Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

 

                     109/ШШ2018/0005

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т

Хариуцагч: Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах  тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Л, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар товлогдсон боловч ирц бүрдээгүй улмаас тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаагүй болно.

Гэвч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 16 өдрийн 00 цаг 05 минутад ээлжит V дугаар хуралдааныг эхлэн 9 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар товлогдсон боловч ирц бүрдээгүй хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнх нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар 23.4 дэх хэсэгт зааснаар “...тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж дахин хурлыг зарлан хуралдуулах тухай тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр гараагүй байхад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутад Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хурлыг хууль зөрчиж хуралдуулсан.

Тухайн хуралд Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгч ээлжит V дугаар хурлыг хуралдуулж байгаа нь хууль зөрчиж байна гэх үндэслэлээр зориудаар оролцоогүй. Мөн Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч Д.Д, Э.Н нар нь хурлыг хууль бус болохыг илэрхийлж саналаа хэлэн хуралд оролцохгүй талаараа мэдэгдээд гарахад хуралд оролцсоноор хууль зөрчин ирц бүрдүүлсэн. 

Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдаанд оролцох 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч нь хууль бус хурлыг эсэргүүцэн оролцоогүй байхад 9 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хууль бус шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 23.8 “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцно” гэж заасныг мөн зөрчсөн байна.

Тухайн хууль бус хурлаас болж Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т миний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрх. 20.1.1 “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохин  байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, мэдээллээр хангуулах” эрхийг минь зөрчлөө.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах  тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар товлогдсон Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдаан хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, хууль бусаар хуралдсан. Үүнээс гарсан тогтоол, шийдвэрүүд нь эрх зүйн үр дагавраа алдсан. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэсэн эрхэд ноцтой халдсан. Нэхэмжлэгч Т.Т нь тэргүүлэгч, гэтэл Х сумын ээлжит V дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт эхлэх байтал ирц бүрдээгүй гэдэг үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 16-ны өд рийн 00 цаг 05 минутад эхэлсэн байдаг. Хэрвээ хуулиндаа тухайн товлосон өдрөө хуралдаж чадаагүй бол тэргүүлэгчид дахин хуралдаж байгаад ээлжит хуралдааны товыг дахин зарлах ёстой байсан. Ардчилсан намын бүлэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын товыг мэдэгдсэн байдаг, харин 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын товыг мэдэгдээгүй. Тийм учраас хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хуралдаан болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тус хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлон зарласан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байгаа.

Тухайн зарласан хурал товлосон өдөртөө төлөөлөгчдийн ирц бүрдэхийг хүлээж, товлосон цагтаа эхэлж чадаагүй. Товлосон цагтаа эхлээгүйн шалтгаан нь хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид өөрийн намын болон хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан хориглолтыг зөрчсөнтэй холбоотой юм.

Харин хуралдааныг төлөөлөгчдийн олонхийг хүрэлцэн ирж ирц бүрдмэгц 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0005 цагт эхэлсэн ба ирц авч, хуралдаан эхэлсний дараа төлөөлөгч Д.Д, Э.Н нар хуралдааныг орхиж гарсан. Иймийн учир тэднийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д зааснаар эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулан асуудлыг шийдвэрлэсэн болно.

Хуралдаан эхлэх хүртэл хугацаанд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа хуралд танилцуулаагүй, энэ нь тэдний хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцож, сум орны хөгжил, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал хүсэлтээ илэрхийлэх үүргээ орхигдуулж, зөвхөн улс төрийн өнцгөөс үйл явдалд хандан явцуурхсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлд хуралдааныг товлон зарлаагүй цагт эхэлсэн гэж буруутгасан байна. Хуульд хуралдааныг 15 хоногийн өмнө товлон зарлахаар хуульчлан зохицуулсан бөгөөд тухайн хуралдаан ирц хүрээгүйн улмаас цагтаа эхэлж чадаагүй тохиолдолд дахин шинээр зарлах талаар зохицуулалт байхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар тогтсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан 15-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэснийг зөрчөөгүй 45 дугаар тогтоол гарсан байна. Уг тогтоолоор Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлон зарлагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хуралд оролцох ёстой, хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаан байх юм бол шалтгаанаа мэдэгдэх ёстой гэсэн заалт байгаа. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдэхгүй хуралдаа оролцохгүй байгаа нь төлөөлөгч хүний хуулиа зөрчиж байгаа асуудал. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл гэрчүүдийн мэдүүлгээс харахад Ардчилсан намын ирцийг бүрдүүлнэ гэх үндэслэлээр тухайн хуралдаанд оролцохоос татгалзсан байдаг. Тийм учраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байдал харагдаж байна. 

Хуралдаан нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагаас хойш ирцээ бүрдүүлэхээр төлөөлөгч нарлуу утсаар залгасан боловч Д.Д, Э.Н гэдэг хоёр төлөөлөгч ирснээр хурлын ирц тавиас дээш хувьтай бүрдэж хурлыг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутад эхэлсэн байдаг. Тухайн өдрийн хуралдаанд Д.Д, Э.Н нарын ирц бүртгэгдсэн, тэгээд хурлыг орхин гарсан. Төлөөлөгч Д.Д, Э.Н нарыг ирцэнд бүртгэснээр тухайн хурал нь 11 төлөөлөгчтэй буюу тавиас дээш хувийн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Хүчин төгөлдөр тухайн хуралдааны ирцээс саналынхаа тоог тоолно. Хурлыг орхиж гарсан 2 төлөөлөгчийн саналыг эсрэг гэж тооцохоор 9 төлөөлөгчийн саналаар тухайн хурлаас гарсан тогтоолууд нь хүчинтэй тогтоол болно. Тийм учраас хуулиа зөрчөөгүй тогтоолууд гарсан байна. Хурал яагаад товлосон өдрийнхөө цагтаа эхлээгүй вэ гэхээр төлөөлөгч нараа ирэхийг нь хүлээсээр байгаад орой 00 цаг 05 минутад эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч болон Ардын намын бүлэг хуралдаа ирээгүй, үүргээ зөрчсөн асуудал байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ээс Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Т-ээс “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг дахин хуралдахыг Архангай аймгийн Х иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн өөрчлөн, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

I. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн маргааныг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэх тухайд:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Х иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т нь Архангай аймгийн Х  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит V дугаар хуралдаан нь хууль зөрчиж /хуралдааныг товлосон цагтаа хуралдуулаагүй, төлөөлөгч нарын ирц хүрээгүй байхад хуралдуулсан/ хуралдсан тул хууль бус, хурлын төлөөлөгч, тэргүүлэгч миний хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, мэдээллээр хангуулах гэсэн эрхүүдийг зөрчлөө гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл. “Захиргааны акт”, 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хуралдааныг хууль зөрчиж хуралдуулсан гэх үндэслэл нь “захиргааны үйл ажиллагаа”-тай холбоотой үндэслэл байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл. “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, 3.1.3. ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтаас үзвэл захиргааны хэргийн шүүхэд хүн , хуулийн этгээдээс нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд “хүн” гэсэн ойлголтыг ямар нэгэн албан тушаалын байдлаар нь ялгаварлан, хязгаарлах нь тухайн ойлголтын агуулгад нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны улмаас сумын Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнхээ хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутад эхлэн хуралдсан Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V дугаар хуралдаан нь Хурлын төлөөлөгчдийн ирцийг хууль зөрчин бүрдүүлсэн, мөн хуралдааныг товлосон өдөр, цагтаа хуралдуулаагүй учир хуралдаан хууль бус болсон гэж маргажээ.

а/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ирцийг хууль зөрчин бүрдүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, 23.9. “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэж тус тус заажээ.

Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй байх бөгөөд Хурлын нийт төлөөлөгчдийн 11 төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэйд тооцогдохоор байна .

Нэхэмжлэгчээс тус хурлын төлөөлөгч Д.Д, Э.Н нар нь хуралдааныг хууль бус болох талаар саналаа илэрхийлэн, хуралдааныг орхиж гарсан байхад тэдгээр төлөөлөгчдийг хуралдааны ирцэнд бүртгэн хуралдааныг явуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэжээ.

Тухайн маргаан бүхий хуралдаанд оролцсон гэх 11 төлөөлөгчийн 9 төлөөлөгчийн тухайд хуралдаанд оролцсон, оролцоогүй гэж маргаагүй бөгөөд харин төлөөлөгч Д.Д, Э.Н нарыг тухайн хуралдаанд оролцсон, оролцоогүй гэж маргаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.  

Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Н, Д.Д нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Гэрч Э.Н “Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн V дугаар хуралдаанд оролцсон. Би Улаанбаатар хотод ажилтай явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 30 минутын үед ирж хуралдаанд оролцсон. ...та өөрийгөө хуралд оролцсон, ирцээ бүртгүүлсэн гэж үзэж байна уу гэхэд? Тийм ээ, тэгж үзэж байна.” , Гэрч Д.Д “ ...Би хурал эхлэхэд суугаад ирцэнд бүртгэгдсэн учраас оролцсон гэж бодож байна. ...та өөрийгөө хуралд оролцсон, ирцээ бүртгүүлсэн гэж үзэж байна уу гэхэд? ...Оролцсон, ирцээ бүртгүүлсэн гэж үзэж байна. Намайг байхад 11 төлөөлөгч байсан, төлөөлөгч Э.Н бид хоёрыг гарсны дараа 9 төлөөлөгч үлдсэн.”  гэжээ.

Маргаан бүхий хуралдааны ажлын хэсэгт орж, хуралдааны тэмдэглэл хөтөлсөн П.Д, М.М, А.Т нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Гэрч П.Д “Хурлын төлөөлөгч Э.Н, Д.Д нар хуралдааны ирцэнд орсон уу гэхэд ...Орсон байх гэж бодож байна. Тэр хоёрыг орж ирсний дараа хурал эхэлсэн.” , Гэрч А.Т “Хуралдаанд хэдэн төлөөлөгч оролцсон бэ Ирц бүрдсэн байсан уу  гэхэд. ...Хурлын ирц хүрсэн гэж хурал эхэлсэн, ...” , Гэрч Э.М “Хурлын төлөөлөгч Э.Н, Д.Д нар тус хуралдаанд оролцсон уу гэхэд ...Хурлын дарга Л-г хурал нээе гэж хэлсний дараа төлөөлөгч Э.Н, Д.Д нар ...гараад явсан.”  гэжээ.

Хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан тухайн хуралдааны тэмдэглэл , дээрх гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл хурлын төлөөлөгч Э.Н, Д.Д нар нь тухайн хуралдаанд оролцсон, хуралдааны ирцэнд бүртгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд хуралдааныг орхиж гарсан хурлын төлөөлөгч Э.Н, Д.Д нарыг хуралдааны ирцэнд бүртгэн хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9.-д заасны дагуу явуулсан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна.

б/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлосон өдөр, цагтаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйл. “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх” , 20.1.1. “Хурлын хуралдааныг товлон зарлах, ...“, 23 дугаар зүйл. “Хурлын хуралдаан” 23.4. “ ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын дагуу Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, “Хуралдаан зарлах тухай” 45 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт Баян багийн төвд зарлан хуралдуулахаар товлон зарлажээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйл. “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх” , 20.1.1. “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, ...“, 22 дугаар зүйл. “Хурлын даргын нийтлэг бүрэн эрх”, 22.1.1. “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;” гэж заасны дагуу Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчид хуралдааны бэлтгэл ажлыг ханган хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхээр цугласан боловч Хурлын төлөөлөгчдийн ирц бүрдэхийг хүлээсээр өглөөний 10 цагт эхлэхээр товлогдсон хуралдаан шөнийн 00 цаг 05 минутанд эхэлжээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутанд эхэлсэн гэдэгтэй нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Хурлын ажлын албанаас маргаан бүхий хуралдааны зарыг урилга хэлбэрээр Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн гэх тайлбарыг гаргадаг бөгөөд үүнтэй холбоотой Хурлын төлөөлөгч нараас хуралдааны зарыг аваагүй, мэдээгүй гэх санал, гомдол гараагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V дугаар хуралдаан цагтаа эхлээгүй нь Хурлын дарга, Тэргүүлэгчид, Хурлын ажлын албаны үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байх бөгөөд Хурлын төлөөлөгчдийн ирцтэй холбоотой асуудлаар хуралдаан цагтаа эхлээгүй байна. 

Тодруулбал: Улаанбаатар хотод байсан Хурлын төлөөлөгч Э.Н, Аймгийн төвд байсан Хурлын төлөөлөгч Д.Д нарыг ирсний дараа ирц бүрдэн хуралдаан эхэлсэн байна.

Нэхэмжлэгч болон Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгч нь хуралдааны товыг мэдсэн байх бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар бүлэг хуралдаагүй гэх үндэслэлээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэжээ. 

Ардчилсан намын бүлэг нь дээрх үндэслэлтэй холбоотой асуудлаараа тухайн үед Хуралд санал, хүсэлт гаргаагүй байх бөгөөд Хурлын төлөөлөгч нарын тухайд хуралдааны ирцийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.     

Иймд дээрх дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий хуралдаан нь товлосон цагтаа эхлээгүй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанаас болоогүй Хурлын төлөөлөгчдийн ирцтэй холбоотой асуудлаас болж цагтаа эхлээгүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.      

Мөн хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийг Хурлын төлөөлөгчийнхөө эрхийг эдэлж хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хуралдаанд өөрөө оролцоогүй байх тул  хариуцагчийг нэхэмжлэгчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ээс гаргасан “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах  тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4., 23.7., 23.9.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ээс Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах  тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ