний дагуу гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байтал дүгнэлтийн холбогдох хэсгийг дахин хүчингүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж зөрүүтэй 2 өөр заалт бүхий шийдвэр гаргахад хүргэсэн байна. Энэ нь хууль хэрэглээний хувьд маш ноцтой алдаа гэж үзэж байна.

Нөгөө талаар Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Г д” ХХК болон “Б О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байтал шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч сайн дураар өөрчлөн:

1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б О” ХХК-ийн хооронд байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

2.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт “Г д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах,

3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Г д” ХХК-тай “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээ” байгуулахыг тус тус даалгасугай гэсэн байна.

Үүнийг үгүйсгэж гомдол гаргаж буй үндэслэл нь:

1.”Г д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээг “Хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байтал шүүгч “Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг” тогтоож шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хууль бус болох болон хүчин төгөлдөр бус байхын хууль зүйн үр дагавар болоод цаашид үүсэж болох харилцаа, хүлээн зөвшөөрөх нөхцөл байдлаараа илт ялгаатай ойлголт гэж үзэж байна.

2.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт “Г д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах тухайд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь өөрөө бие даан тендер шалгаруулалт зохион байгуулахгүй бөгөөд хуульд зааснаар үнэлгээний хороо байгуулж тендер шалгаруулалт зохион байгуулдаг.

Гэтэл шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45-47 дугаар зүйлд заасныг илт зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан нь хууль бус болох нөхцөлийг бүрдүүлээд байна.

3.Нэгэнт шүүгч үнэлгээний хорооны тэмдэглэлийн хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас “Г д” ХХК шалгаруулах татгалзсан хуульд заасан хэлбэрээр гарсан Үнэлгээний хорооны шийдвэр /тэмдэглэл хэлбэртэй байна/ хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас гэрээг тус компанитай байгуулах, түүнийг ялагч болсон гэж дүгнэх ямар ч үндэслэл байхгүй.

4.Нөгөө талаар шүүхэд нэхэмжлэгчээр “Г д” ХХК болон “К к” ХХК нь хамтран нэхэмжлэл гаргасан байтал шүүх зөвхөн “Г д” ХХК-ийг ялагч болгон гэрээ байгуулж байгаа нь хэрэгт авагдсан “К к” ХХК-ийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой бөгөөд хар жагсаалтад орсон этгээдийг шүүхийн шийдвэрээр ялагч болгох нөхцөл байдал үүсээд байгаа тул зөвхөн “Г д” ХХК-ийн нэрийг дурдаж шийдвэрээ гаргаад байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэдгийг зөрчсөн болохыг хангалттай нотолж байгаа юм.

Шүүхээс ийнхүү шийдвэрээ гаргахдаа маргааны агуулга болоод хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш олон ноцтой алдаа гаргаж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэн зөв үнэлээгүй гэх мэт маш олон алдаа зөрчлийг гаргасан байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2021/0453 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна заавал биелэгдэх, эцсийн байх үр дагавартай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр эдгээр шаардлагыг хангахгүй, хэрэгжих бодит боломжгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчлөн шийдвэрлэж процессын зөрчил гаргасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлсэн байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгов.

            Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар хурлаар Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт “Б О” ХХК-ийг “хамгийн бага үнийн санал”-аар шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

            1.Нэхэмжлэгч “Г д” ХХК-ийн түншлэгч “К к” ХХК нь өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдуулж Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УБ/11 дүгээр дүгнэлтээр тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн сайдад гаргасан болохыг Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 дугаар мэдэгдэлд тодорхой дурджээ.

            Цаг хугацааны хувьд шүүхээс маргааныг шийдвэрлэх үед хэдий нь “К к” ХХК хар жагсаалтад бүртгэгдэж, 3 жилийн хугацаанд тендерт оролцох эрхгүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэл үндэслэлтэй эсэхээс үл хамаарч түншлэлийг шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, цаашлаад гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж болохгүй.

            Хэдийгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн “Г д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгаж байгаа мэтээр бичигдсэн ч, бодит байдалд шийдвэрийн үр дагавар нь хар жагсаалтад бүртгэгдсэн компанийг шалгаруулахаар байна.

Түүнчлэн мэдэгдэлд хар жагсаалтаас гадна Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэгдэж, тэмдэглэлд тусгагдсан “…нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээг аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгөн гүйлгээ хувь хүмүүсийн дансаар хийгдсэн болох, мөн уг гэрээний дагуу нийлүүлэгдсэн гэх машин механизмуудын арлын дугаар Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн санд бүртгэлгүй байсан…” гэх 2 үндэслэлийг давхар дурдсан байхад шүүхийн шийдвэрт “…”Г д” ХХК-д мэдэгдэл хүргүүлэхдээ хурлын шийдвэрээс зөрүүтэй, огт өөр 2 үндэслэлээр татгалзсан…” гэх зэргээр нотлох баримтыг илтэд үндэслэлгүй дүгнэжээ.

            Үнэлгээний хорооноос түншлэлийг тендерт шалгаруулаагүй гол шалтгаан нь тендерийн үнэ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд тендерт ялагч “Б О” ХХК-иас 51.200.000 төгрөгөөр илүү үнэ санал болгосноороо нэхэмжлэгчид тухайн үед шалгараагүй болно.

            Харин шүүх маргааныг шийдвэрлэх үед үнээс гадна түншлэлийн нэг компани хар жагсаалтад орсон нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай шалтгаан юм. Гэхдээ нэхэмжлэгчдэд хүргүүлсэн мэдэгдэлд Үнэлгээний хорооны хуралд огт яригдаагүй үндэслэл тусгагдсан, эсхүл хурлын тэмдэглэл болон мэдэгдлийн агуулга зөрүүтэй гэж дүгнэх ямар ч үндэслэл тогтоогдсонгүй. 

            2.Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар тендерийг дахин үнэлж, үнийн саналаар “Б О” ХХК-ийг шалгаруулсан талаарх мэдэгдлийг тендерийн бусад оролцогчдод мөн өдрийн 02/1724, харин “Г д” ХХК-д үүнээс 1 хоногийн дараа буюу 22-ны өдрийн 02/1727 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэнээр “…бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх шаардлага зөрчигдсөн гэж үзэхгүй.

            Учир нь “Б О” ХХК-д ч нэхэмжлэгчтэй адил 22-ны өдөр тендерт шалгарсан тухайг мэдэгдсэнээс үзэхэд зөвхөн дээрх мэдэгдлүүдийн огноог үндэслэн тендер шалгаруулалтын талаар оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдээгүй байна гэж дүгнэх нь хангалтгүй, тэр тусмаас энэхүү нөхцөл байдал нь тендерийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

            3.Дахин үнэлгээ хийх хүрээнд тендерийн баримт бичигт авагдсан зарим баримтыг нягтлах, тодруулах ажиллагаа зөвхөн “Б О” ХХК-ийн хувьд бус нэхэмжлэгч түншлэлийн хүрээнд ч мөн адил хийгдсэн байгаагаас гадна “Б О” ХХК нь тендерийн баримт бичигт заасан зарим шаардлагыг хангахгүй байгаа талаарх нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 752 дугаар шийдвэрт хангалттай дүгнэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

            Тухайлбал “Б О” ХХК-ийн БНХАУ-ын Chengli Special Avtomobile компанийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээ хүчинтэй эсэх, тодорхойлолт хуурамч эсэх, мөн А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцсэн эсэх зэргийг дүгнэж, тендер шалгаруулалт хууль зөрчөөгүй гэж үзсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн мөн оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            4.Анх “Г д” ХХК, “М Х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэн шалгах явцад гарсан тендер шалгаруулалттай холбоотой актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 6185 дугаар захирамж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд хүчинтэй байхад 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь өмнөх захирамжтай нийцээгүй, хэрэгжих боломжгүй үр дагаврыг үүсгэсэн байна.

            Тиймээс анхнаасаа актын биелэлтийг түдгэлзүүлээгүй учраас гэрээнд заасны дагуу хог тээврийн тусгай зориулалтын автомашиныг нийлүүлэх ажиллагааг хийж эхэлсэн гуравдагч этгээдийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн энэ оны 7 дугаар сард автомашинуудыг захиалагчид хүлээлгэн өгч, гэрээнд заасан үүргээ “Б О” ХХК биелүүлсэн байхад нэхэмжлэлийн хүрээнд нэгэнт хэрэгжсэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, уг гэрээг нэхэмжлэгч компаниудын түншлэлтэй байгуулахыг хариуцагчид даалгах нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г д” ХХК, “К к” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэл, дүгнэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 дугаар мэдэгдэл, мөн өдрийн “Б О” ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх мэдэгдэл болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Б О” ХХК-тай байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах, энэхүү тендерт “Г д” ХХК, “К к” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөгч Л.Н, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, гуравдагч этгээд “Б О” ХХК-ийн захирал Н.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН