Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 474

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Нямбат

шүүгдэгч А.Д.........ий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хатиган овогт А.............лийн Д.........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0158 40623 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатиган овогт А.............лийн Д.........ий, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ...........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Д.........ий нь 2019 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 1 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” кафены гадаа Б.Т...........хтой “20.000 төгрөгийг аваагүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д.........ий мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Т...........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Уянга” кафед манай найзууд сууж байна гэхээр нь 22 цагийн үед очсон. Уг пабад очиход манай найз С..........г, Ц..........в нар байсан. Бид нар пиво уусан. Хүний 4 шил пиво уусан байх, хоорондоо хөзөр тоглоод сууж байсан. Уг пабыг ажиллуулдаг залуутай хөзөр тоглоод сууж байтал ширээн дээр байсан 20.000 мянган төгрөг алга болсон. Тэгэхээр нь нүдний шилтэй үл таних залууд хандаж “чи миний хажууд сууж байхдаа мөнгө авсан уу” гэж асуухад “аваагүй” гээд маргалдсан. Маргалдаад пабнаас гаръя гээд зогсож байхад бүдүүн махлаг залуу намайг боосон. Манараад унасан, унасан байхад толгойн дээрээс өшиглөхийг мэдсэн. Зүүн талын нүд рүү өшиглөсөн, дараа нь босоод харахад хөл хөхөрсөн, гуя шилбэ зулгарсан, нүүрээ маажуулсан. ...Би тэдгээр залуучуудтай маргалдаад “яагаад зодож байгаан” гэж асуухад, “чамайг ална шүү зайл” гээд байсан. Пабын эзэн гэх залуу гуйлгачин минь эндээс зайл гэхээр нь цагдаа дуудсан. Цагдаа дуудаад ирэхгүй болохоор хэлтэс дээр очоод жижүүрийн цагдаа дагуулаад очиход, гэрэл нь унтраастай, хаалга тайлж өгөөгүй...Махлаг залуу араас боогоод ухаан алдаад унасан, ухаан алдаад сэргэхэд нэг залуу нь баруун нүд рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Эмчилгээтэй холбоотой баримт бичиг надад байхгүй. Гэхдээ хороололд байдаг гоо сайханы эмнэлэгт очиж үзүүлэхэд соривны тос 400.000 төгрөг болж байна гэсэн. Надад мөнгө байхгүй учраас уг эмчилгээг хийлгэж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10)

2. Гэрч М.Э........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед Д.........ий, Т........н хоёр над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо цамбагаравын “Уянга” гэх Т........нгийн түрээсэлдэг пабад хүрээд ир гэсэн. Очиход Б.......ж, Т........н, Д.........ий гурав хамт байсан. Бид 4 нийлээд архи уугаагүй пиво ууж байсан. Тэгтэл удалгүй хажуу талын ширээнд сууж байсан залуучууд манай Д.........ий рүү дайраад мөнгө төгрөг хаана байна гээд агсраад байсан. Тухайн үед Д.........ий бид нартай сууж байгаад босоод текэн дээр сууж байсан. Нэг залуу нь согтуурхаад “гаръя зодолдъё, нэг нэгээрээ зодолдъё” гээд байсан. Бид нар согтуу хүнтэй юу ярихав гээд гадаа зогсож байсан. Д.........ий араас нь тэврээд цээжээр нь шахаад тэр хоёр дээрээ доороо ороод унасан. Д.........ий нүүр рүү байх 1 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

3. Гэрч Н.Т........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай найз Б.......ж БНСУ-руу явахаар болсон тул гаргаж өгөхөөр Э........н, Галаа бид нар цугларсан. Цуглаад ганц, ганц пиво уугаад сууж байсан. Манай пабны Вип өрөөнд бас нэг хэдэн залуучууд хөзөр тоглоод пиво уугаад сууж байсан. Манай нэг найз Б.......к тэд нартай хөзөр тоглож байсан. Удалгүй хоорондоо маргалдсан тэд нарын дундаас арай согтсон залуу нь манай найз Б.......каас 20.000 мянган төгрөг алга болчихлоо чи авчихлаа гээд маргалдаад байсан. Нөгөө согтуу залуу гаръя зодолдъё нэг нэгээрээ зодолдъё гээд агсраад байхаар нь би болон Д.........ий, Э........н бид хэд гарсан. Гараад нөгөө согтуу залуу согтуурхаад байхаар нь Д.........ий араас нь тэврээд чи одоо болио согтуу гэхэд агсраад байсан. ...Д.........ий яг бол хоолойг нь боогоогүй нэг гарын доогуур нь оруулаад нөгөө гарын дараад цээжин дээрээс нь шахтал нөгөө залуу унасан. Унасан байхад нь Д.........ий зүүн талын нүд рүү нь 1 удаа өшиглөсөн...уг залууг Д.........ий тэвэрч байгаад цээжин дээрээс шахаж унагаагаад нүүрэн тус газар өшиглөсөн. Өөр энэ хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Унахдаа хөл гар нь шалбарсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3282 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд зовхины гадна хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацарт 1,0х0,6см, 1,5х0,5см, хүзүүний баруун хажуу хэсэгт 2,5х0,3см, 2,0х0,3см, 1,8х0,3см, зүүн хажуу дээд хэсэгт 2,5х0,3см, 2,5х0,2см, 1,8х0,3см улаан ягаан өнгийн зулгаралттай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 7,5х5,5см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 7,0х1,5см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Б.Т...........хын биед зүүн зовхинд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

5. Шүүгдэгч А.Д.........ийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Уянга” пабад Солонгос улс руу ажиллаж амьдрахаар явж байгаа Б.......ж гэх найзыгаа гаргаж өгөхөөр 21 цагийн үед уулзалдсан. ...Т........н, Э........н Б.......ж 4 нийлээд хүний 3-4 шил пиво уусан. Хоорондоо юм яриад сууж байтал цаад талын випд сууж байсан залуу миний мөнгө алга болчихлоо гээд над руу дайрсан. ...Дараа нь манай найз Б.......ж руу дайраад бөөн хэрүүл маргаан болсон. Б.......жтой маргалдаж байгаад төмсөг рүү нь өшиглөхөөр нь би дагуулаад гарсан. Гадаа гараад зодолдъё гээд нөгөө үл таних залуу агсраад байсан. Би тайвшруулах гээд араас нь тэврээд цээжээр нь шахтал газар унасан. Унахад нь хөлд дайрагдаад зовхи руу нь өшиглөсөн. Тэгээд босож ирээд паб түрээсэлдэг Т........н рүү орилоод байсан. ...би ганцаараа гар хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

6. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 50, 51), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 52), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 53),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 43), Хаан банкины депозит дансны хуулга (хавтаст хэргийн 37-42), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 50) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Д.........ийд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

I. Гэм буруугийн талаар

Улсы яллагчаас шүүгдэгч А.Д.........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг

Шүүгдэгч А.Д.........ий нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Д.........ий нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” кафены гадаа, 2019 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Т...........хтой маргалдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Т...........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Уянга” кафед...найз С..........г, Ц..........в... нартай пиво уусан. Тэгээд..хоорондоо хөзөр тоглоод сууж байсан. Уг пабыг ажиллуулдаг залуутай хөзөр тоглоод сууж байтал ширээн дээр байсан 20.000 мянган төгрөг алга болсон. Тэгэхээр нь нүдний шилтэй үл таних залууд хандаж “чи миний хажууд сууж байхдаа мөнгө авсан уу” гэж асуухад “аваагүй” гээд маргалдсан. Маргалдаад пабнаас гаръя гээд зогсож байхад бүдүүн махлаг залуу намайг боосон. Манараад унасан, унасан байхад толгойн дээрээс өшиглөхийг мэдсэн. Зүүн талын нүд рүү өшиглөсөн, дараа нь босоод харахад хөл хөхөрсөн, гуя шилбэ зулгарсан, нүүрээ маажуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- Гэрч М.Э........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу талын ширээнд сууж байсан залуучууд манай Д.........ий рүү дайраад мөнгө төгрөг хаана байна гээд агсраад байсан. ...Нэг залуу нь согтуурхаад “гаръя зодолдъё, нэг нэгээрээ зодолдъё” гээд байсан. Бид нар согтуу хүнтэй юу ярихав гээд гадаа зогсож байсан. Д.........ий араас нь тэврээд цээжээр нь шахаад тэр хоёр дээр доороо ороод унасан. Д.........ий нүүр рүү байх 1 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

- Гэрч Н.Т........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.........ий араас нь тэврээд чи одоо болио согтуу байна гэхэд агсраад байсан. ...Д.........ий яг бол хоолойг нь боогоогүй нэг гарын доогуур нь оруулаад нөгөө гарын дараад цээжин дээрээс нь шахтал нөгөө залуу унасан. Унасан байхад нь Д.........ий зүүн талын нүд рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3282 дугаар дүгнэлт “...1. Б.Т...........хын биед зүүн зовхинд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

- Шүүгдэгч А.Д.........ийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т........н, Э........н Б.......ж 4 нийлээд хүний 3-4 шил пиво уусан. Хоорондоо юм яриад сууж байтал цаад талын випд сууж байсан залуу миний мөнгө алга болчихлоо гээд над руу дайрсан. ...Дараа нь манай найз Б.......ж руу дайраад бөөн хэрүүл маргаан болсон. Б.......жтой маргалдаж байгаад төмсөг рүү нь өшиглөхөөр нь би дагуулаад гарсан. ...Би тайвшруулах гээд араас нь тэврээд цээжээр нь шахтал газар унасан. Унахад нь хөлд дайрагдаад зовхи руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Д.........ий нь хууль зүйн хувьд “найзын бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, агсан тавилаа” гэх сэдэлтээр, хохирогч Т.Т...........хын цээжээр нь тэврэн улмаар давхралдан унаж, унасан байхад нь нүүрэн тус газар нь өшиглөж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д.........ий нь хохирогч Б.Т...........хыг тэвэрсэний улмаас унасан, унасан байхад нь өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба унасан, өшиглүүлснээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.Д.........ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т...........х нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, боловч шүүгдэгч А.Д.........ий нь хохирогчид 400.000 төгрөгийг сайн дураар төлсөн байх тул шүүгдэгч А.Д.........ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Д.........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Д.........ий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д.........ий нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж А.Д.........ийд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч А.Д.........ий гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн, тэрээр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд худалдагч хийдэг болох нь түүний “ХААН” банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон зэрэг байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Д.........ий нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0158 40623 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, А.Д.........ий нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт А.............лийн Д.........ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.........ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.........ийд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Д.........ий нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ